| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2022/0761/Э |
| Дугаар | 2022/ ШЦТ/796 |
| Огноо | 2022-10-12 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | А.Азжаргал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 2022/ ШЦТ/796
2022 10 12 2022/ШЦТ/796
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,
шүүгдэгч Э.Ц,
нарийн бичгийн даргаар А.Цэрэндулам,
улсын яллагч А.Азжаргал нарыг оролцуулан эрүүгийн 2211012051531 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Б овогт Э.Ц
Монгол Улсын иргэн, 2001 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 21 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, ээж, ах, эгч, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрхан 2-р гудамжны 15 тоотод оршин суух хаягтай,
-урьд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2018 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр 85 дугаар тогтоолоор 180 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан,
- Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 2019 оны 5 дугаар сарын 3-ны өдөр 358 дугаар шийтгэх тогтоолоор 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял,
- Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 1086 дугаар тогтоолоор 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан.
Холбогдсон хэргийн талаар шүүгдэгч Э.Ц нь 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын тоотод Ц.Цаас “утсаар чинь дуу сонсоод өгье” гэж хуурч, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэний улмаас Ц.Цад 500.000 төгрөгийн хохирол учруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн залилан авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хэргийн үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт
Шүүгдэгч Э.Ц нь 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын тоотод Ц.Цаас “утсаар чинь дуу сонсоод өгье” гэж хуурч, эзэмшигчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэний улмаас Ц.Цад 500.000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэмт үйлдэл хийсэн үйл баримт нь хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:
- шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 85 дугаар тал/,
- хохирогч Ц.Цын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 60-0930 тоот гэртээ байж байх үедээ өөрийн эзэмшлийн гар утас болох Самсунг-А90 загварын гар утсыг хулгайд алдсан учир цагдаагийн байгууллагад өргөдлөөр хандаж байна. 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр Тэди худалдааны төвөөс Самсунг-А90 50 загварын гар утсыг 650.000 төгрөгөөр худалдаж авч байсан...Би хамт байсан Цэкү гэх хочтой эмэгтэйг сэжиглэж байна...Би өөрийн гар утсаа хамт архи уусан Цэкү буюу Ц нь дуу сонсчхоод өгье гэж хэлээд авсан боловч надад гар утсыг минь өгөөгүй яваад өгсөн байна лээ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дүгээр тал/,
- гэрч Б.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Манай найз Гэрч Э.Баярхүүгийн “...2022 оны 06 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо Жаргалантын 60-0930 тоотод байрлах найз Цогоогийн гэрт нэг үл таних эмэгтэйн хамтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад тасарсан үеийг далимдуулан найзын гар утсыг хулгайлсан асуудлын талаар гэрчийн мэдүүлэг өгөхөөр ирээд байна. Манай найзын гар утас Цэкү гэх эмэгтэйд байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23 дугаар тал/,
- “Бан бан” барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний 25024 дугаартай барьцаат зээлийн гэрээний хуулбар /хавтаст хэргийн 38 дугаар тал/,
- гэрч Б.Оы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 06 дугаар сарын 13-ны өдөр иргэн Э.Ц гэх эмэгтэй нь Самсунг-А 90 50 загварын гар утсыг 250.000 төгрөгийн үнэтэй барьцаанд тавьсан байсан. Тухайн гар утасны хугацаа дуусаж хураагдсан манай төв байгууллага зарсан байгаа” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26 дугаар тал/,
-“Дамно ХХК” 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 33-34 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.
Иймд шүүгдэгч Э.Ц нь 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Жаргалантын 60-0930 тоотод Ц.Цаас “утсаар чинь дуу сонсоод өгье” гэж хуурч, эзэмшигчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэний улмаас Ц.Цад нийт 500.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын дүгнэлт
Шүүгдэгч Э.Цид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох ял оногдуулаад уг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар ялаас чөлөөлөх прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй тул түүнд торгох ял оногдуулж, уг ялаас чөлөөлж шүүх шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар
Хохирогчийн Ц.Цын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...хохирол мөнгөө бүрэн барагдуулж авсан тул надад ямар нэгэн гомдол санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 89 дүгээр тал/, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус үндэслэн шүүгдэгч Э.Цийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Э.Цийг бусдыг хуурч, эзэмшигчийн эд хөрөнгийг өөртөө шилжүүлэн авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Цийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг журамлан Э.Цид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 450 /дөрвөн зуун тавин/ нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ялаас чөлөөлсүгэй.
4. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.
6. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Э.Цид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТГЭРЭЛ