Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 00172

 

 “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 104/ШШ2017/00356 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Э” ХХК,

Хариуцагч А.Бт холбогдох,

 

Машин тоног төхөөрөмжийн захиалгын гэрээний үүргийн биелэлтэд 126.030.246 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бадамжаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Хэрлэнхүү

Хариуцагч А.Б, түүний өмгөөлөгч Ш.Ганхуяг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгч “Э” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тус компани нь 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр иргэн А.Бтой “Машин тоног төхөөрөмжийн захиалгын гэрээ” байгуулан Америкийн нэгдсэн улсад 2013 онд үйлдвэрлэгдсэн Lexus LX 570 маркын суудлын автомашин худалдан авахаар тохиролцон уг захиалгын гэрээг манай компанийн байранд ерөнхий захирал Р.Батхишиг байгуулсан юм.

Уг гэрээний нийт дүнг 50 500 ам.доллар байхаар тохиролцож, гэрээ байгуулсан өдөр урьдчилгаа 20 000 ам.долларыг бэлнээр, үлдэгдэл 30 500 ам.долларыг 2015 оны 02 дугаар сарын 27-ны өдөр А.Б нь өөрөө биеэр ирж бэлнээр хүлээн авсан. Гэрээнд зааснаар захиалсан автомашиныг тээвэрлэлтийн компанид ачуулснаас хойш 30-120 хоногийн дотор Монгол улсын нутаг дэвсгэр дээр буулгаж захиалагчид хүлээлгэн өгөхөөр, тээвэрлэлтийн болон захиалгын тал дээр ямар ч асуудалгүй түргэн шуурхай ажиллахаа А.Б нь амлаж байсан боловч өнөөдрийг хүртэл захиалсан машиныг хүлээлгэж өгөөгүй, Монгол улсад ачигдаж ирсэн эсэх нь хүртэл тодорхойгүй байна. Хамгийн сүүлд буюу 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр буюу А.Б нь бидэнтэй холбогдож тээвэрлэлтийн зардалд 1 000 ам.доллар дутуу төлсөн гэж тайлбарлан, тус мөнгийг улс хоорондын гүйлгээний шимтгэлийн хамт нийт 1 040 ам.долларын хамт яаралтай шилжүүлж өгөхийг хүссэний дагуу А.Бын тодорхойлсон данс руу шилжүүлсэн.

Гэрээний дагуу 30-120 хоногийн дотор гэрээний үүргээ биелүүлэхгүй байсан учраас А.Бтой бид утсаар холбогдоод машин яасан бэ гэхэд А.Б машин Хятадын Тьянжинь дээр ачигдаж ирсэн, тэнд тээвэрлэлтийн компанийн мөнгөний асуудал яригдаад байна, 1 040 ам.доллар шилжүүлэх хэрэгтэй гэж хэлсэн. 50 500 ам.доллар дээр 1040 доллар нэмж авсан.

Нэхэмжлэлийн нийт шаардлага 51 540 ам.доллар, тэр нь нэхэмжлэл гаргах үеийн Монгол Банкны ханшаар нийт 126 030 000 төгрөг болсон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч А.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч тал утсаар хэн нь мэдэгдэхгүй яриад машин сонгосон гэж хэлж байна. Энэ талаар эрүүгийн хэргийн Р.Батхишигийн анхны өгсөн мэдүүлэгт АНУ-д амьдарч байгаа Г.Мөнхболд 2015 оны 02 дугаар 12-ны өдөр надтай утсаар холбогдоод урьд нь машин захиалж байсан Р.Батхишиг дахин машин захиалах гэж байна, чи очоод гэрээг хийгээд мөнгийг над руу явуулчих гэсэн. Бид хоёрын харилцаж байсан баримт байгаа. Би Г.Мөнхболдын хэлсний дагуу 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 20 000 ам.долларыг аваад тухайн сарын 26-ны өдөр 30 500 долларыг авсан. Г.Мөнхболдын хэлсний дагуу хүмүүс рүү шилжүүлсэн мөнгөний баримтыг хавтаст хэрэгт хавсаргасан, 1 040 ам.долларыг би аваагүй, Р.Батхишиг өөрөө Г.Мөнхболд руу шилжүүлсэн. Үүнийг хэргээс харсан. Би машин захиалсны дараа Г.Мөнхболдтой утсаар ярилцаад асуухад машинаа явуулсан, хүлээж авах хүний иргэний үнэмлэхийг явуул гэхээр явуулсан. Түүнээс хойш явж байна гэж хариу өгснөөс биш тодорхой баримтаар хариу өгөөгүй. Тиймээс би нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 211 дүгээр зүйлийн 211.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч А.Боос 123 487 145 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2 543 102 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 788 101 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч А.Боос улсын тэмдэгтийн хураамж 775 386 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч "Э " ХХК-ийн нэхэмжилсэн 50 500 ам.доллар буюу 123 487 145 төгрөгийг А.Боос гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасан "нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа”, 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсгийн "Эрүүгийн хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхтэй холбогдсон маргааныг эрүүгийн хэрэг нь шийдвэрлэгдээгүй байхад иргэний журмаар хэлэлцэхгүй" гэсэн заалтыг зөрчин анхан шатны шүүх шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

