Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 2421

 

 

 

 

 

2018 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 183/ШШ2018/02421

Улаанбаатар хот

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

     Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

     Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, байрлах “С” сууц өмчлөгчдийн холбоо /цаашид СӨХ гэх/-ны нэхэмжлэлтэй,

     Хариуцагч: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, тоотод оршин суух Б овогт Б-ны Б /*************-д холбогдох,

        дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал 570.103 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч “С”СӨХ-ны гүйцэтгэх захирал Н.Мөнхсайхан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Адъяасүрэн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ   нь:

          Нэхэмжлэгч “С” СӨХ-ны гүйцэтгэх захирал Н.Мөнхсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан шаардлагадаа: “С”СӨХ-ны гишүүн Б.Б нь дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардал 570.103 төгрөгийг төлөөгүй учир нэхэмжлэл гаргасан. Миний бие 2016 онд “С” СӨХ-ны гүйцэтгэх захирлын ажлыг авахад СӨХ байгуулагдсанаас хойших хугацааны төлбөрөө төлөөгүй өртэй байсан бөгөөд намайг ажил авсанаас хойш төлбөрөө төлж байгаа. Өмнөх СӨХ-ны захиралд бэлнээр 90.000 төгрөг өгсөн  гэдэг боловч энэ нь нотлогдохгүй байгаа. 2017 онд иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч шүүхийн дуудлаганд ирээгүй гэсэн шалтгаанаар буцаасан болно. СӨХ-оос төлбөрөө төлөхийг сар бүр шаардаж мэдэгдэл, шаардлага өгч байсан боловч биелүүлээгүй. Иймд Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар тус СӨХ-ны гишүүн 43А байрны 805 тоотын сууц өмчлөгч Б.Бгаас 2014 оны 04 дүгээр сараас 2018 оны 02 дугаар хүртлэх хугацааны дундын өмчлөлийн ашиглалт, засвар үйлчилгээний зардлын үлдэгдэл 570.103 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

           

       Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь:

          Тус шүүх хуралдааны товыг хариуцагч Б.Бд мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

         Нэхэмжлэгч “С” СӨХ нь хариуцагч Б.Бгаас дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардал 570.103 төгрөг гаргуулахаар шаардаж байх ба шүүх уг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэстэй гэж үзлээ.   

            Хариуцагч Б.Б нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах “С” СӨХ-нд хамаарах **************тоот орон сууцны дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбоотой зардлыг төлөх үүргээ биелүүлээгүй ба 2014 оны 04 дүгээр сараас 2018 оны 01 дүгээр сарыг дуустал хугацааны төлбөрийн үлдэгдэл 570.103 төгрөгийг төлөөгүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар болон хавтаст хэрэгт авагдсан төлбөрийн тооцооны баримтаар тогтоогдож байна.  /хх-3/

            Иймд хариуцагч Б.Б нь Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт, засвар үйлчилгээтэй холбогдсон зардлыг СӨХ-нд төлөх үүрэгтэй тул түүнээс нэхэмжлэгч байгууллагын шаардсан 570.103 төгрөгийг гаргуулах нь хуульд нийцнэ.        

            Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 17.750 төгрөг гаргуулах нь зүйтэй байна.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118  дугаар зүйлүүдийг удирдлага болгон                        

ТОГТООХ нь:

      1.Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Бгаас 570.103 /таван зуун далан мянга нэг зуун гурав/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “С” СӨХ-нд олгосугай.

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 17.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Бгаас улсын тэмдэгтийн хураамжинд 17.750 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “С”СӨХ-нд олгосугай.

      3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

      4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

                   

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.МӨНХБАЯР