Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 07 сарын 06 өдөр

Дугаар 128/ШШ2021/0457

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч У.Б би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: П.Д

Хариуцагч: БДЗД

Гуравдагч этгээд: Т Ч ХХК. /РД: **/

Нэхэмжлэлийн шаардлага: ... Баянгол дүүргийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/174 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Ч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ш нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Иргэн П.Д шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон нэхэмжлэлтэй холбоотой шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ... Миний бие Баянгол дүүрэг, .. дүгээр хорооны .. давхрын .. дугаар байрны ..тоотын хууль ёсны өмчлөгч бөгөөд тус орон сууцанд 1977 оноос хойш 3 үеэрээ амьдран сууж байсан. Дээрх орон сууцыг 1990 онд анх хувьчилж авсан бөгөөд миний бие 2006 оны 4 дүгээр сарын 19-ны өдөр бэлэглэлийн үндсэн дээр орон сууцны өмчлөгчөөр бүртгүүлж үл хөдлөх хөрөнгийн Ү-******** дугаар бүхий 00017930* дугаар албан бичгээр гэрчилгээ авсан байдаг.

Гэтэл 2019 оны 3 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн "Т Ч" ХХК нь миний өмчлөлийн дээрх орон сууцанд дахин төлөвлөлт гэсэн нэрийн доор халдаж эхэлсэн бөгөөд тус халдсан хууль бус үйлдлийг цагдаагийн байгууллага зогсоосон юм. Гэвч Баянгол дүүргийн засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааг эрчимжүүлэх ажлын хэсэг байгуулах тухай 174 дүгээр захирамж нь үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилготой бөгөөд уг захирамжаар батлагдсан ажлын хэсэг нь "Т Ч" ХХК-ийн хууль бус үйл ажиллагааг өөгшүүлэн дэмжиж, миний өмчлөлийн орон сууцанд хууль бусаар халдах нөхцөл боломжийг бүрдүүлж өгсөн юм. Иймд уг актын улмаас миний дараах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн болно.

Миний хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхэд халдсан. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлд Монгол Улсын иргэдийн баталгаатай эдлэх үндсэн эрхийг тодорхойлж тусгаж өгсөн ба тус зүйлийн 16.3 дугаарт Хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийн хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө гэж Монгол Улсын иргэний өмчлөх эрхийг баталгаажуулсан ба өмчлөх эрхэд хууль бусаар халдахыг хориглож хэм хэмжээ тогтоож өгсөн байна. Мөн Монгол Улсын иргэний хуульд уг зохицуулалтыг тодорхой тусгаж тус хуулийн 103 дугаар зүйлийн 103.1 дүгээрт Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлана гэсэн байдаг. Маргаан бүхий 174 дүгээр захирамжийг удирдлага болгон төсөл хэрэгжүүлэгч Т Ч ХХК нь орон сууц нураах үйл явцыг үргэлжлүүлэн миний өмчлөлийн орон сууцанд хууль бусаар халдаж, гэрийн минь хаалгыг эвдэлж, орон сууцнаас хүчээр гаргасан хууль бус үйл ажиллагаа явуулж Монгол Улсын иргэнд Үндсэн хууль, Иргэний хуулиар олгосон өмчлөх эрхэд халдсан ноцтой үйлдэл гаргасан. Хөгжилд чиглэсэн аливаа үйл ажиллагаа нэг ч хүнийг орон гэргүй болгох болон хүний эрхийн бусад зөрчилд оруулах ёсгүй юм.

Гурван талт гэрээ байгуулах, тохиролцох, зөвшилцөлд хүрэх эрх зөрчигдсөн. Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн орон сууцыг буулгаж, дахин барилгажуулах тухай асуудлыг Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11-р зүйлийн 11.1.4 дүгээрт төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтийг хангуулах Орон сууцны тухай хуулийн 151 дүгээр зүйлийн 151.3 дугаарт Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны оронд шинээр орон сууцны барилга барих хөрөнгө оруулагч нь аймаг, нийслэлийн Засаг дарга, сууц өмчлөгчидтэй харилцан тохиролцож гэрээ байгуулах бөгөөд уг гэрээнд сууц өмчлөгчдийг нүүлгэн шилжүүлэх, орон сууцаар түр хангах, шинэ орон сууцны ашиглалтад орох хугацаа, талбайн хэмжээ, үнэ, төлбөр, хариуцлагын асуудлыг тусгана гэж орон сууцыг буулгаж, дахин барилга барихаасаа өмнө орон сууц өмчлөгчтэй гэрээ байгуулна гэж заасан байдаг. Баянгол дүүргийн Засаг даргын 174 дүгээр захирамж гарч миний өмчлөлийн орон байрыг нураах ажиллагаа явуулснаар Орон сууцны тухай хууль болон Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулиудад заасны дагуу П.Д миний харилцан тохиролцох, зөвшилцөлд хүрэх, гэрээ байгуулах эрхийг зөрчсөн үр дүн гаргасан.

Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсэг Хувийн гэр,орон сууцны хашааны газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах тохиолдолд түүнийг чөлөөлөх ажлыг зөвхөн 5 дугаар сарын 15-ны өдрөөс 9 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд хийнэ гэсэн заалттай байдаг. Гэтэл уг захирамж нь 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр гаргасан байдаг. Баянгол дүүргийн Засаг даргын 174 дүгээр захирамжийг анхнаасаа Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5 дугаарт хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан гэж үзэж байна.

Монгол Улсын Үндсэн хуульд заасан амьд явах, орон байртай байх эрх зөрчигдөөд өнөөдрийг хүрч байна. Байрыг буулгахаас өмнө Т Ч компанитай тохиролцоонд хүрэх гэж оролдсон боловч ямар нэгэн байдлаар тохиролцоогүй. 5 сарын 15-ны өдрөөс 9 сарын 15-ны өдөр хүртэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага албадан нүүлгэх ажиллагаа хийдэггүй байтал энэ эрхийг зөрчлөө. Дээрэмдэх үйл ажиллагаа 3 сарын 30-ны өдөр буюу амралтын өдөр байсан. Баянгол дүүрэг, засаг дарга байсан О руу утсаар ярьж мэдэгдэхэд ийм зүйл байх ёсгүй миний нэрийг барьж худал хэлж байна гэсэн хариу өгсөн. Тэр талаар нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн. Түр оршин суух байраар хангаж өгөөгүй хэр нь байрнаас албадан гаргасанд гомдолтой байна.

Иймд 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр Баянгол дүүргийн засаг дарга 174 дүгээр захирамжийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2 дугаарт заасны дагуу захиргааны акт илт хууль бус болохыг тогтоож өгнө үү... гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Ч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ... Засаг даргын захирамж маргаан бүхий акт захиргааны акт болох асуудлыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх шийдвэрлэсэн. 2019 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Т Ч компани Баянгол дүүргийн Засаг даргад хандаж гомдол гаргасан. Гомдлыг шийдвэрлэсэн хэлбэр нь 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн А/174 дугаартай захирамж гэдэг тайлбарыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өгсөн. Т Ч компани үйл ажиллагаа явуулахад зориулж гаргасан захирамж юм байна. 10-р байрны 1 болон 3 тоот айлууд орон сууцаа чөлөөлж өгөхгүй байгаа чөлөөлөх ажлыг хуулийн хүрээнд шийдвэрлэж өгнө үү гэдэг гомдлын дагуу гарсан захирамж. Захирамжийн агуулга нь 10-р байрны 1 болон 3 тоот айлуудыг тухайн амьдарч байгаа орон сууцнаас албадан гаргуулах буюу төрийн байгууллагын зүгээс дээрх үйл ажиллагаанд нь ямар нэгэн байдлаар саад болохгүй. Ажлыг хурдын шуурхай явуулах ёстой гэдэг чиглэл өгсөн. Уг чиглэлийн үр дүнд Монгол улсын иргэний өмчлөх эрхэнд тодорхой хэмжээгээр халдсан үйл явдал болсон байна. Гадагшаа чиглэсэн буюу иргэн П.Д гэдэг хүний хууль ёсны эрх ашиг сонирхолд хандсан акт байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан хуулийн зорилтоос харахад захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах гэж заасан. Энэ чиг үүргийнхээ хүрээнд шүүх маргаа бүхий асуудлыг шийдвэрлэх ёстой. А/174 дугаартай захирамж нь Т Ч компанийн ажилчид нэхэмжлэгчийн хувийн орон сууцанд хууль бусаар нэвтрэн орж орон сууцнаас албадан чөлөөлөх эрхийг олгосон акт гэж харж байна. Орон сууцыг нураах үйл ажиллагаа 3 дугаар сарын 30-ны өдөр эхэлсэн ч Цагдаагийн байгууллагын шаардлагаар тухайн ажлыг зогсоосон. 4 дүгээр сарын 2-ны өдөр Баянгол дүүргийн Засаг даргын захирамж гарснаар орон сууцыг нураасан. Монгол Улсын Үндсэн хууль, Олон улсын гэрээнд заасан холбогдох зарим эрхүүдийг зөрчсөн. Олон улсын гэрээнд хүний орон байр халдашгүй дархан байхаар заасан. Зөвшилцөлд хүрэх эрхийг зөрчсөн. Дүүргийн Засаг даргын захирамж нь өөрөө орон сууцыг нураах ажлыг эрчимжүүл гэж гарсан тул "Т Ч" компани орон сууц өмчлөгчтэй тохиролцоо хийх шаардлагагүй нөхцөл үүссэн. Засаг дарга өөрөө гурван талт хэлэлцээр хийх үйл явцад дэмжлэг үзүүлэх ёстой байхад эсрэгээрээ нэг талд нь гарч "Т Ч" компанид эрх олгосон шинжтэй захирамж гаргаад иргэний эрх хууль ёсны ашиг сонирхолд халдсан. Дүүргийн Засаг дарга эрх хэмжээгээ хэтрүүлэн хууль бус шийдвэр гаргасан. Дүүргийн Засаг даргад энэ эрх олгогдоогүй. Орон сууцны тухай хуулийн 151 дүгээр зүйлийн 151.6-д ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцыг буулгах, дахин төлөвлөх, шинээр орон сууц барих талаар аймаг, нийслэлийн Засаг даргын шийдвэр гарснаар тухайн орон сууцыг мэдээллийн нэгдсэн сангаас хасаж ашиглах эрх дуусгавар болно гэж заасан. Ашиглалтын шаардлага хангахгүй болсон орон сууцыг дахин төлөвлөх шинээр барих асуудлыг зөвхөн аймаг, нийслэлийн Засаг дарга хэрэгжүүлнэ. Гэтэл хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга өөрийнхөө эрх хэмжээг хэтрүүлсэн захирамж гаргасан байна. Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 дэх хэсгийг хүнийг орон сууцнаас чөлөөлөх ажлыг зөвхөн дулааны улиралд гүйцэтгэдэг гэдэг байдлаар тайлбарлаж байгаа. А/174 дүгээр захирамж нь 4 дүгээр сарын 2-ны өдөр гарсан хуулийн зохицуулалтыг зөрчсөн гэж үзэж байна. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч захирамжид хугацаа заагаагүй гэж хэлсэн. Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу шийдвэр өөрөө тодорхой байх нөхцөлд нийцүүлэхийн тулд хугацааг заах ёстой байсан. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.5, 47.1.6-д заасны дагуу А/174 дугаар захирамж илт хууль бус акт болохыг тогтоож өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Засаг даргын 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн А/174 дүгээр ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах, үйл ажиллагааг эрчимжүүлэх ажлын хэсэг байгуулах тухай захирамж нь нэхэмжлэгч П.Д-ын хууль ёсны эрх ашиг сонирхлыг хөндөөгүй бөгөөд Засаг даргын зүгээс харьяа хэлтэс албаддаа үүрэг чиглэл өгсөн дотогшоо чиглэсэн тул захиргааны актад хамаарахгүй. Дүүргийн Засаг даргын зүгээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсан өмчлөх эрхэд халдаагүй дээрх захирамжийн улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчигдөөгүй гэж үзэж байна. Маргаан бүхий захирамж нь дотогшоо чиглэсэн тушаал. Иргэн П.Д-д шууд халдсан захирамж биш. Хэргийн тухайд 2014 оны 7 дугаар сарын 02-ны өдөр Монгол улсын Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн шийдвэр гарсан. Уг шийдвэрт маргаан бүхий байр ашиглалтын шаардлага хангахгүй гэж тусгагдсан. 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Нийслэлийн Засаг даргын захирамжийн нэгдүгээр хэсэгт Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах 10,11,12,13,14,15 зэрэг байруудыг ашиглалтын шаардлага хангахгүй тул буулгах захирамж гарсан. 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдөр төсөл хэрэгжүүлэх эрхийг "Т Ч" компанид олгосон. Тухайн байгууллага нь ажил үүргээ гүйцэтгэж байгаад 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газарт гомдол гаргасан. Гомдолдоо 10-р байранд 15 өрх айл амьдардаг бөгөөд 13 иргэн бидэнтэй тохиролцож 2 болон 3 талт гэрээ байгуулсан. 2 иргэн өөрсдийн ашиг сонирхол шуналын сэдлээр ажлыг зогсоож байна. Иймд гомдлын дагуу 2019 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр ажлыг эрчимжүүлэх зорилгоор Баянгол дүүргийн Засаг дарга дотоод хэлтэс албаддаа ажлыг эрчимжүүлэх үүрэг өгсөн. Хоёр болон гурван талт гэрээний тухайд 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас иргэн П.Д-д тайлбар хүргүүлсэн нь хавтаст хэргийн 25 д авагдсан байгаа.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас үзэхэд дүүргийн Засаг даргын захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдийн алинд хамаарч байгаа нь тодорхойгүй байна гэв.

