Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
Хэргийн индекс | 185/2022/0873/Э |
Дугаар | 2022/ШЦТ/925 |
Огноо | 2022-09-29 |
Зүйл хэсэг | 13.5.1., |
Улсын яллагч | Э.Билгүүн |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 09 сарын 29 өдөр
Дугаар 2022/ШЦТ/925
2022 9 29 2022/ШЦТ/925
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,
Улсын яллагч Э.Билгүүн,
Хохирогчийн өмгөөлөгч П.Учралгэрэл,
Шүүгдэгч М.Б , түүний өмгөөлөгч О.Алтанчулуу нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ё” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт М ын Б д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2022 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 19.. оны ... сарын 08-ны өдөр .. аймгийн .. суманд төрсөн, ..настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, сүлжигч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 3, хоёр хүүхдийн хамт амьдардаг, иргэний бүртгэлээр ... тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, М овогт М ын Б /РД:... /.
Холбогдсон хэргийн талаар.
Шүүгдэгч М.Б нь 2021 оны ... сард иргэн Ч.Б ийг “чи айл гэр үймүүллээ, надад 2.400.000 төгрөг өг” гэж түүнийг тодорхой үйлдэл хийхийг шаардаж, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт болох “хэрэв мөнгө өгөхгүй бол би чиний ажилладаг цэцэрлэг, ойр дотны хүмүүст чинь айл гэр үймүүлсэн талаар чинь хэлнэ, гэр бүлээс гадуурх харилцааны талаарх мэдээллийг чинь Нийслэлийн ... цэцэрлэгийн фейсбүүк групп хаяг болон удирдах албан тушаалтанд мэдэгдэж сахилга ёс зүйн арга хэмжээ авхуулна, чамайг ажилгүй болгож, олон нийтэд булай болгоно” гэх мэдээлэл тараахаар сүрдүүлж, улмаар хохирогч Ч.Б ээс Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь 2021 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 1.000.000 төгрөг, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь 2021 оны 6 дугаар сарын 12-ны 1.000.000 төгрөг, нийт 2.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны ... тоот данс руу шилжүүлэг хийлгэн авч заналхийлсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд:
Шүүгдэгч “М.Б нь 2021 оны ... сард иргэн Ч.Б ийг “чи айл гэр үймүүллээ, надад 2.400.000 төгрөг өг” гэж түүнийг тодорхой үйлдэл хийхийг шаардаж, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт болох “...мөнгө өгөхгүй бол би чиний ажилладаг цэцэрлэг, ойр дотны хүмүүст чинь айл гэр үймүүлсэн талаар чинь хэлнэ, гэр бүлээс гадуурх харилцааны талаарх мэдээллийг чинь Нийслэлийн ... цэцэрлэгийн фейсбүүк групп хаяг болон удирдах албан тушаалтанд мэдэгдэж сахилга ёс зүйн арга хэмжээ авхуулна, чамайг ажилгүй болгож, олон нийтэд булай болгоно” гэх мэдээлэл тараахаар сүрдүүлж, улмаар хохирогч Ч.Б ээс Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь 2021 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 1.000.000 төгрөг, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь 2021 оны 6 дугаар сарын 12-ны 1.000.000 төгрөг, нийт 2.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны ... тоот данс руу шилжүүлэг хийлгэн авсан” үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.
Үүнд:
Шүүгдэгч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би нөхөртэйгөө 2009 оноос 2022 оны 3 дугаар сарыг хүртэл хамт амьдарсан бөгөөд хохирогч Б гэх эмэгтэй манай нөхөртэй уулзаж эхэлснээс хойш бид хоёрын амьдрал өөрчлөгдсөн. Хохирогч гэх эмэгтэйтэй манай нөхөр уулзаж байсныг мэдсэн өдрөөс би нөхрөө гэрээсээ хөөж явуулсан ба хохирогч нь миний утас руу намайг доромжилсон байдлаар мессеж бичдэг байсан. Тэгээд би хохирогчийн ажилладаг газрыг нь өөрийнх нь фэйсбүүк хаягаар дамжуулан олж мэдээд уулзахаар очсон байдаг. Б манай нөхрийг эхнэртэй гэдгийг нь мэддэг байсан. Би Б ээс ямар нэгэн байдлаар мөнгө өг гэж шаардсан зүйл байхгүй ба яагаад тухайн 2 сая төгрөгийг авсан бэ гэвэл Ч нэг жилийн түрээсийн мөнгө гэж надад өгсөн. Би Б бус Ч ийг надад мөнгө өгсөн гэж ойлгосон. Би тухайн мөнгөөр гэр бүлийн өр зээлийг дарсан. Бид хоёрыг жинхэнэ гэр бүлийн харилцаатай байсан эсэхийг манай хамаатан садан, эцэг, эх нотолно. Харин Б манай нөхрийг гэр бүлтэй гэдгийг нь мэдсээр байж зориуд гэр бүл салгасан. Би хоёр хүүхэдтэй бөгөөд гэнэт ийм асуудал туулахаар маш хүнд тусдаг юм байна лээ. Би Б ээс мөнгө авсан нь үнэн...” гэв.
