Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 232

 

 

 

 

 

 

 

 

 

Х.Бын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/02893 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Х.Бын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Н.Бид холбогдох  

 

Эд хөрөнгөд гэм хор учруулсны хохиролд 282 535 700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батсайханы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд

Нэхэмжлэгч: Х.Б

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: С.Батсайхан

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Д.Ганзориг

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Чинхүслэн нар оролцов.

Нэхэмжлэгч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Хариуцагч Н.Б нь 2014 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Хан-уул дүүргийн шүүхэд 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах Зайсангийн аманд нэхэмжлэгч Х.Бын эзэмшлийн 234 м.кв амины орон сууцны зориулалттай барьсан барилгыг буулгуулах, газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус дүүргийн иргэний хэргийн 2-р шүүхэд гаргасан. Тус нэхэмжлэлийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2016/03142 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Уг шийдвэрийг нэхэмжлэгч  эс зөвшөөрч давж заалдах гомдол  гаргасан . боловч Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 13501 дугаар магадлалаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож Иргэний хуулийн заалтыг зөвтгөн өөрчлөлт оруулан шийдвэрийг хэвээр үлдээсэн.

Зохигчид анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч Улсын дээд Шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын гомдол гаргасныг шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгч Х.Б нь хариуцагч Н.Бтой харилцан тохиролцож гэрээ байгуулсны үндсэн дээр 100 хувь өөрийн хөрөнгөөр барилга барьснаар уг үл хөдлөх эд хөрөнгийг шударгаар бий болгосон учир шударга эзэмшигч юм. Харин хариуцагч Н.Б нь гэрээнд заасан үүргээ биелүүлээгүйн улмаас тухайн үед Х.Б нь өмчлөгчөөр бүртгүүлэх боломжгүй байсан.

Х.Б нь миний эзэмшлийн 3 давхар барилгыг сууриар нь бүрэн буулгасан байсан нь миний эд хөрөнгөд хууль зөрчиж, гэм хор санаатайгаар учруулсан байна.

Хариуцагч Н.Бийн нэхэмжлэлтэй иргэний хэрэг хянан хэлэлцэгдэх явцад иргэн Х.Б нь 2016 оны 11 сарын 04-ний өдрийн байдлаар зах зээлийн үнэлгээний аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллага болох "Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК-иар Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зайсангийн амны Эко хотхоны 3-1 тоот өөрийн барилгын зах зээлийн үнэлгээг тодорхойлуулсан. Одоогоор тухайн үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг дахин тодорхойлох боломжгүй устаж үгүй болсон учир тухайн үеийн үнэлгээний тодорхойлолтоор хохирлыг тодорхойлж г нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Иймд эд хөрөнгөд гэм хор учруулсны хохирол 282 535 700 төгрөгийг хариуцагч Н.Боос гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Н.Б нь Хан-Уул дүүргийн 11-р хороо Зайсангийн аманд 1.4 га газрыг Аялал жуулчлалын төв барих зорилгоор 2004 оноос эхлэн 1/104 тоот Тусгай хамгаалалттай газар нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ авсан юм. Тухайн газар дээр иргэн Ч.Чимгээсүрэнтэй 2006 оны 8 сарын 24-ний өдрийн "хамтын ажиллагааны гэрээ", Х.Бтой 2006 оны 6 сарын 13-ны өдөр 2 тоот "Хамтран ажиллах гэрээ" тус тус байгуулсан боловч тухайн гэрээнээс талууд гарч дуусгавар болгосон. 2016 онд иргэн Х.Б түүний эхнэр М.Цэцэгмаа нарын тухайн газартай холбоотой "...газраас өөрт ногдох хэсгийг ашиглах эрхтэй болохыг мөн барилгын захиалагч, хөрөнгө оруулагчийн хувьд эзэмших, ашиглах эрхтэй болохыг тус тус тогтоолгох" сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд Баянгол дүүргийн ИХАШШүүхийн 2016.4.18-ны өдрийн 102/ШШ2016/03142 тоот шүүхийн шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016.7.20-ны өдрийн 1350 тоот магадлал, Монгол улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 001/ХТ2016/01326 тоот тогтоолоор нэхэмжлэгч Н.Бийн нэхэмжлэлтэй хариуцагч Д.Отгонжаргал, Х.Б, гуравдагч этгээд Ч.Энх-Амгалан нарт холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцэж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Дээрх шүүхийн шийдвэрээр хариуцагч, сөрөг нэхэмжлэл гаргагч Х.Бын сөрөг шаардлага "1/104 дугаар гэрчилгээ бүхий газарт дэд бүтэц татахыг даалгах, газраас өөрт ногдох хэсгийг ашиглах эрхтэй болохыг мөн барилгын захиалагч, хөрөнгө оруулагчийн хувьд эзэмших, ашиглах эрхтэй болохыг тус тус тогтоолгох" гэснийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Хамтран ажиллах гэрээ 1 болон 2 тоот гэрээнээс тус тус гарч, оруулсан хөрөнгө оруулалтаа буцаан авч төлбөр тооцоогүй болохоо нотолсон тул хамтран ажиллах гэрээний оролцогч биш байгааг дурьдан шийдвэрлэсэн.

