Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 128/ШШ2021/0557

 

    2021 оны 08 сарын31 өдөр                          128/ШШ2021/0557

 

     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Б би даргалж, нэхэмжлэгч “Л” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ян, нэхэмжлэгч Ж.Г итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ш нарыг оролцуулан “Л” ХХК болон иргэн Ж.Г нарын нэхэмжлэлтэй, Санхүүгийн зохицуулах хороонд холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг 2 дугаар танхимд нээлттэй хийв.

Нэхэмжлэгч: “Л” ХХК 

Нэхэмжлэгч: Ж.Г

Хариуцагч: Санхүүгийн зохицуулах хороо.

Гуравдагч этгээд: “Г к ББСБ” ХХК 

Нэхэмжлэлийн шаардлага: “Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 9/4399 дүгээр албан бичгийг хүчингүй болгуулж, “Г кББСБ” ХХК-ийн үйлдэлд маргаан үүсгэж шалгахыг хариуцагчид даалгах тухай” нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Л” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Я шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... Нэхэмжлэгч “Л” компани 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр иргэн Ж.Г хамтран 24 сар буюу 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүртэл хугацаатай зээлийн болон эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулсан. Уг зээлээс 55,000,000.00 төгрөгийг Ж.Г хэрэглэсэн. “Л” ХХК өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу гудамж, ******* хаягт байрлах, 1 дүгээр давхар, 192 м.квадрат үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө 55,000,000.00 төгрөгийн зээлийн барьцаанд тавьсан. Зээлийн хүүг эргэн төлөх хуваарийг иргэн Ж.Г зөрчсөн. 2019 оны 9 дүгээр сараас эхлээд “ГК ББСБ” ХХК-ийн зүгээс “Л” ХХК болон иргэн Ж.Г нарыг хариуцагчаар татаж 88,614,383.40 төгрөгийг нэхэмжилж иргэний хэргийн шүүхэд хандсан байдаг. 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэлийн үнийн дүнг бүрэн хангасан. Давж заалдах шатны шүүхийн магадлалд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байдаг. Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимд хариуцагч “Л” ХХК гомдол гаргасан байдаг. Танхимын хуралдаанд зарлагдаагүй байхад 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр “Л” ХХК-ийн менежер, захирал Т.Т, Т.Ө, иргэн Ж.Г нар шүүхийн шийдвэрт дурдсан 88,614,383.40 төгрөгийг “Г К ББСБ” ХХК-ийн “Х Б” ХХК дахь дансанд тушааж шүүхийн шийдвэрийг биелүүлсэн. Яг тэр өдрөө Улсын Дээд шүүхэд хандаж анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг биелүүлсэн учир хяналтын гомдлоосоо татгалзсан. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “хяналтын гомдол гаргаагүйд тооцох тухай” 001/ШЗ/2020/00227 дугаар захирамж гарсан. Ингээд “Л” ХХК үл хөдлөх эд хөрөнгөө барьцаанаас чөлөөлүүлэх хүсэлт тавьсан. Зээлдэгч нар ББСБ-ын удаа дараагийн шаардлагад нийцүүлж өдрийн 1 хувийн хүүтэй сарын 30 хувийн хүүтэй буюу өндөр хүүтэй зээл авч эрсдэлд орсон. Үл хөдлөх эд хөрөнгө чөлөөлүүлж хэсэгчлэн худалдах, түрээслэх зорилготой байсан. Нэхэмжлэгч нар ББСБ-ын ёс зүйн асуудлыг хөндөөд байгаа шалтгаан нь биднийг өндөр эрсдэл хүлээж байгааг мэдэж байгаа учир барьцаа хөрөнгийг хурдан чөлөөлөөд өгөөч гэхээр шүүхийн шийдвэрт заасан задгай мөнгөтэй нь хамт төлөөд ир тэгвэл барьцаанаас чөлөөлсөн албан бичгээ үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй нь хамт өгнө гэж хэлээд, мөнгийг нь төлсөн байхад өгөхгүй гэдэг. Гэрчилгээг нь яагаад өгөхгүй байгаа вэ гэвэл манай ББСБ-ын удирдлага, төлөөлөн удирдах зөвлөлөөс 2019 оны намраас 2020 оны намар хүртэл бүтэн жил шүүхээр маргасан хугацааны нэмэгдүүлсэн хүү 27 сая төгрөгийн авлагатай байна гэж санхүүгийн тайлан балансыг Т.Ө харуулсан байдаг. Үүнийгээ бид ямар нэгэн аргаар нэхэмжилж авна. Танайх 55 сая төгрөгийг 88 сая төгрөг болгож төлсөн нь үнэн гэхдээ бид ямар нэг аргаар авна, авах ёстой тэгж бид нар хангалттай ашиг олох ёстой байдаг гэж хэлсэн. Өндөр эрсдэл хүлээсэн нэхэмжлэгч нар яг ямар эрх зүйн үндэслэл байдаг юм бэ, бүх шатны шүүхийн шийдвэр гарсан байдаг. Үүнээс өөр шүүхийн шийдвэрт дурдаагүй ямар хүүний мөнгө төлөх ёстой юм бэ гэдэг асуудал үүсээд ийм ёс зүйгүй үйл ажиллагаа явуулахаа болихыг шаардаж утсаар ярьсан яриа хэрэгт авагдсан байгаа. Санхүүгийн зохицуулах хороонд ББСБ-ын удирдлагад хэлж ойлгуулаач гэдэг гомдлыг гаргасан. Санхүүгийн зохицуулах хорооноос ямар нөхцөл шаардлагыг хангасан үед банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл олгодог, түүнийг хэрхэн сунгадаг вэ, хүнд хэцүү нөхцөлд хууль бус шаардлага тавьж байна гэж хандсан.

