Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 2022/ШЦТ/733

 

                

 

 

 

 

    2022          10             03                                         2022/ШЦТ/733

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч: Г.Онон,

Шүүгдэгч Л.П, түүний өмгөөлөгч О.Санчирбал /ҮД:2561/

Хохирогч Т.Э нарыг Гнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Лгийн Пид холбогдох эрүүгийн 2105009421210 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1973 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, эхнэр, хүүхдүүдийн хамт ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,

Х овогт Лийн П, /РД:..../.

 

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Л.П нь “2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар хорооллын “МТ” шатахуун түгээх станцын урд талын авто зам дээр хохирогч Т.Эийн эзэмшлийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн толь, хаалга зэргийг гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр гэмтээн хохирогч Т.Эт 305.000 төгрөгийн хохирол санаатай учруулсан” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар   

ТОДОРХОЙЛОХ нь:

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд шүүгдэгч Л.П нь “2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар хорооллын “МТ” шатахуун түгээх станцын урд талын авто зам дээр хохирогч Т.Эийн эзэмшлийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн толь, хаалга зэргийг гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр гэмтээн хохирогч Т.Эт 305.000 төгрөгийн хохирол санаатай учруулсан” гэх үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Дээрх үйл баримтыг тогтоохын тулд  нь шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Пийн өгсөн “....толийг нь түлхсэн нь үнэн,  машины хаалгыг татсанаас биш цохиж гэмтээсэн юмгүй...” гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Эийн “....хохирол төлбөрөө барагдуулна, гомдолтой байна...” гэх мэдүүлэг

 

Эрүүгийн 2205007271215 дугаартай хэргээс шинжлэн судалсан:

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд  Т.Эийн хохирогчоор өгсөн “...2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 17 цагийн үед 10-р хорооллын МТ бензин колонкын гэрлэн дохион дээр 3 дугаар эгнээнд зогсож байтал ...улсын дугаартай приус-20 маркийн машины жолооч би 3 дугаар эгнээ рүү ормоор байна, зам тавьж өг гэхээр нь боломжгүй байна, анхнаасаа эгнээгээ зөв эзлэхгүй яасан юм бэ гэсэн чинь миний машины хаалгыг гаднаас нь татаж, жолооч талын хаалга руу хэдэн удаа цохиж, хаалга хонхойлгосон. Би айгаад хаалгаа онгойлгоогүй, тэгээд машинтайгаа миний зүүн талд зэрэгцэж зогсож байгаад машины зүүн талын толийг нэг удаа хүчтэй цохиод явсан. Машины толь буцаж нээгдэхгүй байсан. Миний машин Benz-180 нэртэй 2010 онд үйлдвэрлэгдсэн, 2017.10.23-нд монголд орж ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Т.Эийн дахин хохирогчоор өгсөн “...Миний машины хохирлыг огт барагдуулаагүй, одоо болтол машинаа засуулаагүй байна. Би машиныхаа зургийг дараад шууд цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед хорооны цагдаа ирж, өргөдөл авч, машины үнэлгээ хийлгэх тогтоол өгсөн. Тухайн хүн машины хаалга, толь эвдэлснээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Би нүүрэлдэж мэдүүлэг өгмөөр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 29 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Т.Эийн гэрчээр өгсөн “...Хэдэн төгрөгний хохирол учирсныг сайн мэдэхгүй байна. Хохирлоо хурдан барагдуулмаар байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Л.Пийн гэрчээр өгсөн “...Би 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр ... улсын дугаартай Тоёота Приус 20 маркийн машинтай зүүнээс баруун тийшээ 5 шарт хүүхэд хүргэж өгөх гээд 10-р хорооллын уулзвар дээр явж байсан. Би буцаж эргэх гээд 3-р эгнээнээс 4-р эгнээ рүү орох гээд гэрлэн дохио өгтөл хүрэн ягаан өнгийн жижиг суудлын тэрэг оруулахгүй, шахаж зогссон. Би машинаасаа бууж, ухраад өгөөч гэтэл машиныхаа хаалгыг онгойлгохгүй, амандаа бувтнаад байсан. Хаалгыг нь татаж үзтэл цоожтой байсан. Машины араар тойрч гараад буцах эгнээнд ортол тус хүрэн ягаан машины толь шүргэх гээд байсан учир толийг нь дотогш хумиад буцаж эргэсэн. Би машины хаалга, цонхийг гараараа цохисон зүйл байхгүй. Үүнийг хяналтын камерийн бичлэг батална. Би ямар нэгэн байдлаар хэл амаар доромжлоогүй. Ухраад өг гэх шаардлага тавьсан. Замын хөдөлгөөнд саад учруулж, зам тавьж өгөөгүй учир замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэж үзэж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Л.Пийн гэрчээр дахин өгсөн “...Тухайн автомашины жолооч машинаасаа бууж ирээгүй, бид маргалдаагүй. Дамно ХХК-ийн үнэлгээтэй танилцлаа. Тухайн үед яагаад цагдаад дуудлага өгөөгүйг гайхаж байна. Үнэлгээнд машины баруун урд хаалгыг цохиж сэвтүүлсэн гэсэн нь намайг гүтгэсэн байна. Би тухайн үеийн камерийн бичлэгийг үзмээр байна. Машины толь сууриараа хугарах хэмжээний гэмтэл гараагүй гэж бодож байна. Хохирогч харин замын хөдөлгөөнд санаатай саад учруулсан. Үнэлгээнд улаан өнгийн автомашины зураг байх бөгөөд миний урдуур орсон автомашин улаан хүрэн өнгийн дунд оврынх байсан. Тухайн үед би ганцаараа, тэр эмэгтэй ганцаараа явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-38 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Л.Пийн гэрчээр дахин өгсөн “...Тухайн автомашинд ямар нэг сэв зураас, хонхорхой байсныг анзаараагүй. Автомашины толийг эвхсэн нь үнэн. Гэхдээ гэмтээхээр зүйл болоогүй. Нэгэнт үнэлгээ гарсан учир толины зардлыг төлье. Харин хаалгыг бол хүлээн зөвшөөрөхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Л.Пийн гэрчээр дахин өгсөн “... Уг автомашин буруу талдаа рүллтэй байсан бөгөөд би буруу талынх нь толийг гараараа эвхээд зөрж явсан. Хохирогчийн хэлсэн улаан өнгийн бенз машин байгаагүй, харин хүрэн өнгийн вангуард загварын машин байсан санагдаж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 47 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд С.Чын гэрчээр өгсөн “... 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Э над руу залгаж, 10 дугаар хорооллын гэрлэн дохион дээр зогсож байтал үл таних хүн зам тавьж өгсөнгүй гээд жолоочийн эсрэг талын хаалгыг өшиглөж, гэрлэн дохио асахад машиныхаа цонхоор гараа гаргаж ирээд машиных нь буруу талын толийг хуга цохиж хаачихаад явсан гэсэн. Тухайн үедээ газар дээр нь цагдаад дуудлага өгч, эвдэрсэн хэсгийн зургийг дарж, үнэлгээ гаргуулах бичиг хийлгэсэн гэсэн. Тэгээд хороон дээр шийдэхгүй, мөрдөн байцаах тасагт шилжүүлнэ гээд шилжүүлсэн. Би ямар, ямар эд зүйлс эвдэрснийг өөрийн нүдээр харсан. Автомашины хаалга 2 газраа хонхойсон, толь нь нээгдэхээ больж хугарсан байсан. Өмнө нь тийм байгаагүй. Мерседес бенз А180 маркийн автомашин бөгөөд уг машиныг 2019 онд авч байсан. Ямар нэгэн хуучин эвдрэл гэмтэл, сэв зураас байгаагүй орж ирсэн шинэ машин авсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50 тал/

 

“Дамно” ХХК-ийн 2021 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн №БГ2-21-310 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 51-53 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Л.Пийн яллагдагчаар өгсөн “...Надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1-д заасан ялын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 67-68 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд Т.Хийн гэрчээр өгсөн “...Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар хорооллын автозамын уулзварт зохицуулагч алба хаагч томилон ажиллуулдаггүй. Хэрэг гарсан гэх цаг хугацаанд алба хаагч үүрэг гүйцэтгээгүй. Ямар байдлаар дуудлага өгч, ямар алба хаагч очсон талаар одоо  тодруулах боломжгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 90-91 тал/,