Гуравдагч этгээд "Т Ч" ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.У шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ... Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ миний бие уг захирамжийг хууль бус болохыг тогтоолгосноор Засаг дарга болон төсөл хэрэгжүүлэгч байгууллагатай харилцан тохиролцож зөвшилцөлд хүрэх, 3 талт гэрээ байгуулах болон уг гэрээний үндсэн дээр шинээр баригдах орон сууцнаас эхний ээлжид өмчлөх эрх сэргээлгэгдэх ач холбогдолтой гэжээ. Манай компанийн хувьд иргэн П.Д-тай тохиролцож, 3 болон 2 талт гэрээ хийхэд татгалзах зүйл огт байхгүй. Иймд түүний гаргасан нэхэмжлэл нь ямар ч ач холбогдолгүй болох нь үүгээр нэгэнт батлагдаж байна .

Иргэн П.Д-ын хувьд бага м.кв талбайтай орон сууцтай атлаа түүнийгээ хэт өндрөөр үнэлж буюу 400 сая төгрөг бэлэн өг эсхүл 80 м.кв үйлдвэрлэл, үйлчилгээний талбай өг гэхчлэн шаардлага тавьж, бусад иргэдээс илүү их болзол тулгасан бөгөөд энэ шаардлагыг нь бид эс зөвшөөрсөн тул хууль хяналтын боломжит бүхий л газар гомдол гаргаж өөрөө өөрийнхөө эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих замыг сонгон явж байгаа хүн юм.

Баянгол дүүргийн Засаг дарга болон Тамгын газар манай компанийн талд орж ямар нэг давуу тал олгосон явдал байхгүй. Харин ч иргэн П.Д-тай уулзалт хийх гэж олон удаа оролдсон боловч хуульч өмгөөлөгчтэйгөө хамт байна гэх зэргээр шалтаглаж уулзаагүй, уг орон сууцыг буулгах ажиллагаанд маш ихээр саад учруулж, элдэв байдлаар доромжлох ба дарамтлах, бөө мөргөл зэргийг ашиглах, гүтгэх явдал хэрээс хэтрүүлэн гаргаж байсан тул цагдаагийн байгууллагад хүртэл бидний зүгээс удаа дараа хандаж байсан талтай. Иймд Засаг дарга түүний тамгын газар хуулийг хэрэгжүүлсэн төдийгүй үүрэг, ном журмынхаа дагуу захирамжлан ажилласан юм.