Санхүүгийн зохицуулах хорооноос 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр маргаан үүсгэхээс татгалзсан шийдвэр гаргаад нэхэмжлэгч нарт хариуг хүргүүлсэн. Уг хариуг зөвшөөрөхгүй байна. Юуг нь буруу шийдвэр гэж үзээд байна гэхээр Санхүүгийн зохицуулах хороо зөвхөн өөрийнхөө бүрэн эрхэд хамаарах асуудлаар маргаан үүсгэдэг. Тусгай зөвшөөрөл эзэмшигч болон үйлчлүүлэгчийн хооронд үүссэн маргааныг манайд хамаарахгүй гэдэг шийдвэр гаргасан. Тусгай зөвшөөрөл эзэмшигч ББСБ, үйлчлүүлэгчийн хооронд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болоогүй гэдэг хариу өгсөн нь буруу, 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Хяналтын гомдол гаргаагүйд тооцох тухай” захирамжаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаандаа байгаа юу, дуусгавар болсон уу гэдгийг ББСБ өөрөөс нь тодруулж байгаа нь хууль бус үйлдэл. ББСБ нь хуулийн байгууллага биш шүүхээс тодруулах бүрэн эрхээ хэрэгжүүлэх сонирхолгүй, ББСБ-тай нэг ижил ашиг сонирхолтой. Зээлийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагын ёс зүйн асуудлыг тавихад хүрч байгаа нь энэ төрлийн дарамтад орсон иргэн, хуулийн этгээд цөөнгүй байдаг. Санхүүгийн зохицуулах хороонд л хандана. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа эсэхийг ББСБ-аас тодруулаад, үгийг нь дагаж төрийн байгууллага ажлаа хийх нь буруу. Ёс зүйн маргаан үүсгэх ёстой байсан. Ёс зүйн маргаан үүсгэх шалтгаан байгаа гэдгийг харуулах бичгийн нотлох баримт хэрэгт хангалттай авагдсан байгаа. Төрийн байгууллага өөрт олгогдсон үүргээ биелүүлэх ёстой, ажиллагаагаа явуулах ёстой гэж үзээд маргааныг хянуулах сонирхолтой байна.

