Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2024/0502

 

2024 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2024/0502

Улаанбаатар хот

 

 

                                 Иргэний нисэхийн ерөнхий газрын

                             нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч  Д.Оюумаа,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч О.Оюунгэрэл,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч М.У***,

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: И**** газар,

Хариуцагч: Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч М.У***, Нийгмийн хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч П.Б***,

Нэхэмжлэлийн шаардлага: Улсын ахлах байцаагчийн 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 07/00-02/004-03 дугаар “Шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг нөхөн олгуулах тухай акт”, нийгмийн хамгааллын улсын ахлах байцаагчийн 2024 оны 3 дугаар 12-ны өдрийн 07/00-04/014/04 дугаар “нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, алданги тооцох тухай акт”-ыг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох тухай,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2024/0475 дугаар шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.М***,

хариуцагч Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч М.У***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.У****,

Хэргийн индекс: 128/2024/0451/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Иргэний нисэхийн ерөнхий газраас шүүхэд хандан “Улсын ахлах байцаагч М.У***ын 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 07/00-02/004-03 дугаар “Шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг нөхөн олгуулах тухай акт”, нийгмийн хамгааллын улсын ахлах байцаагч П.Б***ын 2024 оны 3 дугаар 12-ны өдрийн 07/00-04/014/04 дугаар “нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, алданги тооцох тухай акт”-ыг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох”-оор маргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2024/0475 дугаар шийдвэрээр “Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.8, 10.9 дэх хэсэг, 10.9.8 дахь заалт, 10.12 дахь хэсэг, 10.12.2 дахь заалт, Захиргааны ерөнхий хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэг, 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6, 47.1.7, Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 4 дүгээр зүйлийн 4.1.16 дахь заалт, 25 дугаар зүйлийн 25.2, 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсэг, 154.2.2 дахь заалт, 154.10 дахь хэсэг, 158 дугаар зүйлийн 158.1.3 дахь заалт, Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.10 дахь хэсэг, 38.10.1, 38.10.6 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч “И**** газар” ТӨАТҮГ-аас гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч М.У***ын 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 07/00-02/004-03 дугаартай “Шөнийн цагийн нэмэгдэл хөлсийг нөхөн олгуулах тухай акт” болон нийгмийн хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч П.Б***ын 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 07/00-04/014/04 дугаартай “Нийгмийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлж, алданги тооцох тухай” актыг тус тус илт хууль бус захиргааны акт болохыг тогтоож шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчаас дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргасан. Үүнд:

3.1 Анхан шатны шүүхийн “хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8, 10.12.2-т заасны аль нэгийг сонгох боломжтой байхад төлбөр тогтоосон акт гаргасан нь буруутай гэж” дүгнэсэн нь хэтэрхий нэг талыг барьсан шийдвэр байна. Учир нь хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8 дахь заалтыг хэрэглэж албан шаардлага хүргүүлэх, эсхүл мөн зүйлийн 10.12.2 дахь заалтыг хэрэглэж, нөхөн төлбөрийн аль нэгийг сонгоно гэсэн хуулийн заалт байхгүй,

3.2 Дээрх асуудал нь хөдөлмөрийн сонирхлын маргаан биш бөгөөд тухайн асуудал нь хөдөлмөрийн хууль тогтоомж, хамтын хэлэлцээрийг хэрэгжүүлэх, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ эдгээрийг тайлбарлахтай холбоотой гарсан талуудын саналын зөрүү биш хуульд тусгайлан заасан нэмэгдэл хөлсийг олгоогүй, хуулийн заалтыг дордуулсан байх тул улсын байцаагч дээрх шийдвэрийг гаргасан,

3.3 Хяналт шалгалтаар Иргэний нисэхийн ерөнхий газрын “Нислэгийн удирдагчдыг төлөөлдөг” ТББ-аас гаргасан өргөдөл үндэслэлтэй байсан тул 2402000105 дугаартай зөрчлийн хэрэг нээн Нийслэлийн прокурорын хяналтад шилжүүлсэн бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.8-д заасныг зөрчсөн зөрчилд 4,487,005,072 төгрөгийг нөхөн төлүүлэхээр Иргэний нисэхийн ерөнхий газрын даргад даалгавар хүргүүлж 07/00-02/004-03 тоот улсын байцаагчийн актаар мөнгөн дүнг төлүүлэхээр тогтоосон,

 Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү зэрэг үндэслэлээр тайлбарлаж байна.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үндэслэлийг бүрэн тодруулалгүй, хэрэгт хамааралтай нотлох баримтыг дутуу бүрдүүлэн хэргийг шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 32 дугаар зүйлийн 32.1-т “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 52 дугаар зүйлийн 52.2 дахь хэсэгт “Нэхэмжлэлд дараах зүйлийг тусгана”, 52.2.4-т “нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл”, 52.5.4-т “захиргааны акт, захиргааны гэрээг хүчингүй болгуулах, илт хууль бус болохыг тогтоолгох, эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн”, 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж тус тус заасан.

