Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 2022/ ШЦТ/755

 

 

 

    2022         09          23                                   2022/ШЦТ/755

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

шүүгдэгч Ц.Л,

нарийн бичгийн даргаар А.Цэрэндулам,

улсын яллагч Н.Уранбайгаль нарыг оролцуулан эрүүгийн 2203002760350 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: М овогт Ц.Л

Монгол Улсын иргэн, 2001 оны 10 дугар сарын 03-ны өдөр Төв аймаг Бүрэн суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 3: эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хот, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай.

Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч Ц.Л нь 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 14 цаг 18 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт, “Тэнгис” кино театрын урд замд “Нэт капитал Мобайл” ХХК-ийн эзэмшлийн “Тоёота Приус” маркийн УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зохицуулдаггүй явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч 76 настай, эмэгтэй Д.Цг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Хэргийн үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт

Шүүгдэгч Ц.Л нь 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 14 цаг 18 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт, “Тэнгис” кино театрын урд замд “Нэт капитал Мобайл” ХХК-ийн эзэмшлийн “Тоёота Приус” маркийн УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч Д.Цг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан үйл баримт нь хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах:

- шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, 

- хохирогч Д.Цгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ ...явган хүний гарцаар зам хөндлөн гарч байсан. Тэгтэл миний зүүн гар талаас зорчих хэсгийн 3 дугаар эгнээнд цагаан өнгийн автомашин ирээд намайг мөргөөд газарт унагасан. ... эмнэлэгт яаралтай хэвтүүлээд 2022 оны 05 дугаар сарын 30-ны өдөр дунд чөмөг болон түнх хэсэгт хагалгаа хийсэн. ...миний баруун хөл дээшээ 90 градусаас их нугалж болохгүй болсон, үүнээс болж маш их зүйлээр хохирч байна ... “ гэх мэдүүлэг/хавтаст хэргийн 23, 25 дугаар тал/,

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Б.Даваасүрэнгийн гаргасан “1. Д. Цгийн биед баруун дунд чөмөгт ясны хүзүүний зөрүүтэй мушгирсан далд хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” гэх 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 7911 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 56-57 дугаар тал/,

 - мөрдөгчийн: “ ...Явган зорчигч Дандарын Ц нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. 2. Toyota Prius маркийн УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Цэндсүрэнгийн Л нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна” гэх магадалгаа /хавтаст хэргийн 73 дугаар тал/,

- хяналтын камерын бичлэг, СD бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 19-20 дугаар тал/,

 - зам тээврийн ослын дуудлагын лавлагааны хуудас /хавтаст хэргийн 15 дугаар тал/,

- хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 4-12 дугаар тал/,

- жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл: 2022 оны 05 дугаар сарын 24, 19 цаг 11 минут, Цэндсүрэн овогтой Л-ийг драйвер багаж ашиглан шалгахад 0.00 % тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглээгүй болох нь тогтоогдлоо, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 13 дугаар тал/,

 - М овогт Ц.Лийн жолоодох эрхийн лавлагаа /хавтаст хэргийн 88 дугаар тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт  хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.

Шүүгдэгч Ц.Л нь тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийг ягштал баримтлах ёстой ба хэрэв баримтлахгүй бол осол аваар гаргаж хүний эрүүл мэндийг хохироох боломжтой гэдгээ ухамсарлаж байсан боловч хайхрамжгүй хандаж замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан зорчигчийг мөргөж бие махбодод нь хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан хор уршигт болгоомжгүйгээр хүргэсэн байна.        

Тиймээс шүүгдэгч Ц.Лийн  2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 14 цаг 18 минутын орчимд Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тэнгис” кино театрын урд тээврийн хэрэгсэл зорчих замд “Нэт капитал Мобайл” ХХК-ийн эзэмшлийн “Тоёота Приус” маркийн УБЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчиж явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан хохирогч Д.Цг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив, субьектив талын шинжийг бүрэн хангасан, улсын яллагчийн яллах дүгнэлтэд дурдсан зүйлчлэл тохирсон байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,  ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Ц.Лид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулсан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 700 нэгжээр торгох ялыг оногдуулж шүүх шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.

 

Бусад асуудлын талаар

Хохирогч Д.Цд эмчилгээний зардал нийт 9.056.846 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хөдөлбөргүй тогтоогдсон байх ба шүүгдэгч Ц.Л нь уг хохирлоос 4.150.000 төгрөгийг төлсөн, үлдэх хохирлыг эрүүгийн хариуцлагын шатанд хохирол төлбөр төлөх зорилгоор 5 хоногийн завсарлага авч төлж барагдуулсан байх тул шүүгдэгч Ц.Лийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 1 ширхэгт тус хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий дүрсний бичлэг хийгдсэн байх тул хэрэгт нь үлдээж шийдвэрлэв.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

              1. Шүүгдэгч М овогт Ц.Лийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ц.Лийг 700 /долоон зуун/ нэгж буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Ц.Лийг торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай. 

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 1 ширхгийг хэрэгт үлдээсүгэй.

 

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

8. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Ц.Лид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.БАТГЭРЭЛ