Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 05 өдөр

Дугаар 00126

 

Ж.Аийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч М.Наранцэцэг, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2017/02717 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Ж.А,

Хариуцагч “Б” ХХК-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 400 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттөмөрийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттөмөр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Өлзийбаяр

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Ичинхорол

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Б” ХХК-ийн захирал М.Нямжав нь Ж.Атэй 2010 оноос хойш найз нөхдийн харилцаатай байсан. Тэд 2013 оны 8 дугаар сарын сүүлчээс хойш мөнгө төгрөг өгч авалцаж байгаад 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 120 000 000 төгрөг, 2013 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 12 000 000 төгрөг, 2013 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 56 000 ам.долларыг тус тус зээлж 2013 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулсан.

Тус зээлийн гэрээнд бид харилцан тохиролцож 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс сарын 10%, өдрийн 0,33%-ийн хүү тооцохоор тохиролцож, 1 ам.долларыг тухайн өдрийн ам.долларын ханш болох 1 780 төгрөгөөр тооцож хүүгийн хамт буцааж өгөхөөр тохиролцож 1 сарын хугацаатай гэрээ байгуулсан.

Үүнээс хойш 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 15 000 000 төгрөг, 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 80 000 000 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 10 000 000 төгрөг, 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 10 000 000 төгрөг, нийт 115 000 000 төгрөгийг М.Нямжаваас авсан.

Үлдэгдэл мөнгөө өгөхгүй болохоор нь 2014 оны 7 дугаар сарын 17-ны өдөр тооцоо нийлж 229 950 ам.доллар буюу 425 407 264 төгрөгийг 2014 оны 8 дугаар сарын 01-ний өдөр өгөхөөр тохирсон. Ингэж тохирсноос хойш ямар ч мөнгө өгөөгүй.

2015 оны 8 дугаар сарын 15-ны өдөр дахин гэрээ байгуулж 250 832 ам.доллар буюу тухайн үеийн 1 ам.долларын ханш болох 1985 төгрөгөөр тооцож 497 901 437 төгрөгийг сарын 8%-ийн хүүтэйгээр 30 хоногийн хугацаатайгаар дахин зээлийн гэрээ хийж 537 733 552 төгрөгийг өгөхөөр тохиролцсон.

Зээлсэн мөнгөө өгнө гэсээр байгаад өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг өгөөгүй боловч миний бие М.Нямжавын хүсэлт, гуйлт, санхүүгийн боломж, нөхцөл байдлыг харгалзан үзэж 537 733 552 төгрөгөөс 137 733 552 төгрөгийг хасч үлдэх 400 000 000 төгрөгийг гаргуулан өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  М.Нямжав нь 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 120 000 000 төгрөг, 2013 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 12 000 000 төгрөг, 2013 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 56 000 ам долларыг тус тус зээлж 2013 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр зээлийн гэрээ байгуулан, 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс сарын 10%, өдрийн 0,33%-ийн хүү тооцох,1 ам долларыг тухайн өдрийн ам долларын ханш болох 1780 төгрөгөөр тооцож хүүгийн хамт буцааж өгөхөөр болж 1 сарын хугацаатай гэрээг байгуулсан нь үнэн.

Энэ цагаас хойш 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 15 000 000 төгрөг, 2014 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 80 000 000 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 10 000 000 төгрөг, 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 10 000 000 төгрөг, н.Пүрэвсүрэнгийн дансаар 600 000 төгрөг, н.Мягмарсүрэнгийн дансаар 1 700 000 төгрөг, нийт 117 000 000 төгрөгийг Ж.Аэд буцааж өгсөн.

Одоо нэхэмжилж буй 400 000 000 төгрөгийг өгч авалцсан тухай баримт байхгүй. Тийм хэмжээний мөнгө аваагүй. Зээлийн гэрээгээр хугацаа тогтоогоогүй тул хүү, алданги нэхэх эрхгүй, 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хийсэн гэх зээлийн гэрээнд ямар ч хөрөнгө барьцаалаагүй байхад хөрөнгө барьцаалсан зээлийн гэрээ гэж бичсэн байна. Эрүүгийн журмаар шалгагдаж байхад гаргаж ирээгүй 2013 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн Зээлийн гэрээг сүүлд гаргаж ирсэн байна. Ийм их хэмжээний мөнгө өгөх учиргүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “Б” ХХК-иас 151 035 840 /нэг зуун тавин нэгэн сая гучин таван мянга найман зуун дөч/ төгрөг гаргуулж Ж.Аэд олгож, үлдэх 248 964 160 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 157 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 913 129 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттөмөр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Ж.Аийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Баттөмөр би Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 2717 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсэгт заасны дагуу энэхүү гомдлыг гаргаж байна.

Нэхэмжлэгч Ж.А хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан 400 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан боловч анхан шатны шүүх хэрэг, маргааны үйл баримт, зээлийн гэрээтэй холбоотойгоор хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон зохигч нарын хариу тайлбаруудад хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт гаргаж, нэхэмжилсэн үнийн дүнгээс 248 964 100 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан “шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж шийдвэр гаргана” гэсэн хуулийн заалтыг баримтлаагүй зөрчсөн.

Иймд Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны өдрийн 027217 дугаартай шийдвэрийг хүчингүй болгон, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан 248 064 160 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн байна.

            Нэхэмжлэгч Ж.А нь хариуцагч “Б” ХХК-д холбогдуулан 400 000 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

            Хариуцагч “Б” ХХК-ийн захирал М.Нямжав нь 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдөр 120 000 000 төгрөг, 2013 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 12 000 000 төгрөг, мөн өдөр 56 000 ам.долларыг Ж.Аээс тус тус зээлснээ, хугацааг 2013 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс эхэлснээр тооцож, сарын 10  хувийн хүү тохиролцон мөн оны 9 дүгээр сарын 10-ны өдөр бичгийн гэрээгээр баталгаажуулсан нь хэрэгт авагдсан ба талууд хугацааг 1 сар гэж тохирсон талаар тайлбарласан, уг гэрээ байгуулагдсан эсэхээр маргаагүй, талуудад зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт нийцсэн байна.

            56 000 ам.долларыг тухайн үеийн ам.долларын ханшаар тооцон 99 680 000 төгрөгөөр тооцож зээлийн гэрээгээр зээлдэгчид шилжүүлсэн зээлийн нийлбэр нийт 231 680 000 төгрөгөөс талуудын тохиролцсон 10 хувийн хүүг 1 сараар тооцоход 2013 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний нийт үүрэг нь  254 848 000 /231 680 000+23 168 000/ төгрөг болох ба зээлдэгчид уг төлбөрийг буцаан төлөх үүрэг үүссэн байна.

            Дээрх зээлийн гэрээний дагуу хариуцагч 2013 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 15 000 000 төгрөг, 2014 оны 2 дугаар сарын 28-ны өдөр 80 000 000 төгрөг, 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдөр 10 000 000 төгрөг, 2014 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 10 000 000 төгрөг, нийт 115 000 000 төгрөгийг буцаан төлж, үлдэх төлбөрийг төлөөгүй нь баримтаар тогтоогдсон, уг дүнгийн талаар зохигчид маргаагүй тул 139 848 000 /254 848 000-115 000 000/ төгрөгийн зээлийн төлбөрийг зээлдүүлэгч шаардах эрхтэй байна.  

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болгосон 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан гэх 537 733 552 төгрөгийн зээлийн гэрээгээр уг мөнгийг бодитоор зээлдэгчид шилжүүлсэн нь баримтаар тогтоогдоогүй тул Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасан зээлийн гэрээг байгуулагдсанд тооцох үндэслэл тогтоогдохгүй байна. Иймд уг гэрээг үндэслэн шаардах эрх нэхэмжлэгчид үүсэхгүй.

Дээрх 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн гэрээгээр мөнгийг бодитоор шилжүүлээгүй тул гэрээ байгуулагдсанд тооцохгүй гэж шүүх дүгнэсэн атлаа мөн өдөр 8 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай гэрээ байгуулагдсан гэж үзэж  139 848 000 төгрөгийг 11 187 840 төгрөгийн хүүгийн хамт 151 035 840 төгрөгийн төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь дүгнэлтээсээ зөрчилтэй боловч хариуцагч шүүхийн шийдвэрийн энэ хэсэгт давж заалдах гомдол гаргаагүй байна.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.   Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2017/02717 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 403 000  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                               ШҮҮГЧИД                                              М.НАРАНЦЭЦЭГ

                                                                                               А.ОТГОНЦЭЦЭГ