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзлын үндэслэлд хамаарах нотлох баримтыг хэргийн оролцогчдын хүсэлт, өөрийн санаачилгаар бүрэн цуглуулсны үндсэн дээр нэхэмжлэгчийн эрх зүйн хамгаалалт хүсэж буй эрх, ашиг сонирхол нь хууль ёсны эсэх, хариуцагчийн татгалзал хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт өгч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-106.3.14 дэх хэсэгт заасан шийдвэрийг гаргах эрх хэмжээтэй.

   4. Нэхэмжлэгчээс улсын ахлах байцаагч нарын 2024 оны 07/00-02/004-03 болон 07/00-04/014/04 дугаар актуудыг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, 47.1.4-т “захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус”, 47.1.6-д “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй”, 47.1.7-д “түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй” гэж заасан үндэслэлээр илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргаж,

нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Хөдөлмөрийн эрх зүйн маргаан байхад түүнийг хянан шийдвэрлэх чиг үүрэггүй этгээд, чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, ... Иргэний нисэхийн үндэсний төвийн харъяа Нислэгийн хөдөлгөөний үйлчилгээний албаны ажилтны цалин хөлсийг И**** газар олгодоггүй байхад маргаан бүхий актаар тус газрын дарга болон Санхүү, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга нарт хариуцуулж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, ... Хамтын гэрээгээр нарийвчлан зохицуулсан харилцааг үгүйсгэж, өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар, улсын байцаагчийн акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй байхад акт гаргасан нь хууль бус, ... шөнийн цагийн нэмэгдэлтэй холбоотой асуудлаар үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудтай салбарын хэмжээнд маргаан байхгүй харилцан тохиролцсон асуудал тул улсын байцаагчийн актыг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй..” хэмээн тайлбарлан маргасан.

5. Хэргийн оролцогчдийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд,

5.1 “Монголын нислэгийн удирдагчдын холбоо” ТББ-аас 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 006/24 дугаартай албан бичгээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдад хандан “...Хөдөлмөр, нийгмийн түншлэлийн 2023-2025 оны Улсын хэлэлцээрийн гуравдугаар бүлгийн 9 дэх заалт “Төрийн болон орон нутгийн өмчит аж ахуй нэгж, байгууллагуудын цалин хөлс, нийгмийн хамгааллын асуудлыг хамтын гэрээ, хамтын хэлэлцээрээр шийдвэрлэх”, Иргэний нисэхийн салбарын 2022-2024 оны хамтын хэлэлцээр, Иргэний нисэхийн ерөнхий газрын 2022-2024 онд хэрэгжүүлэх хамтын гэрээнд заасан ажилтны шөнийн цагийн нэмэгдлийг 1,3 дахин түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлэх, эрүүл мэндийн даатгалд хамруулах, түүнд зарцуулагдах хөрөнгийг шийдвэрлэх, ажил олгогч нь ажилтнуудын цалин хөлсийг бодит инфляцийн түвшин, ажлын ачаалалтай уялдуулан, Засгийн газраас төрийн албан хаагчийн цалин хөлсийг нэмэгдүүлэх тохиолдолд бүрд нэмэгдүүлсэн хувиар нэмэгдүүлэх, нислэгийн удирдагчдын зэргийн нэмэгдлийг олгох зэрэг заалтууд өнөөдрийг хүртэл хэрэгжихгүй байх тул ... хэрэгжилтэд хяналт шалгалт хийлгэх” өргөдлийг гаргасан.

Үүний дагуу Салбарын улсын ерөнхий байцаагчийн 2024 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 13-07/03 дугаар Хяналт шалгалтын удирдамжаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч М.У*** болон Нийгмийн хамгааллын хяналтын улсын ахлах байцаагч П.Б*** нар И**** газарт Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйл, 122 дугаар зүйлийн хэрэгжилт болон гомдолд дурдагдсан асуудлын хүрээнд төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг хийсэн.