Энэхүү гаргасан нэхэмжлэлийг хангах нь манай компанийн төдийгүй дахин төлөвлөлтөд хамрагдсан олон мянган айл өрхийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж, хэвийн үйл ажиллагааг алдагдуулж, төрөөс хэрэгжүүлж буй төсөлд саад хүндрэл бэрхшээл учруулж, улмаар олон иргэдийн эрхийг хөндөх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Г шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: П.Д гэдэг иргэн "Т Ч" компанийн шалгарсан орон сууцыг дахин барилгажуулах төсөлд хамрагдсан иргэн учраас "Т Ч" компани энэ хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байна. Нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлүүдээр хүлээн зөвшөөрөхгүй. Маргаан бүхий Баянгол дүүргийн Засаг даргын А/174 тоот захирамж хууль бус захиргааны акт биш. Хэрэв хууль бус захиргааны акт байсан бол П.Д нэхэмжлэл гаргах эрхтэй байсан. Засаг дарга өөрт олгогдсон чиг үүрэг, эрх хэмжээнийхээ уг захирамжаар дахин төлөвлөлтийн ажлыг эрчимжүүлэх чиглэл өгсөн байдаг. Хууль бус акт биш тул П.Д-д нэхэмжлэл гаргах эрх байхгүй, хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Илт хууль бус захиргааны актын тухайд хөөн хэлэлцэх хугацаа хамаардаг. 2019 онд энэ үйл явдал болсон. Захиргааны актын биелэлт хангагдаж айл өрхүүд нь байрандаа орсон байгаа. П.Д нэхэмжлэлдээ "Т Ч" компанитай тохиролцох боломжийг энэ актаар хязгаарласан. Хэрвээ энэ акт гараагүй байсан бол би Тэргүүн чансаа компанитай тохиролцоод байрандаа орох боломжтой байсан гэж бичсэн байна. "Т Ч" компаниас П.Д-тай одоо ч тохиролцох боломжтой. Төсөлд хамрагдаж байгаа иргэн учир тохирсон хэмжээний м.квадрат талбайтай байр өгөөд нэмж м.квадратыг нь томсгож өгөх санал тавьсан. П.Д бидэнтэй 2 болон 3 талт гэрээ байгуулахаас татгалзсан шалтгаан нь бидний зүгээс биелүүлэх боломжгүй нэг бол бэлнээр 400 сая төгрөг өг, эсхүл 80 м.кв талбайтай үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай талбай өг гэсэн шаардлага тавьсан. Нэхэмжлэгчийн 40 м.квадрат хэмжээтэй харьцуулахад зах зээлийн ханшийн хувьд боломжгүй. Нийтийн зориулалттай орон сууцыг дахин барилгажуулах төслийн хүрээнд нийтийн жишгийг дагах ёстой П.Д-д давуу байдал олгох боломжгүй. Өнөөдрийг хүртэл орон байраар хангах эрхийг хязгаарлаагүй. Шинэ барьсан байр, хуучин байрных нь суурин дээр барьсан барилгаас авъя гэвэл өгөхөд татгалзах зүйл байхгүй. П.Д эрхээ зөрчигдлөө гэж Цагдаагийн байгууллага, Хүний эрхийн комисс, шүүхэд хандсан. Бүх байгууллага гомдлыг нь хүлээж аваад шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гарсан. Цагдаагийн байгууллага зөрчлийн хэрэг үүсгээд хаасан. Одоо цорын ганц байгууллага болох Захиргааны хэргийн шүүхэд хандаж байгаа нь энэ юм. Тухайн үед бусад байгууллагуудад хандаад П.Д-ын эрх хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөөгүй гэдгийг тогтоосон. Хууль зөрчсөн ажиллагаа хийгдээгүй. "Т Ч" компани объектыг эрх зүйн актад үндэслээд буулгах ажиллагааг зохион байгуулсан. П.Д эд хөрөнгө авахгүй гэсэн тул зохих журмын дагуу тээвэрлэж хадгалсан. Үүнийгээ дүрс бичлэгээр баталгаажуулсан байгаа. Нэхэмжлэгч хувийн эрх ашгийн үүднээс боломжгүй шаардлага тавьснаараа маргаан өнөөдрийн түвшинд хүрсэн гэв.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Захиргааны акт гэдэгт маргахгүй. Илт хууль бус акт биш. Засаг дарга өөрийн эрх хэмжээний хүрээнд гаргасан. Ажлыг хэсгийг эрчимжүүлэх захирамж. А/174 дүгээр захирамжийн өмнө мөн захирамж гарсан тэр захирамжийн талаар яагаад маргаагүй вэ. Нэхэмжлэлийнхээ хууль зүйн үндэслэлээ тодорхой гаргаж чадахгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6, Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4 гэж хэлж байна. Орон сууцны тухай хуулийн 151 дүгээр зүйлд нийтийн зориулалттай орон сууцны газар төрийн мэдэлд байна гэж заасан. Төр өөрийн хэрэгжүүлж байгаа төсөлдөө өөрийн газраа ашиглаж байгаа. Захиргааны акт гарснаараа хохироод байна. Эд хөрөнгө дээрэмдүүлсэн бол эрүүгийн журмаар гомдлоо гаргаад явж болно. Эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх ашиг сонирхол чинь зөрчигдөөд байгаа ол иргэний хэргийн шүүхэд хандах боломжтой. Нэхэмжлэгчээс шалтгаалан төрөөс хэрэгжүүлж байгаа төсөл зогсоход хүрсэн. Нийтийн эрх ашиг сонирхлыг хүндэтгэн үзэх хэрэгтэй. Нэхэмжлэгчид хууль биелүүлэх үүрэг байгаа. Дүүргийн холбогдох албан тушаасан манай компанийн зүгээс тог, ус хязгаарлагдаж байна. Нурах аюултай, амь нас эрүүл мэндэд аюултай байгаа талаар мэдэгдэл өгсөөр байхад П.Д******* байрандаа амьдарсаар байсан. Энэ үйлдэл нь Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасныг зөрчсөн. Өөрт нь алдаа дутагдал байгаа. Компанитай учраа олж чадахгүй байгаа учраас өдий хүрч байна. Тохиролцоонд хүрэх боломж өнөөдөр хүртэл нээлттэй байгаа. Нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч П.Д шүүхэд хандан ...Баянгол дүүргийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/174 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийг гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай 7658 дугаар шүүгчийн захирамжийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хянаж, захирамжийг хүчингүй болгосон байдаг. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 890 дүгээр тогтоолд: ... нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагыг зөв тодорхойлох талаарх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлэх нь зүйтэй гэж дүгнэснээр шүүхээс нэхэмжлэгчид нэхэмжлэлийн шаардлагаа тодруулах боломжийг олгох, нэхэмжлэлийн өөрчилсөн шаардлагад бүрдүүлбэр хангуулах зэргээр ажиллагаа хийгдсэн боловч нэхэмжлэгчийн анх шүүхэд гаргасан нэхэмжлэл өөрчлөгдөөгүй байна.

Хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн, гуравдагч этгээдийн, гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлж, маргаан бүхий үйл баримт болон захиргааны актад дүгнэлт өгч, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч нь Баянгол дүүргийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/174 дүгээр захирамжийг[1] илт хууль бус захиргааны актаар маргаж, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: өмчлөх эрхтэй үл хөдлөх хөрөнгийг шууд нураасан, өмчлөх эрхэд халдсан, гурван талт гэрээний оролцогчоор оролцож эрхээ хангуулах боломж олгоогүй, түүнчлэн Газрын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчиж, хууль бус үйлдэл, эс үйлдэхүй гүйцэтгэхийг шаардсан хэмээн тодорхойлж байна.

Хариуцагч захиргааны байгууллагын зүгээс илт хууль бус болохыг тогтоолгохыг хүсэж байгаа акт нь захиргааны акт биш, хариуцагч Засаг даргаас өөрийн дотоод алба, нэгжээ удирдлагаар хангах чиг үүргийн хүрээнд гаргасан, нэхэмжлэгчийн эрхийг хөндөөгүй, түүнд хаяглагдаж чиглээгүй хэмээн нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч байна.

Бие даасан шаардлагагүй гуравдагч этгээдээс маргаж буй захиргааны актын биелэлт хангагдаж айл өрхүүд нь байрандаа орсон, нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус, тохиролцоонд хүрэх эрх нь одоо ч гэсэн нээлттэй байгаа хэмээн байр сууриа илэрхийлжээ.

Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны 10, 11, 12 дугаар барилгыг буулган дахин төлөвлөн шинэчлэн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгч байгууллагын хэрэгжилтэд хяналт тавих, зөвшөөрөлгүй баригдсан өргөтгөл, барилгын зориулалт, төлөвлөлтийг хууль зөрчин өөрчилсөн, гэрээ байгуулсан, байраа чөлөөлсөн сууц өмчлөгч иргэдийн эрх ашиг, эд хөрөнгө, эрүүл мэнд, аюулгүй байдал, учирч болох эрсдэлээс хамгаалах арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр хавсралтаар, уг арга хэмжээг хэрэгжүүлэх удирдамжийг хоёрдугаар хавсралтаар баталж, Баянгол дүүргийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах үйл ажиллагааг эрчимжүүлэх ажлын хэсэг байгуулах тухай А/174 дүгээр захирамж гарчээ.

Дээрх захирамж нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-д: Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана, Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д: Орон сууцны байшингийн үндсэн хийц, бүтээцийг анхны зураг төслөөс өөрчлөх, нэмэлт ачаалал өгч давхарлах, өргөтгөл хийхийг хориглоно, 151 дүгээр зүйлийн 151.1-д: Ашиглалтын шаардлага хангахгүй болсон нийтийн зориулалттай орон сууцны барилгыг ашиглахыг хориглоно, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4-т: төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтийг хангуулах 16 дугаар зүйлийн 16.1-д: Ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган шинээр барина, Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т: Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө, 57.4-т: Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна гэх эдгээр хуулийн заалтуудыг үндэслэхээс гадна Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган шинээр барих хүрээнд нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааг нарийвчлан зохицуулах зорилгоор батлагдсан Барилга хот байгуулалтын сайдын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 126 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Ашиглалтын шаардлага хангагүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган шинээр барих үйл ажиллагааны журам-ыг, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 сарын 21-ний өдрийн Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөж барилгажуулах тухай А/977 дугаар захирамжийг, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Орон сууны байшингийн ашиглалтыг хориглох тухай 01-01/05 дугаар шийдвэрийг тус тус үндэслэжээ.

