Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 2022/ ШЦТ/757

 

 

 

 

 

 

  2022         09         23                                   2021/ШЦТ/757

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

шүүгдэгч Д.А,

нарийн бичгийн даргаар А.Цэрэндулам,

улсын яллагч У.Дэндэвдорж нарыг оролцуулан эрүүгийн 2211000001397 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Х овогт Д.А

Монгол Улсын иргэн, 1991 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй,хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5 эхнэр 3 хүүхдийн хамт, урьд Өвөрхангай аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2011 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1/101 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жилийн хугацаагаар хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн.

           

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/ яллагдагч Д.А нь хүн байнга үйл ажиллагаа явуулах орон байранд нэвтэрч, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар эд хөрөнгө хууль бусаар хулгайлан авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хэргийн үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт

Шүүгдэгч Д.А нь 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Т.Нын гэрт хууль бусаар нэвтрэн орж “Шарп” загварын 42 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 1,000,000 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт үйлдэл хийсэн үйл баримт нь хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:

- шүүгдэгч Д.Агийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би өөрийн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид учирсан хохирол мөнгийг бүрэн барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дүгээр тал/,

- хохирогч Т.Нын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн өглөөний 10 цагийн орчимд дэлгүүрүүдээрээ түгээлтээ хийх гээд гадуур явж байсан юм. Манай ажил гэр хоёр хоорондоо ойрхон харалдаа байдаг бөгөөд, манай ажлын нэг жолооч залуу намайг гарсан байна уу? Үгүй байна уу? Гэдгийг Тухайн үед 11 цаг болж байсан гэсэн. Тэрнээс хойш 14 цагийн орчимд санагдаж байна манай хүргэн болох Ганхөлөг над руу залгаад ааваа танай гэрийн хаалга онгорхой байна, та хаана байгаа юм бэ? гэж утсаар ярьсан. Тэр үед би " Хулан анай чинь ирсэн юм байгаа биз... шагайгаад хар гээд хэлсэн чинь, өө ааваа танай зурагт байхгүй байна гээд хэлэхээр нь би хулгай орсон гэдгийг мэдсэн юм. Тэгж хэлэхээр нь би шууд яваад очсон. Намайг очиж байх хооронд манай хүргэн цагдаад дуудлага өгсөн байсан. Манай гэрээс 45 инчийн Sharp брэндийн хар өнгийн телевизор хулгайд алдагдсан байсан. Би тухайн телевизорыг 2019 онд Номин худалдааны төвөөс 1.000,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Хэрэглэж байх үед ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй. Өөр манай гэрээс алдагдсан эд зүйл байгаагүй. Би өөрийн алдагдсан гэх зурагтаа 880,000 мянган төгрөгөөр үнэлж байна....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дүгээр тал/,

- хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 2-7 дугаар тал/,

- гэрэл зургийн үзүүлэлтүүд, Ашид билгүүн ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 622/4177 дугаартай хохирлын үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 23-26 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Д.А нь 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хохирогч Т.Нын байнга амьдрах зориулалттай гэрт эзэнгүй байхад  нь хууль бусаар нэвтрэн орж “Шарп” загварын 42 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч нийт 1,000,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан тул түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Д.Ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жил хорих ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан журам зөрчигдөөгүй тул түүнд дээрх хэмжээгээр хорих ял оногдуулж шүүх шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Агийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээж буй байдал, хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв. 

 

Бусад асуудлын талаар

Хохирогч Т.Нт учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Д.Аг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв. 

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Х овогт Д.Аг хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Аг 1 /нэг/ жил хорих ял шийтгэсүгэй.

           3 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан Д.Ад оногдуулсан 1 /нэг/ жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Д.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.БАТГЭРЭЛ