Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 2022/ ШЦТ/773

 

 

 

 

  2022         09         30                                    2022/ШЦТ/773

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

шүүгдэгч Б.Т,

нарийн бичгийн даргаар О.Тэргэлсаран,

улсын яллагч Ж.Баянжаргал нарыг оролцуулан эрүүгийн 2211000001518 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Б овгийн Б.Т

Монгол Улсын иргэн, 2004 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилга дээр ажилладаг, ам бүл 5, аав, ээж, эгч дүүгийн хамт Улаанбаатар хот, улсаас авсан гавьяа шагналгүй.

Холбогдсон хэргийн талаар шүүгдэгч Б.Т нь 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 19 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах СU худалдааны төвд Б.Гын Самсунг-Эс22 загварын гар утсыг 2.550.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцон хуурч түүнд мөнгө шилжүүлсэн гэх хуурамч гүйлгээг харуулан бодит байдлыг нуух аргаар төөрөгдөлд оруулж Самсунг-Эс22 плас загварын гар утсыг өөрийн эзэмшилд авч залилан Б.Гд 2.699.910 төгрөгийн хохирол учруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн залилан авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хэргийн үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт

шүүгдэгч Б.Т нь 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 19 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах СU худалдааны төвд Б.Гын Самсунг-Эс22 загварын гар утсыг 2.550.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцон хуурч түүнд мөнгө шилжүүлсэн гэх хуурамч гүйлгээг харуулан Самсунг-Эс22 плас загварын гар утсыг өөрийн эзэмшилд авч залилан Б.Гд 2.699.910 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэл хийсэн үйл баримт нь хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:

- шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

- шүүгдэгч Б.Тийн мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар өгсөн:  “...би өөрийн гар утсаа зарах гэж байгаа гэж худлаа хэлээд Мөнхсүлдээр гар утсаа заруулсан юм. Тэгээд би мөнгийг аваад өөрийн хувийн хэрэгцээнд болон найзынхаа автомашины засварын ажилд хэрэглээд дуусгасан юм. Хохирогчид учруулсан хохирлоо төлж барагдуулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 58-59 дүгээр тал/,

- хохирогч Б.Гын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: ”... Би өөрийн барьж байсан гарт утсаа зарна гэж зар оруулсан чинь өнөөдөр буюу 2022 оны 08 дугаар сарын 24-ны өдрийн 19 цагийн орчимд үл таних хүн надад чатаар холбогдож миний утсыг худалдаж авъя гэхээр нь тухайн хүнд Хайлаастад ирээд ав гэж хэлсэн, Тэгээд төд удалгүй нөгөө залуу ирчихлээ гэхээр нь утсаа хайрцаг савтай нь авч очоод “Харгуйжин” худалдааны төвийн хажуу талд байдаг С11 дотор ороод гар утсаа үзүүлээд өгсөн тэгтэл нөгөө залуу над руу 2.550.000 төгрөг шилжүүлнэ гээд шилжүүлээгүй. Самсунг 322 плас загварын 128 ОВ багтаамжтай ногоон өнгөтэй утас байсан юм. Гар утсаараа хаан банкны интернет банкаар гүйлгээ хийгдсэн баримт харуулсан юм ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-20 дугаар тал/,

- гэрч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Манай найз болох Т нь хэдэн хоногийн өмнө миний өөрийн эзэмшлийн 67-21УНИ улсын дугаартай цагаан өнгийн Chaser загварын тээврийн хэрэгслийг дэлгүүр орчоод ирнэ гэж авсан юм. Тэгээд нээх удалгүй байж байгаад над руу залгаад хороп нь болохгүй явахгүй байна гээд залгаад байсан. Тэгээд үзтэл хороп нь эвдэрсэн байсан. Тэгээд би найзыгаа яаралтай төлж өгөө гээд хэлсэн юм. Тэгээд манай найз маргааш өдөр нь надад мөнгө биш хороп авчирж өгсөн. Тэгээд би найзыг хороп авчраад өгөхөөр нь шууд машинаа задлаад засаж эхэлсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27-28 дугаар тал/,

- гэрч Э.Мийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...дүү болох Т нь .. нэг шинэ утас байна зараад мөнгийг нь аваад хропыг нь авч ирээд өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би гар утсаа аваад ирээ гэж хэлсэн. Тэгээд би Төөс очоод нөгөө зарах гэж байгаа гар утсыг нь очиж авсан. Тэгээд гар утсыг нь Тэди худалдааны төвд нэг лангууны эгчид өгсөн. Тухайн гар утсыг 1.700.000 төгрөгөөр бодож гар утсыг өгсөн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дугаар тал/,

- хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ний 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 22-749 дугаартай үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 34-35 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.

 

Шүүгдэгч Б.Т нь 2022 оны 08 дугаар сарын 24-ний өдөр 19 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах СU худалдааны төвд Б.Гын “Самсунг-Эс22” загварын гар утсыг 2.550.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцон хуурч түүнд мөнгө шилжүүлсэн гэх хуурамч гүйлгээг харуулан бодит байдлыг нуух аргаар төөрөгдөлд оруулж “Самсунг-Эс22 плас” загварын гар утсыг өөрийн эзэмшилд авч Б.Гд 2.699.910 төгрөгийн хохирол учруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн залилан авсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан, түүнийг гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Б.Тт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжээр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул түүнд торгох ял оногдуулж шүүх шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан Б.Тт шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин Т болсон үеэс 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.  

 

Бусад асуудлын талаар

Хохирогчийн Б.Гын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...хохирол мөнгөө бүрэн барагдуулж авсан тул надад ямар нэгэн гомдол санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 63 дугаар тал/, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус үндэслэн шүүгдэгч Б.Тийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 1 ширхэгт тус хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий дүрсний бичлэг хийгдсэн байх тул хэрэгт нь үлдээж шүүх шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б овогт Б.Тийг бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эд хөрөнгө залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Тийг 600 /зургаан зуун/ нэгж буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Тийг торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай. 

 

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 1 ширхгийг хэрэгт үлдээсүгэй.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Тт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.БАТГЭРЭЛ