Нэгэнт ББСБ-ын үйл ажиллагааны удирдлагын ёс зүйн асуудлыг Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулиар Санхүүгийн зохицуулах хороонд хамаатуулсан. Иргэдэд өөр хандах газар байхгүй. Хуульд өөр төрийн байгууллагыг заагаагүй. Монголбанканд хандахад энэ бол Санхүүгийн зохицуулах хорооны чиг үүрэг гэсэн хариу өгсөн. Иргэн, хуулийн этгээдийн хооронд мэдээж гэрээтэй холбоотой асуудал байдаг. Гэрээгүйгээр ямар нэгэн харилцаанд орохгүй. Гэрээ байгаа гэдэг сургаар бүгдийг нь Иргэний хэргийн шүүхэд өгөхөөр ББСБ-ын удирдлагын ёс зүйн асуудлаар иргэн хаана хандах вэ, хандах ямар ч газаргүй эрхээ хамгаалуулах боломжгүй байдалд хүрч байна. Захиргааны байгууллага маргаантай асуудлыг зохицуулахдаа зөвхөн хууль, журам байвал хөдөлдөг үгүй бол хөдөлдөггүй биш захиргаанд хянан шалгах эрх хэмжээ олгогдсон байдаг. Энэ чиг үүргүүдээ огт хэрэгжүүлээгүй тул хуулиар олгогдсон үүргээ хэрэгжүүлэхээс санаатайгаар зайлсхийсэн гэж үзэж байна. Удирдлагын ёс зүйн асуудлыг тавьсан. Хуулийг төсөөтэй хэрэглэх эрх ч бий. Төсөөтэй харилцаа нь даатгалын харилцаанд байдаг юм байна. Ёс зүйн журмыг бид батлахгүй Санхүүгийн зохицуулах хороо өөрөө батлах ёстой. Ийм учраас ББСБ ингэж дураараа дургидаг юм байна. Эрх хэмжээ нь байхад зохицуулъя гэдэг ямар ч оролдлого хийхгүй байна. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж байгаа маргаан нь хохирлоо нэхэмжилж байгаа өөр маргаан. Тэр бол ёс зүйн маргаан үүсгэхээс татгалзсантай ямар ч хамааралгүй. Захиргаа, иргэн хоёрын маргааныг ялгаж ойлгох хэрэгтэй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгч Ж.Г итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Ж.Г өмнөөс энэ байгууллагад очиж уулздаг байсан. ББСБ үнэндээ бид нарыг хуураад, ёс зүйгүй аашлаад, одоо яг мөнгө төлөөд ирвэл гэрчилгээг суллаад өгье гэж хэлээд, бид нар өндөр хүүтэй мөнгөний дарамтад байсан учраас дарамтаасаа гарахын тулд дахин эрсдэл хүлээж өдрийн 1 хувийн хүүтэй мөнгө зээлээр авсан. Р.Б гэдэг энэ төлөөлж байгаа хүнтэй уулзаж байсан. Ийм асуудал үүсээд би Санхүүгийн зохицуулах хороонд очиж уулзахад та албан бичгээр ханд гэж хэлсэн. Албан бичгээр хандахаар “Г к” ББСБ-аас тодруулсан. Бид нарын асуудалд хайнга хандсан. ББСБ эрх ашгийг хамгаалж зээлдэгч нарыг тоохгүй байгаа учраас бид шүүхэд хандсан. Ийм үйлдэл хаа сайгүй байдаг юм байна. Зүгээр ч нэг өөрөө хохирчхоод гүйгээд байгаа юм биш. Энэ дарамтыг хэрэгжүүлэх нөхцөлийг олгоод байгаа учир бид нар Санхүүгийн зохицуулах хороотой энэ асуудлыг ярьж байна” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Санхүүгийн зохицуулах хороо нь Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар төрийн захиргааны байгууллага. Төрийн захиргааны байгууллага учраас Захиргааны ерөнхий хууль болон бусад хууль тогтоомжид заасан эрх хэмжээний хүрээнд тухайн асуудлыг судалж зохицуулах үүрэгтэй оролцоно. “Г К ББСБ” ХХК, “Л” ХХК, иргэн Ж.Г нарын хооронд үүссэн асуудал, зээлийн маргаантай холбоотой хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа үед нэхэмжлэгч Санхүүгийн зохицуулах хороонд өргөдөл гаргасан байдаг. Талуудаас аль алинаас нь баримт гаргуулж тухайн маргаанд үнэлэлт дүгнэлт өгнө. “ГК ББСБ” ХХК-аас Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газрын 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 108 дугаартай албан бичгийг эх хувиар нь ирүүлсэн. Энэ албан тоот төрийн байгууллагын эх хувь албан бичиг. Үүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусаагүй гэдэг хариуг Тамгын газрын дарга өгсөн байна. Нэгдүгээрт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусаагүй, хоёрдугаарт, Санхүүгийн зохицуулах хороо ББСБ болон ББСБ-ын үйлчлүүлэгчийн хооронд гарсан маргааныг Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т зааснаар урьдчилан шийдвэрлэдэг. Урьдчилан шийдвэрлэх маргаан биш, иргэний хэрэг үүсээд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа учраас хэлэлцэх үндэслэлгүй. Гомдолд дурдсан зүйл нь зээл, түүний үүргийн гүйцэтгэл хангуулах, барьцаа хөрөнгөтэй холбоотой маргаан. Барьцаа хөрөнгийг чөлөөлүүлэх шүүхийн шийдвэр гарсан байхад нэмж 27 сая төгрөг нэхээд байгаа нь ёс зүйгүй байна гэж хэлээд байгаа. Нэмж 27 сая төгрөг нэхэмжлээд байгаа нь иргэний эрх зүйн харилцааны хүрээнд талууд шүүхээр үндэслэлтэй эсэхээ тогтоолгох боломжтой. Ёс зүйтэй хамааралтай эсэх нь тусдаа. Ёс зүйтэй хамааруулж хүлээж аваад шийдвэрлэх гэхээр Санхүүгийн зохицуулах хороо ямар хууль журмын үндсэн дээр ямар шийдвэр гаргах вэ, Жишээлбэл, Даатгалын тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т Санхүүгийн зохицуулах хороо даатгагчийн ёс зүйн дүрмийг баталж мөрдүүлэхээр заасан байдаг. Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т заасны нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр заасан хэм хэмжээ акт батлах эрх олгогдоод Даатгалын зах зээлийн ёс зүйн дүрэм гэж батлаад даатгалын компаниуд даатгуулагч нартай харилцахдаа ёс зүйтэй харилцаж байгаа эсэхийг хянаж шалгаад явах бүрэн боломжтой. ББСБ-ын үйл ажиллагааны тухайд энэ эрх хуулиар Санхүүгийн зохицуулах хороонд олгогдоогүй. ББСБ ёс зүйн дүрмийн Санхүүгийн зохицуулах хороо батална гэсэн эрх хэмжээ олгогдоогүй. Захиргааны ерөнхий хуулийн 59,60 дугаар зүйлд зааснаар ёс зүйн гомдолтой холбоотой асуудлыг хэлэлцэх эрх зүйн боломжгүй. Өнөөдөр ч гэсэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусаагүй байна гэж ойлгож байна. Өчигдөр би Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд шүүх хуралдаанд оролцоход 2021 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр “Л” ХХК-ийн нэхэмжлэлтэй “Г К ББСБ” ХХК-д холбогдох иргэний хэргийн шүүх хуралдаан зарлагдсан байсан. Үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийн талаар байсан. Хэрэг нь өөр байж магадгүй миний ойлгосноор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусаагүй гэж ойлгож байгаа.