5.2 Шалгалтаар “... ажил олгогч нь ажилтнуудыг ээлжийн хуваарийн дагуу шөнийн цагаар ажиллуулсан нэмэгдэл хөлсийг хууль тогтоомж, хамтын хэлэлцээрт заасны дагуу олгодоггүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.8, Иргэний нисэхийн салбарт 2022-2024 онд хэрэгжих Хамтын хэлэлцээрийн 4.3-т заасныг,  Хөдөлмөрийн дотоод журамдаа ээлжийн ажилтнуудын шөнийн нэг цагийн нэмэгдэл хөлсийг хэвийн нөхцөлд ажиллагсдад 1000 төгрөгөөр, хэвийн бус нөхцөлд ажиллагсдад 2000 төгрөгөөр тус тус нэмэгдүүлэн тооцож олгож байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т заасныг” тус тус зөрчсөн  болохыг тогтоож,

хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 07/00-02/004-03 дугаар актаар “2022 оноос 2023 онд ээлжийн хуваарийн дагуу шөнийн ээлжид ажилласан ажилтнуудын шөнийн цагаар ажиллуулсан нэмэгдэл хөлс 4,487,005,072 төгрөгийг 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор нөхөн олгох”-ыг,

нийгмийн хамгааллын хяналтын улсын ахлах байцаагчын 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 07/00-04/014/04 дугаар актаар "...Нисэхийн хөдөлгөөний үйлчилгээний албаны 2022 оны 1-12, 2023 оны 1-12 дугаар саруудад шөнийн цагаар ажилласан нэр бүхий ажилтнуудад нөхөн олгох нэмэгдэл хөлс 4,487,005,072.0 (дөрвөн тэрбум дөрвөн зуун наян долоон сая таван мянга далан хоёр) төгрөгийн орлогод нийгмийн даатгалын шимтгэл 24 хувиар тооцож 1,076,881,217.47 (нэг тэрбум далан зургаан сая найман зуун наян нэгэн мянга хоёр зуун арван долоон төгрөг дөчин долоон мөнгө) төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл, дутуу төлсөн хоног тутамд 0.1 хувиар тооцож 32,306,436.52 (гучин хоёр сая гурван зуун зургаан мянга дөрвөн зуун гучин зургаан төгрөг тавин хоёр мөнгө) төгрөгийн алданги, нийт 1,109,187,653.99 (нэг тэрбум нэг зуун есөн сая нэг зуун наян долоон мянга зургаан зуун тавин гурван төгрөг ерэн есөн мөнгө) төгрөгийг Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын газрын шимтгэлийн орлогын дансанд 2024 оны 5 дугаар сарын 01-ний дотор нөхөн төлөх”-ийг тус тус Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга Ч.Мөнхтуяа, Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Д.Хатанбаатар нарт хариуцуулж шийдвэрлэсэн.

6. Хөдөлмөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7-д “хамтын гэрээ” гэж тухайн аж ахуйн нэгж, байгууллагын ажилтны хөдөлмөр эрхлэх, түүнтэй холбогдох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөдөлмөрийн хууль тогтоомжоор тогтоосон суурь хэмжээнээс дордуулахгүйгээр харилцан тохиролцож ажилтныг илүү таатай нөхцөлөөр хангах, хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл, нийгмийн хамгаалалттай холбоотой хуулиар шууд зохицуулаагүй асуудлыг шийдвэрлэхээр ажил олгогч, ажилтны төлөөлөгчийн хооронд байгуулж, зохих журмын дагуу бүртгүүлсэн тохиролцоог”, 4.1.8-д “хамтын хэлэлцээр” гэж хүний хөдөлмөрлөх, түүнтэй холбогдох эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор улс, аймаг, сум, нийслэл, дүүрэг, салбар, салбар дундын хэмжээнд холбогдох талуудын хооронд байгуулж, зохих журмын дагуу бүртгүүлсэн тохиролцоог” тус тус ойлгоно хэмээн,

