Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1319

 

 

 

 

 

 

 

 

2022           10            25                                         2022/ШЦТ/1319

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа,

           улсын яллагч Р.Мягмардорж,

            шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Ж.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн .................. дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Урьд: 1999 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Баянгол дүүргийн Эрүүгийн шүүхийн 558 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялаар шийтгэгдэж байсан, Ж.Б

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж.Б нь 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1................ тоотод иргэн Г.Б “хоол нэхлээ” гэх шалтгаанаар эрүүл мэндэд нь  халдаж, баруун нүдний алим, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

      ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ж.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...мэдүүлэг өгөхгүй” гэх (шүүх хуралдааны тэмдэглэл)

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ж.Б нь 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 1................тоотод иргэн Г.Б “хоол нэхлээ” гэх шалтгаанаар эрүүл мэндэд нь  халдаж, баруун нүдний алим, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь дараах нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Тухайлбал,

1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.О “...Би юу болсон талаар мэдэхгүй. 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр манай хорооны засаг дарга ар гэр нь байхгүй ганцаараа байдаг хүн нас барсан хууль ёсны төлөөлөгчөөр оролцох хүн байхгүй гээд Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын 2 дугаар хэлтсээс хууль ёсны төлөөлөгчөөр томилж өгнө үү гэсэн албан тоот ирсэн. Үүний дагуу таны хариуцсан хэсэг тул та оролц гээд намайг явуулсан. Би энэ нас барсан хүнийг өмнө нь бол огт харж байгаагүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал),

2. Гэрч Ч.Х “...2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр гэртээ нөхрийн хамт байж байхад манай найз Б, Б хоёр битүүрье гээд нөхөр бид хоёрыг дуудсан юм. Тэгэхээр нь нөхөр М-ын хамт Сонгинохайрхан дүүргийн ................тоотод Б ахынх нь гэрт орой 20 цаг өнгөрч байхад очиход Б, Б хоёр бууз жигнээд та хоёрыг хүлээж байлаа гэж хэлсэн, тэгээд бид дөрөв тухайн өдөр нэг шил архи хувааж уусан юм. Маргааш өглөө нь нөхөр М хамт 08 цаг гээд золголт хийнэ гээд гэрээс нь гараад явсан, нөгөө хоёр гэртээ үлдсэн юм. Тэгээд 2022 оны 02 дугаар сарын 03-ны өглөө  Б зүүн нүд хөхөрчихсөн байхаар нь нүд чинь яасан юм бэ гэхэд Бат-Өлзий өчигдөр хоолноос болоод  цохисон чинь миний нүд хөхөрчихсөн гэж хэлсэн. Тэгээд бид 2 М, Б нарыг хүлээж байтал тэд ирээд   Б нь “би хоол идмээр байна” гэхэд  Б “чи дандаа  хоол хоол  гэж ярих юм,  чамд хоолноос  өөр бодох юм байна уу” гээд маргалдсан. Гэхдээ тухайн үед бол цохиогүй, өмнөх өдөр хоолноос болж цохисон гэсэн” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 22-23, 25 дахь тал),

