| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2018/03700/И |
| Дугаар | 102/ШШ2018/03765 |
| Огноо | 2018-12-13 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 102/ШШ2018/03765
2018 оны 12 сарын 13 өдөр Дугаар 102/ШШ2018/03765 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Саруулмандахыг суулган тэмдэглэл хөтлүүлж, тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Рапид харш хороолол, 5б байрны 9 тоотод оршин суух, эрэгтэй, 33 настай, ДК85121511 регистртэй, Сүхээдэй овогт С.С нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 57 дугаар байрны 4 тоотод оршин суух, эрэгтэй, 40 настай, ЙЮ78080609 регистртэй, Есөнбулаг овогт С.Т холбогдох,
2,835,200 /хоёр сая найман зуун гучин таван мянга хоёр зуун/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.С, хариуцагч С.Т нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч С.С шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Иргэн С.Т нь 2014 оны 4 дүгээр сард надтай уулзаж, “...Дархан-Уул аймгаас зарласан хогны машин нийлүүлэх тендерт танай компанийн нэрээр орж, хэрэв ялвал би өөрөө бүх ажлыг гүйцэтгэж, чамд НӨАТ болох 10,000,000 төгрөгийг өгье” гэж гуйсны дагуу би зөвшөөрч, компанийн бичиг баримтаа бүрдүүлэн өгч тендерт оролцсон. Тус тендерт шалгарч, С.Т нь тохиролцсоны дагуу бүх ажлыг гүйцэтгэж, улмаар тус ажлын эхний санхүүжилтүүд 2014 оны 9 дүгээр сарын 22 болон 25-ны өдрийн гүйлгээгээр 99,600,000 төгрөг орж ирсэн. Би тохиролцсон 10,000,000 төгрөгөө аваад, үлдсэнийг нь шилжүүлье гэсэн боловч тухайн ажлыг хийхэд өр зээл их тавьсан, одоо яг 10,000,000 дутуу байгаа, тэрийг орж ирэхээр авчих гэж гуйсны дагуу би бүх санхүүжилтийг С.Тийн эхнэрийн данс руу шилжүүлсэн. Ингээд үлдэгдэл 10,000,000 төгрөгийн санхүүжилт орж ирэхгүй байсаар 2015 оны 6 дугаар сарын 16-нд 5,000,000 төгрөг орж ирсэн бөгөөд, Дархан-Уул аймгийн Дархан сумын засаг даргын тамгын газартай холбогдоход нийлүүлсэн машинуудад эвдрэл үүсч 2,765,000 төгрөгийн акт тогтоосныг шийдвэрлэсний дараа үлдэгдэл санхүүжилтийг олгоно гэсэн хариу өгсөн. Ингээд С.Ттэй уулзахад 6 дугаар сарын 20-ны дотор мөнгийг өгье гэж бичиг хийж өгсөн. Би Дархан-Уул аймгийн Дархан сумын засаг даргын тамгын газар луу албан бичиг явуулсны үндсэн дээр тухайн зардлыг хасч, 2,235,000 төгрөгийн санхүүжилт орж ирсэн. 2015 оны 7 дугаар сарын 28-ны өдрөөс хойш С.Ттэй холбогдож мөнгөө авах гэсэн боловч утсаа авахгүй, зугтсаар байсан учир шүүхэд нэхэмжлэл гаргахад түүнийг хаягтаа оршин суудаггүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон. С.Тийн хаягийг тодруулахаар Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган хандахад шүүх түүнийг эрэн сурвалжлах шийдвэр гарган, хаягийг тодруулсан. Иймд С.Төөс 2,765,000 төгрөг болон шүүхэд нэхэмжлэл гаргахад төлсөн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөг, нийт 2,835,200 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.
Би С.Тийн өөрийн гараар бичсэн баримтыг нь үндэслээд мөнгөө гаргуулж авах эрхтэй гэж үзэж байна. НӨАТ-ын хувьд хариуцагч нь өөрийн нэр дээр гаалийн бүрдүүлэлт хийсэн учраас манай компани татварын өртэй гарч байна. С.Т бид хоёрын хооронд иргэний хувиар 10,000,000 төгрөгийг өгч авна гэж тохирсон. Энэ нь хариуцагчийн өөрийнх нь бичиж өгсөн тодорхойлолтоос харагдана. Ер нь бол компанид учирсан хохирол бөгөөд, НӨАТ-ыг дутуу төлсөн байгаа гэв.