Санхүүгийн зохицуулах хороо ББСБ-ын талд ажилладаг, иргэний талд ажилладаггүй гэдэг бол өрөөсгөл ойлголт. Санхүүгийн зохицуулах хорооны цахим хуудаст сар, улирлын тайлан нийтлэгдсэн байгаа. Өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэсэн талаар дэлгэрэнгүй байдаг. Захиргааны байгууллага Захиргааны ерөнхий хууль бусад хууль тогтоомжид заасан эрх хэмжээнийхээ хүрээнд ажиллана. Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.2-т “тусгайлан эрх олгосон тухайн хуулийн агуулга, зорилго, хүрээнд нийцсэн байх” гэж зааснаар захиргааны байгууллага хэм хэмжээний акт гаргаж, түүнийхээ хэрэгжилтийг хангуулдаг. Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд ББСБ-ын удирдах албан тушаалтны ёс зүйтэй холбоотой журам баталж хэрэгжилтийг хянах хуулийн зохицуулалт байхгүй цаашдаа бий болж магадгүй. Уг хуулийг л дагаж мөрдөж байгаа. Санхүүгийн зохицуулах хороо хууль тогтоодог байгууллага биш, хуулийг хэрэгжүүлдэг байгууллага. Хууль тогтоогчоос батлагдсан хуулийн хүрээнд захиргааны үйл ажиллагаа явуулдаг. Санхүүгийн зохицуулах хороо хэн нэгэн тусгай зөвшөөрөлтэй ББСБ-ын даргад ажилладаггүй. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөөгүйтэй холбоотой хохирлоо гаргуулахаар иргэний шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа нь өрөө иргэний эрх зүйн хамгаалалт, энэ эрхээ эдэлж байна. Маргаантай холбоотой асуудлаар хандах өөр байгууллага байгаа. Иргэний журмаар хохирлоо шийдвэрлүүлээд шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсны дараа гүйцэтгүүлэх боломж бололцоо бүрэн байдаг. Нэхэмжлэгч нарын эрхийг Санхүүгийн зохицуулах хороо зөрчсөн гэж үзэхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... Зээлдэгч нар нь манай байгууллагад зээлийн гэрээний үүрэг болох тодорхой хэмжээний мөнгө буюу 88,614,383.40 төгрөгийг Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал гарсны дараа төлсөн нь үнэн боловч ЗГ/1805/20 тоот зээлийн гэрээний 4.3-д заасны дагуу манай байгууллагад учруулсан хохирол болох улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 601,022 төгрөгийг төлөөгүй байгаа. Анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болоогүй бөгөөд хариуцагч нар нь Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимд гомдол гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.3-д зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлалд хяналтын журмаар гомдол гаргасан бөгөөд хяналтын шатны шүүх гомдлыг хянаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1, 176 дугаар зүйлийн 176.2.2, 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасан Улсын Дээд шүүхийн тогтоол гараагүй байгаа бөгөөд ЗГ1805/20 тоот зээлийн гэрээний маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй. Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 106.1.1-т зааснаар барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болоогүй буюу барьцааны эрх дуусгавар болоогүй тул улсын бүртгэлийн Ү-******* дугаартай Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 11 дүгээр хороолол бага тойруу 43 дугаар байрны 83 тоот хаягт байрлалтай үйлчилгээний зориулалттай 192 м.кв талбайтай 1 өрөө үл хөдлөх эд хөрөнгийг ЗГ1805/20 тоот зээлийн гэрээний барьцаанаас чөлөөлөх боломжгүй. Манай байгууллага зээлдэгч нартай Иргэний хуулийн 171 дүгээр зүйлд заасны дагуу ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг ашиглахгүй, бусдын өмчлөлд шилжүүлэхгүй, өөр байдлаар гуравдагч этгээдэд эрх олгохгүй байх үүргийг өмчлөгчид хүлээлгэсэн. Хэлцэл хийдэггүй бөгөөд одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар захиран зарцуулах эрх нь нээлттэй байгаа болно. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт тусгагдсан манай байгууллагад учруулсан хохирол болох улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 601,022 төгрөгийг төлчихвөл манай байгууллагаас ямар ч асуудалгүй үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ болон үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн газарт барьцаанаас чөлөөлөх бичгийг өгөхөд ямар ч асуудалгүй.

Бид гэрчилгээг нь яагаад өгөөгүй вэ гэвэл Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн зээлийн гэрээний маргааныг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр бүрэн биелэгдээгүй. Анхан шатны шүүх хуралдаанд “Л” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Я өмгөөлөгч гэж хэлээд өмгөөллийн үнэмлэх үзүүлээд орсон. Өмгөөллийн эрх нь түдгэлзсэн. Сүүлд бид нар Өмгөөлөгчдийн холбоонд гомдол гаргаад өмгөөлөх эрхийг нь бүр хүчингүй болгуулсан. 27 сая төгрөгийн тухайд Иргэний хуулиар бид нар бас алдагдсан боломжоо нэхэмжлэх эрхтэй. Гэрчилгээний тухайд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ажиллагаа явуулаад сарын өмнө шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлээд “Л” ХХК-ийн захирал Т.Т гэрчилгээгээ авсан. Манай зүгээс процессоо эцэслэн дуусгавар болгоогүй байж гомдол гаргаад байгаа нь нэхэмжлэгч талын алдаа. Шүүх, Санхүүгийн зохицуулах хороо, манайд ч ажил удаж байна” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэл гаргагч “Л” ХХК болон иргэн Ж.Г нар “Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 9/4399 дүгээр албан бичгийг хүчингүй болгуулж, “Г К ББСБ” ХХК-ийн үйлдэлд гомдлын дагуу маргаан үүсгэж шалгахыг хариуцагчид даалгах тухай” нэхэмжлэл гаргасан ба уг шаардлага бүхий нэхэмжлэл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өөрчлөгдөөгүй байна.

