Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/779

 






 

    2022           10           18                                          2022/ШЦТ/779


 

                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Эрдэнэчимэг даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Хонгорзул хөтлөн,

Улсын яллагч: Ц.Сайнзаяа /томилолтоор/,

Шүүгдэгч Б.Ө,

Хохирогч Б.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Бын Өад холбогдох эрүүгийн 2205000002071 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол Улсын иргэн, 2004 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт төрсөн. 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо ... тоотод оршин суух, урьд

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 776 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, уг ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар өршөөн хэлтрүүлж, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдсөн, хэрэг хариуцах чадвартай,

Ш овогт Бын Ө /РД:..../.

 

Холбогдсон хэргийн талаар:  /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч Б.Ө нь “2022 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах М мюзик караокены гадна Б.Тийн нүүрэн тус газарт нь 3-4 удаа гараараа цохиж зодсоны улмаас түүний биед зүүн нүдний ухархайн доод ханын далд хугарал, зүүн чамархайн хуйх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудаас шинжлэн судалсан эд мөрийн болон бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар       

ТОДОРХОЙЛОХ нь:

 

НЭГ: Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд  шүүгдэгч  Б.Ө нь “2022 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах М мюзик караокены гадна Б.Тийн нүүрэн тус газарт нь 3-4 удаа гараараа цохиж зодсоны улмаас түүний биед зүүн нүдний ухархайн доод ханын далд хугарал, зүүн чамархайн хуйх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх үйл баримтын бодит байдал буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Шүүх хуралдаанаар дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