31 дүгээр зүйлийн 31.4-т “Цалин хөлсний асуудлаар байгуулах хамтын гэрээ, хамтын хэлэлцээрийг нэг жилээс доошгүй хугацаагаар байгуулна”, 33 дугаар зүйлийн 33.1-д “Хамтын гэрээ, хамтын хэлэлцээрийн биелэлтэд талууд хяналт тавих бөгөөд хяналт тавих арга, хэлбэрийг талууд харилцан тохирч хамтын гэрээ, хамтын хэлэлцээрт тусгана. Хамтын хэлэлцээрт тусгайлан заагаагүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн хамтын хэлэлцээрийн биелэлтэд тухайн шатны Засаг дарга, улсын хамтын хэлэлцээрийн биелэлтэд Үндэсний хороо тус тус хяналт тавина”, 34 дүгээр зүйлийн 34.1.2-т “салбар, салбар дундын хамтын хэлэлцээрээр тухайн салбарын ажилтны хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл, хөдөлмөр зохион байгуулалт, хөдөлмөрийн норм, норматив, тариф, цалин хөлсний асуудал”, 37 дугаар зүйлийн 37.1-д “Хамтын гэрээгээр зохицуулах харилцааг талууд харилцан тохиролцох бөгөөд ажилтны хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхолтой холбоотой дараах асуудлыг хамтын гэрээнд тусгаж болно” гээд 37.1.1-д “үндсэн цалингийн сүлжээ, нэмэгдэл, нэмэгдэл хөлс, шагнал урамшуулал, олговор, нөхөн төлбөрийн хэмжээ”, 41 дүгээр зүйлийн 41.2-т “Ажил олгогч, эсхүл түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь ажилд орох гэж байгаа хүнтэй түүний гүйцэтгэх ажил үүрэг, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөр эрхлэлтийн бусад нөхцөлийг харилцан тохиролцох бөгөөд ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүснэ”, 49 дүгээр зүйлийн 49.1-д “Хөдөлмөрийн гэрээнд дараах гол нөхцөлийг тусгана” гээд 49.1.3-т “цалин хөлсний хэмжээ”, 107 дугаар зүйлийн 107.2-т “Ажил олгогч, ажилтны төлөөлөгч харилцан тохиролцсон бол цалин хөлсийг аж ахуйн нэгж, байгууллагын болон салбар, салбар дундын түвшинд тус тус хамтын гэрээ, хамтын хэлэлцээрээр зохицуулж болно гэж тус тус заасан.

7. Хуулийн дээрх зохицуулалтаар, цалин хөлс нь ажил олгогч, ажилтан хоёрын хооронд байгуулагдах хөдөлмөрийн гэрээний нэг нөхцөл буюу талуудын зарчимд үндэслэж хийгдэх тохиролцоо болох, аж ахуйн нэгж, байгууллага нь ажилтны хөдөлмөрлөх, түүнтэй холбоотой нийтлэг эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, хууль тогтоомжоор тогтоосон суурь хэмжээнээс дордуулахгүйгээр ажилтныг илүү таатай нөхцөлөөр хангах зорилгоор хамтын гэрээ, хэлэлцээр байгуулж цалин хөлсийг тогтоож болохыг тус тус тодорхойлж, тухайн хамтын гэрээ, хамтын хэлэлцээрийн биелэлтэд тавих талуудын хяналтын арга, хэлбэрийг талууд харилцан тохирч хамтын гэрээ, хамтын хэлэлцээрт тусгах, хамтын хэлэлцээрт уг асуудлыг тусгайлан заагаагүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн хамтын хэлэлцээрийн биелэлтэд тухайн шатны Засаг дарга, улсын хамтын хэлэлцээрийн биелэлтэд Үндэсний хороо тус тус хяналт тавих талаар нарийвчлан зохицуулсан байна.

8. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд, Зам, тээврийн хөгжлийн яам, И**** газар, И**** төв, “М***” ТӨХК, “Н****” ХХК, Монголын тээвэр, холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн холбооноос Иргэний нисэхийн салбарт 2022-2024 онд хэрэгжих хамтын хэлэлцээрийг байгуулан, 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр бүртгүүлсэн. Тухайн хамтын хэлэлцээрт иргэний нисэхийн салбарын хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл, хөдөлмөр зохион байгуулалт, хөдөлмөрийн норм, норматив, тариф, цалин хөлсний асуудлыг зохицуулж, хэлэлцээрийн биелэлтэд талуудын төлөөлөгчид, мөн хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хяналт тавихаар тусгайлан заасан бөгөөд хэлэлцээрийн 4.3-д “Ээлжинд ажилладаг ажилтны шөнө ажилласан нэг цагийн нэмэгдлийг олгохдоо түүний дундаж цалин хөлсийг 1.3 дахин түүнээс дээш хэмжээгээр нэмэгдүүлж олгоно” хэмээн заасан.