А.Б нь 2015 оны 02 дугаар сарын 18-ны өдөр СБД-ийн 1 дүгээр хороо NCP ХХК-ний оффис дотор Р.Батхишигээс 20 000 ам доллар, 2015 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 30 200 ам.долларыг тус тус авч гэрээгээр халхавчлан хуурч мэхлэх, итгэл эвдэх замаар онц их хэмжээний хохирол учруулсан хэрэгт Г.Мөнхболд, А.Б нарт 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа.

Хохирогч Р.Батхишиг нь уг эрүүгийн хэргийг Г.Мөнхболдыг эрэн сурвалжлах үндэслэлээр түдгэлзүүлсэн байх тул иргэний хэргийн шүүхэд хандаж шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг СБД-ийн хяналтын прокурорын тогтоолоор эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд А.Бын эрх ашиг зөрчигдөж байгаа тул өөрийн гэм буруугүйг тогтоолгохоор гомдол гаргаснаар тус дүүргийн Ерөнхий прокурорын 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдөр хариу мэдэгдэх хуудсаар эрүүгийн хэрэг хэрэгсэхгүй болгох тогтоолыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаасан.

А.Б нь Г.Мөнхболдын гуйлтаар Р Батхишиг, Г.Мөнхболд нарын хооронд машины мөнгө 50 500 ам.долларыг шилжүүлэн өгсөн ба энэ тухай эрүүгийн хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон.

2017 оны 10 дугаар сарын 03-ний өдрийн 138 дугаартай прокурорын тогтоолд: “А.Б гэрээгээр халхавчлан итгэл эвдэх аргаар нийт 50 500 ам.доллар буюу 99 850 345 төгрөг авч онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийгдэж байна. Мөрдөн байцаагч Г.Анарын 2016 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн “А.Быг сэжигтнээр тооцох тогтоолыг" хүчингүй болгосон. Энэ нь 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс одоо үйлчилж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "мөрдөгч гэмт хэргийг илрүүлэх, түүнийг үйлдсэн хүнийг олж тогтоож, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах хүртэл явуулж байгаа энэ хуульд заасан ажиллагааг хэрэг бүртгэлт гэнэ" гэж заасан нь эрүүгийн 201625020983 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгоогүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн нь энэ хуульд заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэл болно гэсэн заалтын дагуу хэрэг бүртгэлтийн ажиллагаа хийгдэж байгааг нотолж байна. Одоогийн үйлчилж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.2 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуульд заасны дагуу баривчлагдсан, эсхүл яллагдагчаар татах тогтоолтой танилцуулахаар дуудагдсан хүнийг сэжигтэн гэж тооцогддог болсон учир 2002 оны хуучин Эрүүгийн Байцаан Шийдвэрлэх Хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт зааснаар "А.Быг сэжигтнээр тооцох" тогтоолыг хүчингүй болгосныг Улсын Ерөнхий прокурорын 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 5/1648 дугаартай хариу мэдэгдэлдээ “Таны гаргасан гомдлын дагуу хэрэг бүртгэлийн ажиллагаанд буй эрүүгийн 201625020983 дугаартай хэргийг СБД-н прокурорын газраас татаж хянаад одоогийн үйлчилж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хүнийг гэмт хэрэгт холбогдуулан сэжигтнээр тооцох талаар мөрдөгч, прокуророос ямар нагэн шийдвэр гаргахгүй бөгөөд мөн хуулийн 30.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "хэрэг бүртгэлтийн явцад энэ хуулийн 1.5 дугаар зүйлд заасан тохиолдол үүсээгүй, тухайн хүн, хуулийн этгээд гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсон, яллагдагчаар татах хүн, хуулийн этгээд хаана байгаа нь тодорхой бол мөрдөгч эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлнэ" гэж заасан.

