Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Сосорын Мөнхжаргал |
Хэргийн индекс | 119/2024/0008/З |
Дугаар | 221/МА2024/0387 |
Огноо | 2024-06-13 |
Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 221/МА2024/0387
2024 оны 06 сарын 13 өдөр | Дугаар 221/МА2024/0387 | Улаанбаатар хот |
М ХХК-ийн
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 119/ШШ2024/0020 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Хонинхүү
Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч М ХХК
Хариуцагч ЭТӨҮГ, ЭТӨҮГ-н ЭҮТӨҮГ/202301224 дугаартай Ган туйван I нийлүүлэх тендерийн Үнэлгээний хороо
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.П, Ч.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 119/2024/0008/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 119/ШШ2024/0020 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 он/-ийн 5 дугаар зүйлийн 5.1.5, 11 дүгээр зүйлийн 11.1.1, 12 дугаар зүйлийн 12.1, 12.2, 12.3, 27 дугаар зүйлийн 27.4, 47 дугаар зүйлийн 47.2.2, 47.7, 55 дугаар зүйлийн 55.1, 56 дугаар зүйлийн 56.1, Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч М ХХК-ийн ЭТӨҮГ, ЭҮТӨҮГ/202301224 дугаартай Ган туйван I нийлүүлэх тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан гаргасан ЭҮТӨҮГ/202301224 дугаартай Ган туйван I нийлүүлэх тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 11 дугаартай шийдвэрийг хүчингүй болгуулах, ЭТӨҮГ-ын 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн СЭ-112-12/328 дугаартай мэдэгдлийг хүчингүй болгуулах, ЭТӨҮГ-ын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Гэрээ байгуулах эрх олгох тухай СЭ-112-12/7966 дугаартай шийдвэрийн дагуу гэрээ байгуулах эрх олгохыг хариуцагчид даалгах-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ.
2. Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.А дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3.4-д заасан "...Монгол Улсын Сангийн яамны 2023 оны 02 сарын 24-ны өдрийн "гомдол хянасан тухай " 03/9431, мөн өдрийн "гомдол хянасан тухай " 03/9432, "гомдол хянасан тухай " 03/9433 дугаартай албан бичгүүдэд гомдол гаргаагүй тухайгаа шүүх хуралдаанд тайлбарласан бөгөөд эдгээр шийдвэрүүд нь хүчин төгөлдөр байна. /он сарыг буруу бичсэн бөгөөд 12 дугаар сарын бичгийг 02 дугаар сарын бичиг болгожээ 26-ний өдрийн бичгийг 24-ний өдрийн гэж иш татсан/
2.1. Мөн Сангийн яамны 2023 оны 12-р сарын 26-ний өдрийн 03/9431, 03/9432, 03/9433 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргаагүй бөгөөд хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэгч "Маммот линк" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй" гэх тайлбар үндэслэлтэй гэж дүгнэж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Дээр дурдагдсан Сангийн яамны 2023 оны 12-р сарын 26-ний өдрийн 03/9431, 03/9432, 03/9433 албан бичгүүдийн нэхэмжлэгч М ХХК мэдэх ямар ч боломжгүй бөгөөд хаягласан ЭТӨҮГ, гомдол гаргасан Түмэн төмөрт ХХК, Аркос интернэйшнл ХХК, Ай ти ворлд центр ХХК-ууд л мэдэж байсан. Улмаар энэхүү маргаан шүүхэд нэхэмжлэл гарган хянан хэлэлцэгдэх үед манай компани мэдсэн. Бид энэ талаар мэдэж шүүхэд гомдол гаргах боломжгүй байсан гэдгээ шүүх хуралдаан дээр тайлбарласан ба үүнийг анхан шатны шүүх "Сангийн яамны 2023 оны 12-р сарын 26-ний өдрийн 03/9431, 03/9432, 03/9433 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргаагүй бөгөөд хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэгч "Маммот линк" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй гэх тайлбар үндэслэлтэй" гэж үзэн шийдвэрлэлээ.
