Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/941

 

 

 

2022             10           05                                       2022/ШЦТ/941            

                                  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Хишигжаргал,

Улсын яллагч Ц.Буянхишиг,  

Хохирогч ... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А ,

Шүүгдэгч Г.Н , түүний өмгөөлөгч Д.Батдорж нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныД танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э  овогт Г ийн Н д холбогдох эрүүгийн ...  дугаартай хэргийг 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 20.. оны 3 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, оюутан, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, иргэний бүртгэлээр ...  тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Э  овогт Г ийн Н  /РД:... /.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Н  нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “...” ХХК-д 2022 оны 3 дугаар сараас 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд бүртгэл мэдээллийн ажилтнаар түр ажиллаж байх хугацаандаа 2022 оны 5 дугаар сарын 10-наас 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 8 удаагийн гүйлгээгээр нийт 26.400.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ...  дугаарын дансанд шилжүүлэн авч байгууллагын итгэмжлэн хариуцуулсан мөнгөн хөрөнгийг хувьдаа завшсан гэмт хэрэгт холбогджээ.    

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд

Шүүгдэгч Г.Н  нь “...Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “...” ХХК-д 2022 оны 3 дугаар сараас 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд бүртгэл мэдээллийн ажилтнаар түр ажиллаж байх хугацаандаа 2022 оны 5 дугаар сарын 10-наас 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 8 удаагийн гүйлгээгээр нийт 26.400.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ...  дугаарын дансанд шилжүүлэн авч байгууллагын итгэмжлэн хариуцуулсан мөнгөн хөрөнгийг хувьдаа завшсан... үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.

Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А  мэдүүлэхдээ: “...Манайд төлөөгүй үлдсэн 1.600.000 төгрөг байгаа бөгөөд Г.Н  төлөхөө илэрхийлээд, манай компанитай тохиролцсон тул хохирол бүрэн барагдсан гэж үзэж болно... гэв.

 

Хохирогч ... ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А  мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: ...Манай ... ХХК-д 2022 оны 3 дугаар сарын эхээр Г.Н  гэх охин сайн дураараа ажиллаад оронд нь 1 сургалтдаа үнэгүй суулгаад өгөөч гэх хүсэлтийг тавьсан. Бид хүн хүч дутуу байсан болохоор хүлээж аваад бүртгэл мэдээллийн ажилтнаар ажиллуулсан. 3 дугаар сараас эхлэн ажиллаад тухайн үед бүртгэл нь явагдаж байсан 1.600.000 төгрөгийн үнэлгээтэй сургалтад бүртгэл авч эхэлсэн. Ажлын чиг үүргийн хүрээнд байгууллагын дансны интернэт банкаар шалган хүмүүсийн мөнгө орсон үгүйг шалгаж сургалтад бүртгэж авдаг байсан ба Г.Н  нь 2022 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 1.600.000 төгрөгийг компанийн Худалдаа хөгжпийн банкны ...  тоот данснаас интернет банк ашиглан Г.Н ы эзэмшлийн Хаан банкны ...  дугаарын данс руу ...- гэсэн утгатайгаар шилжүүлэг хийсэн.

Үүнээс хойш 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдөр 11 цаг 40 минутад 1.600.000 төгрөгийг ... ХХК-ийн данснаас Г.Н ы данс руу “..” гэсэн утгатай шилжүүлэг хийсэн.

2022 оны 5 дугаар сарын 11-ний шөнийн 22 цагт 800.000 төгрөгийг Сайханбилэг гэдэг хүнээс өөрийн Хаан банкны ...  дугаарын дансаар шилжүүлж, би компаний данс руу хийчихье гээд авсан.

2022 оны 5 дугаар сарын 11-ний шөнийн 22 цаг 48 минутад өөр нэг суралцагчаас сургалтын төлбөр 1.600.000 төгрөгийг өөрийн данс руу авсан.

2022 оны 5 дугаар сарын 12-ны өглөө 10 цаг 27 минутад 1.600.000 төгрөгийг ... ХХК-ийн данснаас Г.Н ы Хаан банкны данс руу ... гэсэн гүйлгээний утгатай шилжүүлэг хийсэн.

2022 оны 5 дугаар сарын 13-ны шөнө 02 цаг 33 минутад 1.600.000 төгрөгийг ... ХХК-ийн данснаас Г.Н ы Хаан банкны данс руу .... гэсэн гүйлгээний утгатай шилжүүлэг хийсэн.

2022 оны 5 дугаар сарын 13-ны өглөө 10 цаг 52 минутад 1.600.000 төгрөгийг ... ХХК-ийн данснаас Г.Н ы Хаан банкны данс руу .... гэсэн гүйлгээний утгатай шилжүүлэг хийсэн.

2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 11 цаг 35 минутад 16.000.000 төгрөгийг компанийн данснаас Г.Н ы Хаан банкны ...  дугаарын данс руу .... гэсэн гүйлгээний утгатай шилжүүлэг хийж, нийт 8 удаагийн гүйлгээгээр 26.400.000 төгрөг авсан байсан. Үүнийг 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдөр мэдээд Г.Н тай холбогдож энэ их гүйлгээг ямар зорилгоор авсан юм бэ гэж асуухад Г.Н  нь сургалтын төлбөрийн буцаалт хийх зорилгоор авсан гэсэн. Тэгээд хамгийн сүүлд авсан 16.000.000 төгрөгийг тайлбарлахдаа нэг хүний буцаалт хийх гэж байгаад тоо илүү бичсэн байна гэсэн. Тухайн өдөр нь суралцагч нартай холбогдоод буцаах хүсэлт гаргасан уу, буцаалтын мөнгө орсон уу гэж асуухад бүгд үгүй, сургалтдаа сууна гэж  хариу өгсөн. ...Тэгээд дараагийн өдөр буюу 2022 оны 5 дугаар сарын 14-ний өдөр Г.Н ы дансны гүйлгээг шалгахаар дансны хуулгыг нь авахад уг мөнгө нь дансанд нь байхгүй, Г.Н  нь өөрөө ашигласан байсан. ...Манай байгууллага крипто валютын гүйлгээ болон арилжаа хийдэггүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 24-26 дугаар тал/,

-дахин өгсөн: ...Г.Н  нь манай байгууллагад нийт 26.400.000 төгрөгийн хохирол учруулснаас 11.600.000 төгрөгийг төлсөн. Одоо 14.800.000 төгрөг төлөөгүй байна. Г.Н  нь хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, ажилд авсан тушаал шийдвэр гараагүй ч захирал Чинтүшигтэй аман хэлцэл байгуулж, бүртгэл мэдээллийн ажилтнаар түр хугацаанд ажилласан. ... гэх мэдүүлэг /хх-ийн 85 дугаар тал/,

 

Гэрч П.Х ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: ...Б.и 2022 оны 5 дугаар сард бүртгүүлж, 6 дугаар сард сургалтдаа суусан. Би “..." ХХК-иас холбогдсон хүний өгсөн Хаан банкны ...  гэсэн дугаартай дансанд 1.600.000 төгрөг шилжүүлсэн. ...Би сургалтдаа бүрэн хамрагдсан тул надад гомдол санал байхгүй. ... гэх мэдүүлэг /хх-ийн 33 дугаар тал/,

 

            “... ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк-нд эзэмшдэг ...  тоот дансны хуулга /хх-ийн 35-377 дугаар тал/,

 

            Шүүгдэгч Г.Н ы Хаан банк-нд эзэмшдэг ...  тоот депозит дансны хуулга /хх-ийн 38-48, 53-55 дугаар тал/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

 