3. Гэрч С.М: “...2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хамтран амьдрагч Ч.Х-ын хамт гэртээ байж байтал Б над руу утсаар хүрээд ирээ хамт битүүлье гэхээр би орой 20 цагийн үед Х-ын хамт Б, Б-ийн байгаа газар очсон. Тэнд хоол унд хийж идээд нэг шил уучхаад унтацгаасан. Маргааш нь буюу 2022 оны 02 дугаар сарын 02-ны өдөр би эхнэр Х-ын хамт айл руу шинэлэх гээд явсан, тэгээд 2022 оны 02 дугаар сарын 03-ны өглөө Б-н гэрт ирсэн ба би Б-г дагуулаад 1 дүгээр хороололд байдаг аавындаа очиж золгочхоод бид хоёр алхаад Сонгинохайрхан дүүргийн ............... тоотод ирсэн. Тухайн үед Б-ийг Б нь “хоол хийх материал нь бүгд байхад ганц бууз хийгээд идчихгүй яасан юм бэ” гээд загнасан байдалтай хэлж байсан. Тэгээд би гэрт ороод унтаад өгсөн ба нэг сэрсэн чинь манай хамтран амьдрагч Хатантуул нь “Бат-Өлзий, Б-ийг цохиод нүдийг нь хөхрүүлсэн байна” гэж хэлсэн. Би өглөө нь сэрээд Б-ийг анзааралгүй шууд Б-н хамт аавынх руугаа явчихсан байсан юмаа. Тэгтэл хажуу талаар Б хоолноос болж маргалдсан гэж хэлсэн. Б нь татаж унадаг өвчний улмаас ажил хийдэггүй байсан, Б л ганцаар ажил хийдэг байсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дахь тал),

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 518 дугаартай: “...Талийгаач цогцост дух, зүүн хацар, хамарт зулгаралт, баруун хөмсөг, баруун нүдний алим, зүүн нүдний дээд доод зовхи, баруун сарвуу, зүүн бугалга цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь баруун нүдний алим, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Эдгээр гэмтэл нь нас барахаас өмнө үүссэн байна. Талийгаач нь элэг өөхлөлт, ходоодны архаг үрэвсэл өвчтэй байна. Талийгаачийн цусанд спирт илрээгүй байна. Талийгаач нь зүрхний архаг цус хомсрох өвчин, судасны нарийслын улмаас зүрх судасны дутагдалд орж нас баржээ. Талийгаачийн цус нь В/Ш/ бүлгийн харьяалалтай байна...” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 37 дахь тал),

5. Шинжээч эмч Б.Д-ийн: “...Талийгаачид учирсан гэмтлүүд нь нас барсан шалтгаантай ямар нэгэн шалтгаант холбоогүй. Зүрхний архаг цус хомсрох өвчин, судасны нарийслын улмаас зүрх судасны дутагдал гэдэг нь зүрхний шигдээсээр нас барсан гэсэн юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 79 дэх тал),

6. Яллагдагч Ж.Б-н: “...2022 оны 02 дугаар сарын 01-ний өдөр би танил болох Х, М нарын хамт битүүлээд Х, М нар хамт хоноод 2022 оны 02 дугаар сарын 02-ны өглөө айлд очиж шинэлнэ гээд яваад өгсөн. Тэрний дараа Б над руу агсраад хоол нэхээд байхаар нь би Б-ийн нүүр рүү нь 2-3 удаа цохиод унт гэж хэлээд унтуулсан. Тэгээд Маргааш нь буюу 2022 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Х, М нар ирээд М бид хоёр М-ын аав дээр нь золгохоор 1 дүгээр хороолол орж аав дээр нь очиж золгосон ба гэрт Б, Х нар үлдсэн. Тэгээд М бид хоёр гэртээ ирсэн чинь Б та хоёр замдаа хоол идчихээд бид хоёр болохоор хоолгүй хоосон байна гэж хэлэхээр нь гэртээ бууз аваад орж ирсэн. Тэгэхэд Б, М, Х нар байсан ба тэд нар архи ууцгаагаад байж байтал Х нь Б-ээс нүдээ яасан талаар асуухад Б намайг цохисон талаар хэлэхээр нь би наадах чинь хоол нэхээд гэж би хэлсэн. Миний буруу, хохирогчид хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 131-133 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Хэргийн үйл баримтыг дүгнэхэд, Хохирогч Г.Б нь нийтийн байранд амьдарч байгаад сүүлдээ түрээсийн мөнгөө өгч чадахгүйн улмаас  шүүгдэгч Ж.Б-н гэрт ирж хамт амьдарч байсан, энэ хугацаанд хохирогч Г.Б ажил эрхэлж байсан нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Улмаар гэмт хэрэг үйлэгдэхээс өмнө хохирогч нь шүүгдэгч Ж.Б-с хоол  нэхэж, хоол идмээр байна гэх асуудлыг хэлснээр шүүгдэгч нь түүнтэй хоолны асуудлаас үүдэн маргалдаж, дандаа хоол нэхэх юм, хоолноос өөр юм мэдэхгүй юм хэмээн уурлан хохирогчийн биемахбодид халдаж гэмтэл учруулсан байна.

Шинжээчийн дүгнэлтээр хохирогч Г.Б нь зүрхний архаг цус хомсрох өвчин, судасны нарийслын улмаас зүрх судасны дутагдалд орж нас барсан байх бөгөөд энэ нь шүүгдэгчийн үйлдэлтэй шалтгаант холбоогүй, харин шүүгдэгч Ж.Б-н хохирогчийн нүүр лүү 2-3 удаа цохисон үйлдлээс үүдэн хохирогчид баруун нүдний алим, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт гэмтэл бүхий гэмтэл учирсан нь хөнгөн гэмтэлд хамаарсан болох нь дээрх дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг, мөн нэр бүхий гэрч нарын мэдүүлгүүдээр тогтоогдсон тул шүүгдэгч Ж.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулсан байна гэж дүгнэхэд хүргэсэн болно. 

Гэм буруу гэдэг нь гэмт этгээд өөрийн хийж буй нийгэмд аюултай үйлдэл  түүнээс үүсэх хор уршигт санаатай буюу болгоомжгүй хэлбэрээр хандаж буй сэтгэхүйн харьцаа байдаг.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг  хууль бус шинжтэй болохыг  ухамсарлаж  түүнийг  хүсэж үйлдсэн,  хохирол, хор уршигт  зориуд  хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж” хуульчилжээ.

Иймд шүүгдэгч Ж.Б-н зүгээс хохирогч Г.Б-г цохиж бие махбодод нь халдаж гэмтэл учруулсан үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэрээр илрэх ба тэрээр өөрийн дээрх үйлдлийг хууль бус шинжтэйг болохыг ухамсарласан төдийгүй түүнийг хүсэж үйлдсэн, шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид хөнгөн гэмтэл учирсан буюу хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, уг үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Ж.Б-н энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байх тул тус зүйл, хэсгээр гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирол төлбөрийн тухайд:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлсон. 

            “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй” гэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

Шүүгдэгч Ж.Б-с гэмт хэргийн улмаас хохирогч Г.Б-д эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь эмчилгээ хийлгэсэн баримтыг гаргаж өгөөгүй, нэхэмжлэхээс татгалзсан байх тул шүүгдэгч Ж.Бат-Өлзийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанд улсын яллагч нь “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-д 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах” тухай дүгнэлтийг,

Шүүгдэгч нь “..хэлэх зүйлгүй” гэсэн саналыг тус тус гаргасан.

Шүүгдэгч Ж.Б-н үйлдэлд эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нь хохирогчийг “хоол нэхлээ” гэх асуудлаас үүдэлтэй байх ба тэрээр дээрх шалтгаанаар хохирогчийн нүүр лүү цохиж гэмтэл учруулсан үйлдэл нь хүнлэг бус байдлыг нь илтгэх бөгөөд түүний үйлдлээс шалтгаалан хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж, төлөх төлбөргүй байдал, нөгөө талаас  шүүгдэгч Ж.Б нь хувийн байдлын хувьд Ж ХХК-ийн гэрээт ажилтай гэх боловч энэ талаар нотолсон баримтгүй, мөн түүнийг орлоготойг илэрхийлэх баримтгүйг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ж.Б нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Ж.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон     ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б-д 300 (гурван зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Б нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.     

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч Ж.Б нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус бүр хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

      

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Г.АЛТАНЦЭЦЭГ