2.2. Нотлох баримтаар авагдсан тендерийн үнэлгээний хорооны 2024 оны 01-р сарын 08- ний өдрийн хурлын тэмдэглэлийн Ц.Д, Ч.О нарын хэлсэн үг саналаа тодорхой тэмдэглэн Сангийн яамны бичигтэй санал нийлэхгүй байгаа талаараа хэлэлцсэн байна.
3. 2024 оны 01-р сарын 16-ний өдрийн Ган туйван 1 /ЭҮТӨҮГ/202301224/ нийлүүлэгчийг сонгон шалгаруулах ажиллагаанд хийсэн мониторингийн дүгнэлт Т.Ариунсан, Г.Энхмаа гэх гарын үсгээр баталгаажсан баримт бичигт Сангийн сайдын 2023 оны 12- р сарын 25-ны өдрийн А/253 тоот тушаалын хавсралтаар батлагдсан "Тендер шалгаруулалтын гомдол хянан шийдвэрлэх журам"-ын 1.3-т "Гомдол хянан шийдвэрлэх байгууллагын шийдвэрийг захиалагч Захиргааны ерөнхий хуулийн 98.2-т заасны дагуу заавал биелүүлнэ" гэж заасан бөгөөд үнэлгээний хороо тус заалтыг хэрэгжүүлж ажиллаагүй байна гэжээ. Гэтэл энэхүү маргаан нь шинээр хэрэгжиж эхэлсэн буюу 2023 оны 06-р сарын 16-ны өдрийн хуулийн үйлчлэл эхлэхээс өмнө үүссэн асуудал бөгөөд 2024 оны 01-р сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн хуульд нийцүүлэн гаргасан 2024 оны 01-р сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөх журмын заалтыг ишилж гарсан нь хууль зүйн хүчин чадалтай эсэх нь маргаан дагууллаа.
3.1. Энэхүү мониторингийн дүгнэлт гэх баримт бичиг нь 2024 оны 01-р сарын 19-ний өдрийн хурлын шийдвэрт шууд нөлөөлсөн болох нь Ц.Д, Ч.О, Х.Золзаяа нарын хэлсэн үгнээс тод харагдаж байна. Тендерийн баримт бичиг шалгуур үзүүлэлтэд байхгүй зүйлээр Сангийн яамны шийдвэр, мониторингийн дүгнэлтэд нийцүүлж байна гэж үнэлгээ хийн манай компанийн шалгарсан байсан тендерийг хүчингүй болгосон шийдвэрт гомдол гарган шүүхээр хянуулахад бидний эрх ашгийг үл тоосон шүүхийн шийдвэр гаргасанд маш их гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож манай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
1. Нэхэмжлэлийн ЭҮТӨҮГ/202301224 дугаартай Ган туйван I нийлүүлэх тендерийн Үнэлгээний хорооны 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 11 дугаартай шийдвэр, захиалагч ЭТӨҮГ-ын 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн СЭ-112-12/328 дугаартай мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах шаардлагын тухайд:
1.1. Тендерийн Үнэлгээний хороо 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ЭҮТӨҮГ/202301224 дугаартай Ган туйван I тендер шалгаруулалтад ирүүлсэн тендерүүдийг хянан үзэж М ХХК-аас ирүүлсэн тендерийг Үнэлгээний хорооны олонхын саналаар хамгийн сайн тендер гэж үнэлж, Захиалагч ЭТӨҮГ-аас 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Гэрээ байгуулах эрх олгох тухай СЭ-112-12/7466 дугаартай албан бичгийг М ХХК-д хүргүүлсэн боловч үүнийг эс зөвшөөрч уг тендерт оролцогч Түмэн төмөрт ХХК, Аркос интернэшнл ХХК, Ай ти ворлд центр ХХК-ууд нь гомдол гаргасны дагуу Сангийн яамны 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 03/9431, мөн өдрийн 03/9432 дугаар албан бичгүүдээр ... захиалагчийн М ХХК-д гэрээ байгуулах эрх олгосон 2023 оны СЭ-112-12/7466 дугаар албан бичгийг хүчингүй болгож, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг мэдэгдсэн... байна.
1.2. Сангийн яамнаас дээрх компаниудын гомдолд дурдсан үндэслэлээр шалгаж шийдвэрлэхдээ М ХХК-ийн тендерт санал болгосон 46 дахь Ган дөрвөлжин төмөр барааны чанарын гэрчилгээний мэдээллийг ирүүлээгүй /үйлдвэрлэгчийн цахим холбоосоор орж шалгахад харагдахгүй/ тул нягтлан үзэх шаардлагатай гэж, мөн санал болгосон техникийн тодорхойлолтын 2, 3, 6,17, 19, 20, 22, 23, 25, 26, 30, 32, 33-41, 43-45 дахь бараануудын зураг ижил байгаа нь Захиалагчийн тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.4-т заасан ... техникийн тодорхойлолтод нийцэж буйг нотлох зураг, өгөгдлийн хэлбэрээр тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод заасан хүснэгтийн дагуу харьцуулж ирүүлнэ гэсэн шаардлагыг хангаагүй тул захиалагчийн шийдвэр үндэслэлгүй гэж үзжээ.
1.3. Маргаан бүхий хариуцагч Үнэлгээний хорооны 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдааны 11 дүгээр шийдвэрээр дээрх Сангийн яамны шийдвэрүүдийн дагуу нэхэмжлэгчийн болон бусад тендерт оролцогч нарын тендерийг дахин үнэлж, шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй гэх шалтгаанаар бүх тендерээс татгалзаж шийдвэрлэсэн, харин захиалагч ЭТӨҮГ-ын 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн СЭ-112-12/328 дугаартай мэдэгдлээр тендер нь шалгараагүй талаар мэдэгдсэн байна.
1.4. Анхан шатны шүүх нэхэмжлэгч нь Сангийн яамны энэхүү шийдвэртэй маргаагүй, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Тендер нээсний дараа тендер тус бүр нь дараахь шаардлагыг хангасан эсэхийг хянан үзнэ, 27.1.1-т энэ хуулийн 14-16 дугаар зүйлд заасныг үндэслэн захиалагчийн тогтоосон чадавхын шаардлага, 27.1.2-т техникийн тодорхойлолт, 27.1.3-т тендерийн баримт бичигт заасан бусад нөхцөл, шаардлага, 47 дугаар зүйлийн 47.7-д Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэр нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд хорооны гишүүдийн олонхи дэмжиж гаргасан шийдвэр, түүний үндэслэл, холбогдох бүх мэдээллийг агуулсан байна гэж зааснаар Үнэлгээний хорооны 2024 оны 11 дугаар шийдвэрээр техникийн тодорхойлолтод заасан шаардлага хангаагүй гэж үзэж нэхэмжлэгчийн тендерийг шалгаруулаагүйг хууль зөрчөөгүй гэж дүгнэж, энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй болжээ.
1.5. Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо Сангийн яамны 03/9431, 03/9432, 03/9433 дугаар албан бичгүүдийг бидэнд мэдэгдээгүй, мэдэх боломжгүй байсан нь харагдаж байхад уг Сангийн яамны шийдвэрүүд хүчин төгөлдөр болсон нэхэмжлэгч маргаагүй тул нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэжээ.
1.5.1. Сангийн яамны дээрх албан бичгийг нэхэмжлэгчид хүргүүлээгүй нь тогтоогдож байх боловч нэхэмжлэгчид гэрээ байгуулах эрх олгосноос хойш бусад тендерт оролцогч нар гомдол гаргасантай холбоотой түр түдгэлзсэн талаар мэдэгдсэн байна.
1.5.2. Дээрх хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 55.1-д заасан гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэнэ гэж заасан хугацаа өнгөрмөгц нэхэмжлэгч нь хэрхэн шийдвэрлэгдсэнийг тодруулах боломжтойгоос гадна уг 14 хоногийн хугацаа өнгөрснөөс хойш түүнтэй гэрээ байгуулахгүй байгаа байдлаас эрх, ашиг сонирхлоо хөндөгдөж байгааг мэдсэн гэж үзэх бөгөөд мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Гомдлыг энэ хуулийн 55.2-т заасан хугацаанд шийдвэрлээгүй, эсхүл гаргасан шийдвэрийг нь эс зөвшөөрвөл тендерт оролцогч нь шүүхэд гомдол гаргаж болно гэж заасны дагуу Сангийн яамны захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон шийдвэр-ийг хүчингүй болгож, дахин үнэлэхийг даалгасан шийдвэрийн талаар шүүхэд гомдол гаргах эрхээ хэрэгжүүлэх боломжтой атал хэрэгжүүлээгүй байх тул анханшатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй, энэ талаарх гомдлыг хангах боломжгүй.
1.6. Мөн давж заалдах гомдолд ... 2024.01.16-ны өдрийн Мониторингийн дүгнэлтэд ... гомдол шийдвэрлэсэн байгууллагын шийдвэрийг захиалагч заавал биелүүлнэ гэснийг хэрэгжүүлж ажиллаагүй талаар дурдахдаа 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөх хуульд нийцүүлж гарсан Сангийн сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/253 дугаар тушаалаар баталсан Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам-ыг иш татсан нь маргаантай, энэ дүгнэлт нь Үнэлгээний хорооны 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хурлын шийдвэрт шууд нөлөөлсөн байхад шүүх үл тоож шийдвэр гаргасанд гомдолтой байна гэжээ.
1.6.1. Хэрэгт авагдсан уг мониторингийн дүгнэлт (хэргийн 197-202 дахь тал)-д Сангийн сайдын 2023 оны А/253 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан журмыг заасан нь 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ыг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болохоос өмнө зарласан тендер шалгаруулалтыг 2005 оны 12 дугаар сарын 01-ний өдөр баталсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу зохион байгуулж дуусгана гэж заасныг зөрчсөн байна.
1.6.2. Гэвч дээрх А/253 дугаар тушаалын 2 дахь заалтаар хүчингүй болсонд тооцсон 2005 оны 12 дугаар сарын 01-ний өдөр баталсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу Сангийн сайдын 2019 оны 131 дүгээр тушаалаар батлагдсан Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам-ын 1.3-д Хуулийн 55 дугаар зүйлд үндэслэн тендерт оролцогчоос гаргасан гомдлыг төрийн захиргааны төв байгууллага урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэх ба гаргасан шийдвэрийг захиалагч Захиргааны ерөнхий хуулийн 98 дугаар зүйлийн 98.2 дахь хэсэгт заасны дагуу заавал биелүүлнэ. гэсэн адил агуулгатай заалт үйлчилж байсан тул уг ...мониторингийн дүгнэлт нь маргаан бүхий Үнэлгээний хорооны 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн хуралдааны шийдвэрт хууль бусаар нөлөөлсөн гэж үзэхээргүй, энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.
2. Нэхэмжлэлийн захиалагч ЭТӨҮГ-ын 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн Гэрээ байгуулах эрх олгох тухай СЭ-112-12/7466 дугаартай шийдвэрийн дагуу гэрээ байгуулах эрх олгохыг хариуцагчид даалгах шаардлагын хувьд ЭТӨҮГ-ын хэрэгцээт ЭҮТӨҮГ/202301224 дугаартай Ган туйван I нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт нэхэмжлэгчийн ирүүлсэн тендер техникийн тодорхойлолтод заасан шаардлага хангаагүй, дээр дурдсан Сангийн яамны 2023 оны 12 дугаар сарын 26-ний өдрийн 03/9431, 03/9432, 03/9433 дугаар шийдвэрүүдээр захиалагчийн дээрх СЭ-112-12/7466 дугаар шийдвэрийг хүчингүй болгосон, тус шийдвэрүүд нь хүчин төгөлдөр байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдсонгүй.
3. Иймд дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 119/ШШ2024/0020 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч М ХХК-ийн гүйцэтгэх захирал М.Анарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч М ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дүгээр зүйлийн 113.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