Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 128/ШШ2021/0580

 

 

 

 

 

 

    2021         09          10                                  128/ШШ2021/0580

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Бадамсүрэн би даргалж, шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: “Д Д Э Т” ХХК 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.М.

Гомдлын шаардлага: “Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.М 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 0069252 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай” захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц, Д.Б, өмгөөлөгч У.Х, хариуцагч М.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ш нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүхэд ирүүлсэн гомдол болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын байгаль орчны улсын байцаагч М.Мг нь “Д Д Э Т” ХХК-ийг Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 1.4-д “ус ашиглагчийн үүрэг, тавигдах шаардлагыг биелүүлээгүй” гэсэн хэсгийг зөрчсөн гэж үзэж, 1,500,000 төгрөгийн торгуульд 17,841,000.30 төгрөгийг хохирол, нөхөн төлбөрт гаргуулахаар болж нийт 19,341,600.30 төгрөгийг “Д Д Э Т” ХХК -аар төлүүлэхээр шийдвэрлэсэн. Усны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.27-д “... “ус ашиглагч” гэж ашиг олох зорилгоор үйлдвэрлэл, үйлчилгээндээ, ус, усан орчин, рашааныг ашигладаг иргэн, аж ахуй нэгж, байгууллагыг” гэж тодорхойлсон байдаг өөрөөр хэлбэл, “Д Д Э Т” ХХК нь ус ашиглагч биш юм. Зөрчлийн тухай хуулийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчлийн шинжийг энэ хууль, бусад хууль, захиргааны хэм хэмжээний актаар тодорхойлно”, мөн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэм хэмжээнд тохирсон байна” гэж тус тус заасантай нийцэхгүй байна. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-т “хуульд үндэслэх” захиргааны үйл ажиллагаанд баримтлах тусгай зарчмыг зөрчиж шийтгэлийн хуудсыг оногдуулсан байна. Төрийн хяналт шалгалтын тухай хууль зөрчсөн тухайд энэхүү зөрчлийн талаарх мэдээллийг нэр бүхий иргэн экологийн цагдаагийн албанд мэдэгдэж, экологийн цагдаагийн алба нь хяналт шалгалтыг эхлүүлээд Зөрчил шалган шийдвэрлэх хуулийн харьяаллын дагуу Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын газарт шилжүүлсэн.

Энэхүү зөрчлийг Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т заасан төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийж холбогдох хариуцлагыг ногдуулах ёстой. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т “Энэ хуулийн 52.1-д заасан “иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээллийг зохих нотлох баримтын хамт хяналт шалгалтын байгууллагад ирүүлэх бөгөөд уг өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл нь үндэслэлтэй гэж хяналт шалгалтын байгууллага үзсэн тохиолдолд хяналт шалгалтыг ажлын 5 өдрийн дотор эхлүүлнэ” гэж заасны дагуу өргөдөл гаргасан этгээдээс холбогдох баримт бичгийг үндэслэж хяналт шалгалтын ажиллагааг эхлүүлэх ёстой. Мөн Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйл 52.3-д “Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гагцхүү түүнийг явуулах болсон үндэслэл, удирдамжид заасан асуудлын хүрээнд хийнэ” гэж заасны дагуу энэхүү төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийхдээ удирдамж, хяналтын хуудас батлуулж түүний дагуу хийх ёстой. Иймд энэхүү зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөний хувьд “Д Д Э Т” ХХК -ийн ерөнхий захирал албан тушаалтай н.Б компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй этгээдээс холбогдогчийн мэдүүлэг авсан байна. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д “гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тай байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна” гэж заасан. “Д Д Э Т” ХХК-ийн ерөнхий захирал Б тухайд ямар нэгэн итгэмжлэлгүйгээр компанийг төлөөлөх эрхгүйгээр мэдүүлэг өгсөн байна. Зөрчлийн хэрэгт авагдсан баримтаас харахад хохирогчийн мэдүүлгийг 4 дүгээр сарын 26-ны өдөр Туул голын сав газрын захиргааны байцаагч н.Б авсан байдаг. Гэтэл 5 дугаар сарын 14-ний хохирогчоор тогтоолгох хүсэлтийг явуулсан бөгөөд 5 дугаар сарын 17-ны өдөр Туул голын сав газрын захиргаа хохирогчоор тогтоогдсон. М.М Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст өгсөн мэдүүлгээс 5 дугаар сарын 17-ны өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч н.Б гэдэг хүнээс мэдүүлэг авсан болох нь харагдаж байгаа. Шийтгэлийн хуудсыг 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр “Д Д Э Т” ХХК -ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б надад гардуулсан. 5 дугаар сарын 20-ны өдөр шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. Шийтгэлийн хуудас оногдуулсны дараа ажиллагаа хийсэн байна. Энэхүү зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцохдоо Нийслэлийн Байгаль орчны газраас 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 03/492 дугаартай албан тоот түүний хавсралтын дагуу тооцож, 17,841,600 төгрөгийн хохирол, нөхөн төлбөрт гаргуулахаар шийдвэрлэсэн байна. Гэтэл Нийслэлийн Байгаль орчны газраас ирүүлсэн албан тоот түүний хавсралтад “Усны нөөцөд учирсан хохирлын хэмжээ”-г тооцохдоо Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2015 оны А-388 дугаар тушаалаар батлагдсан “Усны нөөцөд учирсан хохирлыг үнэлэх, нөхөн төлбөр тооцох аргачлал”-ын 2.4 дэх заалтыг үндэслэсэн байна. Гэтэл уг 2015 оны А-388 дугаар тушаалыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн А/59 дугаартай “Аргачлал батлах тухай” тушаалаар хүчингүй болгосон. Мөн 2020 оны А/59 дугаартай тушаалын нэгдүгээр хавсралтаар “усны нөөцөд учирсан хохирлыг үнэлэх, нөхөн төлбөр тооцох аргачлал”-ыг шинээр баталсан байна. Иймд хүчингүй болгосон захиргааны хэм хэмжээний актыг хэрэглэж нөхөн төлбөр тооцсон нь хууль бус юм.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Зөрчлийн улмаас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцох журмыг Улсын ерөнхий прокурор батална” гэж заасан. Энэ журмыг 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн А/75 дугаар тушаалын хавсралтаар Улсын Ерөнхий Прокурор баталсан болно. Уг журмын 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт “эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлийн явцад хохирол нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо Зөрчлийн тухай хууль, бусад хууль, захиргааны хэм, хэмжээний актыг баримталж, түүнд заасан үндэслэл, журмын дагуу хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тооцно” мөн уг журмын 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт “хохирол гэдэг нь зөрчлийн улмаас иргэн, төрийн байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагаанд шууд учирсан үр дагавар байна” гэж мөн журмын 2 дугаар зүйлийн 2.3 дах хэсэгт “Нөхөн төлбөр гэдэг нь зөрчлийн улмаас устсан, гэмтсэн, эд хөрөнгө бараа, эд зүйл, түүнчлэн хорогдсон, үрэгдсэн, агнасан ан амьтан, мал, ургамал, байгаль орчны өртөг, үнэлэмж, үнэлгээ байна” гэж тус тус тодорхойлсон байна.

Хууль зүйн утгаараа нөхөн төлбөр гэдэг ойлголт нь бодит учирсан хохирол дээр яригдах асуудал болохоос биш таамгаар шийдвэрлэх зүйл биш юм. Байгаль орчны газраас учирсан хохирол, нөхөн төлбөрийг тооцохдоо 50 м.куб/цаг хүчин чадалтай насосоор өдөрт 12 цагийн хугацаанд 2021 оны 4 дүгээр сарын 02-ны өдрөөс 2021 оны 4 дүгээр сарын 11-ний хооронд 10 өдөрт 6000 м.куб усыг шавхан зайлуулсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл “Д Д Э Т” ХХК -ийг 50м.куб/цаг хүчин чадалтай насос ашигласан, хэдэн цаг ашигласан, хэдэн өдөр ашигласан гэдгийг хэрхэн тогтоосон нь тодорхойгүй байна. Мөн зөрчлийн улмаас байгаль орчинд учруулсан хохиролд төрийн захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтны томилсон этгээдээс хохирогчоор хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдүүлэг авч, тэмдэглэл үйлдэх ёстой. Гэтэл энэ ажиллагаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны дагуу хийгдээгүй байна. Энэхүү зөрчлийн шийтгэлийн хуудас Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 д заасан зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчмуудтай нийцээгүй. Мөн Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн Захиргааны акт бичгээр гарахад тавигддаг шаардлагаа 40.2.5-т заасан “захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заах” гэж заасныг зөрчиж гомдлыг хандан гаргах этгээд болон хугацааг заагаагүй байна. Иймд 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 0069252 дугаар шийтгэлийн хуудсыг бүхэл нь хүчингүй болгож, нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалж өгнө үү...” гэв.

  Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Д Д Э Т” ХХК  нь “М л с” компанитай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж үйл ажиллагаа явуулж байгаа. Барилгын өмчлөгч, эцсийн ашиг олох зорилготой этгээд нь “М Л С” ХХК юм. Өмнөх жилүүдэд ч тусгай зөвшөөрөл авч үйл ажиллагаа явуулдаг “Д Д Э Т” ХХК ажлаа хийж цалингаа авдаг байсан. Ус ашиглагч гэдэг бол ашиг олох зорилготой этгээд байна гэж хуульд заасан. “Д Д Э Т” ХХК  бол ус ашиглагч биш өмчлөгч нь “М Л С” ХХК юм. Маргаан бүхий 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн шийтгэлийн хуудасны үндэслэл болсон баримт нь холбогдогчийн мэдүүлэг байдаг. Холбогдогчийг хууль ёсны төлөөлөгчөөр томилохдоо Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн. Компанийг бүрэн төлөөлөх эрхгүй этгээдийг томилж холбогдогчийн мэдүүлэг авч шийтгэлийн хуудас бичсэн байгаа нь хууль бус юм. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1.2-т хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хууль ёсны төлөөлөгч байхаар заасан. Эрх бүхий албан тушаалтан болохыг ямар баримтаар тогтоосон ажиллагаа хийгдээгүй байгаа. Энэ үйлдэл нь компанийн эрх ашиг зөрчигдөхөд хүргэсэн. Компанийн дүрэмд ерөнхий захирлын эрх хэмжээ дотогш чиглэсэн, гадагш төлөөлөх эрхгүй байгаа. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д гүйцэтгэх удирдлага буюу гүйцэтгэх захирал хуулийн этгээдийг төлөхөөр байгаа учир холбогдогчийг буруу тогтоосон байна. Хэрэгт авагдсан лавлагаа мэдээлэлд зөвхөн “М Л С” компани өмнөх жилүүдэд ус ашиглагчийн үүргээ хэрэгжүүлж байсан. “Д Д Э Т” ХХК  нь ус ашиглагч биш учир шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү...” гэв. 

Гомдол гаргагчийн өмгөөлөгч У.Х шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-д “эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээж байгаа”, уг хуулийн 4.15 дугаар зүйлийн 5-д “хуульд заасан журмыг зөрчиж цуглуулсан бэхжүүлсэн нотлох баримт нотлох чадвараа алдах бөгөөд энэ хуульд заасан шийдвэрийн үндэслэл болохгүй” гэж заасан. Гэтэл шийдвэр нь 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр гарсан байдаг. Уг шийдвэрийн үндэслэл нь хууль зүйн үндэслэлгүй. Нотлох ажиллагаа нь хууль зөрчсөн, шинжээчийн дүгнэлт 5 дугаар сарын 20-ны өдөр гарсан нь шинжээчийн дүгнэлтгүйгээр тус шийдвэрийг гаргасан байна. Б.Б мэдүүлэг нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. 5 дугаар сарын 17-ны өдрөөс хойш мэдүүлэг авсан гэж үзэж байгаа бол хохирогч, холбогдогч хоёрын мэдүүлэг нь 5 дугаар сарын 04-ний өдрийн шийтгэлийн хуудсыг нотлох баримт болохгүй байна. Шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг зэрэг нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.8 дугаар зүйлд “ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тодруулах зорилгоор мэдүүлэг авна”, 4.8 дугаар зүйлийн 11-д “тэмдэглэлийг мэдүүлэг өгч байгаа хүнд танилцуулж, нэмэлт засвар оруулах боломжийг олгоно” бодит байдалд утсаар мэдүүлэг авахыг хуульд зөвшөөрөөгүй мөн танилцуулах эрхээр хангаагүй байна. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.8 дугаар зүйлийн 14-д эрх бүхий албан тушаалтан мэдүүлгийг тэмдэглэлээр бэхжүүлж мэдүүлэг өгсөн хүн гарын үсэг зурж баталгаажуулна гэж заасныг зөрчсөн байна...” гэв.

Хариуцагч М.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “... Хан-Уул дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Д Д Э Т” ХХК  нь барилга барих ажлыг гүйцэтгэж байхдаа барилгын сууриас гарсан хөрсний усыг холбогдох байгууллагын дүгнэлт зөвшөөрөлгүйгээр Туул гол уруу цутгаж шавхан зайлуулсан талаар Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албанаас шалган тогтоож 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 16-5/878 тоот гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх тогтоолын дагуу Хан-Уул дүүргийн Прокурорын газраар дамжин ирүүлснийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлд зааснаар зөрчлийн талаар гомдол мэдээллийг хүлээн авах журмын дагуу 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокурорын нэгдсэн бүртгэлд бүртгүүлж Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.7 дугаар зүйлийг үндэслэн 2110000698 дугаартай зөрчлийн хэрэг нээж, прокурорын хяналт дор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулсан. Тус компанийг үргэлжлүүлэн шалгах явцад Хан-Уул дүүргийн 20 дугаар хороо, Туул голын сав газрын дагуу барилга угсралтын үйл ажиллагаа явуулж барилгын суурийн хөрсний усыг татан зайлуулж байсан. Тухайн нөхцөл байдалд үндэслэн Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргын 2021 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн 02-19/89 дүгээр албан бичгийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа Туул голын сав газрын захиргаанд хүргүүлж хөрсний усыг татан зайлуулах ажиллагаанд холбогдох зөвшөөрөл, дүгнэлт авсан эсэх талаар лавлагаа мэдээлэл авахад Туул голын сав газрын захиргаанаас, тус барилга угсралтын үйл ажиллагаа нь 2021 оны барилгын суурийн ус шавхан зайлуулах дүгнэлт гаргуулаагүй тухай 2021 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 05/120 дугаар албан бичиг, мөн Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн даргын 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 02-19/77 дугаар албан бичгийг Нийслэлийн Байгаль орчны газарт хүргүүлж лавлагаа мэдээлэл авахад “Д Д Э Т” ХХК  нь дүгнэлт, зөвшөөрөл, гэрээгүйгээр барилгын суурийн хөрсний усыг Туул голын далан давуулан зайлуулсан тухай 2021 оны 4 дүгээр сарын 23-ны 03/492 дугаар албан бичиг, нөхөн төлбөр тооцон ирүүлсэн. Эдгээр байгууллагуудын албан бичгээр “Д Д Э Т” ХХК  нь Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан зөрчил үйлдэж, Усны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.6 мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсэгт “дүгнэлтийг үндэслэн ус ашиглах зөвшөөрлийг хоногт 50-100 шоометр ус ашиглахад аймаг, нийслэлийн байгаль орчны албанаас олгож, мэдээллийн санд бүртгэнэ”, Усны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт “төвлөрсөн бус ус хангамжийн эх үүсвэрээс хангагдаж байгаа ус ашиглагчтай сав газрын захиргаа, аймаг, нийслэлийн байгаль орчны алба, сум, дүүргийн Засаг дарга гэрээ байгуулна”, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5-д “ус, рашааны нөөц ашигласны болон ус бохирдуулсны төлбөр төлөх” заалтуудыг хэрэгжүүлээгүй болох нь нотлогдож байна.

Иймд Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн холбогдох заалтыг үндэслэн 1500 нэгжээр торгож, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.3-т “усны нөөц ашигласны төлбөрийн хувь, хэмжээг энэ хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасан хязгаарт багтаан Засгийн газар тогтооно”, Засгийн газрын 2013 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 326 тоот “Усны нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг тогтоох хөнгөлөх тухай” тогтоолын 1 дүгээр хавсралтын тайлбарт “Барилгын суурийн хөрсний усыг шавхан зайлуулах тохиолдолд 7в-тэй /Уул уурхайн үйлдвэрлэлд ашигласан усны шоометр тутамд/ адилтгаж тооцно” гэх заалтын дагуу Нийслэлийн Байгаль орчны албаны 2021 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 03/492 тоот албан бичгээр усны нөөцөд учирсан хохирлын хэмжээг тооцон ирүүлснийг үндэслэн 17,841,600 төгрөгийн нөхөн төлбөр оногдуулсан.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн буюу компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй этгээдээс холбогдох тайлбар мэдүүлэг авсан гэх талаар: Дээрх зөрчлийн хэрэг нь Экологийн цагдаагийн албанд шалгагдаж байх явцад “Д Д Э Т” ХХК-ийг ерөнхий захирал Б.Б нь төлөөлөн тайлбар мэдүүлэг өгч байсныг үндэслэн, зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх үед улс орон даяар цар тахалтай холбоотой хөл хорионы дэглэм үйлчилж байсан тул Б.Б утсаар мэдүүлэг авсан. Экологийн цагдаагийн албанд тус компанийг төлөөлж байсан этгээдийг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1, 3.2 заалтуудад дурдсан нөхцөл байдал илрээгүй, эрх бүхий албан тушаалтан биш гэж үзэх үндэслэл байгаагүй тул хууль ёсны төлөөлөгчөөр үргэлжлүүлэн тогтоосон. Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт “Компанийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх удирдлагын багийн гишүүн, гүйцэтгэх захирал, санхүүгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогч, ерөнхий мэргэжилтэн, төлөөлөн удирдах зөвлөлийн нарийн бичгийн дарга зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно” буюу зөвхөн гүйцэтгэх захирал нь эрх бүхий албан тушаалтан байна гэсэн агуулга байхгүй. Үүнээс үзэхэд тус компанийн ерөнхий захирал нь эрх бүхий албан тушаалтан байх боломжтой юм. “Д Д Э Т” ХХК компанийн дүрэмтэй танилцахад уг дүрмийн 11.1-д Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1-д заасны дагуу дараах этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно гэж заасан байгаа. 11.1.2 дах заалтад ерөнхий захирал гэж байгаа. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлд хууль ёсны төлөөлөгч гэж байгаа. 3.5 дугаар зүйлийн 1.2 дах хэсэгт хуулийн этгээдийн эрх бүхий албан тушаалтан, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчийг хууль ёсны төлөөлөгчөөр тогтооно гэж заасан. Ерөнхий захирал нь эрх бүхий албан тушаалтан байх боломжтой юм.

Хохирол нөхөн төлбөрийг тооцохдоо хууль зөрчсөн гэх талаар: Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д “иргэн, аж ахуй нэгж, байгууллага хууль бус үйл ажиллагаагаараа байгаль орчин, түүний баялагт учруулсан шууд хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй” гэснийг үндэслэн хууль бус үйл ажиллагаа явуулсан аж ахуй нэгж байгууллага байгаль орчин түүний баялагт учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй байдаг. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2.11 дэх заалтад “байгаль орчинд учруулсан хохирол гэж байгалийн баялгийг зөвшөөрөлгүй бэлтгэсэн, олборлосон, эсхүл байгаль орчны чадавхын тогтоосон хэм хэмжээ, зөвшөөрөгдөх дээд хэмжээний хязгаараас хэтрүүлэн байгаль орчныг бохирдуулсан, доройтуулсан, гэмтээсэн, байгалийн нөөц баялгийг хомсдуулсан, экологийн тогтолцоог алдагдуулсан аливаа үйлдэл, эс үйлдэхүйг”, “байгаль орчинд учруулсан хохирлын нөхөн төлбөр гэж иргэн, аж ахуй нэгж, байгууллага, албан тушаалтны байгаль орчинд учруулсан хохирол, түүнийг арилгах болон цаашид үүсэж болох эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд шаардлагатай байгаль орчны экологи-эдийн засгийн үнэлгээ, аргачлалын дагуу тогтоосон мөнгөн илэрхийллийг хэлнэ гэж заасан байдаг. Эдгээр заалтын дагуу Монгол Улсын Ерөнхий прокурорын 2017 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн А/75 тоот тушаал баталсан “Зөрчлийн улмаас учирсан хохирол нөхөн төлбөрийг тооцох журмын” 3 дах хэсгийн 3.6-д “эрх бүхий албан тушаалтан нь зөрчлийн улмаас байгаль орчин, ус, ургамал, агаар, амьтан, ой, газар, газрын хэвлийд учирсан хохирол нөхөн төлбөрийг Байгаль орчныг хамгаалах тухай хууль тогтоомжид заасны дагуу тооцно”. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 3.9 дэх заалт, Нийслэлийн Байгаль орчны албаны 2021 оны 04 дүгээр сарын 23-ны 03/492 тоот албан бичгээр Усны нөөцөд учирсан хохирлын хэмжээг тооцон ирүүлснийг тус тус үндэслэн 17841600 төгрөгийн нөхөн төлбөр оногдуулсан болно.

Захиргааны ерөнхий хуулийг зөрчсөн гэх талаар: “Д Д Э Т” ХХК д холбогдох 2110000698 дугаар бүхий зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэхэд Усны тухай хууль, Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хууль, Зөрчлийн тухай хууль, Монгол улсын Засгийн газрын 2013 оны 9 дүгээр сарын 21-ний 326 дугаар тушаал болон Туул голын сав газрын Захиргаа, Нийслэлийн Байгаль орчны газраас ирүүлсэн лавлагаа мэдээлэл зэргийг үндэслэн шийтгэл оногдуулсан болно.

“Д Д Э Т” ХХК  нь Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 1 дэх заалтыг зөрчсөн нь зөрчлийн хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар тус компанид 1500 нэгжээр торгох шийтгэл оногдуулж, улсад учруулсан хохирол болох 17,841,600 төгрөгийн нөхөн төлбөр төлүүлэх шийдвэрийг Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газарт хянуулан шийдвэрлэсэн. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Хохирогчоос хууль бусаар мэдүүлэг авсан гэх талаар тус компанийн Экологийн цагдаагийн албанд анх мэдүүлэг өгсөн иргэн Б нь хохирогчийн мэдүүлэг өгөх боломжгүй гэснийг прокурорт мэдэгдэж, Прокуророос Туул голын сав газрын захиргааг хохирогчоор татаж мэдүүлэг авах чиглэл өгсний дагуу Туул голын сав газрын захиргаанд албан бичиг явуулж Туул голын сав газрын захиргаанаас албан тушаалтныг томилж ирүүлсний дагуу хохирогч Б мэдүүлэг авсан. Батлагдсан маягтаар мэдүүлэг авахдаа тухайн үеийн ажлын ачааллаас шалтгаалан огноог солилгүй гаргасан миний техникийн алдаа байсан. Цагдаагийн байгууллагад мэдүүлсэн байгаа. Зөрчлийн хэрэг нээснээс хойш экологийн цагдаа, прокурор, мэргэжлийн хяналтын газрын холбогдох эрх бүхий албан тушаалтнууд хянаж байж эцсийн шийдвэр гарсан...” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-т: “гомдол гэж хуульд тусгайлан зааснаар эрх бүхий этгээдийн шийдвэрийг хянуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдөл ...”, мөн хуулийн 112 дугаар зүйлийн 112.4.3-т: “хуульд тусгайлан заасан гомдлоор үүсэх хэрэг, маргаан”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т: “Захиргааны хэргийн шүүх энэ хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.7, 6.10, ... 6.22, ...6.27 дахь заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрт гаргасан оролцогчийн гомдол, прокурорын дүгнэлтээр зөрчил хянан шийдвэрлэнэ”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10-д “мэргэжлийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн 5.11, 5.12 дугаар зүйл, 5.13 дугаар зүйлийн 1, 3 дахь, 5.15 дугаар зүйл, 6.26 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 7.15 дугаар зүйл ...” заалтад заасан эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гомдол гаргаж шийдвэрлүүлнэ” гэхчлэн зохицуулсны зэрэгцээ эрх бүхий улсын байцаагч нь Зөрчлийн тухай хуульд зааснаар хууль, хэм хэмжээний актыг зөрчсөн, хуульд шийтгэл оногдуулахаар заасан үйлдэл, эс үйлдэхүйг харьяаллын дагуу хянаж, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу зөрчил шалгах ажиллагаа явуулах, хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх улмаар шийтгэл оногдуулах эсэх талаар шийдвэр гаргах бүрэн эрхтэй байна.

Гомдол гаргагч “Д Д Э Т” ХХК -ийг “МЛ С” ХХК-тай “Барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай гэрээ” байгуулан ажиллаж холбогдох байгууллагын зөвшөөрөл гэрээгүйгээр барилгын сууриас гарсан хөрсний усыг шавхан Туул гол уруу цутгасан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 1дэх хэсгийн 1.4-т заасныг зөрчсөн гэж үзэж, 1500 нэгж буюу нэг сая таван мянган төгрөгөөр торгож, 17841600/ арван долоон сая найман зуун дөчин нэгэн мянга зургаан зуу/ төгрөгийн нөхөн төлбөр төлүүлэхээр шийтгэл оногдуулжээ.

 Эрх бүхий албан тушаалтан болох байгаль орчны улсын байцаагчийн оногдуулсан шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгуулахаар гомдол гаргагчийн зүгээс “зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулаагүй, ус ашиглагч биш байхад хууль буруу тайлбарласан”  хэмээн маргасан бол хариуцагчийн зүгээс “төрийн байгууллагуудаас авах зөвшөөрлөө авч, төлбөрөө төлөөгүй, дур мэдэн үйл ажиллагаа явуулсан зөрчил гаргасан” хэмээн гомдлын шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

Шүүх, гомдол гаргагчийн гомдлын шаардлага түүнд хамаарах шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар, гомдлыг хариуцагчаас эс зөвшөөрч гаргасан тайлбар зэргийг хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн баримтуудтай харьцуулан маргаан бүхий захиргааны актад дүгнэлт хийж, дараах үндэслэлээр хариуцагчаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг 3 /гурав/ сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэлээ.

Эрх бүхий албан тушаалтан болох байгаль орчны хяналтын улсын байцаагчийн зүгээс Цагдаагийн ерөнхий газрын Экологийн цагдаагийн албаны 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 16-5/878 дугаар албан бичгээр зөрчлийн талаарх гомдол мэдээллийг харьяаллын дагуу Хан-Уул дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэст шилжүүлснээр Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2021 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр “Д Д Э Т” ХХК -д холбогдуулан 2110000698 дугаар зөрчлийн хэрэг нээж, 2021 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэл үйлдэж, мөн холбогдогчоос буюу “Д Д Э Т” ХХК  ХХК-ийн захирал Б.Б 99999842 дугаарын утсаар ярьж мэдүүлэг авсан, 2021 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” тогтоол үйлдэж, холбогдох дүгнэлтийг 2021 оны 04 дүгээр сарын 30-ны дотор гаргахыг шинжээчид даалгасан, 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хохирогчийн мэдүүлэг авсан зэргээр гомдол гаргагч “Д Д Э Т” ХХК -д холбогдуулан зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

Гэвч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар болон хэргийн материалаас үзэхэд хариуцагчийн “Ковид-19 вирусын нөхцөл байдлаас шалтгаалан хөл хорио тогтоосон байсан тул холбогдогчоос утсаар мэдүүлэг авсан” гэх тайлбар ойлгомжгүй, Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд тусгайлан зохицуулсан зохицуулалт байхгүй, маргаан бүхий 2021 оны 05 дугаар сарын 14-ний өдөр №0069252 дугаар шийтгэлийн хуудсаар зөрчилд шийтгэл оногдуулсны дараа 2020 оны 05 дугаар сарын 20-ны өдөр шинжээчийн дүгнэлт гарсан, түүнчлэн Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 02-19/115 тоотоор 2110000698 тоот зөрчлийн хэрэгт Туул голын сав газрын захиргааг төлөөлж оролцох албан тушаалтныг томилж ирүүлэхийг мэдэгдсэнээр уг Туул голын сав газрын захиргаанаас 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр 05/139 тоотоор Хяналт, шалгалтын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Б*******ийг төлөөлөгчөөр томилсны дагуу хохирогчийн мэдүүлгийг 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдөр түүнээс авсан байгаа нь хариуцагчийн зүгээс Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.7-д: “өөрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу хийгдэж байгаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох, уг ажиллагааны тэмдэглэлтэй танилцах, түүнд засвар оруулах хүсэлт гаргах эрхтэй” талаарх холбогдогчийн эрх, мөн хуулийн 3.2 дугаар зүйлийн 2.5-д: “нотлох баримт шалгуулах тухай хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх”, 2.6-т “зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах” талаарх хохирогчийн эрх,  мөн хуулийн 4.11 дүгээр зүйлийн 3-т: “эрх бүхий албан тушаалтан эд зүйл, хөрөнгөд үнэлгээ тогтоох, тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулах зорилгоор хүсэлт гаргаж шинжилгээ хийлгэж болно” гэж зааснаар гарсан зөрчлийг нотлохын тулд уг ажиллагааг хэрхэн хийсэн, хохирогчийн мэдүүлгийн огноо зөрүүтэй, маргаан бүхий шийтгэлийн хуудас гарсны дараа зөрчлийн улмаас гарсан хохирлын тооцоо гарсан зэрэг нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.15 дугаар зүйлийн 1-т: “эрх бүхий албан тушаалтан гаргасан шийдвэрийнхээ үндэслэлийг нотлох үүрэг хүлээнэ” гэдгийг хэрэгжүүлээгүй гэж үзэхээр байна.

Нөгөө талаас Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.-д заасанчлан эрх бүхий байгууллагаас хийх хяналт шалгалт нь төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, гүйцэтгэлийн гэсэн үндсэн төрөлтэй. Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.М 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдөр “Д Д Э Т” ХХК -ийн барилга угсралтын ажил явуулахдаа хөрсний ус зөвшөөрөлгүйгээр шавхаж Туул гол уруу урсгаж байгаа талаар ирүүлсэн асуудалд хийсэн хяналт шалгалт нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т Энэ хуулийн 52.1-д “иргэн, аж ахуйн нэгж, байгууллага өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээллийг зохих нотлох баримтын хамт хяналт шалгалтын байгууллагад ирүүлэх бөгөөд уг өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл нь үндэслэлтэй гэж хяналт шалгалтын байгууллага үзсэн тохиолдолд хяналт шалгалтыг ажлын 5 өдрийн дотор эхлүүлнэ”, мөн хуулийн 52.3-д “Төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг гагцхүү түүнийг явуулах болсон үндэслэл, удирдамжид заасан асуудлын хүрээнд хийнэ” гэж заасны үндсэн дээр хуульд заасан  журам, шаардлагыг баримтлан явагдах ёстой байна.

 Гэтэл хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд, хариуцагч Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.М 2021 оны 5 дугаар сарын 14-ний  өдөр ““Д Д Э Т” ХХК -ийн барилга угсралтын ажил явуулахдаа хөрсний ус зөвшөөрөлгүйгээр шавхаж Туул гол уруу урсгаж байгаа талаар ирүүлсэн асуудалд хяналт шалгалтын ажиллагааг явуулахдаа шалгуулагч этгээд болох “Д Д Э Т” ХХК -д шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулж удирдамж, хяналтын хуудасны хувийг өгөх ажиллагааг хийгээгүй, шалгалтын ажиллагаанд “Д Д Э Т” ХХК -ийн төлөөллийг оролцуулж, тайлбар тодруулга өгөх эрхээр нь хангаагүй, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6: “Хяналт шалгалт эхлэхээс өмнө эрх бүхий албан тушаалтан шалгуулах этгээдэд шалгалтын зорилго, бүрэлдэхүүнийг танилцуулж удирдамж, хяналтын хуудасны нэг хувийг өгөх бөгөөд улсын байцаагч албаны үнэмлэхээ үзүүлнэ” гэх заалт, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т заасан “...эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно” гэх заалтыг зөрчсөн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчөөс шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хариуцагчийн 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдөр шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон зөрчлийн материал зэрэг баримтаар тогтоогдож байна.

Ийнхүү дээр дурдсанаас гадна маргаан бүхий Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.М 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 0069252 дугаар шийтгэлийн хуудсыг шүүх Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6: “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” болон Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 4.1.4-т заасан “нээлттэй, ил тод байх”, “шалгуулагч этгээдэд адил тэгш хандаж, түүний хууль ёсны эрх, ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэн харилцах” зарчимд нийцсэн хэмээн үзэх боломжгүй юм.

Шүүх, гомдол гаргагчийг холбогдох хууль зөрчсөн гэдгийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д: “шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзвэл захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл захиргааны актыг зургаан сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх” гэх заалтыг хэрэглэж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Учир нь маргаан бүхий актаар тогтоогдсон үйл баримтыг болон маргааны зүйлд хамаарах зөрчлийг гомдол гаргагч “Д Д Э Т” ХХК  огт гаргаагүй гэж дүгнэхэд учир дутагдалтай, зөрчил үйлдсэн талаар маргаангүй, хариуцагчийн үйлдлийг шүүхээс зөвтгөх боломжгүй, зөрчлийг шалгах эрх бүхий албан тушаалтан зөрчлийн шинж байдал, хууль зөрчсөн асуудлыг судлан үзэж шийдвэрлэх үүрэгтэй, энэ талаар шүүх шууд тогтоон шийдвэрлэх боломжгүй, шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн байна гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.11, 107 дугаар зүйлийн 107.5, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь.

1. Зөрчлийн тухай хуулийн 7.15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д заасныг баримтлан “Д Д Э Т” ХХК -ийн гомдлын шаардлагад шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул хариуцагч болох эрх бүхий албан тушаалтнаас дахин шинэ акт гаргах хүртэл Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.М 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 0069252 дугаартай шийтгэлийн хуудсыг гурван /3/ сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.

              2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасныг баримтлан шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч захиргааны байгууллагын эрх бүхий албан тушаалтнаас дахин шинэ акт гаргаагүй бол уг маргаан бүхий акт болох Хан-Уул дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч М.М 2021 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 0069252 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болсонд тооцсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар  шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-д заасны дагуу шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 У.Б