 

“Дамно” ХХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн №БГ2-22-1261 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 135-137 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Пийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 71 тал/, жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 72 тал/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 73 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 74 тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 75 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 76 тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс Х ХХК-ийн гаргасан  хохирогчийн автомашины баруун урд хаалгад учирсан гэмтлийг засварлахад гэмт хэрэг гарсан үеийн цаг хугацаанд 100,000 төгрөгөөс 120,000 төгрөг хооронд засварлах боломжтой гэх бичгийг гаргаж өгч, энэ баримтыг нотлох баримтаар тооцуулах саналыг  шүүхэд гаргасан.

 

Шүүхээс, өмгөөлөгчийн гаргаж өгсөн баримт нь хэрэгт ач холбогдолгүй, эрх бүхий байгууллагаас ирүүлсэн баримт бичиг биш байх тул уг баримтыг нотлох баримтаар үнэлэх шаардлагагүй гэж дүгнэв.

 

Харин өмгөөлөгчийн шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн  12 хуудас бүхий шүүгдэгчийн нэр дээрх хаан банкны хуулгыг шүүх нотлох баримтаар үнэлсэн болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Л.П нь хохирогч болон түүний хооронд 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар хорооллын “МТ” шатахуун түгээх станцын урд талын авто зам дээр үл ойлголцох нөхцөл байдлын улмаас маргаан үүсч, Т.Эийн унаж явсан тээврийн хэрэгслийн толийн нугалж хаасан гэдэгтэй маргаагүй ч хохирогчийн машины хаалгад гэмтэл учруулаагүй гэж мэтгэлцсэн нь хэргийн бусад үйл баримттай харьцуулан дүгнэхэд нотлогдоогүй, энэ  тайлбар мэдүүлгийг нь баталсан, дэмжсэн нотлох баримт хэрэгт авагдаагүй, шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдоогүй болно.

 

Иймээс, шүүгдэгч Л.Пийн  “2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар хорооллын “МТ” шатахуун түгээх станцын урд талын авто зам дээр хохирогч Т.Эийн эзэмшлийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн толь, хаалга зэргийг гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр гэмтээн хохирогч Т.Эт 305.000 төгрөгийн хохирол санаатай учруулсан” гэх дээрх үйл баримтууд нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 

Шүүгдэгч Л.П нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас хохирогчид хохирол учруулсан энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө гэмтээх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгчийн дээрх үйлдэл нь шууд санаатай байх ба өөрийн үйлдэл хууль бус болохыг мэдсээр байж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Иймд шүүхээс, шүүгдэгч Л.Пийг “2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 10 дугаар хорооллын “МТ” шатахуун түгээх станцын урд талын авто зам дээр хохирогч Т.Эийн эзэмшлийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийн толь, хаалга зэргийг гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр гэмтээн хохирогч Т.Эт 305.000 төгрөгийн хохирол санаатай учруулсан”  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шинжээчийн дүгнэлтэд зааснаар зүүн урд толийг солих гэдэг нь эд зүйл устсан болохоор  солих шаардлагатай гэж шинжээч дүгнэсэн. Яллах дүгнэлтээр шүүгдэгчийг бусдын эд зүйлийг гэмтээсэн гэж яллаж байгаа, тодруулбал Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг устгах шинжээр яллаагүй тул шүүгдэгчийн үйлдэл нь 150,000 төгрөгийн хохирол буюу бага хэмжээнээс доош хэмжээний хохирол учруулсан зөрчлийн гэмт хэргийн шинжтэй иймд шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах үндэслэлтэй гэж маргасан.

 

Шүүх, өмгөөлөгчийн тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй гэж дүгнэв. Учир нь хавтаст хэрэгт авагдсан Дамно ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд зүүн урд толийг солихүнэлгээг 150,000 төгрөгөөр тогтоосон нь эд зүйл устсан  биш харин дахин хэрэглэх боломжгүйгээр гэмтсэн  тул зах зээлд ижил төстэй эд зүйлийн үнэлгээгээр гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тооцоолсон, энэ нь хохирлын хэмжээг багасгаж дүгнэх үндэслэл биш гэж дүгнэсэн тул өмгөөлөгчийн тайлбарыг хүлээж аваагүй болохыг тайлбарлаж байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нар нь хэрэгт авагдсан хөрөнгийн үнэлгээний тайланг хүлээн зөвшөөрөхгүй гэх байр суурийг илэрхийлсэн бөгөөд тус шүүх хэргийг мөрдөн шалгах ажиллагаанд буцааж гэмт хэргийн улмаас гэмтсэн эд зүйлд талуудын байлцуулан дахин үнэлгээ гаргуулсан болохыг талууд нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд шинжээчийн удаа дараагийн дүгнэлтэд гомдол гаргах эрх нээлттэй байсан болохыг тус тус дурдаж байна.

 

Хохирол, хор уршгийн талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч Т.Эт 353.750 төгрөгийн хохирол учирсан бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан бага хэмжээнээс дээш байх тул эд хөрөнгө гэмтээх гэмт хэргийн хор уршгийн шинжийг хангана.

 

 Л.П нь хохирогчид учирсан хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байх тул шүүгдэгчээс нийт 353.750 /гурван зуун тавин гурван мянга долоон зуун тавь/-н төгрөг гаргуулж хохирогч Т.Эт олгох нь зүйтэй байна.

 

Улсын яллагчаас гэмт хэргийн бодит хохиролд 305,000 төгрөгийг төлүүлэхээр санал гаргасан хэдий ч шүүхээс, хохирогчийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг барагдуулахад шинжээчийн дүгнэлтэд заагдсан 353.750 /гурван зуун тавин гурван мянга долоон зуун тавь/-н төгрөгийг гаргуулж хохирогч Т.Эт олгох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Л.П нь “Эд хөрөнгө гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

   Шүүгдэгч Л.Пид ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримталж, шүүгдэгч Л.Пийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Л.П нь шүүхээс түүнд оногдуулсан ялыг биелүүлээгүй тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд  тайлбарлаж, шүүхийн шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэлээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.П нь мэдүүлэхдээ тодорхой эрхэлсэн ажилгүй, шүүхийн хэлэлцүүлэгт түүний өмгөөлөгчийн гаргаж өгсөн Хаан банкны дансны хуулга нь хэдийгээр өөрийнх нь ч түүний дүү энэ дансаар орлого оруулж гүйлгээ хийдэг агуулга бүхий тайлбарыг гаргасан тул түүнд торгуулийн ял оногдуулах боломжгүй байна.

 

Түүнчлэн, шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд 2021 оны 7 дугаар сард батлагдсан Өршөөл Үзүүлэх тухай хуулийг хэрэглэхийг шүүхэд санал гаргасан ба өмгөөлөгчийн энэ хүсэлтийг шүүх хүлээн авах боломжгүй байсан болохыг тайлбарлаж байна. Учир нь шүүгдэгч Л.П нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчид учруулсан хохирол төлбөрийн зарим хэсгийг хүлээн зөвшөөрөөгүй, гэм буруутай эсэх дээрээ маргаж оролцсон тул 2021 оны Өршөөл Үзүүлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлд заасан хуулийн шаардлага хангагдахгүй байна гэж шүүх дүгнэв.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Л.Пид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэхээр тогтов.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

       ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Лгийн Пийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө гэмтээх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Пийг 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Л.П нь шүүхээс түүнд оногдуулсан оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг  биелүүлээгүй тохиолдолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд мэдэгдсүгэй.

 

 4. Л.Пид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Л.П нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, хохирогч Т.Эт 353.750 /гурван зуун тавин гурван мянга долоон зуун тавь/-н төгрөгийн төлбөл зохих хохирол төлбөртэй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1, 38.2  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний  өмгөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Пид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ЭРДЭНЭЧИМЭГ