Шүүгдэгч М.Б гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Ч гэх хүнтэй 2009 оноос эхлэн хамт амьдарч байгаад дундаасаа 2011 онд нэг хүүхэд гаргаад 2019 онд гэрлэлтээ батлуулан хамт амьдарч байсан. Манай нөхөр 2020 оны 10 дугаар сард хөдөө орон нутагт ажил хийхээр явсан юм. Удалгүй Covid-19 цар тахлын улмаас хөл хорионд орсон байж байгаад 2021 оны 3 дугаар сарын 07 ны өдөр гэртээ буцаж ирэхдээ манай нөхөр Б гэх хүүхэнтэй холбоотой болсон талаар нь чатаас нь мэдсэн боловч хүлээн зөвшөөрөхгүй, “би зүгээр л танилцсан хүн” гээд байсан. Тухайн үед зүгээр маргаан болоод өнгөрсөн. Гэвч энэ талаар бодохоор дургүй хүрээд нөхөр Ч ийг 2021 оны 3 дугаар сарын 11-нд хөөгөөд явуулсан. Буцаж ирэх байх гэж бодтол нөгөө хүүхэн дээрээ очсон байсан. Араас нь залгахад нөгөө хүүхэн утсыг нь авсан. Ингээд бид хоёр салах эхлэл нь тавигдсан. Түүнээс хойш Ч буцаж ирээгүй. Би тэр хүүхнийг нь Ч той холбоотой гэдгийг нь фейсбүүкээс харж мэдсэн болохоор фейсбүүкээр хайж үзсэн чинь ... цэрлэгт ажилладаг хүүхэн байсан. Тэгэхээр нь уг цэцэрлэгийн фейсбүүк хуудас руу зурвас бичээд “энэ хүн танайд ажилладаг уу” гээд асуухад “ажилладаг” гэхээр нь би энэ тапаар хэлээд “багш хүн ийм ёс зүйтэй байж болох уу” гэж хэлсэн. Тэгээд маргаан эхэлсэн явж байх үед миний зээлээр авсан машины төлбөр нь нэхэгдээд хураах боллоо гэсэн. Би сар бүрийн төлбөрийг нөхөр маань хийж байгаа гэж ойлгоод байсан. Ер нь бол манай гэр бүл чиний, миний гэх зарчим байхгүй, болгоод явдаг байсан. Яг хатуу хөл хорионы үед бид хоёр ярилцаад цалингаараа амьдрал, гэр орноо авч яваад Ч хөдөө ажиллаж байсан. Тэгээд банкны зээлээ төлж байна гэж ярилцсан болохоор би түүнд нь найдсан байж байхад энэ маргааны үед гэнэт бөөн өр гарч ирээд машин хураагдах болсон гээд би гэр хашаагаа зараад машинаа авч үлдсэн. Гэвч амьдрах газаргүй болсон тул хүүхдүүдээ яах вз гэдэг асуудлыг Ч той холбогдоод энэ талаар хэлэхэд “би чамд мөнгө өгнө, чи байр түрээслээд байж бай, эхний 6 сарын түрээсийг би төлнө” гэж ярилцсан юм. Ингэж байх үед энэ хүүхэн над руу уучлалт гуйгаад ярихаар нь би “та хоёр боломжтой байгаа бол яриад байгаа байрны түрээсийн мөнгөө өгчихөөч, би үр хүүхдээ байранд оруулчихаад өөрөө хөдөө яваад арай ахиухан цалинтай ажил хиймээр байна” гэж хэлэхэд “би таны түрээсийн мөнгийг өгнө, харин тантай би огт холбогдохгүй, мөн нөхөртэй чинь холбогдохгүй, харин та гол нь манай ажил руу дахиж битгий юм бичээрэй” гэж хэлсэн. Тэгээд би ... цэцэрлэгийн эрхлэгч рүү нь залгаад “бид хоёр учраа олсон, одоо өөр асуудал байхгүй” гэж хэлсэн. Ингээд надад ярихдаа 2021 оны 6 дугаар сарын 01-нд мөнгө өгөөд “та байр түрээслээд орчих” гэсэн болохоор би түүнийг нь хүлээгээд байсан тул тэр өдрөө над руу залгаад “би танд 2.000.000 төгрөг өгч чадах юм байна” гэж хэлэхээр нь би байр хайж байя гэхэд над руу 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Гэтэл хэсэг байж байгаад би өмгөөлөгчөөрөө дамжуулаад 1.000.000 төгрөг өгнө гээд хэд хоногийн дараа нэг өмгөөлөгчөөс үлдэгдэл 1.000.000 төгрөг авсан. Тэгж байхдаа надаар “дахин асуудал гаргахгүй, ямар нэгэн байдлаар харилцахгүй” гэх утга бүхий зүйл бичүүлж аваад үлдсэн. Харин би бичүүлж аваагүй. Ингээд хэсэг