Шүүгдэгч Г.Н ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: ...Би өөрийн эзэмшлийн Хаан банкны ...  дугаарын дансаар 2 хүнээс сургалтын төлбөрийг авсан ба мөнгийг арилжаа хийж зарцуулсан. Уг хоёр хүн нь сургалтанд суусан...” гэх мэдүүлэг /хх-ийн 9 дүгээр тал/,

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Н аас: ...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэм буруугийн талаар маргах зүйлгүй. Нэмж гаргах мэдүүлэг байхгүй... гэснийг тус тус дурдах нь зүйтэй.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан гэм буруугийн талаарх дүгнэлт:

Улсын яллагчаас: ...Шүүгдэгч Г.Н  нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “...” ХХК-д 2022 оны 3 дугаар сараас 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд бүртгэл мэдээллийн ажилтнаар түр ажиллаж байх хугацаандаа 2022 оны 5 дугаар сарын 10-наас 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 8 удаагийн гүйлгээгээр нийт 26.400.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ...  дугаарын дансанд шилжүүлэн авч байгууллагын итгэмжлэн хариуцуулсан мөнгөн хөрөнгийг хувьдаа завшсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Г.Н , түүний өмгөөлөгч Д.Б. нараас гэм буруу, гэмт хэргийн зүйлчлэлийн талаар тус тус маргаагүй болно.

Эрх зүйн дүгнэлт:

 

Шүүгдэгч Г.Н  нь тус гэмт хэргийг үйлдэхдээ ... ХХК-д бүртгэл мэдээллийн ажилнаар түр ажиллаж байсан бөгөөд тухай хуулийн этгээдийн дансны мэдээллийг ашиглан 2022 оны 5 дугаар сарын 10-наас 2022 оны 5 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 8 удаагийн гүйлгээгээр нийт 26.400.000 төгрөгийг өөрийн эзэмшлийн Хаан банкны ...  дугаарын дансанд шилжүүлэн авсан үйлдэл нь “...Хөрөнгө завших...” гэмт хэргийн шинжийг хангаж байх бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Г.Н ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Г.Н  нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Тус гэмт хэргийн улмаас ... ХХК-д 26.400.000 төгрөгийн хохирол учирсан байх бөгөөд шүүх хуралдаанд тус компанийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Аринзулаас ...хохирол төлбөр бүрэн барагдсан... талаар мэдүүлсэн тул шүүгдэгч Г.Н ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: ...Шүүгдэгч Г.Н д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг;

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Б. эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: ...Миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд гэмт хэргээ өөрөө илчилсэн. Тиймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэж өгнө үү. Мөн хохирогчийн гэм буруу энэ хэрэгт маш их нөлөөлсөн. Мөн миний үйлчлүүлэгч Г.Н  нь олон улсад жудогийн тэмцээнээр явдаг ба тухайн чиглэлээр гадаадад суралцах боломж гарсан. Миний үйлчлүүлэгч тухайн мөнгийг бүгдийг нь алдсан бөгөөд эцэг, эх нь хохирлыг төлж барагдуулсан. Иймд миний үйлчлүүлэгчид 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оноож өгнө үү... гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцсэн.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч Г.Н ыг шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Г.Н ы иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 73 дугаар тал/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 74 дүгээр тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70 дугаар тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 72 дугаар тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 75 дугаар тал/, жолоочийн лавлагаа /хх-ийн 76 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаж түүний хувийн байдлыг тодорхойлов.

 

Шүүгдэгч Г.Н д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн-ийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч Г.Н д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал буюу эрхэлсэн тодорхой ажилгүй, мөн гадаад улсад зохион байгуулагдаж байгаа уралдаан тэмцээнд оролцдог зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оноож өгнө үү... гэх санал гаргасан нь үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь ...зургаан сараас  гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах санцтай болохыг дурдах нь зүйтэй.

 

Бусад асуудлаар:

Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э  овогт Г ийн Н ыг “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н ыг 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Г.Н д урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                   Б.БАТСАЙХАН