           Нэхэмжлэгч нараас нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “иргэний хэргийн шүүхээр харьяалан шийдвэрлэх асуудлаар гомдол гаргаагүй байхад хариуцагч захиргааны байгууллага маргаан бүхий асуудлыг судалж хариу өгөх үүргээ биелүүлээгүй, Банк бус санхүүгийн байгууллага /ББСБ/-ын үйл ажиллагаа, ёс зүйн асуудлаар маргасан байхад үүнийг шийдвэрлэхгүйгээр татгалзсан хариу өгсөн нь хууль бус” гэж маргасан бол хариуцагч захиргааны байгууллагын зүгээс “ББСБ болон нэхэмжлэгч нарын хоорондох зээлийн үйлчилгээтэй холбоотой иргэний маргаан явагдаж байхад гаргасан гомдлыг Хороо харьяалан шийдвэрлэхгүй, хэлэлцэх үндэслэлгүй, харин иргэний эрх зүйн хамгаалалт авах ёстой” хэмээн нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

          Бие даасан шаардлагагүй гуравдагч этгээд “Г К ББСБ” ХХК-ийн зүгээс “иргэний хэргийн маргаанаа эцэслэн дуусгавар болгоогүй байж гомдол гаргаад яваад байгаа нь нэхэмжлэгч нарын буруу” хэмээн байр сууриа илэрхийлжээ.

          Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, гуравдагч этгээдийн тайлбар, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх үед хэргийн оролцогч тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлж, маргаан бүхий үйл баримтад дүгнэлт өгч, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг дараах байдлаар шийдвэрлэв.

