Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 2022/ ШЦТ/756

 

 

 

 

 

    2022         09          23                                   2022/ШЦТ/756

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

шүүгдэгч С.П,

хохирогч Г.Д,

иргэний нэхэмжлэгч Б.А,

нарийн бичгийн даргаар А.Цэрэндулам,

улсын яллагч А.Ариунаа нарыг оролцуулан эрүүгийн 2203003560380 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Д овогт С.П

Монгол Улсын иргэн, 1978 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч С.П нь 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 22 цаг 07 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Хүнсний 1 дүгээр дэлгүүрийн уулзварын хойд замд “Тоуоta prius” маркийн УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 1.3-т заасан “(үргэлжилсэн хос шугам)- дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана", мөн хавсралтын 1.4-т заасан “1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно.” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж үргэлжилсэн хос шугамыг давж зүүн гар тийш эргэсний улмаас “Yamaha FZ X400” маркийн 77-27 УБ улсын дугаартай мотоциклтэй мөргөлдөж, уг мотоциклын жолооч Б.Аийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, зорчигч Г.Дын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт

А. Шүүгдэгч С.П нь 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 22 цаг 07 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүнсний 1 дүгээр дэлгүүрийн орчим тээврийн хэрэгсэл зорчих хэсгийн уулзварын хойд замд “Тоуоta prius” загварын УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 1.3-т заасан “(үргэлжилсэн хос шугам)- дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана", мөн хавсралтын 1.4-т заасан “1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно.” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж үргэлжилсэн хос шугамыг давж зүүн гар тийш эргэх хөдөлгөөн хийсний улмаас “Yamaha FZ X400” загварын УБ улсын дугаартай мотоциклтэй мөргөлдөж, уг мотоциклын жолооч Б.Аийн бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл, эд хөрөнгөд нь 10.735.000 төгрөгийн хохирол, зорчигч Г.Дын бие махбодид нь хүндэвтэр зэргийн гэмтэл тус тус учруулсан үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн шалгах ажиллагаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

 - хохирогч Г.Дын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгээд Цэцэг төвийн арын гэрлэн дохион дээр ирэхэд улаан гэрэл асаж байсан тэгээд ногоон гэрэл асахаар нь хөдөлсөн тэгээд цааш явж байтал нэг тод гэрэл урдуур ороод ирсэн тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй байна. Ухаан алдсан байсан, нэг мэдэхэд газар унасан, хүмүүс эргэн тойронд зогссон. Дараа нь эмнэлгийн машин ирээд нөхөр бид хоёрыг аваад явсан...Би хувиараа гоо сайханч хийдэг өдөрт дунджаар 80-150 мянган орчим төгрөгийн орлоготой байсан, энэ хохирлыг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17 дугаар тал,/

- иргэний нэхэмжлэгч Б.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгээд чигээрээ явж байтал миний жолоодож явсан мотоциклын урдуур “Т.Приус” маркийн автомашин үргэлжилсэн хос шугам даваад зүүн гар тийш эргэх үйлдэл хийгээд ороод ирсэн, би тэр машиныг эргэхийг нь хараад тоормосоо гишгэсэн боловч хэтэрхий ойрхон тулаад эргэчихсэн болохоор зогсож амжилгүй машины баруун хойд хэсэг рүү мөргөөд эхнэрийн хамт газар унасан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дугаар тал/,

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Цэцэгмаагийн гаргасан “...1 .Б.А-н биед дээд уруулын дотор салстад язарсан шарх, гурван шүдний сулрал, баруун зовхи, дээд уруул, баруун өвдөг, баруун шилбэнд зулгаралт, цус хуралт, хоёр төмсөгт зөөлөн эдийн няцрал, умдагт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 9083 дугаартай шинжээчийн дүгнэлт, /хавтаст хэргийн 46-47 дугаар тал/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Ц.Цэцэгмаагийн гаргасан “...1.Г.Д-н биед ууцны 1,2,3-р нугалмуудын хугарал, баруун умдаг ясны доод салааны зөрөөгүй хугарал, зүүн шуу, зүүн бугуй, баруун гуя, өвдөг, тавхайд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх 2022 оны 06 дугаар сарын 27- ны өдрийн 9085 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 53-54 дугаар тал/,

- “Ашид Билгүүн” ХХК-ний “Yamaha FZ X400” маркийн 77-27 УБ улсын дугаартай мотоциклийн хохирлын үнэлгээг 10.735.000 төгрөгөөр тогтоосон 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 982 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 84-86 дугаар тал/,

- тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч С.Дэмбэрэлийн гаргасан 2022 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 794 дугаартай “Мөрдөгчийн магадлагаа” /хавтаст хэргийн 101-102 дугаар тал/,

- 102 тусгай дугаарын утсанд дуудлага, лавлагааны хуудас /хавтаст хэргийн 4 дугаар тал/,

 - 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5-14 дугаар тал/,

- “Yamaha FZ X400” маркийн УБ улсын дугаартай мотоциклийн гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 118 дугаар тал/,

- “Toyota prius” маркийн УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчийн лавлагаа /хавтаст хэргийн 119 дүгээр тал/,

- “Кости-Эстимэйт” ХХК-ний “Тоуо1а Рпиз” маркийн УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийн хохирлын үнэлгээг 1.090.000 төгрөгөөр тогтоосон 2022 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн 31750 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлан, /хавтаст хэргийн 76-77 дугаар тал/,

         - яллагдагч С.Пийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа, /хавтаст хэргийн 37 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт  хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв. 

