Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 2022/ШЦТ/916

 

 

 

 

  2022             9            27                                      2022/ШЦТ/916             

                                  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

Улсын яллагч Ц.Гэрэлбаатар,

Шүүгдэгч М.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныВ танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У  овогт М ын Г эд холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19..оны 02 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ... ХХК-д эрсдэлийн менежер ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр ... тоотод оршин суух, урьд ял шийтгэл:

-Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 4 дүгээр шүүхийн .. оны 5 дугаар сарын 11-ний өдрийн .. дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268 дугаар зүйлийн 268.1 дэх хэсэгт зааснаар мөрдөн байцаагчийн албан тушаал эрхлэхийг 1 жилийн хугацаагаар хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.792.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, У  овогт М ын Г /РД:.../.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Г нь 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт БНХАУ-ын иргэн ... -д “татварын асуудлыг нь зохицуулж өгнө” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч 16.000.000 төгрөг залилан авсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                                                                                                           

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд

Шүүгдэгч М.Г нь “2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт БНХАУ-ын иргэн ... -д “татварын асуудлыг нь зохицуулж өгнө” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч 16.000.000 төгрөг залилан авсан... үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.

Үүнд:

Хохирогч БНХАУ-ын иргэн ...  /... мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 6 дугаар сарын 11-ны өдөр эхнэр М руу ...  дугаарын утаснаас залгаад  эрүүгийн цагдаагийн хошууч Г.Б гэх ярьж байна гэж ярьсан. Эхнэр маань монгол хэл сайн мэдэхгүй учир би дугаарыг нь аваад ярьсан. Тухайн хүнтэй утсаар ярьтал Баянзүрх дүүргийн татвар дээр шалгагдаж байгаа асуудал чинь  эрүүгийн цагдаа руу шилжсэн байна, би энэ асуудлыг шалгаж байгаа, Эмээлт дээр шалгалтын ажиллагаатай явж байна, буцахдаа танай эхнэртэй уулзмаар байна гэж хэлсэн. Тухайн үед эхнэр маань Таван шар дээр байсан ба Оргил  дээр тухайн хүнтэй түрүүлээд уулзсан. Би араас нь 5-10 минут хоцроод очсон ба намайг очиход тэр хоёр уулзаад зогсож байсан, 14-15 цагийн орчимд байх гэж санаж байна. Тухайн хүн Баянзүрх дүүргийн татвар дээр байгаа асуудал чинь над дээр шилжиж ирсэн, эхний байдлаар уулзаж тодруулж байна гэж хэлээд утсан дээрээсээ Баянзүрх дүүргийн татварын хэлтсээс эрүүгийн цагдаагийн албанд шилжүүлэн шалгуулах тухай  албан бичгийн зургийг үзүүлээд салсан. 2022 оны 6 дугаар 13-ны өглөө 08 цаг 30 минутад Баянзүрх дүүргийн татварын хэлтэс дээр очоод 2 байцаагчтай уулзтал танай эхнэрийн асуудлыг эрүүгийн цагдаа руу шилжүүлсэн гэж хэлсэн. Ажил дээрээ очоод байж байтал 11 цагийн үед өөрийгөө Баянмөнх гэж танилцуулсан хүн залгаад та хаана байна, тантай уулзмаар байна гэхээр нь  байгаа газраа зааж өгөөд эхлээд Туушингийн урд уулзсан бөгөөд надад мөнгө зээлээч, 5 дахь өдөр өгнө, 16.000.000 төгрөг хэрэгтэй байна гэж хэлсэн. Тухайн үед би боломжоо хараад эргээд  залгая гэж хэлээд салсан. Дахин 14 цагийн үед залгаад надад яаралтай мөнгө хэрэгтэй байна, 2 долоо хоног хэрэглээд буцаагаад өгье гээд байхаар нь тухайн хүнтэй уулзахаар болсон. Тэгээд бид хоёр Туушингийн хажууд байдаг Франкфурт пабад уулзаад буцаж гараад Сити тауврын Төрийн банкнаас 16.000.000 төгрөгийг бэлнээр аваад тухайн хүнд өгсөн ба надад цаасан дээр Б би 99036518 дугаартай ахаас 16.000.000 төгрөг авав, Г.Б гэж бичиж өгсөн. Энэ явдлаас хойш 5 дахь өдөр нөгөө хүнээс мөнгө авахаар удаа дараа залгахад та түр байж байгаарай, байн байн битгий залгаад бай, би мөнгийг чинь хугацаанд нь буцааж өгнө гэснээ буцааж өгөөгүй учир Баянзүрх дүүргийн эрүүгийн цагдаа дээр очоод Б гэдэг хүн байдаг эсэхийг асуухад байхгүй болох нь тогтоогдсон. Тухайн үед яриад ...  дугаарын утас бүртгэлтэй эсэх талаар асуухад ийм дугаартай хүн байхгүй гэж жижүүр нь хэлсэн. Ингээд залилуулсан гэдгээ мэдээд Цагдаагийн байгууллагад хандах болсон. Манай эхнэр татварт дансны асуудлаар шалгагдаж байгаа ба энэ асуудал 2021 оны 7 дугаар сараас хойш жил гаран явж байна. ...Надтай уулзаж мөнгө авсан Б гэх хүн нь 175-180 см өндөртэй, том биетэй, 90 кг-аас дээш жинтэй, том алаг нүдтэй, өтгөн үстэй байсан. Намайг залилсан хүнийг олж миний хохирлыг барагдуулж өгнө үү. ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дугаар тал/,

 

Гэрч БНХАУ-ын иргэн М -ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...2022 оны 6 дугаар 11-ний өдөр ...  дугаарын утаснаас залгаад би эрүүгийн цагдаагаас ярьж байна, тантай уулзаж ярих зүйл байна гэж хэлэхээр нь би эрүүгийн цагдаагийн газарт очиж уулзах юм уу гээд асуутал би Эмээлтэд шалгалттай явж байна, Сонсголонгийн Оргил худалдааны төвийн гадаа уулзья гэж хэлсэн. Би нөхрөө дуудсан. Тухайн үед би Эмээлтийн ойролцоо явж байсан болохоор шууд Оргил худалдааны төв дээр яваад очсон. Тухайн хүнтэй уулзаад байж байхад удалгүй манай нөхөр ирээд уулзсан. Тэгээд Баянзүрх дүүргийн татварын 2 байцаагчтай очоод уулзтал эрүүгийн цагдаа руу албан бичиг хүргүүлсэн гэж эрэгтэй байцаагч нь хэлсэн. ... гэх мэдүүлэг /хх-ийн 16 дугаар тал/,

2022 оны 6 дугаар сарын 27-ны өдөр камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 13-14 дүгээр тал/,

 

2022 оны 8 дугаар сарын 09-ний өдөр гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 18-20 дугаар тал/,

 

Шүүгдэгч М.Г ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Би 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн Оргил худалдааны төвийн орчимд БНХАУ-ын иргэн Ф гэх хүнтэй уулзахад татварын асуудалтай байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би Ф д хандан миний бие наад татварын асуудлыг чинь зохицуулж өгч чадна гэж хэлээд салсан. 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрллах Туушин зочид буудлын өөдөөс харсан шар өнгийн хаягтай пабад уулзаад БНХАУ-ын иргэн Ф гийн татварын асуудлыг зохицуулж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон 16.000.000 төгрөгийг бэлнээр авсан. ... гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 27 дугаар тал/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

Шүүгдэгч М.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт: ...Мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэг өгсөн. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй. ... гэснийг дурдах нь зүйтэй.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч М.Г нь өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болохыг дурдах нь зүйтэй.

Эрх зүйн дүгнэлт:

Шүүгдэгч М.Г нь БНХАУ-ын иргэн ... -д “татварын асуудлыг нь зохицуулж өгнө” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилах гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, шунахайн сэдэлтээр бусдын өмчлөх эрхэд нь хор уршиг зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. 

Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч М.Г ийг “зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Тус гэмт хэргийн улмаас хохирогч БНХАУ-ын иргэн ... -д 16.000.000 төгрөгийн хохирол учруулсан байх бөгөөд шүүгдэгч М.Г нь хохирол төлбөрийг төлж барагдуулсан байх тул бусдад төлөх төлбөргүй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч М.Г ийг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч М.Г ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 41 дүгээр тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 30 дугаар тал/, ял шийтгэгдсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 33-39 дүгээр тал/, жолоочийн лавлагаа /хх-ийн 40 дүгээр тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-ийн 42 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаж, түүний хувийн байдлыг тодорхойлов.

 

Шүүгдэгч М.Г д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн-ийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон бай мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Прокуророос гаргасан эрүүгийн хариуцлагын...450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох...” саналыг шүүгдэгч зөвшөөрсөн, хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх бөгөөд уг санал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний хүрээнд байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.

 

Бусад асуудлаар:

Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч У  овогт М ын Г ийг “Зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г д оногдуулсан торгох ялыг хуульд заасан 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Г д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          Б.БАТСАЙХАН