          Нэхэмжлэгч иргэн Ж.Г 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдөр гуравдагч этгээд “Г к ББСБ” ХХК-аас зээлийн үйлчилгээ авч, тавин таван /55/ сая төгрөгийн зээлийн гэрээний барьцаанд нэхэмжлэгч Л” ХХК-ийн өмчлөлийн Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, Бага тойруу гудамж, ******* хаягт байрлах, 1 дүгээр давхар, 192 м.квадрат үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгийг үүргийн гүйцэтгэл хангуулахаар барьцаалж, мөн Л” ХХК батлан даасан, улмаар эргэн төлөлтийн асуудаас болж Иргэний хэргийн шүүхэд маргаан үүсгэснээр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 3612 дугаар шүүхийн шийдвэрээр хариуцагч “Л” ХХК, иргэн Ж.Г нараас зээлийн гэрээний үүрэг, үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохиролд нийт 88,614,383.40 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Г к ББСБ” ХХК-д олгохоор зааж шийдвэрлэснийг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 349 дүгээр магадлалаар уг анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. Улмаар “Л” ХХК-аас 2020 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар шүүхийн шийдвэр, магадлалыг бүрэн биелүүлж, дээрх мөнгөн дүн бүхий төлбөрийг “Г к ББСБ” ХХК-д төлж барагдуулснаар Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гаргасан гомдлоосоо татгалзах хүсэлтийг бичгээр илэрхийлсэн, төлбөр төлөгдсөн гэхчлэн эдгээр үйл баримттай талууд маргаагүй.

          Харин нэхэмжлэгч нар нь 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Санхүүгийн зохицуулах хороонд хандан “Г к ББСБ-ын удирдлага нь итгэл эвдсэн, хууран мэхэлсэн, ёс зүйгүй хууль бус үйл ажиллагаа” явуулж буйг тоочин дурдаад ёс зүйн үүднээс нь шалгаж зохих арга хэмжээ авч өгөхийг хүссэн гомдол[1] гаргажээ. Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 9/4399 дүгээр албан бичгээр[2]Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-т “Хороо өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн хороонд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, үйлчлүүлэгчийн хороонд гаргасан маргааныг урьдчилан шийдвэрлэнэ” гэж заасан байдаг. Иймд та бүхний өргөдөлд дурдсан асуудал нь хууль хяналтын байгууллагад хянагдаж байгаа тул хороо урьдчилан шийдвэрлэх боломжгүй болно” гэж хариу өгснийг нэхэмжлэгч нар нь маргаан бүхий захиргааны актаар тодорхойлон маргаж байна.

          Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д: “Санхүүгийн зохицуулах хороо нь санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, санхүүгийн үйлчилгээг зохицуулах, холбогдох хууль тогтоомжийн биелэлтэд хяналт тавих, хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах чиг үүрэг бүхий төрийн байгууллага мөн” гээд мөн хуулийн 5 дугаар зүйл 5.1-д: “Хороо үйл ажиллагаандаа бие даасан, ил тод байх, бусдын нөлөөнд үл автах, санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хангах, нийтийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зарчмыг удирдлага болгоно” хэмээн Хорооны үйл ажиллагааны зарчмыг заажээ.

          Маргаан бүхий энэ тохиолдолд иргэн, хуулийн этгээдээс /нэхэмжлэгч нараас/ Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д заасан “банк бус санхүүгийн байгууллагын Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд заасан үйл ажиллагаа” буюу Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д: “банк бус санхүүгийн үйл ажиллагаа” гэж Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөл авсан аж ахуйн нэгжийн эрхэлж байгаа энэ хуулийн 7.1.-д заасан үйлчилгээг”, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д: “Банк бус санхүүгийн үйл ажиллагаа гэж дараах үйл ажиллагааг ойлгоно”, 7.1.1-д: “зээл” гэж зааснаар санхүүгийн үйлчилгээнд хамаарах үйл ажиллагааны талаарх гомдлыг гаргасан гэж үзэхэд учир дутагдалтай. Яагаад гэвэл, гуравдагч этгээд болох ББСБ-ын зээлийн үйлчилгээтэй холбогдуулан тухайлан маргаагүй харин тухайн санхүүгийн үйл ажиллагааг эрхлэх явцдаа үйлчлүүлэгчийн эрх ашгийг ноцтой зөрчиж байгаа талаар хандсан, ингэхдээ Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д: “Энэ хуулийн зорилт нь банк бус санхүүгийн үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоож, банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээдийн удирдлага, зохион байгуулалт, хяналтын бүтцийг тогтоох, түүнд зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгохтой холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино” гэж хуульчилсны хүрээнд мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д: “Санхүүгийн зохицуулах хороо энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасны дагуу банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд хяналт тавьж, шалгалт хийнэ” гэж заасны дагуу зохих хяналтыг хэрэгжүүлэх ёстой гэж маргаж байна.

          Шүүх, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д: “Хороо дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 6.1.3-д: “санхүүгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох, тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг биелүүлж байгаа эсэхэд хяналт тавих”, 6.1.6-д: “тусгай зөвшөөрөл эзэмшигч хооронд болон тусгай зөвшөөрөл эзэмшигч, үйлчлүүлэгч хооронд гарсан маргааныг эрх хэмжээнийхээ хүрээнд хянан шийдвэрлэх” гэх нийтлэг бүрэн эрхээс гадна мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т: “Хороо ... үйл ажиллагааныхаа чиглэл тус бүрээр дараах хуулиудад заасан бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 6.2.1-д: “банк бус санхүүгийн үйл ажиллагааны чиглэлээр Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуульд заасан” гэж зааснаар хариуцагч захиргааны байгууллага нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ хууль буруу тайлбарлан, үндэслэлгүйгээр татгалзсан хариу өгсөн, үүгээрээ нэхэмжлэгч нарын захиргааны байгууллагаас мэдээлэл авах, өргөдөл гомдол гаргаж шийдвэрлүүлэх, үндэслэлтэй хариу авах талаарх хуульд заасан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь хөндсөн байна гэж үзлээ. Тодруулбал, тусгай зөвшөөрөл эзэмшигч Гарьд капитал ББСБ нэхэмжлэгч иргэн, хуулийн этгээд нарын хооронд “тусгай зөвшөөрөл эзэмшигч, үйлчлүүлэгчийн хооронд” гарсан санхүүгийн үйлчилгээтэй холбоотой маргаан байж тэр нь Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д зааснаар урьдчилан шийдвэрлэх зохицуулалт энэ маргааны зүйлд хамааралгүй юм.

          Ийм учраас Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-д: “Тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хууль, холбогдох бусад хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм, журмыг зөрчсөн гэж Хороо үзвэл хэдийд ч шалгалт хийж болно”, 24.5-д: “Хорооны хянан шалгагч энэ хууль болон Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 19.1, 19.2, 19.3, ... зүйлд заасан хяналт шалгалтыг эрх хэмжээнийхээ хүрээнд хэрэгжүүлнэ” гэж зааснаар түүнчлэн Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-т: “Санхүүгийн зохицуулах хороо энэ хууль болон бусад хууль тогтоомжид заасны дагуу банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх этгээдэд хяналт тавьж, шалгалт хийнэ” гэж заасны дагуу нэхэмжлэгч нарын даалгах шаардлагыг хангаж шийдвэрлэв. Ингэхдээ шүүхээс хариуцагч захиргааны байгууллагын хуулиар олгогдсон бүрэн эрхэд халдах боломжгүй тул нэхэмжлэгч нараас гаргасан гомдлын дагуу маргаан үүсгэж шалгах эсэх талаар зохих ёсоор холбогдох шийдвэр гаргахыг даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлд зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д: “нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ” гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэгч нараас урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж, уг төлбөрийг хариуцагчаас нөхөн гаргуулж нэхэмжлэгч тус бүрд буцаан олгохоор зааж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.6, 24 дүгээр зүйлийн 24.4, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Л” ХХК болон иргэн Ж.Г нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Санхүүгийн зохицуулах хорооны 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 9/4399 дүгээр албан бичгийг хүчингүй болгож, нэхэмжлэгч нараас гаргасан гомдлын дагуу “Г к ББСБ” ХХК-ийн үйлдэлд маргаан үүсгэж шалгах эсэх талаар холбогдох шийдвэр гаргахыг хариуцагч Санхүүгийн зохицуулах хороонд даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйлийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Л” ХХК болон иргэн Ж.Г нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140400 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооноос 140400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч тус бүрд буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     У.Б

 

 

 

 

[1] Хавтаст хэргийн 18-20 дахь талд

[2] Хавтаст хэргийн 17 дахь талд