Хариуцагч С.Т шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар болон, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаар ямар хуулийн, ямар заалтаар нэхэмжлэл гаргаж байгаа нь тодорхойгүй, үндэслэлгүй байна. Би С.Соёмбын “Эс эм жи ти” ХХК-ийн менежер гэдэг статусаар тендрийн ажиллагаанд оролцож явсан. Тендрийн ажиллагаа дуусч, төлбөр тооцоо нь цуварч орж ирэн, санхүүжилтийн асуудлаас болж 10,000,000 төгрөг орж ирэхгүй байсан нь үнэн. Эдийн засгийн байдал хүндэрлээ гэдэг шалтгаанаар өгөхгүй байсан. Хүлээж авсан машинуудад эвдрэл гарсан биш, харин машинуудаа хадгалахдаа хулгайд эд зүйлээ алдсанаас болж акт гарсан. Би С.Сд 10,000,000 төгрөгийг өгнө гэж гэрээ хийсэн зүйл байхгүй. Бидний нийлүүлсэн 5 машиныг 100,000,000 төгрөгт багтааж оруулж ирнэ гэдэг үлгэр байсан юм билээ. Энэ ажил маань бүтэлгүйтэж санхүүжилтийн хүнд байдалд байхдаа машинуудаа оруулж ирэн, хэл амгүйгээр тендрийн ажиллагааг дуусгасан. С.С нь тендрийн 10,000,000 төгрөг орж ирэхээс өмнө 7,235,000 төгрөгийг авчихсан юм байна. Манай эхнэрийн данс руу 99,600,000 төгрөгийг шилжүүлсэн гэж байна. Бодитоор 98,600,000 төгрөг шилжүүлсэн. 1,000,000 төгрөгийг буцаагаад би С.Соёмбын данс руу шилжүүлсэн. Дансны хуулгаар тодорхой харагдана. Мөн тендерт оролцоход дэнчин тавьдаг. Би “Эс эм жи ти” ХХК-ийн нэрээр тендерт оролцохдоо 1,640,000 төгрөгийн дэнчин тавьснаа буцааж аваагүй. “Эс эм жи ти” ХХК-ийг НӨАТ-ын өрөнд орсон талаар нотлох баримт байхгүй байна. НӨАТ-ын 10,000,000 төгрөгөөс болж хохирол учирсан гэдэг байдал тодорхой харагдахгүй байгаа. Нэхэмжлэгч учирсан хохирлоо иргэний хувиар нэхэмжилж байна уу, “Эс эм жи ти” ХХК-иар нэхэмжилж байна уу гэдэг нь тодорхой бус байна. Ямар үүргийн харилцаа үүссэнээс болж хохирсноо зөв тодорхойлж байж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа зөв явагдана. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын гаргасан тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч С.С нь хариуцагч С.Тт холбогдуулан аман хэлцлийн дагуу тохиролцсон төлбөрийн үлдэгдэл гэх 2,765,000 төгрөг болон, түүнийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргахад зарцуулсан тэмдэгтийн хураамж 70,200 төгрөг, нийт 2,835,200 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Хариуцагч С.Т нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, нэхэмжлэгчид “...10,000,000 төгрөг өгөх талаар гэрээ хийгээгүй, С.Сос 10,000,000 төгрөг зээлж аваагүй, ажил гүйцэтгэх гэрээ байгуулаагүй, аливаа байдлаар үүрэг хүлээгүй” гэж, мөн С.Тийн компани болох “Эс эм жи ти” ХХК-ийн нэрээр тендрийн ажиллагаанд оролцсон бөгөөд, нэхэмжлэгч нь энэхүү тендрийн ажиллагаатай холбоотойгоор компанид учирсан хохирол шаардаж байгаа нь ойлгомжгүй гэх агуулга бүхий тайлбар гаргаж маргасан.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлохоор 2015 оны 6 дугаар сарын 08-ны өдөр үйлдэгдсэн “Тодорхойлолт” гэх баримтыг гаргаж, уг баримтын дагуу хариуцагч С.С нь түүнд 2,765,000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрсөн учир тэрхүү мөнгийг шаардах эрхтэй гэж тайлбарлаж байна.
Уг баримтаар: “Дархан сумын хог тээврийн машины тендертэй холбоотой НААҮГ-ийн нэмж гэрээлсэн зардалд тавигдсан актын үнэ болох 2,765,000 төгрөгийг НААҮГ-т шилжүүлсний дараа С.Сд 2015.6.20-ны дотор шилжүүлж өгөх болно” хэмээн хариуцагч С.Т бичсэн байх бөгөөд, энэ баримтыг хариуцагч няцаагаагүй. /хх 7/
Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт “Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ” гэж заасан бөгөөд, мөн хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.1 дэх хэсэгт зааснаар “хуульд заасан буюу заагаагүй боловч агуулгын хувьд хуульд үл харшлах хэлцэл”-ийн дагуу иргэний эрх зүйн харилцаа үүснэ.
Шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбараар тэдний хооронд С.Төөс С.Сд 10,000,000 төгрөг төлөх үүрэг хүлээх эрх зүйн үр дагавар үүсэхээр аливаа хэлцэл хийгдсэн гэх үйл баримт тогтоогдохгүй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгож буй “Тодорхойлолт” гэх гар бичмэл бүхий баримтаар С.С болон С.Т нарын хооронд үүссэн харилцааг тодорхойлох боломжгүй байх тул Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3 дахь хэсэгт зааснаар хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзэн, 2,765,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд зохигчдын гаргасан тайлбарыг дүгнэвэл: хариуцагч С.Т нь “Эс эм жи ти” ХХК-тай хамтран 2014 онд Дархан-Уул аймгийн Дархан сумын засаг даргын тамгын газарт хогны машин нийлүүлэх тендерт шалгарч, тухайн ажилд оролцсон талаар нэхэмжлэгч С.С хүлээн зөвшөөрөх бөгөөд, энэхүү нэхэмжлэлийн шаардлагын нэг үндэслэлээ тус компанид учирсан хохирол хэмээн тодорхойлсон учир “Эс эм жи ти” ХХК-д учирсан гэх хохирлыг иргэн С.С шаардах эрхгүй юм.
Түүнчлэн, нэхэмжлэгч нь хариуцагчийн хаяг тодорхойгүйн улмаас түүнийг эрэн сурвалжлуулсан бөгөөд, тийнхүү шүүхэд нэхэмжлэл гаргахад тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал хэмээн үзэж хариуцагчаас шаардсан нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт “Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно” гэж заасантай нийцэхгүй байх тул уг шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул С.Төөс 2,835,200 төгрөг гаргуулах тухай С.Соёмбын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 60,313 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид энэ шийдвэрийг эс зөввшөөрвөл шийдвэр гардан авсан өдрөөс 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА