Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2024/0500

 

2024 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2024/0500

Улаанбаатар хот

 

 

 

                                           “О***” СӨХ-ны нэхэмжлэлтэй

                                                  захиргааны хэргийн тухай

 Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч шүүгч Д.Оюумаа,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл,

Илтгэгч шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Б***,

Нэхэмжлэгч: “О***” СӨХ,

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар,

Гуравдагч этгээд: “А***” ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: “А***” ХХК-ийн Хан-Уул дүүргийн хорооны нутаг дэвсгэрт барьж, ашиглалтад оруулсан зоорийн давхартаа зогсоолтой, 32 айлын 9 давхар 59 дүгээр байрны зоорийн давхарт байрлах Ү-2206042423, Ү-2206042505, Ү-2206042510, Ү-2206042506 дугаартай автозогсоол, Ү-2206044998 дугаартай агуулах, 61А байрны зоорийн давхрын Ү-2206042501 дугаартай агуулах, Ү-2206043679 дугаартай зогсоол, Ү-2206042250 дугаарын гэрчилгээтэй хонгил байрлах агуулахын зориулалтаар тус тус гэрчилгээ олгосон үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу илт хууль бус акт болохыг тогтоолгох,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 116/ШШ2024/0416 дугаар шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгч “О***” СӨХ-ны дарга Б.Б***,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Б***,

гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б***, Ц.О***, Н.Н***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Е***,

Хэргийн индекс: 128/2024/0245/3.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “О***” СӨХ анх Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны 59 дүгээр байрны зоорийн давхарт байрлах Ү-2206042423, Y-2206042505, Y-2206042510, Ү-2206042506 дугаартай автозогсоол, Ү-2206042504 дугаартай агуулах, 61А дугаар байрны зоорийн давхарт байрлах Ү-2206042501 дугаартай агуулах, Ү-2206043679 дугаартай автозогсоол зориулалтаар тус тус олгосон Улсын бүртгэл болон гэрчилгээг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “А***” ХХК-ийн Хан-Уул дүүргийн хорооны нутаг дэвсгэрт барьж, ашиглалтад оруулсан зоорийн давхартаа зогсоолтой, 32 айлын 9 давхар 59 дүгээр байрны зоорийн давхарт байрлах Ү-2206042423, Ү-2206042505, Ү-2206042510, Ү-2206042506 дугаартай автозогсоол, Ү-2206044998 дугаартай агуулах, 61А байрны зоорийн давхрын Ү-2206042501 дугаартай агуулах, Ү-2206043679 дугаартай зогсоол, Ү-2206042250 дугаарын гэрчилгээтэй хонгил байрлах агуулахын зориулалтаар тус тус гэрчилгээ олгосон үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасны дагуу илт хууль бус акт болохыг тогтоолгох” хэмээн эцэслэн тодорхойлж маргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 116/ШШ2024/0416 дугаар шийдвэрээр: Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009 оны/ 4 дүгээр зүйлийн 4.1.4, 16 дугаар зүйлийн 16.1.7, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай /2003 оны/ хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2, 13 дугаар зүйлийн 13.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О*** СӨХ-г төлөөлж Б.Б***ээс гаргасан Хан-Уул дүүргийн 19-р хороо, Туул гол гудамж хаягт байрлах 59-р байрны зоорийн давхарт байрлах Ү-2206042423, Ү-2206042505, Ү-2206042510, Ү-2206042506 дугаартай автозогсоол, Ү-2206044998 дугаар агуулах, 61А байрны зоорийн давхарт байрлах Ү-2206042501 дугаартай шатны хонгил, Ү-2206043679 дугаартай автозогсоол, Ү-2206042250 дугаарын гэрчилгээтэй дээврийн хонгил байрлах агуулахын зориулалттай техникийн өрөө гэж гэрчилгээ олгосон үйлдлүүдийг бүхэлд нь илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж маргасан. Үүнд:

3.1 Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ 2003-2018 оны хооронд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Эд хөрөнгийн эрх, түүний холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, 2018 оноос хойш мөрдөгдөж байгаа Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн холбогдох зүйл, заалтыг үндэслэл болгосон буюу нэхэмжлэлийн шаардлагад дурдагдсан үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг 2015 онд гарсан байх бөгөөд тухайн үед 2009-2018 оны хооронд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Улсын бүртгэлийн ерөнхий хууль үйлчилж байсан тул шүүхээс хэргийг шийдвэрлэхдээ анх гэрчилгээ гараагүй байх үед батлагдаагүй байсан хуулийн заалтыг үндэслэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзэж байна,

3.2 “А***” ХХК нь барилгын зургийг магадлалаар оруулж батлуулахдаа анх машины зогсоолын зураггүй зураг төсөл боловсруулсан бөгөөд хэрэгт авагдсан Улсын экспертизийн дүгнэлтийн 176 дахь талын анхаарах зүйл гэсэн хэсэгт мэргэшсэн архитектор А.Д*** гэдэг хүний гарын үсэгтэй “грашын талбайг батлуулах” гэсэн тэмдэглэлээс харагдаж байгаа. Гэтэл “А***” ХХК-ийн Улсын бүртгэлийн ерөнхий газарт гарган өгч, гэрчилгээ гаргуулсан зураг дээр 59 дүгээр байрны доор 23 зогсоол, 61А байрны доор 11 ширхэг машины зогсоолтой байхаар, 2 байрыг холбосон талбайд 21 зогсоол, нийтдээ 55 машины зогсоолтой болгож, өөрсдийн дураар зургийг өөрчлөн зурж, Улсын бүртгэлийн ерөнхий газарт өгч, гэрчилгээ гаргуулж байсан болох нь баримтуудаар тогтоогдож байгаа, гуравдагч этгээд тал нь барилгын батлагдсан зураг төслөөс өөрөөр буюу нэмж зоорийн давхарт зогсоол зурагдсан баримтыг улсын бүртгэлийн байгууллагад гаргаж өгч, үүний дагуу гэрчилгээнүүд олгогдсон байгааг шүүхээс хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байхад зөрүүтэй баримтуудыг шүүх үнэлэлгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу,

3.3 Тухайн маргаан бүхий автозогсоолууд нь автозогсоолын зориулалтын бус газар буюу барилгын даацын багана, орц гарцад хамаарах газрууд болох нь шүүхийн үзлэгээр тогтоогдож байгаа, гуравдагч этгээд өөрсдөө автозогсоолын зориулалтаар ашиглах боломжгүй гэдгээ өргөдөлдөө дурдсан байтал хариуцагч автозогсоолын зургийг магадлалаар баталгаажсан үнэн зөв эсэхийг нягталж шалгах эрхээ хэрэгжүүлээгүй, мэдүүлэг гаргагчийн өргөдөлд дурдсанаас өөр зориулалтаар өмчлөх эрхийн гэрчилгээ олгож, улсын бүртгэлийг үнэн зөв хийх үүргээ биелүүлээгүй гэж ойлгогдож байх бөгөөд  шүүх “илт хууль бусад тооцох үндэслэл болохгүй” дүгнэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2-т заасан хуулийн шаардлагад нийцээгүй,

3.4 Барилгын тухай хуульд заасны дагуу магадлалаар баталгаажсан, Улсын архивын газраас нотлох баримтаар ирүүлсэн, барилгын зургийн дагуу тухайн барилгын талбайг ашиглахаар зохицуулсан байтал гуравдагч этгээд нь техникийн өрөө, шатны хонгил гэж зурагдсан талбайд “агуулах” гэсэн гэрчилгээ гаргуулсан, мөн зогсоолын зургийг “Э***” ХХК-иас өөрчлөн зуруулж, гэрчилгээ гаргуулсан зэрэг хууль бус үйлдэл нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “...захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэсэн хуулийн заалтад нийцэж байгаа, мөн хуулийн 47.1.7-д “...бодит нөхцөлд биелүүлэх боломжгүй” гэж заасны дагуу зогсоолын зориулалтаар ашиглах боломжгүй нөхцөл байдал хангалттай тогтоогдож байхад шүүхээс хэрэгт цугларсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлээгүйн улмаас хуульд нийцээгүй, үндэслэлгүй шүүхийн шийдвэр гарсан.

Иймд дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

4. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.                             

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад холбогдох хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэрт хууль хэрэглээний зөвтгөсөн өөрчлөлтийг оруулж,  нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

3. Нэхэмжлэгч “О***” СӨХ болон нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс нэхэмжлэлийн шаардлагын хууль зүйн үндэслэлээ Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй”, 47.1.7-д “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэх үндэслэлд хамааруулан маргасан бөгөөд шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж зааснаар маргаан бүхий акт буюу тухайн үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэл нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7-д заасан илт хууль бус эсэхэд хууль зүйн дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэх учиртай.

4. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009 оны/ 3 дүгээр зүйлийн 3.1.4-т “үнэн зөв, бодитой, заавал биелүүлэх шинжтэй байх”, 11 дүгээр зүйлийн 11.5.2-т “энэ хуулийн 5.3-5.5-д заасан улсын бүртгэл хийлгэх тухай хүсэлт, түүнд хавсаргасан нотлох баримт бичгийг хүлээн авч хянан улсын бүртгэлд бүртгэх эсэх тухай шийдвэр гаргах” гэж,

