| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2018/03422/И |
| Дугаар | 102/ШШ2018/03635 |
| Огноо | 2018-12-03 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 102/ШШ2018/03635
| 2018 оны 12 сарын 03 өдөр | Дугаар 102/ШШ2018/03635 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Саруулмандахыг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Хан-Уул Тауэр 9 давхар 904 тоот хаягт байрлах, хуулийн этгээдийн 5735866 регистртэй, П ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Замчдын гудамж 39, 304 тоотод байрлах, хуулийн этгээдийн 5378893 регистртэй, Г ХХК-д холбогдох,
Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 57,562,348 /тавин долоон сая таван зуун жаран хоёр мянга гурван зуун дөчин найман/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Чинбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Гансүх нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч П ХХК-иас олгогдсон итгэмжлэлийн дагуу нэхэмжлэгчийг төлөөлөн, өмгөөллийн Бэз Партнерс ХХН шүүхэд гаргасан нэхэмжлэлд:
Г ХХК нь П ХХК-тай 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр S2017/034 дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 90,000 литр дизель түлшийг 1 литрийн үнэ 1,420 төгрөгөөр тооцож худалдан авахаар тохиролцсон байна. Тус гэрээний хүрээнд Г ХХК нь зээлээр худалдан авсан түлшнээс 38,374,899 төгрөгийн үндсэн төлбөрийг төлөөгүй, энэ хэмжээний төлбөрийн үлдэгдэлтэй байна. Энэ тухай талууд 2018 оны 5 дугаар сарын 02-ны өдөр тооцоо нийлсэн бөгөөд, үндсэн төлбөрийн үлдэгдэл хэмжээний талаар талуудын хооронд маргаан байхгүй болно. Гэрээний 2 дугаар хавсралтын 5 дахь хэсэгт ...төлбөрийг 10 дугаар сарын 10-ны дотор төлнө гэж заасан бөгөөд, гэрээний 3.2 дахь хэсэгт төлбөр хоцроосон хоног тутамд төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,2 хувиар тооцож, алданги төлөх тухай заасан.
Төлбөр хоцроосон хоногт ноогдох алдангийн нийт хэмжээ нь үндсэн төлбөр болох 38,374,899 төгрөгийн 50 хувиас давсан байх тул Иргэний хуульд заасан алдангийн дээд хэмжээ болох тавин хувиар алданги нэхэмжлэв. Хариуцагч компани нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр төлбөр төлөх хугацааг өнөөдрийг хүртэл хойшлуулж, төлбөр төлөгүй ирсэн байна. Иймд Худалдах, худалдан авах гэрээний үндсэн төлбөрийн үлдэгдэл, түүний алданги нийт 57,562,348 төгрөгийг Г ХХК-иар төлүүлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Чинбат нэхэмжлэлийг дэмжиж шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Төлбөр төлөгч Говь курума ХХК-ийн алданги нь нийт 50 хувиас давж, нэг өдрийн алданги 76,749 төгрөг, 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр буюу 337 хоног болсон тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй.гэж зааснаар үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүй 19,187,449 төгрөгийг гаргуулахаар алдангийг шаардаж байгаа. Уг гэрээний 1.3 дахь хэсэгт хавсралтаар орсон нэмэлт гэрээ нь гэрээний салшгүй хэсэг байх бөгөөд энэ гэрээний нэгэн адил хүчинтэй байна гэж заасан. Зуны дизель түлшний 2017 оны 9 дүгээр сарын гэрээг хавсралтаар оруулж ирсэн. Худалдах худалдан авах гэрээний гол нөхцөлийг заасан байвал гэрээний нэгэн адил хүчинтэй. Хавсралт гэрээнд худалдах худалдан авах гэрээний гол нөхцөлүүдийг тусгасан. Гэрээний дугаарын хувьд хавсралт гэрээ нь нэмэлтээр орж ирж байгаа өөр гэрээ учраас маргаад байх зүйл байхгүй. Мөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч алдангийг зөвшөөрөхгүй байгаа хууль зүйн үндэслэлээ тайлбарласангүй. Гэрээний хугацаа дуусаагүй үргэлжилж байгаад ярьсан. Алдангийг хуульд заасны дагуу шаардаж байгаа. Бид гэрээний хугацааг тогтоохдоо 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр дизел түлшээ нийлүүлнэ, хариуцагч Говь курума ХХК нь 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор төлбөрийг шилжүүлнэ гэжхугацаагаа тогтоосон. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Хариуцагч Г ХХК-иас олгогдсон итгэмжлэлийн дагуу хариуцагчийг төлөөлөн, итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Гансүх шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Манай компани нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутаг дэвсгэрт Хүннү транс ХХК-ийн шатахуун түгээх станцыг түрээслэн үйл ажиллагаа явуулж байсан ба, түрээслүүлэгч Хүннү транс ХХК нь одоогийн нэхэмжлэгч П ХХК-д шатахуун түгээх станцаа худалдахаар болсон юм. Улмаар бид Хүннү транс ХХК-ийн шатахуун түгээх станцыг тус компанийн хүсэлтээр П ХХК-д хүлээлгэн өгсөн. Хүлээлгэн өгөхдөө анх хүлээн авсан эд хогшил, тоног төхөөрөмжүүдийг бүрэн бүтнээр нь 2017.10.17, 2017.11.01-ний өдрүүдэд хүлээлгэн өгсөн ба эд хөрөнгийн талаар түрээслүүлэгч Хүннү транс ХХК, шатахуун түгээх станцыг хүлээн авагч П ХХК нарын зүгээс ямар нэгэн гомдол, маргаан тухайн үед гараагүй болно. Гэтэл хэсэг хугацааны дараа П ХХК нь уг шатахуун түгээх станцыг худалдан авахаа больж, манайхаас хүлээн авч ашиглаж байх хугацаандаа уг станцын зарим эд хогшлыг эвдэлсэн байсан ба, Хүннү транс ХХК нь П ХХК-ийн тэдэнд учруулсан хохирлоор шалтаглан манай компанийн түрээсийн барьцаа 20,000,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл бидэнд өгөхгүй байна. Манай компани Хүннү транс ХХК-д түрээсийн төлбөрийн төлбөрийн ямар нэгэн өр төлбөргүй. Иймд Хүннү транс ХХК нь манай компаниас шатахуун түгээх станцын эд хогшлын эвдрэлтэй холбоотойгоор бидний харьцаа 20,000,000 төгрөгөөс хэдэн төгрөг суутгана, тэр хэмжээгээр нэхэмжлэгчийн нэхэмжилж буй үндсэн төлбөр болох 38,374,899 төгрөгөөс суутгуулах хүсэлтэй байна.
Нэхэмжлэлийн шаардлагын алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Талуудын хооронд 2017.09.12-ны өдөр байгуулсан S2017/034 тоот дугаартай Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ-ний 10.1-д ...энэхүү гэрээ нь ... гэрээнд заасан хугацаанд хүчинтэй хэвээр үйлчилнэ гэсэн байх ба, гэрээний 1.3-т ...Гэрээний хугацааг тодорхойлсон бөгөөд, түүнд зааснаар гэрээ нь дуусах хугацаагүйгээр хийгдсэн байна. Эдгээрээс үзвэл талуудын хооронд байгуулагдсан гэрээний хугацаа дуусах болоогүй, одоог хүртэл хүчин төгөлдөр үргэлжилсээр байна. Хэрэв талуудын аль нэг нь гэрээнээс татгалзаж байгаа бол хуульд зааснаар нөгөө талдаа мэдэгдэх үүрэгтэй. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээнээс татгалзаж байгааг албан ёсоор мэдэгдээгүй байна. Иймд үүрэг гүйцэтгэгч нь гэрээний үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлгүй байна. Иймээс нэхэмжлэгч нь алданги авах эрхгүй.
Паломино ойд энд энержи ХХК, Говь курума ХХК-иудын хооронд 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан S2017/034 дугаартай газрын тосны бүтээгдэхүүн худалдах худалдан авах гэрээн дээрГовь курума ХХК-ийг төлөөлж гүйцэтгэх захирал Д.Батсүх, Д.Басбиш нар зурсан байдаг. Өөрөөр хэлбэл компанийг төлөөлөх эрхгүй этгээд гарын үсэг зурсан. Энэхүү гэрээний 10.1 дэх хэсэгт гэрээ нь заасан хугацаа хүртэл үргэлжилнэ гэж заасан. Гэтэл гэрээний 1.3 дахь хэсэгт гэрээ дуусгавар болох хугацаа тавиагүй. Мөн гэрээний 10.2 дахь хэсэгт гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг харилцан тохиролцсоны үндсэн дээр шийдэгдэнэ. Хэрвээ талууд гэрээнд өөрчлөлт оруулахаар бол нэмэлт гэрээ байгуулахаар заасан. 