Б. Шүүгдэгч С.П нь тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийг ягштал баримтлах ёстой ба хэрэв баримтлахгүй бол осол аваар гаргаж хүний эрүүл мэнд болон эд хөрөнгийг хохироох боломжтой гэдгээ ухамсарлаж байсан боловч өөрийгөө замын хөдөлгөөний дүрмийг зөрчих үйлдэл хийхдээ осол аваар гаргахгүй байж чадна гэж хөнгөмсгөөр найдан замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж тээврийн хэрэгслийн зорчих хэсэгт дүрмээрээ зорчиж явсан мотоциклтой мөргөлдөж, улмаар хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр гэмтэл, эд хөрөнгөд нь хохирол тус тус учруулсан хор уршигт болгоомжгүйгээр хүргэсэн байна.         

Тиймээс шүүгдэгч С.П нь 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 22 цаг 07 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хүнсний 1 дүгээр дэлгүүрийн орчим тээврийн хэрэгслийн зорчих хэсгийн уулзварын хойд замд “Тоуоta prius” загварын УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтын 1.3-т заасан “(үргэлжилсэн хос шугам)- дөрөв буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замд хөдөлгөөний эсрэг урсгалыг тусгаарлана", мөн хавсралтын 1.4-т заасан “1.1-1.3, 1.15.а-1.15.в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно.” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж үргэлжилсэн хос шугамыг давж зүүн гар тийш эргэх хөдөлгөөн хийсний улмаас “Yamaha FZ X400” загварын УБ улсын дугаартай мотоциклтэй мөргөлдөж, уг мотоциклын жолооч иргэний нэхэмжлэгч  Б.Аийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, эд хөрөнгөд 10.735.000 төгрөгийн хохирол, хохирогч Г.Дын эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүн объектив, субьектив талын шинжийг бүрэн хангасан, түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч С.Пид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлын зарим хэсгийг төлж барагдуулсан, үлдэх хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх,  нийгэмшүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээгээр ялыг оногдуулж шүүх шийдвэрлэв.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор шүүгдэгчийн аж амьдралынхаа санхүүг хангах байдлыг нь харгалзан шүүхээс түүнд оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөн цагаар хийлгэхээр тогтоов.

 

Бусад асуудлын талаар

- иргэний нэхэмжлэгч, хариуцагч С.Жавхлангийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай байгууллага иргэнтэй хийсэн гэрээний дагуу С.П нь бусдад учирсан хохирлыг төлж барагдуулахаар зохицуулалтай байгаа учир иргэн С.П нь бусдад учирсан хохирлыг төлж барагдуулна... Гэрээнд заасны дагуу уг автомашины эвдрэл хохирлыг манай байгууллагаас нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлгийг үндэслэн иргэний нэхэмжлэгчийн хувьд С.Жавхланд төлөх төлбөргүй гэж үзэв.

Хавтаст хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн иргэний нэхэмжлэгч Б.Ат эрүүл мэнд болон эд хөрөнгөд нь учирсан шууд хохирол нийт 10.980.000 төгрөг, хохирогч Г.Дт эрүүл мэндийн зардалд зарцуулсан нийт 597.000 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь нотлогдож байх тул шүүгдэгч С.Поос гаргуулж олгуулахаар шийдвэрлэж, уг хохиролыг шүүгдэгчийн өөрийнх нь саналаар 7 сарын хугацаанд төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шүүх шийвдэрлэв.

Хохирогч Г.Д нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан бусад гэм хорын хохирол, цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тогтоолд дурдав.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

              1. Шүүгдэгч Д овогт С.Пийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар С.Пийг 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч С.Пид оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4 /дөрөв/ цагаар хийлгэхээр тогтоож, хэрэв биелүүлээгүй бол хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Поос 11.557.000 /арван нэгэн сая таван зуун тавин долоон мянга/ төгрөгийг гаргуулан, хохирогч Г.Д-д 597.000 /таван зуун ерөн долоон мянга/ төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Д.А-т 10.980.000 /арван сая есөн зуун наян мянган/ төгрөгийг тус тус олгож, 7 /долоо/ сарын хугацаанд хохирлыг төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

5. Хохирогч Г.Д нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмт хорын хохирол болох цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, С.Пид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             С.БАТГЭРЭЛ