9. Анхан шатны шүүх, Хөдөлмөрийн тухай хууль болон 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр бүртгүүлсэн “Иргэний нисэхийн салбарт 2022-2024 онд хэрэгжих хамтын хэлэлцээр”-ийн заалтын агуулгыг бүрэн судлалгүй, хамтын хэлэлцээрийн хэрэгжилттэй холбоотой маргаанд хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч хяналт тавих эрхтэй эсэх, нөхөн төлбөрийн буюу хохирол нөхөн төлүүлэх талаарх зохицуулалт нь маргаан бүхий эрх зүйн харилцаанд үйлчилэх эсэх, талуудын гэрээ, хэлэлцээрээр тохирсон зүйл нь нийтийн эрх зүйн маргаанд хамаарах эсэх зэрэг асуудлыг бүрэн тодруулаагүй, холбогдох нотлох баримтыг дутуу цуглуулж, дүгнэлт хийхгүй хэргийг шийдвэрлэсэн.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-д “хяналт шалгалтыг зөвхөн хууль болон нийтээр дагаж мөрдөхөөр бүртгэгдсэн эрх зүйн актыг үндэслэн явуулах ба гагцхүү хуулиар эрх олгосон хяналт шалгалтын байгууллага, албан тушаалтан хэрэгжүүлэх” хэмээн улсын байцаагч гагцхүү хуульд тусгайлан заасан асуудлаар хяналт шалгалт явуулах эрхтэй байхаар зохицуулсан байхад анхан шатны шатны шүүх “... улсын байцаагч нар нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.2-т “аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хууль бусаар олсон орлого, эд хөрөнгийг акт үйлдэж улсын орлого болгох, түүнчлэн бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх” гэж заасныг үндэслэсэн нь хяналт шалгалтын үндсэн зорилгодоо нийцээгүй буюу Монголын нислэгийн удирдагчдын холбооноос Хөдөлмөрийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт заасныг зөрчсөн агуулгаар маргаж байхад энэ талаарх маргаанийг Хөдөлмөрийн тухай хуулиар шийдвэрлэх боломжийг заасан албан шаардлага хүргүүлэх эсхүл дүгнэлт гаргах боломжтой байхад төлбөр тогтоосон акт гаргасан нь буруу ...” хэмээн хуулийн зохицуулалтыг хэт ерөнхий байдлаар тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь үндэслэл муутай болжээ хэмээн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

10. Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж тухайлан заасан.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд хариуцагч улсын байцаагч нараас Зөрчлийн тухай хуулийн 10.16 дугаар зүйлийн 9.2-д “ажилтны цалин хөлсийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тогтоосон хугацаанд нь олгоогүй, эсхүл саатуулсан” гэх зөрчил тогтоогдсон ч Иргэний нисэхийн ерөнхий газрын дарга нь “төрийн албан хаагч” тул мөн хуулийн 2.3 дугаар зүйлийн 4-т “Төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүй нь энэ хуульд заасан зөрчлийн шинжтэй бол түүнд холбогдох хууль тогтоомжид заасан сахилгын шийтгэл хүлээлгэнэ. Төрийн албан хаагчийн албаны чиг үүргээ хэрэгжүүлсэн үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоогүй зөрчилд энэ хуульд заасан нийтлэг журмаар шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэнэ” гэж заасныг үндэслэн шийтгэлээс чөлөөлөх хуудсыг үйлдсэн.

Улмаар 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдөр “Зөрчлийн үр дагаварыг арилгах аргах хэмжээ авахуулах” эрх бүхий албан тушаалтны албан даалгаварыг үйлдэж, улсын байцаагч нарын актаар тогтоосон “ажилтнуудын ажлын нэмэгдэл хөлс, нийгмийн даатгалын шимтгэл”-ийг нөхөн төлөхийг 2024 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор биелүүлэхийг даалгасан болох нь тогтоогдсон. Гэтэл анхан шатны шүүх зөрчил тогтоогдсон, түүний үр дагаварыг арилгуулах байдлаар эрх бүхий албан тушаалтны албан даалгавар өгөх хүрээнд маргаан бүхий актыг тогтоосныг зөрчлөөс салгаж, тусад нь эрх зүйн дүгнэлт өгч, хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.

11. Тухайн тохиолдолд анхан шатны шүүх хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд нотолгооны ач холбогдол бүхий нотлох баримтыг дутуу цуглуулан, нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг бүрэн тодруулалгүй, хамтын гэрээ, хамтын хэлэлцээрт хяналт тавих бүрэн эрх хариуцагч улсын байцаагч нарт олгогдсон эсэх асуудалд дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуульд заасан шаардлагад нийцэхгүй бөгөөд анхан шатны шүүхийн энэхүү алдааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэж, дүгнэлт өгч, хэргийг бүхэлд нь хянан, нэг мөр шийдвэрлэх боломжгүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4, 121.3.5-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 128/ШШ2024/0475 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                      ШҮҮГЧ                                                 Д.ОЮУМАА

 

                      ШҮҮГЧ                                                 О.ОЮУНГЭРЭЛ

                      ШҮҮГЧ                                                 Г.МӨНХТУЛГА