2022 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 1 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр Б.Тийн хохирогчоор өгсөн “...2022 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн өглөө 8 цагт Өргөөгийн баруун талд байрлах 230 дугаартай СЮ дэлгүүрийн салбарт ажлаа хийсэн. 15 цагт гэртээ харьж, 18 цагаас Централ экспресс ХХК-ийн 4 жилийн ой болж, ЮЖ паласт тэмдэглэж, 22 цагт ажлын хамт олонтойгоо М Мюзик караокены Б1 давхарт зургуулаа орсон. Манай ажлын газрын охин А хүнтэй уулзана гээд гарсан. Үүдэнд найз залуутайгаа маргалдаад, орилоод цүнхээ аваад гарсан. Араас нь Н гэх охин гараад найз залуутай нь хэрэлдсэн. Бид нар араас нь гарахад “Та нар 18-тай охин караоке оруулдаг хэн бэ, пизданууд минь зайлцгаа, та нарт хамаагүй” гээд хэл амаар доромжлоод байсан. Тэгээд миний өөдөөс ирээд нүүр рүү гараараа 3-4 удаа цохисон. Би түлхээд нэг удаа шанаа хэсэг рүү цохисон. Манай ажлынхан цагдаад дуудлага өгсөн. Манай ажлын газрын охин Аийн найз залуу Ө гэх залуу миний биед гэмтэл үүсгэсэн. Тухайн үед зүүн талын нүд хавдаж хөхөрсөн, дээд зовхи 1,5 см хэртэй зүсэгдсэн, толгойны зүүн тал хавдсан байсан. Нүдний эмнэлэгт үзүүлсэн 60.000 төгрөг, 35.000 төгрөг, өвчин намдаах эм авсан 17.520 төгрөг, томографикийн 120.000 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлсэн 8000 төгрөг, цагдаагийн хэлтэс, эмнэлэг явж үзүүлсэн бензиний 175.940 төгрөг, шүдний эмнэлэгээс сувгийн эмчилгээ хийлгэх шаардлагатай 2 шүдний 300.000 төгрөг, 15 хоног ажилдаа явж чадаагүй тул нэг өдрийн цалин 42.600 төгрөг, 15 өдрийн нийт 639.000 төгрөг, толгойгоо хувь хүнээр 3 өдөр бариулсан 60.000 төгрөг, нийт 1.415.460 төгрөг нэхэмжилж байна. Би ЮЖ палас дотор 3-4 лааз 500 граммын пиво уусан. Харин А архи, пиво уугаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 5 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Б.Тийн гэрчээр өгсөн “... 2022 оны 8 дугаар сарын 20-ны шөнө Жүр-Үрийн хажууд М Мюзик нэртэй караокед ажлынхантайгаа үйлчлүүлж байхад хамт ажилладаг А гэх эмэгтэйг нэг залуу орж ирээд хэрэлдэж байгаад хүчээр аваад гарсан. Тэгэхээр нь араас нь гарч очиход манай найз охиныг яах гэж караокед авч орсон юм гэж хэлээд намайг цохисон. Намайг цохисон залуу архи согтууруулах ундаа хэрэглээгүй, эрүүл байсан. Миний зүүн нүд рүү гараараа цохисноос болоод зүүн нүдний орчимд хавдаж, зовхины хэсэгт зүсэгдэж, нүд улайсан. Бас үүдэн шүд жоохон хөдөлгөөн орсон. Би согтууруулах ундаа бага зэрэг хэрэглэсэн байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Би үйлчилгээний байгууллагад ажилладаг хүн, царай зүс ийм болсон тул гомдолтой байна, хохирлоо барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-ийн 7 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Б.Бын гэрчээр өгсөн “...Би эхнэртэйгээ 1998 онд танилцаж, 2 хүүхэдтэй болсон. Том охин Анагаахын 5-р курсын оюутан, бага хүү сая сургуулиа төгссөн ӨБ гэдэг. Одоогоор хийсэн ажилгүй, гэртээ байдаг. Манай хүү зан байдлын хувьд тусархаг, нийтэч, найз нөхөд олон, эрх дураараа, түргэн ууртай. Чөлөөт цагаараа сагс, гар бөмбөг тоглодог. Хүн эхэлж өдөхгүй л бол хүн рүү түрүүлж гар хүрч цохихгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 9 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Б.Өын гэрчээр өгсөн “...Би найз охин Атэй нэг анги бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдөр үерхэж эхэлсэн. 2022 оны 8 дугаар сарын 21-ний өдөр СЮ-ын 4 жил ой болоод ажлынхантайгаа Өргөөгийн ард юм идэж байна гэхээр нь яваад очтол утсаа авахгүй байсан. Хажуу талд нь байрлах нэг караоке руу ортол миний өөдөөс нэг өрөөнөөс гарч ирэхээр нь би бухимдсан. Би түрүүлж гараад манай найз охин араас гарч ирэхэд ажлын газрынх нь эмэгтэйчүүд араас нь гарч ирээд “Чи яах гээд байгаа юм” гэхээр нь “Та нарт хамаагүй” гэж хэлээд машиндаа суух гэтэл нэг залуу ирснээ “Чи Аийн хэн нь юм, чи ахын дүү яаж яриад байгаа юм, ахыгаа төмөр замаас асуу, ахыгаа мэдэхгүй байна” гээд ойртоод байхаар нь намайг цохих гэж байгаа юм шиг санагдаад нүүр рүү мангасдсан. Миний толгой руу нэг удаа цохиод цамцнаас барьж авахаар нь нүүр рүү нь 2-3 удаа цохиход нүд нь хавдчихсан байсан. Ажлынх нь газрын эмэгтэйчүүд намайг харааж дайраад байсан. Тухайн залуу намайг цагдаа дуудсан, хүлээж бай гэхээр нь цагдаа иртэл хүлээгээд хамт явсан. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. Миний дотор муухайрч, дагзны ар хэсэг өвдөж, эмнэлэгт томографикт  харуулсан. Ил харагдах гэмтэл бэртэл байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 11 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Б.Аийн гэрчээр өгсөн “...2022 оны 8 дугаар сарын 20-ны өдөр манай ажлын газрын 4 жилийн ой болсон. Тухайн өдөр 15-23 цагийн хооронд ЮЖ паласт эвенттэй байсан. Тэгээд 23 цагт ажлынхантайгаа нэг караоке орсон бөгөөд өрөөнөөс гартал манай найз залуу үүдэнд зогсож байсан. Намайг явах гэтэл манай ажлын газрын охин, Т ахтай гэрч ирээд хойноос орилоод байсан. Манай найз залуу Т рүү очоод “Юу гээд байгаа юм бэ” гээд гараараа цээж рүү нь нэг удаа түлхсэн. Би тэр хоёрыг яаж зодолдсоныг хараагүй. Ө нь шударга зантай, таалагдахгүй бол шууд дургүйгээ илэрхийлдэг...” гэх мэдүүлэг /хх-ийн 13 тал/,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр А.Нийн гэрчээр өгсөн “...2022 оны 8 дугаар сарын 20-ны өдөр манай СЮ-ийн 4 жилийн ойн баяр болж салбараараа ЮЖ паласын 2 давхарт баяраа тэмдэглэсэн. Орой 23 цагийн үед ЮЖ-ээс гараад нэг караокед бөөнөөрөө орсон. Аийн найз залуу Ө ирээд түүнийг аваад явсан. Т ах хойноос нь гараад хэрүүл хийгээд зогсож байсан. Ө Т ахын нүүр рүү 2 удаа хүчтэй цохисон ба зүүн нүднийх нь дээд зовхи сэтрээд цус гарч байсан. Би бусдыгаа дуудахад Ө бид нарыг бүгдийг нь ална, ах нарыгаа дуудна гэж орилж, хэний ч үгийг сонсоогүй. Анар-Эрдэнийг уйлахаар нь тайвшруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 11628 дугаартай шинжээчийн “... Б.Тийн биед зүүн нүдний ухархайн доод ханын далд хугарал, зүүн чамархайн хуйх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 17-18 тал/,

 

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 12157 дугаартай шинжээчийн “... Б.Өын биед зүүн тохой, баруун хөлийн шагайнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь амь насанд аюул учруулахгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарагдахгүй. Ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 19-20 тал/

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Б.Өын яллагдагчаар өгсөн “... Би өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32 тал/,

 

 

 

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Өын хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 35 тал/, Баянгол дүүргийн 10 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 34 тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 38 тал/, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 39 тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47 тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

 

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Б.Ө нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж өмгөөлөгчгүй оролцоно” /хх-ийн 72 тал/ гэх хүсэлтийг гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхийг нь хангасан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас шүүгдэгч Б.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах байр суурьтайгаар оролцсон болно.  

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор хуульчлагдсан байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хуульчилсан ба шүүгдэгч нь энэ гэмт хэргийг улмаас үүссэн шууд үр дагавар болох хүний эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирлыг санаатайгаар, мэдэж ухамсарлаж учруулсан байхыг шаардана.

 

Шүүгдэгч Б.Ө нь хохирогч Б.Тийн биед “зүүн нүдний ухархайн доод ханын далд хугарал, зүүн чамархайн хуйх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, шарх, зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл учруулсан болох нь хэргийн 17-18 талд авагдсан шинжээч эмчийн 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 11628 дугаартай шинжээчийн дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад нотлох баримт болох хохирогч, гэрч нарын мэдүүлэг зэргээр нотлогдож байна. 

 

Шүүгдэгч нь бусдын биед халдах нь хууль бус гэдгийг оюун санааны хувьд ухамсарлавал зохих эрх зүйн чадамжтай этгээд байх ба гэмт үйлдэлдээ идэвхтэй бөгөөд ухамсартай хандаж, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

 

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримт болох шинжээч эмчийн 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 11628 дугаартай дүгнэлтэд заасан гэмтэл нь цаг хугацааны хувьд гэмт хэрэг гарсан цаг хугацаатай давхцаж байгаа нь шүүгдэгчийг хохирогчид дээрх гэмтлийг учруулсан гэж үзэх үндэслэлтэй.

 

2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 216/422 дугаартай  “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан...” тохиолдолд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарахаар заасан байх тул шинжээч эмчийн 11628 дугаартай дүгнэлт энэ журамд нийцсэн байна.

 

Иймд шүүгдэгч Б.Өын “2022 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах М мюзик караокены гадна Б.Тийн нүүрэн тус газарт нь 3-4 удаа гараараа цохиж зодсоны улмаас түүний биед зүүн нүдний ухархайн доод ханын далд хугарал, зүүн чамархайн хуйх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан” үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж дүгнэж, түүнийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэх нь хэргийн бодит байдалтай нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

 

Хохирол төлбөрийн тухайд

 

Хохирогч Б.Т нь гэмт хэргийн улмаас түүнд учирсан хохиролд нийт 1.415.460 төгрөг нэхэмжилснээс баримтаар нэхэмжилсэн 416.452 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 300.000 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Хохирогч Б.Т нь үлдэгдэл хохирол төлбөр болон гэмт хэргийн улмаас цаашид гарах гэм хорын хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээлээ.

 

ХОЁР: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Б.Ө нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

 

Шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан хохирлын шинж байдал зэргийг харгалзан үзлээ. 

 

Шүүхээс шүүгдэгч Н.Ит ял оногдуулахдаа “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

 

Иймээс, шүүх гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учруулсан гэмтэл, хохирол зэрэгт дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх  ялыг оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь түүнд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх  ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх  хэсэгт заасны дагуу шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх  ялын  биелүүлээгүй нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд тайлбарлаж байна.

 

Шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.

 

Энэ хэрэгт нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй, эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Өад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин Т болтол хэвээр хэрэглэхээр тогтов. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10-д заасныг тус тус удирдлага болгон 

 

   ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ш овогт Бын Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Өыг 400 /дөрвөн зуу/-н цаг нийтэд тустай ажил хийлгэх  ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дугаар зүйлийн 4 дэх  хэсэгт зааснаар Б.Ө нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх  ялыг биелүүлээгүй бол  шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Хохирогч Б.Т нь гэмт хэргийн улмаас түүнд учирсан хохиролд нийт 1.415.460 /нэг сая дөрвөн зуун арван таван мянга дөрвөн зуун жар/-н төгрөг нэхэмжилснээс баримтаар нэхэмжилсэн 416.452 /дөрвөн зуун арван зургаан мянга дөрвөн зуун тавин хоёр/ төгрөгийн нэхэмжлэлийг хангаж, 300.000 /гурван зуун мянга/-н төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, үлдэгдэл хохирол төлбөр болон цаашид гарах гэм хорын хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

6. Б.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, нэгтгэсэн болон тусгаарласан хэрэггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин Т болтол Б.Өад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.


 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ЭРДЭНЭЧИМЭГ