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1350 тоот магадлалд "хариуцагч Х.Б нь тэрээр барилгын материалыг ашиглахаар өөрийн хэсгийг буулгаж, Н.Б түүний оруулсан хөрөнгийн хохирлыг барагдуулсан талаар 2010.10.20-ны өдөр бичгийн баримт үйлдэж гарын үсэг зурсан болохоо үгүйсгэсэн баримтыг гаргаагүй, ХУД-ийн шүүхийн 2011 оны 1238 дугаартай шийдвэрт түүнийг хамтран ажиллах гэрээний дагуу оруулсан хөрөнгөө татан авсан, нэхэмжлэгчтэй байгуулсан 2006 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн "Хамтын ажиллагааны гэрээ", 2006 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 2 тоот "Хамтран ажиллах гэрээ"-нээс тус тус гарч, гэрээний тал биш гэж шүүх дүгнэж Х.Бын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон анхан шатны шүүхийн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээн шийдвэрлэсэн.

Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 001 /ХТ2016/01326 тоот тогтоолд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1350 тоот магадлалыг хэвээр үлдээж хэргийг шийдвэрлэсэн байна.

Захиргааны хэргийн анхан шатны болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр газар хамтран ашиглах эрхгүй болохыг тогтоон шийдвэрлэсэн байдаг. Иймд иргэн Х.Бын дээрх 3 шатны шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрүүдээр уг газар, барилгатай ямар ч холбоогүй болохыг тогтоосон байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т заасныг баримтлан хариуцагч Н.Боос 282 535 700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 570 629 төгрөгийг улсын төсвийн орлого хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батсайхан давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэгч Х.Б өөрийн хөрөнгөөр барьсан барилгыг хариуцагч Н.Б нурааж эд хөрөнгөнд хохирол учруулсан учир гэм хорыг арилгах зорилгоор Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасны дагуу гэм хорыг мөнгөн хэлбэрээр шаардсан нэхэмжлэлийн шаардлага юм.

Дээрх шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоор Н.Бийн ашиглах эрхтэй газар дээр гэрээний дагуу Х.Бын барьсан барилгыг хариуцагч Н.Бийн эзэмшлийн эд хөрөнгө болохыг тогтоосон шүүхийн шийдвэр байхгүй байна.

Гэтэл анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан "Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ" гэсэн заалтыг ноцтой зөрчсөн байна.

Энэ нь шийдвэрийн Үндэслэх хэсэгт дурьдахдаа: “... Х.Б 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдөр бичсэн" ... Н.Б нь уг барилгыг барихад Х.Б миний оруулсан хөрөнгийн хохиролыг бүрэн барагдуулсан учир бидэнд ямар нэг өмч хөрөнгийн маргаангүй болно” гэсэн тодорхойлолтыг шүүх хуралдаан дээр нэхэмжлэгчийн зүгээс ойлгомжтой тайлбарласан.

Өөрөөр хэлбэл хариуцагч Н.Б нь 2010 онд Х.Бын хөрөнгөөр баригдсан барилгын тооцоог дуусгаж өөрийн эзэмшилд авсан бол 2016 онд Н.Б шүүхэд Х.Бод холбогдуулан дутуу баригдсан барилгыг буулгаж, газар чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргах үндэслэлгүй бөгөөд уг барилга нь Х.Бын эзэмшлийн эд хөрөнгө гэдгийг хүлээн зөвшөөрсөн ойлголт юм.

Шүүх нэхэмжлэлийн үйл баримтыг зөв дүгнээгүй зөвхөн Н.Болдын гаргасан барилгын эзэмшигч мөн болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон тул түүнийг уг нураасан барилгын эзэмшигч мөн эсэхийг нотлоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Мөн Улсын Дээд шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 001/ХТ2016/01326 дугаар тогтоолын "Хянавал" хэсэгт "...Д.Цэндсүрэн, Х.Б, Ч.Чимэгсүрэн, Г.Долгорсүрэн, Ч.Энх-Амгалан, Д.Отгонжаргал нар хөрөнгө нийлүүлэн Хан-Уул дүүргийн Зайсангийн аманд байрлах нэхэмжлэгч Н.Бийн аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх бүхий 1,5 га газар дээр барилга барьж хамтран ажиллахаар тохиролцсон, хамтран ажиллах гэрээний явцад Д.Цэндсүрэн, Ч.Чимэгсүрэн, Г.Долгорсүрэн нар гэрээнээс гарсан" гэж дүгнэсэн нь нэхэмжлэгч Х.Б хөрөнгө гаргаж барилга барьсан нь тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны 2015 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 03/5034 дугаар албан тоотод "... Төсөл хэрэгжээгүй, газрыг ашиглаагүйгээс өнөөдрийг хүртэл хураагдаагүй шалтгаан нь Х.Б, Ч.Энх-Амгалан, Д.Отгонжаргал нарын хөрөнгө оруулж,  дутуу баригдсан барилгатай холбоотой"  гэсэн нь хариуцагч Н.Бийн ашиглах эрхтэй газар дээр гэрээний дагуу Х.Бын хөрөнгө байна гэдэг нь нотлогдож байна.

Гэтэл шүүх дүгнэхдээ: "...Х.Б нь...өөрийн 100 хувийн хөрөнгөөр барьсан гэж тайлбарлаж байгаа боловч үүнийгээ нотолсон бичгийн нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй" гэж дүгнэсэн нь үндэслэлгүй бөгөөд хариуцагч Н.Б нэхэмжлэгчийн оруулсан хөрөнгийг 2010 онд хохиролгүй болгож өгсөнөөр өөрийн эзэмшилд авсан нотлох баримт байхгүй юм.

Эндээс харахад: Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэхдээ маргаан бүхий үйл баримтын цаг хугацаа, хөрөнгийн эзэмшигч, өмчлөгч хэн болохыг тогтоогоогүй,  хариуцагч өөрийн үйлдлийг хууль ёсны эсэхийг нотлоогүй байхад илт нэг талаас нь өөр нэхэмжлэлийн шаардлагатай хэргийи нотлох баримтыг илүү ач холбогдолтой гэж үнэлэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх зарчим алдагдсан гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

       Нэхэмжлэгч Х.Б нь хариуцагч Н.Бид холбогдуулан эд хөрөнгөд учруулсан гэм горын хохиролд 282 535 700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

       Хэрэгт Н.Бийн нэхэмжлэлтэй Д.Отгонжаргал, Х.Б нарт холбогдох Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр, Зайсангийн аманд байрлах 1.5 га газраас Х.Б, Д.Отгонжаргал нарын эзэмшлийн дутуу баригдсан барилгыг буулгах, газар чөлөөлүүлэх үндсэн нэхэмжлэлтэй, Х.Бын гэрчилгээ бүхий газарт дэд өртөө, зам бохирын худаг, дулааны болон цэвэр усны шугам татахыг даалгуулах, нэхэмжлэгчийн эзэмшлийн газраас өөрт ногдох хэсгийн газрыг ашиглах эрхтэйг тогтоолгох, барилгыг эзэмших, ашиглах эрхтэйг тогтоолгох тухай Д.Отгонжаргалын хамтран ажиллах гэрээний дагуу газрыг хамтран ашиглах эрхтэйг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй, гуравдагч этгээд Ч.Энх-Амгалангийн газар хамтран ашиглах эрхтэй болохыг тогтоолгох тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг эцэслэн шийдвэрлэсэн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 102/ШШ2016/03142 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 1356 дугаар магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 001/ХТ2016/01326 дугаар тогтоол тус тус авагдсан байх ба шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. /хх 4-20/

 

            Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр Х.Б хамтран ажиллах гэрээнээс гарсан нь тогтоогдсон, түүнчлэн Х.Бын 2010 оны 10 дугаар сарын 20-ны өдөр бичсэн “...Н.Б нь уг барилгыг барихад Х.Б миний оруулсан хөрөнгийн хохирлыг бүрэн барагдуулсан учир бидэнд ямар нэг өмч хөрөнгийн маргаангүй болно” гэсэн тодорхойлолтыг анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэл болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасантай нийцнэ.

            Мөн нэхэмжлэгч Х.Б нь маргааны зүйл болох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Зайсангийн амны Эко хотхоны 3-1 тоот 234 м.кв талбай бүхий 3 давхар барилгыг өөрийн 100 хувийн хөрөнгөөр барьсан гэж тайлбарлаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хэргийн баримтад нийцсэн, энэ талаар хийсэн шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.

       Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

            1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2017/02893 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Х.Бын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 570 629 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                                               

  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          А.МӨНХЗУЛ

 

                                         ШҮҮГЧИД                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                                                                                     Д.ЦОГТСАЙХАН