Маргаан бүхий энэ тохиолдолд хариуцагчийн гаргасан дээрх захирамжийг нэхэмжлэлд дурдсан Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3: тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, 47.1.5: хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан, 47.1.6: иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэх үндэслэлээр болон нэхэмжлэлийн бусад үндэслэлээр илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Хэрэгт авагдсан, Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2013 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн Орон сууцны байруудын барилгын төлөв байдлын тухай №02-07-92/1340 дүгээр дүгнэлтэд[2]: Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлалтай орон сууцны 21-24, 35-37 дугаар байрнуудын ашиглалт, одоогийн төлөв байдалд 2013 оны 8 дугаар сарын 09-ний өдөр СӨХ-ны гүйцэтгэх захирал З.Алтанцэцэг, оршин суугчдыг байлцуулан шалгаад эдгээр 7 ширхэг барилгууд нь 57 жил ашиглагдаж, эдэлгээний шаардлага хангахгүй болсон. Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-т хүн ажиллаж амьдрах таатай нөхцөл бүрдүүлсэн, түүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүй байдлыг хангасан гэж заасныг хангахгүй болсон байна. Барилгын норм дүрэмд тавигдах шаардлага, холбогдох баримт бичгийг судалж үзэхэд эдгээр барилгуудын хийц бүтээцүүдийн төлөв байдлыг ослын байдалтай, газар хөдлөлтийн 7 баллд тэсвэргүй, цаашид ашиглах боломжгүй гэсэн,

Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Орон сууцны барилгуудын одоогийн төлөв байдлын тухай 02.07-92/1041 дугаар дүгнэлтэд[3]: уг барилга нь 57-61 жил ашиглагдсан, эдэлгээний шаардлага хангахгүй болсон. Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-т хүн ажиллаж амьдрах таатай нөхцөл бүрдүүлсэн, түүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүй байдлыг хангасан гэж заасныг хангахгүй гэсэн,

Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2014 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн Орон сууцны барилгуудын одоогийн төлөв байдлын тухай 02.07-86/1042 дугаар дүгнэлтэд[4]: эдэлгээний шаардлага хангахгүй болсон, Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1-т хүн ажиллаж амьдрах таатай нөхцөл бүрдүүлсэн, түүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүй байдлыг хангасан гэж заасныг хангахгүй гэсэн,

Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2014 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн Орон сууцны байшингийн ашиглалтыг хориглох тухай 01-01/05 дугаар шийдвэрт[5]: Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх барилгын норм ба дүрэм БНБД 22.01.01/2006-т заасан холбогдох заалтуудыг хангахгүй болсон, улсын байцаагчийн дүгнэлтээр ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон Баянзүрх, Баянгол, Налайх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй дүүргүүдийн нутаг дэвсгэрт байрладаг нийтийн орон сууцны зориулалттай, хавсралт жагсаалтад дурдсан 150 байшингийн ашиглалтын 2014 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн хориглосон эдгээр дүгнэлт болон шийдвэрээс үзэхэд, нэхэмжлэгчийн амьдарч байсан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээтэй, нийтийн зориулалттай орон сууц нь ашиглалтын шаардлага хангахгүй, хүн амьдарч болохгүй талаар дүгнэлт гарсан, уг сууцанд дахин төлөвлөлт явагдаж байсан эдгээр үйл баримттай талууд маргаангүй, хэн аль нь мэдээлэлтэй байна. Иргэдийн эрүүл, аюулгүй, таатай орчинд амьдрах эрхийг хангаж, хот, суурин газрыг дахин хөгжүүлэх үйл ажиллагааг хот, суурин газрын барилгажсан хэсэг, нийтийн эдэлбэрийн газрыг дахин төлөвлөн байгуулах, ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламжийг буулган шинээр барих харилцааны хүрээнд хууль тогтоогчоос Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийг 2015 оны 06 дугаар сарын 26-ны өдөр баталжээ.

Маргаан бүхий энэ тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл, илт хууль бус болохыг тогтоолгохыг хүсэж байгаа захиргааны актын агуулгаас үзэхэд маргааны зүйл нь дээрх хуульд хамаарч зохицуулагдахаар байна. Учир нь уг хууль өмчийн төрөл, хэлбэр харгалзахгүйгээр үйлчлэх болохыг Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д зааснаар тогтоожээ.

Тодруулбал, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д: ашиглалтын шаардлага хангахгүй барилга байгууламж гэж барилга хот байгуулалтын хяналт хэрэгжүүлэх эрх бүхий байгууллагын дүгнэлтээр ашиглахыг хориглосон байгууламжийг ойлгохоор заасан нь нэхэмжлэгчийн өмчлөл бүхий оршин сууж байсан орон сууцны барилга хамаарч энэ нь хариуцагчийн гаргасан маргаж буй А/174 дүгээр захирамжийн нэг үндэслэл болсон эрх бүхий улсын байцаагчийн шийдвэрээр нотлогдож байна.

