Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 2022/ШЦТ/914

 

 

 

   2022          9            26                                       2022/ШЦТ/914

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

Улсын яллагч Г.Түвшинбаяр, 

Шүүгдэгч Г.А , түүний өмгөөлөгч Ч.Мөнхбаяр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц   овогт Г ийн А д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 19.. оны 3 дугаар сарын 17-ны өдөр Х.. аймгийн Х.. суманд төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, холбооны инженер мэргэжилтэй, хувиараа  хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Ц   овогт Г ийн А , /РД:.../.

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч Г.А  нь 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 13 цаг 30 минутын орчимд ...улсын дугаартай “Toyota Prius 30” загварын тээврийн хэрэгсэл жолоодож Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Биеийн тамир спортын төв ордны баруун талын асфальтан хучилттай зам дээр хөдөлгөөнд оролцож байхдаа ...  улсын дугаартай “Toyota Camry 50” загварын тээврийн хэрэгслийн жолооч С.М тай маргалдаж, улмаар С.М ын жолоодож явсан тээврийн хэрэгслийн баруун талын гадна толийг гараараа цохиж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бусдад 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.     

                                                                                                                                                                                         

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт: Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд:

Шүүгдэгч Г.А  нь “2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 13 цаг 30 минутын орчимд ...улсын дугаартай “Toyota Prius 30” загварын тээврийн хэрэгсэл жолоодож Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Биеийн тамир спортын төв ордны баруун талын асфальтан хучилттай зам дээр хөдөлгөөнд оролцож байхдаа ...  улсын дугаартай “Toyota Camry 50” загварын тээврийн хэрэгслийн жолооч С.М тай маргалдаж, улмаар С.М ын жолоодож явсан тээврийн хэрэгслийн баруун талын гадна толийг гараараа цохиж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бусдад 350.000 төгрөгийн хохирол учруулсан...” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

 

Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.

Үүнд:

Хохирогч С.М ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 13 цаг 30 минутын орчим өөрийн ...  улсын дугаартай “Тоёота Камри-50” маркийн тээврийн хэрэгсэлтэйгээ Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Биеийн тамир спортын төв ордны баруун талын засмал замаар хойноос урагш чиглэлтэй явж байгаад Туушин руу баруун эргэсэн. Гэтэл замын баруун талд ...улсын дугаартай саарал өнгийн “Приус-30” маркийн машин зогсож байсан. Тухайн үед зам түгжрэлтэй байсан ба аажуухнаар урагшилж байхад тухайн тээврийн хэрэгсэл нь хажуу талаас маш хурдтайгаар шахаж орж ирээд явган хүний зам дээр буцаж эргэх гээд байсан. Тэгэхээр нь би машиныхаа цонхыг онгойлгож байгаад тухайн хүнд “чи явган хүний зам дээр эргэж болохгүй, чи миний араар эргэ” гээд хэлэхэд “ямар сүртэй пизда вэ, би яараад байна” гэх мэтээр хараагаад байхаар нь би урагш чигээрээ явах гэтэл тухайн машины толь надад тээглээд байхаар нь би толийг нь цааш түлхэн хураагаад өөрөө урагшаа явсан. Гэтэл тэр залуу гарч ирээд миний машины баруун талын толийг баруун гараараа цохин доош нь хугалж дахин ашиглах боломжгүй болгосон. Би яагаад хугалсан тухай асуух гэтэл тухайн залуу нь намайг заамдаад “би чамайг ална шүү” гээд байсан. ...Нөгөө машинд ямар нэгэн гэмтэл учраагүй, машиныхаа толийг буцааж дэлгээд цааш хөдөлгөөнд оролцсон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 8 дугаар тал/,

 

“...” ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 06/15 дугаартай “...Toyota Camry-50 маркийн автомашины баруун толийг 350.000 төгрөгөөр, ...эд анги солих зардлыг 10.000 төгрөгөөр тус тус тогтоосон. ...Тоёота Камри” маркийн тээврийн хэрэгслийн баруун толь сууриараа хугарч салсан бол дахин ашиглах боломжгүй /нааж засах нь баталгаагүй/...” гэх тайлан /хх-ийн 155-157 дугаар тал/,

 

Шүүгдэгч Г.А гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “...Миний бие өөрийн ...улсын дугаартай “Тоёота Приус 30” маркийн машинаар өөрийн эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Туушин зочид буудлын ертөнцийн зүгээр баруун урд талаас хөдөлгөөнд оролцож, “Тоёота Камри” маркийн машины урдуур машины хамраа хийж “урдуур чинь орчихъё” гэж хэлэхэд жолооч нь “чи толиндоо хардаггүй юм уу” гэж хэлж уурласан.  Би юм бодолгүй цааш явж байтал тас хийх чимээ гарахаар нь юу болов гээд хартал “Тоёота Камри” маркийн машины жолооч гараараа миний машины зүүн талын толийг цохисон. Машинд сууж байсан миний хүүхэд болон эхнэр айхаар нь би уурлаж машинаасаа бууж очоод уг машины жолооч талын толийг аяархан цохитол толь нь хугараад доош санжигнаад унасан. Хохирогч гэх залуу өөрөө эхлээд ёс зүйгүй үйлдэл гаргаж миний машины толийг цохиж, хараал хэлээд байсан учир би уурлаж толийг нь цохиод хугалсан. Би шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй байна, хугарсан толийг засах үйлчилгээ байдаг...” гэх мэдүүлэг мэдүүлсэн /хх-ийн 37-38 дугаар тал/,

 

Шүүгдэч Г.А гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Гэм буруу болон гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргах зүйлгүй. ...эд зүйлийн үнэлгээний талаар эргэлзэж байсан. ...хохирлыг барагдуулсан...” гэж мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан гэм буруугийн талаарх дүгнэлт:

 

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч Г.А  нь 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр 13 цаг 30 минутын орчимд ...улсын дугаартай “Toyota Prius 30” загварын тээврийн хэрэгсэл жолоодож Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Биеийн тамир спортын төв ордны баруун талын асфальтан хучилттай зам дээр хөдөлгөөнд оролцож байхдаа ...  улсын дугаартай “Toyota Camry 50” загварын тээврийн хэрэгслийн жолооч С.М тай маргалдаж, улмаар С.М ын жолоодож явсан тээврийн хэрэгслийн баруун талын гадна толийг гараараа цохиж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бусдад 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна. Шүүгдэгч нь хохирогчийн хохирол төлбөрийг төлж барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүй... ” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Шүүгдэгч Г.А , түүний өмгөөлөгч Ч.Мөнхбаяр нараас “...Гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар...” тус тус маргаагүй болно.

Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх...” гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй ба “...бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулсан бол...” гэж хохирлын хэмжээг тогтоосон.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.3 дахь заалтад “...бага хэмжээний хохирол гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг...” гэж заасан ба “Кости-Эстимэйт” ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 06/15 дугаартай хөрөнгийн үнэлгээний тайлангаар “...Toyota Camry-50 маркийн автомашины баруун толийг 350.000 төгрөгөөр, эд анги солих зардлыг 10.000 төгрөгөөр тогтоосон...” нь бага хэмжээнээс дээш хохиролд хамаарч байна.

Мөн “Кости-Эстимэйт” ХХК-ийн 2022 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн хөрөнгийн үнэлгээний тайланд “...Тоёота Камри” маркийн тээврийн хэрэгслийн баруун толь сууриараа хугарч салсан бол дахин ашиглах боломжгүй...” гэжээ.

Шүүх прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Г.А д холбогдох хэргийн зүйлчлэл зөв байна гэж үзэж шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Тус гэмт хэргийн улмаас хохирогч С.М т нийт 360.000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч Г.А  нь хохирогчид хохирол төлбөрийг төлж барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: ...Шүүгдэгч Г.А д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг;

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.М. эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: ...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагын ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхийг хуульчилсан. Миний үйлчлүүлэгч төлөвшсөн, хүмүүжилтэй, ажилдаа нэр хүндтэй хүн бөгөөд энэ гэмт хэргийн хувьд өөрийн гэм буруугаа хүлээж, хохирол төлбөрөө бүрэн төлж барагдуулсан байгаа. Мөн энэ хэрэг нь хохирогчийн зүй бус үйлдэлтэй шууд холбоотой гэдэг нь харагддаг. Иймд миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар ялаас чөлөөлж өгнө үү... гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Г.А г шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Г.А гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 39 дүгээр тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 40  дүгээр тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 42 дугаар тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 41 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаж түүний хувийн байдлыг тодорхойлов.

 

Шүүгдэгч Г.А д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан ...гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн...-ийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч Г.А д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байгаа болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байгаа, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлж шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц   овогт Г ийн А г “Бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Г.А г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас чөлөөлсүгэй.

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

4. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.А д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Б.БАТСАЙХАН