| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дэмчигийн Энхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2018/02704/И |
| Дугаар | 2504 |
| Огноо | 2018-11-12 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 11 сарын 12 өдөр
Дугаар 2504
2018 оны 11 сарын 12 өдөр Дугаар 183/ШШ2018/02504 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Энхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т /РД: /-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Б /РД: /-д холбогдох,
гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагч Ө.Б, нарийн бичгийн даргаар Б.Туул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “С.Т миний бие 2007 онд Ө.Бтай танилцаж улмаар 2008.11.07-ны өдөр гэрлэлтээ 1144 тоот баталгаагаар бүртгүүлж гэр бүл болсон билээ. Бидний хамтран амьдрах хугацаанд 2009.07.16-ны өдөр хүү Б.Түмэнзул төрсөн. Бидний зан харилцаа үл ойлголцол тааламжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болж 2015 оноос салж тусдаа амьдрах болсон. Тэр үеэс хойш хүү маань миний асрамжид амьдран өсч торниж байгаа цаашид хамтран амьдрах боломжгүй болсон” гэжээ.
Хариуцагч Ө.Б шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Дундын хөрөнгийн талаар жич шаардана гэдэг нь юу гэсэн үг болохыг мэдэхгүй байна. Бид хоёр 2007 онд танилцаад 2008 онд гэр бүл болсон. 2009 оны 7 дугаар сард бид хүүхэдтэй болсон. Үл ойлголцлоос болоод надаас сална гээд л явсан. Би уучлалт гуйгаагүй. Бид 2-ын амьдралд ямар ч асуудал байхгүй байсан. 2011 онд би цэрэгт яваад 2012 онд халагдаж ирсэн. Тэгээд нэг л өдөр сална гээд л явсан. Эвлэрэх гэж зөндөө гуйсан боловч цаашид хамт амьдрах шаардлагагүй гэж үзсэн. Тэгээд хоорондоо ярилцаад гэрлэлтээ цуцлуулъя гэж шийдсэн, хүүхдийн асрамж болон тэтгэлгийн талаар маргахгүй зөвшөөрнө гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Т гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг хариуцагч Ө.Бид холбогдуулан гаргажээ.
Хэргийн баримтаас үзэхэд С.Т, Ө.Б нар нь 2008.08.15-ны өдөр гэр бүл болсныг 2008.11.02-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд бүртгүүлснээр хууль ёсны гэр бүл болсон, тэдний дундаас 2009.07.16-ны өдөр хүү Б.Түмэнзул төрсөн болох нь 0090621 дугаартай гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Г-3468 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдсон байна.
Гэрлэгчид 2015 оноос хойш тусдаа амьдарсан байх бөгөөд зан харилцааны таарамжгүй байдлын улмаас хойшид хамт амьдрах боломжгүй гэж үзээд шүүхээр гэрлэлтээ цуцлуулахыг хэн алин хүссэн, хүүхдийн тэтгэлэг болон эд хөрөнгийн талаар маргаангүй, Б.Түмэнзулын саналыг асуухад эх С.Тгийн асрамжид үлдэхийг хүссэн, хүүхдийн саналыг хэн алин зөвшөөрсөн тул шүүх тэдний гэрлэлтийг цуцалж, хүүхдийг эх С.Тгийн асрамжид үлдээж, хуульд заасан хэмжээгээр хүүхдийн тэтгэлэг тогтоож, сар бүр хариуцагчаас гаргуулж хүүхдийг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэлээ.
Эвлэрүүлэн зуучлалын 2018.02.26-ны өдрийн 52 дугаар эвлэрүүлэн зуучлах ажиллагаа дуусгавар болсон тухай тэмдэглэлээс үзэхэд талууд зан харилцаа, үзэл бодол таарч тохирохгүйн улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй гэсэн үндэслэлээр Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 28 дугаар зүйлд заасныг үндэслэн эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон байна.
Эцэг, эх нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эцэг, эхийн үүрэг хэвээр үлдэх тул мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.1, 26.2.2-т зааснаар эцэг, эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд энэ үүргийг гэрлэгчид хамтран хүлээхээр байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас хүүхдийн тэтгэлэгт ногдох тэмдэгтийн хураамжийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцон /198,600/2х12/ 1,191,600 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид 33,148 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар шүүх хуралдааны товыг мэдсэн атлаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар хариуцагчийн хүсэлтээр хэргийн нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан нэхэмжлэгчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар Ө.Б, С.Т нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2009.07.16-ны өдөр төрсөн хүү Б.Түмэнзулыг эх С.Тгийн асрамжид үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2009.07.16-ны өдөр төрсөн хүү Б.Түмэнзулыг 11 нас хүртэл амьжиргааны баталгаажих доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18/ нас хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус тэтгэлэг тогтоож, сар бүр Ө.Баас гаргуулан хүүхдийг тэжээн тэтгүүлсүгэй.
4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ө.Баас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар зохигчид шүүхээр шийдвэрлүүлэх эд хөрөнгийн маргаангүй болохыг тус тус дурдсугай.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, мөн улсын тэмдэгтийн хураамжид 33,148 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Д.ЭНХЦЭЦЭГ