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 оны/-ийн 12 дугаар зүйлийн 12.4-д “Улсын бүртгэгч дараахь эрхтэй”, 12.4.1-т “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг бүртгүүлэх тухай мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг хүлээн авч хянан үзэх, эрхийн улсын бүртгэлд бүртгэх, бүртгэхээс татгалзах, эсхүл мэдүүлгийг хүлээж авахаас татгалзах тухай шийдвэр гаргах”, 13 дугаар зүйлийн 13.1-т “Иргэн, хуулийн этгээд нь энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн эрхийн улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллагад бичгээр гаргах бөгөөд мэдүүлгийг төлөөлөгчөөрөө дамжуулан гаргаж болно”, 13.5-д “Мэдүүлэгт энэ хуулийн 17.1-д заасан зүйлийг тусгах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана”, 13.5.1.-т “тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг, 13.5.2-т “газар өмчлөх эрхийг бүртгүүлэхэд тухайн газрын кадастрын зураг болон Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 18.2-т заасны дагуу өмчилж авсан газрын үнийг сум, дүүргийн төсөвт төлсөн тухай баримт”, 13.5.3-т “тухайн газрыг уг этгээдэд өмчлүүлсэн тухай эрх бүхий байгууллагын шийдвэр болон түүнээс олгосон гэрчилгээ”, 13.5.4-т “газар эзэмших, ашиглах эрхийн гэрээ болон гэрчилгээний хуулбар”, 13.5.5-д “барилга байгууламжийн план зураг, дөрвөн талаас нь бүтэн харуулсан гэрэл зураг”, 13.5.6-д “улсын тэмдэгтийн хураамж, эсхүл үйлчилгээний хөлс төлсөн баримт”, 13.5.7-д “өмчлөгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, өмчлөгч нь хуулийн этгээд бол хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар”, 13.5.8-д “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг бүртгүүлэхийг хүссэн этгээдийн өргөдөл”, 13.9-т “Мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө” гэж заасан.

6. Маргаан бүхий үйл баримтын хувьд, хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар гуравдагч этгээд “А***” ХХК нь Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Туул гол гудамж, 59, 61А дугаар орон сууцуудыг захиалан барьж, ашиглалтад оруулан, 2015, 2016 онд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн газарт хуульд заасан журмын дагуу холбогдох баримтуудыг бүрдүүлэн эд хөрөнгийн эрхийг бүртгүүлэх хүсэлт гаргасан болох нь тогтоогдсон.

 7. Нэхэмжлэгчээс “... “Э***” ХХК барилгын зургийг өөрчилсөн, “А***” ХХК үндэслэлгүй баримт гаргаж өгсөн байхад хариуцагч захиргаа шалгаж нягтлаагүй”, “... тухайн автозогсоолууд нь зорчих хэсэг, орц гарцын хэсэгт байрлаж, автозогсоолд бусад этгээдүүд автомашинаа байршуулах, орж гарах хэсэгт зай талбайгүй, хүндрэл үүсгэж байгаа” хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлон маргаж байх боловч энэхүү үндэслэл нь маргаан бүхий улсын бүртгэлийг илт хууль бусад тооцох үндэслэл болохгүй.

   Өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэдэгт “хуульд үндэслэх” зарчмыг зөрчсөн алдаа хамаарах бөгөөд тухайлбал, захиргааны актыг огт эрх зүйн үндэслэлгүйгээр гаргах, хуульд заагаагүй үндэслэлээр эрхэд халдах, үндэслэл болсон хэм хэмжээнүүд зөрчилдсөн гэх мэт тохиолдлууд байхыг, 47.1.7-д заасан “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэдэгт захиргааны шийдвэр нь хаяглагдсан этгээд тодорхойгүй, эрх зүйн үр дагавар нь тодорхой бус, бодит байдалд хэрэгжүүлэх боломжгүй байхыг захиргааны эрх зүйн онол практикт ойлгодог.

 8. Нэхэмжлэгчээс “...Э*** ХХК барилгын зургийг өөрчилсөн, А*** ХХК үндэслэлгүй баримт гаргаж өгсөн байхад хариуцагч захиргаа шалгаж нягтлаагүй гэж тайлбарлаж байх боловч Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хууль /2003 оны/-ийн 13 дугаар зүйлийн 13.9-д заасанчлан мэдүүлэг гаргагч мэдүүлгийг үнэн зөв гаргах үүрэгтэй, энэхүү үүргээ зөрчсөн эсэх талаар эрх бүхий байгууллагад хандан шийдвэрлүүлсэн үйл баримт тогтоогдоогүй, энэхүү үүргээ зөрчсөн болох нь тогтоогдсон ямарваа нэг шийдвэр, баримт байхгүй энэ тохиолдолд эрхийн улсын бүртгэлийг илт хууль бусад тооцох боломжгүй бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байх боловч анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Улсын бүртгэлийн ерөнхий хууль /2009 оны/-ийн холбогдох заалтыг буруу бичсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдсонгүй гэж үзэж, гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 116/ШШ2024/0416 дугаар шийдвэрийн “ТОГТООХ” хэсгийн 1 дэх заалтын “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009 оны/ 4 дүгээр зүйлийн 4.1.4, 16 дугаар зүйлийн 16.1.7” гэснийг “Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн /2009 оны/ 3 дүгээр зүйлийн 3.1.4, 11 дүгээр зүйлийн 11.5.2,” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                 ШҮҮГЧ                                                  Д.ОЮУМАА

 

                 ШҮҮГЧ                                                  О.ОЮУНГЭРЭЛ

 

                            ШҮҮГЧ                                                  Г.МӨНХТУЛГА