Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 16 өдөр

Дугаар 2022/ ШЦТ/739

 

 

 

 

 

 

 

    2022         09          16                                  2022/ШЦТ/739

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

шүүгдэгч Ч.Т,

нарийн бичгийн даргаар А.Цэрэндулам,

улсын яллагч Д.Ундармаа нарыг оролцуулан эрүүгийн 2211006261292 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: О овогт Ч.Т

Монгол Улсын иргэн, 1998 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Унгар улсын Будапешт төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Жигүүр гранд ХХК-ын Баатарван амралт сувиллын газарт ахлах тогооч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт урьд ял шийтгэл эдэлж байгаагүй.

 

Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч Ч.Т нь 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж явахдаа М.Эын эзэмшлийн Хаан банкны 5431004419 данснаас 500,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хэргийн үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт

Шүүгдэгч Ч.Т нь 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж явахдаа хохирогч М.Эын эзэмшлийн Хаан банкны 5431004419 данснаас 500,000 төгрөгийг нь цахим банкны нууц үгийг урьд өмнө мэдэж авснаа ашиглан түүнд хэлэлгүйгээр, нууцаар өөрийн дансанд шилжүүлэн авсан гэмт үйлдэл хийсэн үйл баримт нь хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:

- шүүгдэгчийн мөрдөн шалгах болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- хохирогч М.Эын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр өөрийн эзэмшлийн 5431004419 дугаарын Хаан банкны дансанд өглөө 09 цагийн үед миний 95052602 дугаарт зарлагын мэдээлэл ирсэн. Тэгээд би өөрийн данс руугаа орж хартал КВ гэсэн утгаар 5012171738 дугаарын данс руу 500,000 төгрөг шилжүүлэгдсэн байсан...Манай үеэл Т гэх залуу өмнө нь 1 удаа нэвтэрч миний данснаас 240,000 төгрөг авч байсан. Тийм учир энэ асуудлыг манай үеэл хийсэн байх гэж бодож байна.... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дүгээр тал/,

- гэрч З.Хийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 04 дүгээр сарын 04-ний өглөө 09 цаг 02 минутад миний өөрийн эзэмшлийн 5012171738 дугаар дансанд Temuujin Chuluunbaatar гэсэн хаягийн эзэмшигч Хаан банкны 5431004419 дугаарын данснаас онлайн тоглоомын цэнэглэлт хийх зорилгоор 500,000 төгрөгийн шилжүүлэг хийсэн. Би тухайн мөнгөнд нь би цэнэглэлт хийж өгсөн...тухайн хүн өөрийн эзэмшлийн 5302805258 гэсэн дугаарын данснаас мөнгөө шилжүүлж байсан ба өчигдөр Хаан банкны 5431004419 гэсэн Э гэсэн хүний данснаас мөнгөө шилжүүлсэн байсан. Би тухайн хүнтэй огт уулзаж байгаагүй..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дугаар тал/,

- М.Эын эзэмшлийн Хаан банкны 5431004419 дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв. 

 

Шүүгдэгч Ч.Т нь бусдын цахим банкны нууц үгийг эзэмшигчээс урьд өмнө олж мэдсэнээ ашиглан эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр нууц далд аргаар нэвтрэн орж өөртөө мөнгө шилжүүлэн авах нь хууль бус үйлдэл хийж байгаагаа ухамсарлаж байсан ба шунахай сэдэлтээр санаатайгаар уг үйлдлийг хийж хохирогчийн өмчлөх эрхэд халдаж хор уршигт зориуд хүргэсэн байна.

Тиймээс шүүгдэгч Ч.Тгийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж явахдаа хохирогч М.Эын эзэмшлийн Хаан банкны 5431004419 данснаас түүний зөвшөөрөлгүйгээр нэвтрэн орж 500,000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөртөө шилжүүлэн авч хулгайлсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив, субьектив талын шинжийг бүрэн хангасан, Улсын яллагчаас түүнийг дээрх зүйл ангид заасан гэмт хэргийг үйлдсэн гэж ял сонсгож, яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

 

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Ч.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээж буй байдал, хохирлын шинж чанар, хэр хэмжээ, бусдад учруулсан хохирлыг төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгоор түүнийг нийгмээс тусгаарлан хүмүүжүүлэх шаардлагагүй гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, тэнсэнгийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шүүх шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар

Энэ хэргийн улмаас хохирогч М.Э нь 500.000 төгрөгийг  нэхэмжилсэн ба шүүгдэгч Ч.Т нь хохирлыг бүрэн барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч О овогт Ч.Тийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар бусдын эд хөрөнгийг хулгайлан авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Ч.Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар тэнсэнгийн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

           4. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

5. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Тд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                С.БАТГЭРЭЛ