| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэмчигийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2018/02515/И |
| Дугаар | 2618 |
| Огноо | 2018-11-23 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 2618
2018 оны 11 сарын 23 өдөр Дугаар 183/ШШ2018/02618 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Э ХХК /РД: /,
Хариуцагч: А ХХК /РД: /-д холбогдох,
трансформаторын үнэ 4,000,000 төгрөг, ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 4,000,000 төгрөг нийтдээ 8,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Соёлмаа, хариуцагчийн төлөөлөгч Ч.Батдэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Туул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Соёлмаа шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Манайх 12 сая төгрөгийн ажил хийсэн ба 6 сая төгрөгийг нь төлөөгүй байсан. Талууд ярилцаад 2 сая төгрөгийг хасъя гэж тохиролцсон. Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Э ХХК-ийн аж ахуйн хашаанд байсан 250/10,04 чадалтай шинэ трансформаторыг нэг сарын дараа мөнгөө өгөхөөр Э ХХК-ийн захирал н.Бадралтай тохиролцож, Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар аман хэлэлцээрээр тохиролцож, мөн Э ХХК-ийн аж ахуйн хашаанд байсан 2014 оны 10 дугаар сард трансформаторыг аваад явсан. Одоо болтол өгөөгүй байгаа. Ингээд трансформаторын 4 сая төгрөг, ажлын хөлсний 2 сая төгрөг, нийт 6 сая төгрөгийг нэхэмжилж байна” гэв.
Хариуцагч А ХХК-ийн захирал Ч.Батдэлгэр шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “Бидний хооронд ямар нэгэн маргаангүй, надад хэлэх тайлбар байхгүй. Хоорондоо ярилцаад ажлын хөлсний үлдэгдэл 4 сая төгрөгийг багасгаж 2 сая төгрөг болгосон. Трансформаторын тухайд анх дамжуулж авч өгч байсан хүнээсээ авч, 2019 оны 1 сард биет байдлаар нь буцаан өгөхөөр болж баталгаа гаргасан байгаа” гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэгч Э ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Хариуцагч А ХХК-д холбогдуулан трансформаторын үнэ 4,000,000 төгрөг, ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 4,000,000 төгрөг нийтдээ 8,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг Э ХХК шүүхэд гаргажээ.
Хэргийн баримтаас үзэхэд талуудын хооронд ажил гүйцэтгэх гэрээ болон трансформатор худалдсан талаар бичгээр гэрээ байгуулаагүй боловч маргааны зүйл, түүний үндэслэл болон үйл баримтын талаар хэн алин нь маргаагүй болно.
Шүүх хуралдаанаас өмнө нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, ажлын хөлсний үлдэгдэл 4,000,000 төгрөгнөөс 2,000,000 төгрөгийг хасч, үлдэх 2,000,000 төгрөгийг хариуцагч А ХХК-иас гаргуулах, мөн 2019 оны 1 дүгээр сард багтаан 100/10,04 хүчин чадалтай трансформаторыг өгөхгүй тохиолдолд трансформаторын үнэ 4,000,000 төгрөгийг төлүүлэхээр талууд харилцан тохиролцсон байна.
Нэхэмжлэгчийн дээрх шаардлагыг хариуцагч тал хүлээн зөвшөөрч, Ч.Батдэлгэр 2018.11.23-ны өдрийн баталгааг бичгээр гаргаж талууд нэг нэг хувийг авсан гэх, нэхэмжлэлдээ “А ХХК-ийн захирал Ч.Батдэлгэр” гэж хариуцагчийг тодорхойлсон боловч хуулийн этгээдийн хооронд эрх зүйн харилцаа үүссэн гэж шүүх дүгнэсэн тул хариуцагч А ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч А ХХК-иас ажлын хөлсний үлдэгдэл төлбөрт 2,000,000 төгрөг, мөн 100/10,04 хүчин чадалтай трансформатор буюу үнэ 4,000,000 төгрөгийг тус тус гаргуулж Э ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар А ХХК-иас 110,950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 142,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