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн хавсралт гэрээгээр Зуны дизель түлшний 2017 оны 9 дүгээр сарын гэж гэрээ байгаа. 90,000 литрийг 1420 төгрөгөөр тооцвол нийт 127,800,000 төгрөгөөр худалдаж авах гэрээ байгуулсан. Энэ гэрээг харвал 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн S/34 дугаартай гэрээ байна. Эндээс талуудын хооронд дахин 1 гэрээ байгуулагдсан мэт харагдаж байна. S/34 тоот гэрээ нь худалдан авалтын тоо хэмжээ үнэ ханш зэргийг тусгаагүй. Гэрээ гэдэг бол талуудын хоорондын хүсэл зоригийн үндсэн дээр хийгддэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад дурдагдаж буй S/34 тоот гэрээ, Зуны дизель түлшний 2017 оны 9 дүгээр сарын гэрээ нь тус тусдаа байгуулагдсан гэрээ гэж харагдаж байна. Паломино ойд энд энержи ХХК-ийн захирал нь н.Одмаа гэдэг нэртэй хүн байдаг. Шүүхэд гаргасан нэхэмжлэлд өөр нэртэй хүн дурдагдсан учраас нэхэмжлэл гаргах эрхтэй эсэхэд эргэлзэж байна. Тухайн үед гэрээнд П ХХК-ийг төлөөлж н.Одмаа гарын үсэг зурсан байдаг. Газрын тосны худалдах, худалдан авах S/34 тоот гэрээ, Зуны дизель түлшний 2017 оны 9 дүгээр сарын гэрээнүүд тус тусдаа байгуулагдсан бие даасан гэрээнүүд. Хавсралт гэрээнд алданги тооцох үг өгүүлбэр байхгүй. Иймээс алданги нэхэмжлэх эрхгүй гэж үзэж байна. Гэрээ бол алдаагүй байх ёстой. Талуудын хооронд S/33 дугаартай гэрээ байгуулагдсан байх магадлалтай. Энэ гэрээг S/34 тоот гэрээнд хавсаргасан байх магадлалтай. Тэгэхээр энэ 2 гэрээ нь тус тусдаа гэрээнүүд учраас алданги нэхэмжлэх эрхгүй. Иймд хариуцагчийн зүгээс 38,374,899 төгрөгийг төлөхөд маргаангүй гэж үзсэн гэв.
Шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбар болон хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч П ХХК нь хариуцагч Г ХХК-иас худалдах, худалдан авах гэрээний үүрэгт үндсэн төлбөрийн үлдэгдэл 38,374,899 төгрөг, алданги 19,187,449 төгрөг, нийт 57,562,348 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч Г ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагаас үндсэн төлбөрийн үлдэгдэл 38,374,899 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боловч нэхэмжлэгч байгууллагыг алданги шаардах эрхгүй тул 19,187,449 төгрөг төлөх үндэслэлгүй гэж тайлбарлан маргасан.
Талуудын хооронд 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр S2017/034 тоот Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээний дагуу худалдагч П ХХК нь худалдан авагч Г ХХК-д MNS 216:2006 стандартад нийцсэн дизель түлшийг гэрээ болон талуудын хооронд байгуулсан нэмэлт гэрээнд заасан хугацаанд нийлүүлэх, худалдан авагч нь талуудын хооронд байгуулсан нэмэлт гэрээнд тухайн худалдан авалтын үнэ, төлбөрийн нөхцлийг тогтоосны дагуу нийлүүлэгчээс ирүүлсэн нэхэмжлэхийг үндэслэн төлбөрийг нэмэлт гэрээнд заасан хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээх, мөн төлбөрийг гэрээгээр заасан хугацаанд, эсвэл нэхэмжлэлд заасан хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд нийлүүлэгч хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,2 хувийн алдангийг төлбөл зохих мөнгөн дүн дээр нэмж тооцон захиалагч талаас нэхэмжлэх эрхтэй байхаар харилцан тохиролцжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хариуцагч байгууллагыг гэрээний дагуу дизель түлшийг зээлээр худалдан авсан гэж тайлбарлан Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасны дагуу төлбөрийг шаардана гэх боловч, гэрээний талууд хуулийн дээрх зүйлд зааснаар Зээлээр худалдах, худалдан авах гэрээний гол зүйл буюу хүү тооцохоор гэрээнд тусгаагүй, энэ талаар харилцан тохиролцоогүй байх тул тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ-ний харилцаа үүссэн гэж үзнэ.
