Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 2022/ШЦТ/1524

 

 

 

 

 

 

2022         10          21                                        2022/ШЦТ/1524

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярбат,

Улсын яллагч Я.Амарзаяа /томилолтоор/,

Шүүгдэгч Л.Ө, түүний өмгөөлөгч Д.Батбаяр /ҮД:0200/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ё” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Л.Өд холбогдох 2206 04153 2964 дугаартай 1 хавтаст эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой. эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо, 64/2 дугаар байрны 6 тоотод оршин суух, улсаас авсан шагналгүй,

Баянзүрх дүүргийн шүүхийн 2002 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 673 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 112 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнссэн,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 1335 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссэн, И овогт Лийн Ө /РД: /.

Хэргийн товч агуулга:

Л.Ө нь 2022 оны 8 дугаар сарын 6-ны өдөр, Багшийн дээдийн автобусны буудлаас Дүнжингарав чиглэлийн нийтийн тээврийн автобусаар үйлчлүүлэхдээ иргэн С.Туулын өмчлөлийн Самсунг эс-20 загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлж, 700.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Ө өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулсан дараах нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч талуудын хүсэлтээр, тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлав. Үүнд:

Үйл баримтын талаар:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.02/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Туулын өгсөн: “... 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 15 цагийн үед дүү С.Нарангийн хамт Чингэлтэй дүүргийн автобусны буудлаас 51 номерын автобусанд Дүнжингарав худалдааны төв орохоор суусан, автобусанд явж байгаад Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Сандэй худалдааны төвийн замын эсрэг тал, Улаанбаатар их сургуулийн автобусны буудал дээр ирээд утсаа үзэхэд алга болсон байсан, автобусанд утас руугаа 3-4 удаа залгаж үзэхэд дуудаж байсан боловч автобусанд дуугарахгүй байсан. Тэгээд холбогдох боломжгүй болсон...” гэх мэдүүлэг /хх.09-10/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Л.Өын гэрчээр болон яллагдагчаар өгсөн: “... Би 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Дүнжингарав чиглэлийн автобусанд суусан голын хаалганаас урдхан талд 2 эмэгтэй зогсож байсан, тэр 2-ын нэг нь утсаар ярьж байгаад утсаа цүнхэндээ хийхийг нь харж байгаад Хавдар судлалын автобусны буудал орчимд аваад буудал дээр ирэх үед автобуснаас буугаад зам хөндлөн гарсан, тэгээд шууд гэртээ харьсан, тэгээд маргааш өдөр нь цагдаагаас залгаад дуудсан. Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөгч Эрхэмбилэгт хулгайл авсан гар утсаа хүлээлгэж өгсөн. Би тухайн үед тэр эмэгтэйг утсаар ярьж байгаад гар устаа цүнхэндээ хийхдээ цүнхээ хаагаагүй болохоор нүдэнд тусаад аваад автобуснаас буусан. Тухайн үед хүүхэд өвдөөд мөнгө маш их хэрэг болоод байсан тул гар утсыг нь хулгайн авсан. Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна аа, дахиж ийм алдаа дутагдал гаргаж бусдын эд зүйлийг авахгүй цаашдаа хөдөлмөрлөж амьдарна, би өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх.13-14, 59/,

Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх.15-16/,

“Дамно” ХХК-й 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн НЦУГ-22-106 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.22-23/,

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх.52-53/,

Яллагдагчид эрх үүрэг тайлбарласан баталгаа /хх.56-57/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай шүүгдэгчийн хүсэлт /хх.66/,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай прокурорын тогтоол, санал /хх.68-69, 70/

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар:

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх.34/,

Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх.35/,

Оршин суугаа газрын тодорхойлолт /хх.39/,

Урьд ял шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх.40-46/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасны дагуу хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байх тул шүүх эдгээр нотлох баримтыг үнэлж, хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой юм.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулж, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Үйл баримтын дүгнэлт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг баримтлан, шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн бодитой, харьцуулж шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:

Л.Ө нь 2022 оны 08 дугаар сарын 06-ны өдөр, Багшийн дээдийн автобусны буудлаас Дүнжингарав чиглэлийн нийтийн тээврийн автобусаар үйлчлүүлэхдээ иргэн С.Туулын өмчлөлийн Самсунг эс-20 загварын гар утсыг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлж, 700.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх.02/,

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Туулын өгсөн: “... 2022 оны 8 дугаар сарын 06-ны өдөр 15 цагийн ... автобусны буудал дээр ирээд утсаа үзэхэд алга болсон байсан, автобусанд утас руугаа 3-4 удаа залгаж үзэхэд дуудаж байсан боловч автобусанд дуугарахгүй байсан. Тэгээд холбогдох боломжгүй болсон...” гэх мэдүүлэг /хх.09-10/,

Мөрдөн шалгах ажиллагаанд Л.Өын яллагдагчаар өгсөн: “... Би тухайн үед тэр эмэгтэйг утсаар ярьж байгаад гар устаа цүнхэндээ хийхдээ цүнхээ хаагаагүй болохоор нүдэнд тусаад аваад автобуснаас буусан. Тухайн үед хүүхэд өвдөөд мөнгө маш их хэрэг болоод байсан тул гар утсыг нь хулгайн авсан...” гэх мэдүүлэг /хх.59/,

Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх.15-16/,

“Дамно” ХХК-й 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн НЦУГ-22-106 дугаартай Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх.22-23/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Өын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтуудаар тухайн үйл баримт нэг мөр, ямар нэгэн эргэлзээгүй, хэргийн талаар нотолбол зохих байдал хангалттай тогтоогдсон гэж үзлээ.

Эрх зүйн дүгнэлт:

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Монгол Улсын иргэн хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй” гэж, Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт “Өмчлөгч нь бусад этгээдэд хууль буюу гэрээгээр олгогдсон эрхийг зөрчихгүйгээр хуулиар тогтоосон хэмжээ, хязгаарын дотор өмчлөлийн зүйлээ өөрийн үзэмжээр чөлөөтэй эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулах бөгөөд аливаа халдлагаас хамгаалах эрхтэй” гэж тус тус зааснаар иргэний өмчлөх эрхийг баталгаажуулсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.

Мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг хуульчилж, 1 дэх хэсэгт нь “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэж хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг тусгажээ.

 “Хүч хэрэглэхгүйгээр” гэж бусдын амь нас, эрүүл мэндийн халдашгүй байдалд ямар нэгэн хохирол учруулж, халдаагүй үйлдсэнийг, “нууцаар” гэж бусдын эд хөрөнгийг өмчлөгч болон бусад хүмүүст мэдэгдэлгүйгээр далд авсныг, “хууль бусаар авсан” гэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууц, далд аргаар авч, өөртөө захиран зарцуулах боломж бүрдүүлэх, захиран зарцуулсныг тус тус ойлгоно.

Түүнчлэн “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайн гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй гэсэн хувийн дотоод итгэл бүхий сэтгэхүйн харилцаагаар тодорхойлогддог.

Нөгөөтээгүүр хулгайлах гэмт хэрэг нь өмчлөх эрхийн бусад хэлбэрээс ялгагдах нэг онцлог нь хулгайлагдсан эд юмс нь гэмт халдлагад өртөгдөх үед иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, эзэмшигч тэдгээрийн эд хариуцагч хүмүүс, албан тушаалтны мэдэлд байх бөгөөд гэмт этгээд түүнтэй харьцах хууль ёсны эрх, үүрэггүй учир нууц, далд аргаар авч өөрийн эзэмшил болгодгоороо онцлогтой.

Л.Ө нь иргэн С.Туулын өмчлөлийн Самсунг эс-20 загварын гар утсыг нууцаар хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдэл нь “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.

Гэм буруугийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт Л.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэсэн дүгнэлтийг улсын яллагч гаргасан бөгөөд гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй болно.

Л.Өын гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокурорын сонсгосон ял, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг тус тус сайн дураар хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт прокурорт гаргасан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлд заасан шаардлагыг бүрэн хангасан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой юм.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэгт “бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг” буюу 300.000 төгрөг, түүнээс доош хэмжээг ойлгохоор заасан байдаг ба шүүгдэгч Л.Ө нь хохирогч С.Туулын 700.000 төгрөгийн үнэ бүхий эд зүйлсийг хулгайлан авч бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хохирол учруулжээ.

Л.Өын үйлдсэн дээрх   гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг хор уршиг учруулах аюултай байгаа нь хоорондоо шалтгаант холбоотой байна.  

          Иймд шүүгдэгч Л.Өыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хохирол, хор уршгийн талаар:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус заажээ.

Хохирогч С.Туулд эд зүйлийг биет байдлаар буцааж хүлээлгэн өгсөн байх тул шүүгдэгч Л.Өыг энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,  “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заажээ.

Ц.Чимгээ гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон бөгөөд хэрэг хариуцах чадвартай, гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байх тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд, мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан шударга ёсны зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Л.Өын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Л.Өд эрүүгийн хариуцлага оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад “учруулсан хохирлыг төлсөн” гэж заасныг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хөнгөрүүлэх ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч Л.Өд оногдуулсан 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулж байна.  

          Бусад асуудлаар:

          Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Л.Өд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлбэл зохино.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

          1. И овогт Лийн Өыг “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Өд 720 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол шүүх нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Л.Өд сануулсугай.         

          4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Л.Ө нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

          5. Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд анхан шатны шүүхээр дамжуулан шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

          6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Л.Өд урьд нь авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

  ДАРГАЛАГЧ,

                      ШҮҮГЧ                               С.ӨСӨХБАЯР