Ийм учраас Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйл: сум дүүргийн Засаг даргын бүрэн эрх-д зааснаар мөн зүйлийн 11.1.4-д: төсөл хэрэгжүүлэх гурван талт гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтийг хангуулах, мөн зүйлийн 11.1.5-д: төсөл, хөтөлбөр, төлөвлөгөөг нийтэд сурталчлах, мэдээлэх, санал, гомдол хүлээн авах замаар олон нийтийн оролцоог хангах ажлыг зохион байгуулах зэрэг бүрэн эрхээ хэрэгжүүлж, нэгэнт төсөл хөтөлбөр нь эхэлсэн барилгыг буулган дахин төлөвлөн шинэчлэн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгч байгууллагын хэрэгжилтэд хяналт тавих, байраа чөлөөлсөн сууц өмчлөгч иргэдийн эрх ашиг, эд хөрөнгө, эрүүл мэнд, аюулгүй байдал, учирч болох эрсдэлээс хамгаалах арга хэмжээг авч хэрэгжүүлэх үүргийг зөвхөн нэхэмжлэгчид чиглэж биш, түүний нэгэн адил нөхцөлд байгаа өөр бусад оршин суугчдын буюу нийтийн ашиг сонирхолд нийцүүлж гаргасан, нэхэмжлэгчийн гурван талт гэрээгээр зөвшилцөлд хүрэх эрх зөрчигдсөн гэх тайлбар нь шүүх хуралдаан дээр гаргасан гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбараар няцаагдсан, энэ утгаараа Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д: иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй гэх хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын нэг үндэслэлд хамаарах Газрын тухай хуулийн 42 дугаар зүйл: гэрээний хугацаа дуусахаас өмнө бусдын эзэмшил газрыг солих буюу эргүүлэн авах харилцааг зохицуулсан тэр дундаа мөн хууль, зүйлийн 42.4-д: хувийн гэр, орон сууцны хашааны газрыг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах тохиолдолд түүнийг чөлөөлөх ажлыг зөвхөн 5 дугаар сарын 15-ны өдрөөс 9 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд хийнэ гэж заасныг ноцтой зөрчиж, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.5-д: хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан гэх үндэслэлээр маргасныг мөн хүлээн авах боломжгүй, учир нь Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д: нийтээр ашиглах барилга байгууламж гэж нийтийн эдэлбэрийн газар дахь барилга байгууламжийг, мөн зүйлийн 4.1.5-д: нийтийн эдэлбэр газар гэж Газрын тухай хуулийн 12.2-т заасан газрыг гэж, Газрын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т: нийтийн эдэлбэрийн газарт хот, тосгон, бусад суурины гудамж, талбай, зам, ... гэж зааснаар нэхэмжлэгч нь хувийн гэр, орон сууцны хашааны газарт амьдарч байгаагүй, харин нийтийн зориулалттай орон сууцанд амьдарч тэр нь нийтийн эдэлбэр газарт хамаарч байх тул дээрх хуулийн зохицуулалтад тусгагдсаны дагуу хэрэгжихээр, энэ тохиолдолд нэхэмжлэгчийн зөвхөн 5 дугаар сарын 15-ны өдрөөс 9 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд нүүлгэх байсан гэх тайлбар үндэслэлгүй байна.

Хариуцагч захиргааны байгууллагыг өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлах талаар заасан Үндсэн хуулийн болон Иргэний хуулийн зохицуулалтыг шууд зөрчсөн гэж дүгнэхэд учир дутагдалтай. Маргаан бүхий асуудлаар хариуцагч Засаг даргад Газрын тухай хууль, Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль зэрэг хуулиудаар олгогдсон тодорхой бүрэн эрхүүдийг хэрэгжүүлж Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-д: Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана гэж заасны дагуу захирамж гаргасныг илт хууль бус буюу Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д: тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан гэх үндэслэлээр илт хууль бус маргаж буй актыг дүгнэх үндэслэлгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Нэхэмжлэгч нь маргааны зүйлээ эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрх ашиг сонирхол, хохирлын асуудлаар тодорхойлж, өөрөөр маргахад энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүй тэмдэглэж байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлд зохицуулсны дагуу мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д: нөхөн төлүүлэх шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тохиолдолд нэхэмжлэгчээр нөхөн төлүүлнэ гэж заасныг хэрэглэж, нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамжийн төлбөрийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.4, 11.1.5, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.5, 47.1.6-д заасныг баримтлан нэхэмжлэгч П.Д-с Баянгол дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан Баянгол дүүргийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн А/174 дүгээр захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн зүйлийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч П.Д улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                     У.Б