Эрүүгийн 201625020983 дугаартай хэрэгт хэрэг бүртгэлтийн хугацаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.12 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2017 оны 10 дугаар сарын 21-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл сунгасан байна.

“Э” ХХК-ийн захирал Р.Батхишигт 50 500 ам.долларын хохирол учруулсан эрүүгийн 201625020983 дугаартай хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад одоогийн үйлчилж буй хуулийн дагуу А.Быг сэжигтнээр тооцох тогтоолыг хүчингүй болгосныг иргэний хэргийн хариуцагч болгон эрүүгийн хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхтэй холбогдсон маргааныг эрүүгийн хэрэг эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад иргэний журмаар хэлэлцэж төлбөр гаргуулсан нь Иргэний хуулийн 17 дугаар зүйлийн 17.3 дахь хэсгийг зөрчиж байна.

Иймд Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтыг маргааны үйл баримтад хамааралтай талаас нь дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

            Нэхэмжлэгч Э ХХК нь хариуцагч А.Бод холбогдуулан 126 030 246 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч марган машин тоног төхөөрөмжийн захиалгын гэрээг Г.Мөнхболдын гуйлтаар хийж, нэхэмжлэгчээс авсан мөнгийг н.Дөлгөөн, н.Хэрлэн, н.Ариунболд, н.Уранчимэг, н.Цолмон нарт шилжүүлсэн гэжээ.

            Нэхэмжлэгч Э ХХК нь А.Бтой 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдөр машин тоног төхөөрөмжийн захиалгын гэрээ байгуулж, 2013 онд АНУ-д үйлдвэрлэгдсэн, Лексус 570 маркийн суудлын автомашиныг 50 500 ам.доллараар худалдан авахаар, уг автомашиныг Монгол Улсад тээвэрлэн оруулж ирэх нөхцөлөөр нийлүүлэх үүргийг хариуцагч хүлээсэн байх бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж шүүх дүгнэсэн нь зөв байна.

            Нэхэмжлэгч 20 000 ам.долларыг бэлнээр, үлдэгдэл 30 500 ам.долларыг мөн оны 2 дугаар сарын 26-ны өдөр төлж дуусгах гэрээний үүргээ биелүүлсэн, уг мөнгийг хариуцагч хүлээн авсан үйл баримтын талаар талууд маргаагүй бөгөөд Лексус 570 маркийн автомашиныг худалдан авагч талд нийлүүлэх гэрээний үүргээ хариуцагч биелүүлээгүй болох нь тогтоогдсон байна.

            Лексус 570 маркийн автомашиныг Монгол Улсад нийлүүлэх үүргийг гэрээний 1, 5 дахь заалтаар тодорхойлсныг хариуцагч зөвшөөрч гарын үсгээр баталгаажуулсан, автомашины үнэ болох 50 500 ам.долларыг өөрөө хүлээн авсан тул автомашин нийлүүлэх үүрэг хууль болон гэрээнд зааснаар хариуцагчид үүссэн байх бөгөөд гэрээг Г.Мөнхболдын гуйлтаар хийж, нэхэмжлэгчээс авсан мөнгийг н.Дөлгөөн, н.Хэрлэн, н.Ариунболд, н.Уранчимэг, н.Цолмон нарт шилжүүлсэн гэх түүний татгалзлыг хүлээн авах үндэслэлгүй.

            Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, гэрээгээр шлжүүлсэн мөнгийг буцаан шаардах эрхтэй бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг баримтаар тогтоогдсон хэмжээгээр буюу 123 487 145 төгрөгөөр /50 500 ам.доллар/ хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасанд, нэхэмжлэгчээс шилжүүлсэн гэх 1040 ам.долларыг хариуцагч А.Б хүлээн авсан нь баримтаар нотлогдоогүй тул нэхэмжлэлийн энэ хэсэг буюу 2 543 102 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт заасанд тус тус нийцсэн байна.

            Зохигчид Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар машин тоног төхөөрөмжийн захиалгын гэрээг харилцан тохиролцож байгуулан, гэрээг хүлээн зөвшөөрч гарын үсгээр баталгаажуулсан тул гэрээ байгуулагдсанд тооцож, А.Быг гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэж түүнээс төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй ба Г.Мөнхболдын гуйлтаар “Э” ХХК-тай гэрээ байгуулсан, түүний үйлдлийг эрүүгийн журмаар шалгаж шийдвэрлүүлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй байна.

            Дээрх үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 104/ШШ2017/00356 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 775 386 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                        ШҮҮГЧИД                                           Н.БАТЗОРИГ

                                                                                    А.ОТГОНЦЭЦЭГ