чимээгүй болсон байсан Харин Ч надтай холбогдоод хүүхдүүдээ асуугаад тэр хүүхэнтэй холбоогүй байгаа, Өмнөговь аймагг байна гээд өдөр бүр ярьдаг байсан. Ингэж байгаад Ч 2021 оны 8 дугаар сард бага охин маань аав дээрээ очно гээд байхаар нь явуулахад Дундговь аймагт айлын байшин барьж байна гээд 14 хоног хамт байж байгаад ирсэн. Гэтэл түүнээс хойш Ч 1 сар орчим хүүхдүүдтэйгээ ч холбогдохгүй таг алга болсон ба 2021 оны 9 дүгээр сард Ч ийг нутагтаа нэг хүүхэн дагуулаад очсон, хадмын гэрт байна гэж надад хүн ярьсан. Тэгээд энэ хүний албан ёсны эхнэр би байсаар байхад, дээрээс нь хоёулаа надад холбоогүй байгаа гэж ярьчихаад хамт явж байгааг нь сонсоод бухимдаад Б рүү холбогдоод “чи надад нөхөртэй чинь холбогдохгүй гэх зэргээр хэлсэн амандаа хүрсэнгүй” гэж хэлээд хэсэг бухимдсан юм. ...Ч 2021 оны 10 дугаар сард шүүхэд салах өргөдлөө өгсөн байсан тул бид хоёр 2021 оны 12 дугаар сард гэрлэлтээ цуцлуулсан. Гэтэл намайг 2022 оны 01 дүгээр сард цагдаагаас дуудаж эхэлсэн. Түүнээс өмнө 2021 оны 4 дүгээр сард намайг Чингэлтэй дүүргийн цагдаагаас дуудаад энэ талаар мэдүүлэг авсан. ...Би энэ хоёр хүнийг дарамталж мөнгө аваагүй. Энэ хоёр хүн миний амьдралыг сүйтгээд, намайг орох оронгүй болгосон болохоор байр түрээсэл гэж мөнгө өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-11 дүгээр тал/,
Хохирогч Ч.Б ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Ч гэх хүнтэй 2020 оны 8 дугаар сард Налайх дүүрэгт танилцаж байсан. Тэр үед надад, эхнэр хүүхэдгүй гэж ярьж байсан. Ч Цагаан хад руу 2021 оны 01 дүгээр сард нүүрс тээврийн жолоочоор явсан. Намайг танилцсанаас хойш 2021 оны 3 дугаар сар хүртэл энэ хүний эхнэр гэх хүн гарч ирээгүй. 2021 оны 3 дугаар сард “би Ч ийн эхнэр нь байна, чи айл гэр үймүүлж хүүхэд өнчрүүлэх гээд байна” гээд над руу утас болон хувь чатаар дайраад эхэлсэн. Би Ч ийн эхнэр гэх Б гэх хүнд “би таны нөхрийг зүгээр байхад нь уулзаагүй” гэхэд миний фейсбүүкээс хувийн мэдээлэл хараад манай ажлын ... цэцэрлэг гэсэн нээлттэй хуудас руу “энэ багш танайд ажилладаг биз дээ” гээд миний нүүр хуудасны зургийг татаж аваад коммент бичээд эхэлсэн. Тэгээд манай ажлын газрын удирдлага руу чат бичээд, нээлттэй группээс утасны дугаар аваад утас руу ярьсан байсан ба удирдлага намайг энэ асуудлаа цэгцэл, багшийн ёс зүйтэй холбоотой асуудал яригдаад байна гэхээр нь би тэр хүнтэй ярилцъя гээд Б тэй ярилцахад “чи намайг болон миний үр хүүхдийг хохироосон, чи надад нөхөн төлбөр өг” гэхээр нь “би боломжтой хүн бишээ, цэцэрлэгийн багш хийдэг” гэхэд “би хүүхдийнхээ амьдрах орчинг өөрчилнө, мөнгө өг, би гэр хороололд амьдармааргүй байна, байрны түрээсийн мөнгө өг” гээд над руу яриад байхаар нь би “хэдэн төгрөг вэ” гэхэд “гурван сарын түрээсийн мөнгө хамгийн багадаа 2.600.000 төгрөг” гэсэн. Тэгээд би “за яахав миний буруу юм бол танд би нэхсэн мөнгийг чинь өгье, та дахин манай ажлын фейсбүүк руу холбогдохгүй гэсэн баталгаа гаргаж өг, тэгвэл би мөнгийг чинь өгье” гээд өөрт байсан 2.000.000 төгрөгөөс 1.000.000 төгрөгийг нь өгсөн. Дараа нь Б тэй өмгөөлөгчөө уулзуулан баталгаа бичүүлэн үлдэгдэл 1.000.000 төгрөгийг шилжүүлэн өгсөн ба Б гэх хүн хэсэг хугацаанд чимээгүй болж байгаад 2021 олны 9 дүгээр сараас дахиад хувь чат руу болон байгууллагын фэйж хуудас ажлын газар руу “чи миний хүүхдүүдийг өнчрүүлсэн, гудамжинд биеэ үнэлээд явдаг, яаж ийм хүн хүүхэд хүмүүжүүлээд явдаг юм, би чамайг заавал ёс зүйн хороогоор чинь авч хэлэлцүүлж ажилгүй болгоно” гэх мэтээр дахиад бичээд эхэлсэн. Тэгэхээр нь би та баталгаа гаргаж өгчхөөд яагаад ингээд байгаа юм бэ гэхэд Б “ер нь миний буруу юм байна, чи яагаад ажилтай байх ёстой гэж, гэр орноор чинь очно, аав, ээжтэй чинь уулзана, танай байгууллага арга хэмжээ авч өгөхгүй бол дүүргийн ёс зүйн хороонд хандана” гэх мэтээр бичээд байхаар нь би өмгөөлөгчөөс зөвлөгөө аваад цагдаад өргөдлөө гаргаж өгсөн. ...Би өөрийн Хас банкны ... тоот данснаас ... гэсэн Б гийн данс руу 1.000.000 төгрөгийг 2021 оны ... 31-ний өдөр шилжүүлэн өгсөн. Дараагийн 1.000.000 төгрөгийг өөрийн Хас банкны ... тоот данснаас Б гийн ... дугаарын данс руу 2021 оны 6 дугаар сарын 12-ны өдөр шилжүүлэн өгсөн. Б нь надаас нэхээд байхаар би ойрхон хугацаанд шилжүүлсэн. ...Одоо бол бид хоёр хамт амьдарч байгаа. Б гээс Ч нь шүүхээр ороод гэрлэлтээ албан ёсоор цуцлуулсан байгаа. ...Намайг Б нь сошиал орчинд ажил руу болон хувь чат, гар утас руу мессеж бичин сүрдүүлдэг байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 43-4... тал/,
-дахин өгсөн: “...Эхлээд Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороонд байхдаа аавынхаа гэрээс өөрийн данснаас 1.000.000 төгрөг шилжүүлсэн. Дараа нь ...Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт явж байгаад гар утсаараа интернэт ашиглан 1.000.000 төгрөг шилжүүлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49 дүгээр тал/,
Гэрч Ж.Ц ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Б гэрээ зарсан нь үнэн. Тухайн гэр нь энэ хоёрыг айл болоход нь эгч нь өгсөн юм. Гэтэл сая нөхөр нь салаад явсан хойно машиных нь зээл нэхэгдээд аргагүйн эрхэнд гэрээ зараад, дахин мөнгө дутахаар нь би зээл авч өгөөд машиныг нь авч өгсөн юм. ...Сураг сонсоход манай хүргэн байр түрээслэх мөнгө өгнө” гэж хэлсэн гэхээр нь манай охин гэрээ зарчихсан юм шиг байна лээ. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 56-57 дугаар тал/,
Гэрч Ж.Ж ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Манай хүргэн салаад явсан гэсэн. Мөн 2.000.000 төгрөгийн асуудал яриад байгаа. Гэр бүл салж нийлэхэд 2.000.000 төгрөгийн үнэ ханштай байдаг юм уу, бүү мэд. ...Цаад нөхдүүд нь байр түрээсэл гэж мөнгө өгчхөөд сүүлд нь дарамталлаа гэж цагдаад өгсөн гэж ойлгосон. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 60-61 дүгээр тал/,
Шүүгдэгч М.Б д 2.000.000 төгрөг шилжүүлсэн тухай дансны хуулга /хх-ийн 20-21 дүгээр тал/, шүүгдэгч, хохирогч нарын бичсэн зурвасууд /хх-ийн 22-37 дугаар тал/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрх зүйн дүгнэлт:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан гэм буруугийн талаарх дүгнэлт:
Улсын яллагчаас: “...Шүүгдэгч М.Б нь 2021 оны ... сард иргэн Ч.Б ийг “чи айл гэр үймүүллээ, надад 2.400.000 төгрөг өг” гэж түүнийг тодорхой үйлдэл хийхийг шаардаж, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт болох “хэрэв мөнгө өгөхгүй бол би чиний ажилладаг цэцэрлэг, ойр дотны хүмүүст чинь айл гэр үймүүлсэн талаар чинь хэлнэ, гэр бүлээс гадуурх харилцааны талаарх мэдээллийг чинь Нийслэлийн ... цэцэрлэгийн фейсбүүк групп хаяг болон удирдах албан тушаалтанд мэдэгдэж сахилга ёс зүйн арга хэмжээ авхуулна, чамайг ажилгүй болгож, олон нийтэд булай болгоно” гэх мэдээлэл тараахаар сүрдүүлж, улмаар хохирогч Ч.Б ээс Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь 2021 оны 6 дугаар сарын 05-ны өдөр 1.000.000 төгрөг, Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байхад нь 2021 оны 6 дугаар сарын 12-ны 1.000.000 төгрөг, нийт 2.000.000 төгрөгийг өөрийн Хаан банкны ... тоот данс руу шилжүүлэг хийлгэн авч заналхийлсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.... зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч М.Б , түүний өмгөөлөгч О.Алтанчулуу нараас гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар тус тус маргаагүй болно.
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч М.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч М.Б г бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж, эрх хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлж “Заналхийлэх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.
Шүүгдэгч М.Б г өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн санаатай гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Тус гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Б т 2.000.000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч М.Б гээс 2.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Б т олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч М.Б д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.... зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг;
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Алтанчулуу эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Улсын яллагчийн саналыг дэмжиж байна...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч М.Б г шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж, эрх хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлж “Заналхийлэх” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч М.Б гийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 71 дүгээр тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 6... тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалж, түүний хувийн байдлыг тодорхойлов.
Шүүгдэгч М.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч М.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд төлүүлэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.
Бусад асуудлаар:
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт М ын Б г бусдыг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг шаардаж, эрх хууль ёсны ашиг сонирхолд нь хохирол учруулж болохуйц баримт, мэдээлэл тараахаар сүрдүүлж “Заналхийлэх” гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.... зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б д оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 /ер/ хоногийн хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б гээс 2.000.000 /хоёр сая/ төгрөгийг гаргуулж хохирогч Ч.Б т олгосугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТСАЙХАН