Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 2022/ ШЦТ/741

 

 

 

 

 

 

 

 

    2022         09          19                                     2022/ШЦТ/741

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

шүүгдэгч С.С,

шүүгдэгч П.Д,

нарийн бичгийн даргаар А.Цэрэндулам,

улсын яллагч Б.Д нарыг оролцуулан эрүүгийн 2211010301390 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

 

Шүүгдэгч: Ч овогт С.С

Монгол Улсын иргэн, 1990 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Төв аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт, урьд ял шийтгэлгүй.

 

Шүүгдэгч: Т овогт П.Д

 Монгол Улсын иргэн, 1990 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч П.Д нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнж 24 гудамж тоот хашааны гадаа хохирогч С.Стай хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдаж, харилцан зодолдож улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал баруун нүдний алим салстад цус хуралт, дух, баруун шанаанд зулгаралт, баруун хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

 

 шүүгдэгч С.С нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнж 24 гудамж  тоот хашааны гадна хохирогч П.Дтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, хоорондоо харилцан зодолдож, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, хоёр хацарт зулгаралт, хамрын зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд үүсгэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тус тус гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хэргийн үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт

Шүүгдэгч П.Д нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, Дэнж 24 гудамж 0 тоот хашааны гадаа хохирогч С.Стай хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдаж, харилцан зодолдож улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж, баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал баруун нүдний алим салстад цус хуралт, дух, баруун шанаанд зулгаралт, баруун хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан,

 шүүгдэгч С.С нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо Дэнж 24 гудамж 0 тоот хашааны гадна хохирогч П.Дтэй хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, хоорондоо харилцан зодолдож, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, хоёр хацарт зулгаралт, хамрын зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн гэмтэл учруулсан тус тус үйл баримт нь хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:

         - шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

        - шүүгдэгч П.Дий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй бөгөөд өөрийн найз болох С.Стай эвлэрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 59-60 дугаар тал/,

        - шүүгдэгч С.Сын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байхгүй бөгөөд өөрийн найз болох Дтэй эвлэрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 66-67 дугаар тал,

      - хохирогч С.Сын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Гэрт нь орохоос өмнө би Д болон Батбаяр, Жижгээ нарын хамтаар дэлгүүр ороод 2 шил архи 1 ундаатай авсан байдаг. Гэрт нь ороод худалдаж авсан гэх 2 шил 0,75 литрийн савлагаатай архийг дөрвүүлээ хувааж уусан. За тэгээд архи ууж байхдаа би багадаа болж байсан хар бараан дурсамжтай зүйлүүдээсээ Дд хандаж ярьсан байдаг. Гэтэл намайг зүгээр сууж байтал миний нүүрэн тус газар гараа атгаж байгаад 2 удаа цохисон юм. Тэгээд гэрт нь маргалдаад байж байтал Батбаяр гэрээс гар хашааны гадаа гарч учраа ол гэж хэлсэн. Тэгэхээр нь би Дий хамт тэдний хашаанаас гараад зодолдоод эхэлсэн. Гарсныхаа дараа эхлээд Д намайг 2-3 удаа нүүрэн тус газар цохисон, тэгэхээр нь би зөрүүлээд нэг удаа нүүрэн тус газар нь гараа атгаж байгаад цохисон чинь зөрүүлээд чулуу аваад толгой руу цохих гээд дайрсан. Тэгээд маргалдаж байсан чинь Дий эгч нь хажуу айлын эгчтэй гарч ирээд Дийг аваад явсан. Тухайн үед Батбаяр хамт гарч ирээд ерөнхийдөө бид хоёрыг салгасан. Тэгээд би Батбаярын гэрт буцаж ороод сууж байтал гаднаас дахиад ороод ирсэн, орж ирээд Жижгээ, Батбаяр хоёртой гар барьчхаад намайг мэдээгүй байхад эргэж хараад миний нүдрүү цохисон. Тэгээд миний хамраас цус гоожоод тэр чигтээ хавдаад Д ч гэрээс гараад яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 15- дугаар тал/,

- хохирогч П.Дий мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...С нь намайг үгээр идэж, өдөж эхэлснээс болж муудалцаж маргалдсан. Яг ямар үг хэлснийг санахгүй байна. Хүний дургүй хүргэхээр үг хэлсэн байх. Зүгээр юм яриад сууж байхад “Чи ийм байсан, чи тийм байсан” гээд янз янзын юм яриад байсан. Өөр шалтгаан байхгүй. Би юм бодож санадаггүй. ...Нүүрэн хэсэгт хэд хэдэн удаа гараараа цохисон яг хэдэн удаа цохисон эсэхийг нь санахгүй байна. Цохиж унагачхаад дээрээс гутлаараа цээж, нуруу хэсэгт хэд хэдэн удаа дэвссэн. Дэвсэж байх үед найз Батбаяр гарч ирээд бид хоёрыг салгаад оруулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10-13 дугаар тал/,

- гэрч Э.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр манай гэрт 15 цагийн үед багын найз С, Д хоёр Д гэх залуугийн хамт тогооны хорхог хийж идье гээд ирцгээсэн. Тэгээд бид нар 2 шил 750 граммын Экс архи мөн том Сэнгүр пиво хувааж ууцгаасан. Тэгтэл 18 цагийн үед С, Д хоёр багынхаа юмыг хоорондоо яриад маргалдаад гарч байгаад юм яриадахъя гэхээр нь би та хоёр гарч учраа ол гэж хэлээд гарцгаасан. Тэр үед Д манай гэрт хорхгоо хараад сууж байсан Би тэр хоёрыг хашааны гадаа гарчихаар нь гэртээ орж ирээд байж байтал манай хажуу талын хашааны эгч М танайхаас гарсан хоёр залуу хоорондоо зодолдоод байна гэхээр нь би гарч гүйж очоод салгасан. Тэр үед хоёулангийнх нь нэг нүд нь хавдаад тагларчихсан байсан. Би тэр хоёрыг салгаад хашаа руугаа оруултал тэр хоёр хоорондоо хэрэлдээд бие биеэ харааж зүхээд байхаар нь Би Дийг чи одоо яв гэж хэлээд явуулсан. Тэгээд Сайнааг гэртээ оруулаад Даваажаргал бид гурав хорхгоо хувааж идээд байж байтал Сайнаагийн эхнэр ирээд түүнийг аваад явсан. Сайнаа уг нь би ч гэсэн буруутай миний буруу гэж ярьж байсан ч эхнэр нь цагдаагийн байгууллагад хандсан юм шиг байна. Би тэр хоёрын хэн нь хэнийгээ яаж цохиж зодсоныг гэрт байсан болохоор хараагүй. Ямар ч байсан намайг салгахад аль алиных нь нэг нүд нь хавдчихсан байсан..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дүгээр тал/,

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Чимэд- Очирын 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 8180 дугаартай “...С.Сын биед баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний алимны салстад цус хуралт, дух, баруун шанаанд зулгаралт, баруун хацар, эрүүнд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 26-27 дугаар тал/,

- Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч С.Эрдэнэцэцэгийн 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 8157 дугаартай “...П.Дий биед зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, таславчийн мурийлт, зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, хоёр хацарт зулгаралт, хамрын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 31-32 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.

Иймд Шүүгдэгч С.С, П.Д нарыг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Дэнж 24 гудамж 0 тоот хашааны гадаа хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдан зодолдож хэн алиндаа хөнгөн зэргийн гэмтэл учруулсан тус тус гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан, тэдгээрийг тус зүйл ангид заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэх нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв. 

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч С.Ст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял, шүүгдэгч П.Дд Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрүүдээс 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн, хохирогч нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар дугаар бүлэгт заасан журам зөрчигдөөгүй тул тэдгээрт дээрх тус бүрийн тохирох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.

 

Шүүгдэгч С.Ст оногдуулсан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтов.

 

Бусад асуудлын талаар

Шүүгдэгч С.С, П.Д нар нь харилцан зодолдож бие биедээ хохирогч ба хэн аль нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул уг хүсэлтийг үндэслэн шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

              1. Шүүгдэгч Ч овогт С.С, шүүгдэгч Т овогт П.Д нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Сыг 500 /таван зуун/ буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар П.Дд 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ст шүүхээс оногдуулсан торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай. 

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар П.Дд шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг 1 /нэг/ сарын хугацаагаар эдлүүлж, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр хооронд зорчих, яаралтай эмнэлгийн тусламж авахаас бусад тохиолдолд хяналт тавьж буй байгууллагын зөвшөөрөлгүйгээр бусад газар руу зорчихгүй байхаар тогтоож, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдаж, хяналтдаа байлгахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, С.С, П.Д нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    С.БАТГЭРЭЛ