Дээрх гэрээний 1.3 дахь заалтаар талууд худалдан авалт хийх бүрт нэмэлт гэрээ үйлдэж, уг гэрээнд хавсаргах ба, тухайн хавсралтаар орсон нэмэлт гэрээ, нэмэлт өөрчлөлт оруулах гэрээнүүд нь үндсэн гэрээний салшгүй хэсэг байх бөгөөд, тухайн гэрээний адил хүчинтэй байхаар харилцан тохиролцсон байна. /хх 9/
Улмаар Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний хавсралт:2 буюу Зуны дизель түлшний 2017 оны 09-р сарын гэрээ гэх нэмэлт гэрээг байгуулж, 90,000 литр дизель түлшийг 1 литрийн үнэ 1,420 төгрөгөөр тооцон, нийт 127,800,000 төгрөгийн үнэ бүхий дизель түлшийг 9 дүгээр сарын 30-ны өдөрт багтаан ачилт хийх, захиалагч ачилт хийсэн хэмжээгээр тооцож төлбөрийг 10 дугаар сарын 10-ны дотор нийлүүлэгчийн дансанд шилжүүлэхээр харилцан тохиролцож, П ХХК-ийн захирал П.Одмаа, Г ХХК-ийн захирал Д.Басбиш нар гарын үсэг зурж, компанийн тамга дарж баталгаажуулсан байгаа нь үндсэн гэрээний 1.3 дахь заалтын дагуу хийгджээ. /хх 11/
Хариуцагч талын зүгээс Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний дагуу 90,000 литр дизель түлшийг, 1 литрийн үнэ 1,420 төгрөгөөр тооцож худалдан авсан бөгөөд, төлбөрийн үлдэгдэл 38,374,899 төгрөгийн талаар үл марган төлбөр төлөхийг хүлээн зөвшөөрсөн тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар уг төлбөрийг хариуцагч Г ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч П ХХК-д олгох нь зүйтэй.
Харин хариуцагчийн зүгээс Зуны дизель түлшний 2017 оны 09-р сарын гэрээ гэх нэмэлт гэрээ нь үндсэн буюу Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээнээс тусдаа байгуулагдсан ба, уг гэрээгээр алданги тооцохоор тусгайлан заагаагүй учир алданги төлөх үндэслэлгүй гэх агуулга бүхий тайлбар гарган маргаж байгааг дараах байдлаар шийдвэрлэлээ.
Маргаан бүхий гэрээний 3.3 дахь заалтад захиалагч тал төлбөрийг гэрээгээр заасан хугацаанд, эсвэл нэхэмжлэлд заасан хугацаанд төлж барагдуулаагүй тохиолдолд нийлүүлэгч хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,2 хувийн алдангийг төлбөл зохих мөнгөн дүн дээр нэмж тооцож захиалагч талаас нэхэмжлэх эрхтэй хэмээн тусгасан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсгүүдэд нийцсэн ба, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс дээрх Зуны дизель түлшний 09-р сарын гэрээ гэх нэмэлт гэрээ нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон Газрын тосны бүтээгдэхүүн худалдах, худалдан авах гэрээний 1.3 дахь заалтад зааснаар үндсэн гэрээний салшгүй хэсэг болгон байгуулагдсан гэх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн тайлбарыг баримтаар няцаагаагүй байна.
Иймд уг нэмэлт гэрээ нь 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн үндсэн гэрээний дагуу, түүнд нийцүүлэн байгуулсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд, тийнхүү нэмэлт гэрээ байгуулсан болохоо хүлээн зөвшөөрч байсан гэдэг нь хариуцагч Г ХХК-ийн нэхэмжлэгч П ХХК-д хандан гаргаж байсан 2018 оны 1 дүгээр сарын 05-ны өдрийн А/14 тоот албан бичиг, талуудын хийсэн Тооцоо нийлсэн акт зэргийг үндэслэн нэхэмжлэгч нь маргаан бүхий худалдах, худалдан авах гэрээний дагуу алданги шаардах эрхтэй гэж шүүх дүгнэв. /хх 13, 14/
Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт Анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно гэж заасны дагуу, тодруулбал: маргаан бүхий гэрээ, тооцоо нийлсэн актын дагуу худалдан авагчид төлбөр төлөхөөр шаардаж тогтоосон хугацаанд үүргээ гүйцэтгээгүй байхад нийлүүлэгч тал буюу нэхэмжлэгч нь гэрээнд заасны дагуу шаардах эрхээ хэрэгжүүлээгүйгээс анзын хэмжээ илт их болсон гэж дүгнэх үндэслэлтэй байх тул хуулийн дээрх зохицуулалтын дагуу хариуцагчаас шаардсан алданги 19,187,499 төгрөгийг 50 хувиар багасгаж, бүгд 9,593,725 төгрөгийн алдангийг Г ХХК-иас гаргуулан нэхэмжлэгч П ХХК-д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243.1, 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г ХХК-иас 47,968,624 /дөчин долоон сая есөн зуун жаран найман мянга зургаан зуун хорин дөрвөн/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 9,593,725 /есөн сая таван зуун ерэн гурван мянга долоон зуун хорин таван/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 445,761 төгрөгийг улсын төсөвт үлдээж, хариуцагч Г ХХК-иас 397,793 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч П ХХК-д олгосугай.
3.Шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэр гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.