Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/771

 






 

    2022           10           17                                          2022/ШЦТ/771


 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч: С.Бичинхүү /томилолтоор/,

Шүүгдэгч Н.И,

Хохирогч Г.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Нгийн Ит холбогдох эрүүгийн 2205000002018 дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 2000 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, “Г” ХХК-д туслах ажилтан хийдэг, мэргэжилгүй, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, ... тоотод оршин суух хаягтай, урьд

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 668 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар гэм буруутайд тооцож, 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн, 

Б овогт Нгийн И /РД:.../.

 

Холбогдсон хэргийн талаар:  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Н.И нь “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн шөнийн 00 цагийн орчимд Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Файяр шөнийн цэнгээний газарт бусадтай үл ойлголцож маргалдаж, улмаар хохирогч Г.Уын нүүр хэсэг рүү нь пивоны шил шидэж, цохиж дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад шарх, дээд үүдэн баруун 1-р шүдний сулрал бүхий гэмтэл учруулан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар       

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд  шүүгдэгч  Н.И нь “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн шөнийн 00 цагийн орчимд Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Файяр шөнийн цэнгээний газарт бусадтай үл ойлголцож маргалдаж, улмаар хохирогч Г.Уын нүүр хэсэг рүү нь пивоны шил шидэж, цохиж дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад шарх, дээд үүдэн баруун 1-р шүдний сулрал бүхий гэмтэл учруулан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

2022 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Г.Уын хохирогчоор өгсөн “...2022 оны 7 дугаар сарын 28-ны өдөр Сэлэнгэ аймгаас Улаанбаатар хотод ирсэн ба ахындаа 2 хоносон. 2022 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 12 цагийн үед гэрээсээ гарч, 19 цаг өнгөрч байхад хүүхдийн 100 орж найзуудтайгаа уулзсан. Тэгээд хорооллын баар оръё гээд би жолоо бариад явсан ба тухайн үед шөнийн 12 цаг болж байсан. Би 600 граммын нэг пиво уусан ба бүжгийн талбайд манай найзыг нэг танихгүй залуу түлхэж унагаагаад хоорондоо зодолдчих гээд байхаар нь хамгаалагч ирж салгасан. Тэгээд найзыгаа аваад гарах гэж байхад танихгүй залуу миний нүүр хэсэг рүү пивоны шил шидэхэд би ухаан алдаж, 30-40 минут болсон гэсэн. Удалгүй түргэн тусламжийн машин ирсэн. Тухайн үед би 8 найзтайгаа хамт баар орсон ба Л, Э нар бүжгийн талбайд бүжиглэж байсан, бусад нь гадаа тамхилахаар гарчихсан байсан. Миний шүд янгинаж өвдөөд байгаа. Уруулан дээрээ 4 косметик оёдол тавиулсан. Миний баруун талын нэг үүдэн шүд хугарч унах гэж байгаа бөгөөд эмчид үзүүлэхэд үхэжсэн байна гэсэн. Баруун талын үүдэн шүдний хажуу талын нэг шүд хөдөлсөн. Уруулан дотор язралттай, хэд хоног толгой өвдөж гэртээ хэвтсэн. Би нэг л шил пиво уусан болохоор бага зэргийн согтолттой байсан, харин нөгөө залууг хэр согтолттой байсныг мэдэхгүй байна. Би гомдолтой байна. Өвчин намдаах эм, тамедин нийлээд 100.000 төгрөгөөр авсан. Толгойгоо томографикт харуулна. Шүдээ янзлуулах зардлын мөнгөө гаргаж авмаар байна. Нийт хэдэн төгрөг болохыг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 5 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр Г.Уын хохирогчоор дахин өгсөн “... Миний үүдэн шүдний ёзоор хугарсан тул шүд хийлгэх шаардлагатай болсон. 1 шүдийг 3.500.000 төгрөгөөр хийнэ, хамгийн багадаа 6 сар эмчилнэ гэсэн. Өөр хямд үнийн дүнгээр миний буйланд суулгаж өгөх шүд байсан ч хамаагүй шүдтэй болмоор байна. Шүдний 3.500.000 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 6 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Г.Уын гэрчээр өгсөн “... 2022 оны 7 дугаар сарын 30-ны өдөр шөнийн 00 цагийн үед найзуудын хамт хорооллын файяр бааранд орж пиво уугаад бүжиглэж байтал 2 залуу ирээд надтай маргалдсан. Тухайн үед 2 хамгаалагч ирж, биднийг салгасан бөгөөд жижигхэн биетэй, хар өнгөтэй дунд зэргийн урттай үстэй, бор өнгийн арьстай, хар малгайтай цамцтай, онигор 2001 оны залуу гартаа байсан пивоны шилээ миний нүүр рүү шидсэн. Ингээд ухаан алдаад 30 минутын дараа ГССҮТөвд сэрсэн. Би болсон зүйлийг тодорхой санаж байна. Уруул сэтэрч, хамрын таславч далийсан, өөр гэмтэл байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Намайг ухаан алдахад Л, Э нар байсан, өөр хүн байгаагүй. Намайг гэмтээсэн хүнийг эрүүлжүүлэхэд оруулсан байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 8 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Э.Лийн гэрчээр өгсөн “... 2022 оны 7 дугаар сарын 30-ны шөнө найзуудын хамт хорооллын файяр бааранд пиво ууж, бүжиглэж байсан. Уын хамт бүжгийн талбайд байж байтал би нэг залуутай 2-3 удаа түлхэлцсэн. Бид нарыг хамгаалагч нар ирж салгатал нэг залуу шууд Уын нүүр рүү пивоны шил маш хүчтэй шидсэн. У ухаан алдаж унаад, тэгээд цагдаагийн байгууллагад хандсан. Би болсон зүйлсийг тодорхой санаж байна. Ямар шалтгааны улмаас шил шидсэн талаар огт мэдэхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 10 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 8 дугаар сард Э.Лийн гэрчээр дахин өгсөн “... Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, надад гэмтэл бэртэл байхгүй. Би цагаан өнгийн фодволктай, харин У хар савхитай явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 8 дугаар сарын 11-ний өдөр Н.Иын гэрчээр өгсөн “... 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдөр өглөө 9 цагт ажилдаа ирж, 19 цагийн үед ажлаасаа тараад найзуудтайгаа уулзсан. 21 цагийн үед гэмтлийн эмнэлэгийн хажууд 6 найзтайгаа уулзаад машин дотор 2,5 литрийн пиво 3-ыг ууж юм ярьцгаасан. Шөнийн 12 цагт хорооллын эцсийн файяр бааранд орсон. Найзууд бүжгийн талбайд бүжиглэж, би ариун цэврийн өрөө ороод иртэл манай найзууд танихгүй залуучуудтай муудалцаж байсан. Очоод салгатал нэг залуу намайг унагаагаад дээрээс өшиглөсөн. Би босоод пивоны шил аваад тухайн залуучууд руу шидэхэд нэг нь оногдчихсон. Дараа нь цагдаа ирээд намайг аваад явсан. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, надад гэмтэл бэртэл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 9 дүгээр сард Н.Гийн гэрчээр өгсөн “... Н.Итай нэгдүгээр ангиасаа хойш найзалж байгаа. Хувиараа барилга дээр болон бусад ажлыг хийж байсан. Одоо эхнэр, хүүхдийн хамт амьдардаг. И нь хөгжилтэй, хошин зантай, сайхан сэтгэлтэй, үнэнч шударга зантай, сагсан бөмбөг тоглодог, компьютерийн мэдлэг сайн, тусч залуу байгаа...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 10625 дугаартай шинжээчийн “... Г.Уын биед уруул шарх, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад шарх, дээд үүдэн баруун 1-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой гэмтэл байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 18-19 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдөр Н.Иын яллагдагчаар өгсөн “... манай дүү рүү залгаад 18.000.000 төгрөг өгвөл гомдлоо буцаая гэсэн. Надад тийм их мөнгө байхгүй, и баримттай хохирлыг нь барагдуулж өгнө. Би өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 30 тал/,

 

2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 36 тал/,

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Иын хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар /хх-ийн 40 тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 41 тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 42 тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 43 тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 44 тал/, ажлын газрын цалинтай тодорхойлолт /хх-ийн 45 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Н.И нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” /хх-ийн 73 тал/ гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Н.Иыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах байр суурьтайгаар оролцсон болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийг улмаас үүссэн шууд үр дагавар болох хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг санаатайгаар, мэдэж ухамсарлаж учруулсан байхыг шаардана.

 

Шүүгдэгч Н.И нь хохирогч Г.Уын биед “дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад шарх, дээд үүдэн баруун 1-р шүдний сулрал” бүхий гэмтэл учруулсан болох нь хэргийн 18-19 талд авагдсан шинжээч эмчийн 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 10625 дугаартай шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна. 

 

Шүүгдэгч нь бусдын биед халдах нь хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих эрх зүйн чадамжтай этгээд байх ба гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримт болох шинжээч эмчийн 2022 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 10625 дугаартай дүгнэлтэд заасан гэмтэл нь цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаатай давхцаж байгаа нь шүүгдэгчийг хохирогчид дээрх гэмтлийг учруулсан гэж үзэх үндэслэлтэй.

 

2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 216/422 дугаартай  “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан байх тул шинжээч эмчийн 10625 дугаартай дүгнэлт энэ журамд нийцсэн байна.

 

Иймд шүүгдэгч Н.Иын “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн шөнийн 00 цагийн орчимд Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Файяр шөнийн цэнгээний газарт бусадтай үл ойлголцож маргалдаж, улмаар хохирогч Г.Уын нүүр хэсэг рүү нь пивоны шил шидэж, цохиж дээд уруулд шарх, зөөлөн эдийн няцрал, дээд уруулын дотор салстад шарх, дээд үүдэн баруун 1-р шүдний сулрал бүхий гэмтэл учруулан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь хэргийн бодит байдалтай нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирол төлбөрийн тухайд

Хохирогч Г.У нь 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр “Миний үүдэн шүдний ёзоор хугарсан тул шүд хийлгэх шаардлагатай болсон. 1 шүдийг 3.500.000 төгрөгөөр хийнэ, хамгийн багадаа 6 сар эмчилнэ гэсэн. Шүдний 3.500.000 төгрөг нэхэмжилж байна” гэж хавтаст хэргийн 6 дугаар талд мэдүүлсэн байна.

 

Хохирогч Г.У нь “Т” ХХК-ийн тодорхойлолтыг хэрэгт хавсарган өгсөн байх боловч гэм хорын хохиролд 3.500.000 төгрөг нэхэмжилсэн нь гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан гэм хорын хохирлыг барагдуулах талаарх баримт биш байх тул хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ.

 

 Иймд хохирогч Г.У нь нэхэмжилсэн 3.500.000 төгрөгийн нэхэмжлэлийг болон гэмт хэргийн улмаас цаашид гарах хохирол төлбөрийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэлээ.

 

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Н.И нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

 

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан хохирлын шинж байдал зэргийг харгалзан үзлээ. 

 

Шүүхээс шүүгдэгч Н.Ит ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

   Иймээс, шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан гэмтэл, хохирол зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгч Н.Иыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг оногдуулж шийдвэрлэв.

 

Иймд шүүгдэгч Н.Иыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 900 /есөн зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүхээс оногдуулсан торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд төлж барагдуулахыг даалгаж ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгаж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд тайлбарлаж байна.

 

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Н.Ит урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон 

 

   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Нгийн Иыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Иыг 900 /есөн зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/-н төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Н.И нь шүүхээс оногдуулсан торгох ялыг 90 /ер/ хоногийн хугацаанд төлж барагдуулахыг даалгаж ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дэх хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Хохирогч Г.Уын 3.500.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6. Н.И нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Н.Ит авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