Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 05 өдөр

Дугаар 512

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар
нэхэмжлэгч: Л.Г-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газар,
Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэст холбогдох
2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийг 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь аймгийн Орон нутгийн өмчийн албаны даргаар ажиллаж байгаад аймгийн Засаг даргын 2016 оны12 дугаар сарын 09-ний өдрийн Б/110 дугаартай захирамжаар ажлаас чөлөөлөгдөж улмаар Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 сарын 29-ний өдрийн 31 дугаартай шийдвэрээр 1 сарын хугацаанд орон нутгийн өмчийн газрын зохих албан тушаалд томилогдох, 2016 оны 12 сарын 09-ний өдрөөс 2017 оны 08 сарын 29-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхээр болсон. Уг шүүхийн шийдвэр гарсан боловч өнөөдрийг хүртэл хэрэгжихгүй байгаа юм. Одоо миний бие дээрх шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалинг тооцон гаргуулж, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалыг нөхөн төлүүлэх хүсэлтэй байна. Иймд 2017 оны 08 сарын 29-ний өдрөөс хойш шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М нь шүүхэд гаргасан тайлбартаа: 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 31 дугаартай шүүхийн шийдвэрээр орон нутгийн өмчийн газарт зохих албан тушаалд томилогдох шийдвэр гаргасан. Тухайн тушаал нь өнөөдрийг хүртэл хэрэгжихгүй байна. Иймээс 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс хойш 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хугацааны цалин болон нийгмийн даатгалын дэвтэр, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.
Хариуцагч Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газрын төлөөлөгч Д.О нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Тус аймгийн шүүхэд Л.Г нь нэхэмжлэл гаргаж, хариуцагчаар орон нутгийн өмчийн газрыг татсан байна. Нэхэмжлэгч Л.Г-н шүүхэд гаргасан 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн нэхэмжлэлд дараах тайлбарыг хүргүүлж байна. Үүнд: Нэхэмжлэгч Л.Г нь Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 31 тоот шийдвэрийг хэрэгжүүлж өгч, ажилгүй байсан хугацааны цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлж өгөхийг хүссэн байна. Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Орон нутгийн өмчийн алба нь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 55 дугаар тогтоолоор татан буугдаж, Монгол улсын Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоолоор Орон нутгийн өмчийн газар болон шинээр үүсэн байгуулагдсан. Л.Г нь хуучнаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Орон нутгийн өмчийн албаны даргаар ажиллаж байгаад аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/110 дугаар захирамжаар үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн байдаг. Нэхэмжлэгч Л.Г-н Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хариуцагчаар оролцохоос татгалзаж байна. Учир нь тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулдаг төсвийн байгууллагын удирдлага, орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эрх баригчийг томилох, чөлөөлөх эрх нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10, 30.1.11 дэх заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.2 дахь заалтуудаар аймгийн Засаг даргад олгогдсон байдаг ба Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 31 дугаартай шийдвэрийг хэрэгжүүлэх нь тус газрын хуулиар олгогдсон эрх үүргээс хэтэрсэн, хэрэгжүүлэх боломжгүй шийдвэр байна гэж үзэж байна. Мөн орон нутгийн өмчийн газар нь нэхэмжлэгч Л.Г-г хуучнаар аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дэргэдэх Орон нутгийн өмчийн албаны даргаар ажиллаж байсан үеэс, үүрэгт ажлаас нь чөлөөлөгдөх хүртэл хугацаанд цалин, нийгмийн болон эрүүл мэндийн даатгал, бусад өр, авлагын тооцоо байхгүй болно гэжээ.
Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтсийн төлөөлөгч Ч.Ж нь шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Манай аймгийн төсвийн хувьд орон нутгийн төсвийн орлогоороо 30 хувийг бүрдүүлж, 70 хувийг улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг авдаг. Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.3 дахь хэсэгт заасны дагуу орон нутгийн төсвийн орлого, зарлагыг Сангийн яаманд жил бүрийн 8 дугаар сарын 15-ны дотор хянуулдаг тул уг зардлыг шийдвэрлэх эх үүсвэр байхгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Л.Г нь Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газар, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү төрийн сангийн хэлтэст холбогдуулан 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацааны ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 
Нэхэмжлэгч Л.Г нь Говь-Алтай аймгийн Орон нутгийн албаны даргаар ажиллаж байгаад тус аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/110 дугаар захирамжаар ажлаас чөлөөлөгджээ.
Энэхүү ажлаас чөлөөлсөн захирамжийг нэхэмжлэгч Л.Г нь эс зөвшөөрч Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. 
Уг нэхэмжлэлийн дагуу Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 31 дүгээр шийдвэр гарч, аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/110 дугаар захирамжийг 1 сарын хугацаатай түдгэлзүүлж, шүүхээс тогтоосон 1 сарын хугацаанд хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг дарга нь Орон нутгийн өмчийн газрын зохих албан тушаалд Л.Г-г томилсон шийдвэр гаргаагүй бол тус аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/110 дугаар захирамжийг хүчингүй болгох, Л.Г-н 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл ажилгүй байсан 179 хоногийн олговорт 9.860.913 төгрөгийг олгож шийдвэрлэжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.1.1-д “...энэ хуулийн 114.1-д заасан хугацаанд давж заалдах гомдол гаргаагүй...”, 110.1.2-т “...давж заалдах гомдол гаргасан бөгөөд давж заалдах журмаар гомдлыг хянан хэлэлцээд энэ хуулийн 119.2-т заасны дагуу гаргасан магадлалд хяналтын журмаар гомдол гаргаагүй...” бол анхан шатны шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болно гэж заасан байх бөгөөд дээрх шийдвэрт давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргаагүй, шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна. 
Говь-Алтай аймгийн Засаг дарга нь Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс хойш аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/110 дугаар захирамжийг 1 сарын хугацаатай түдгэлзүүлсэн дээрх хугацаанд Орон нутгийн өмчийн газрын зохих албан тушаалд Л.Г-г томилсон шийдвэр гаргаагүйгээрээ нэхэмжлэгч Л.Г-н хөдөлмөрлөх эрхийг зөрчжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.2 дахь хэсэгт зааснаар ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй ба энэхүү үүргээ биелүүлээгүй ажил олгогч үүргээ биелүүлээгүйн эрх зүйн үр дагаврыг хариуцах учиртай болно. 
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт “энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно” гэж заасан байх ба “ажилгүй байсан бүх хугацаа” гэдэгт ажилтныг ажлаас халах тухай ажил олгогчийн шийдвэр гарснаас хойш түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаа орохоос гадна шүүхийн шийдвэр гарснаас хойш уг шийдвэрийг биелүүлэх хүртэл хугацаа мөн хамааралтай юм.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1 дэх хэсэгт зааснаар “...Захиргааны байгууллага, албан тушаалтан хууль тогтоомжийн дагуу олгогдсон бүрэн эрх, чиг үүрэгт нь хамаарах асуудлаар шүүхийн шийдвэрт заасан захиргааны акт, захиргааны хэм хэмжээний актыг гаргах, эсхүл шүүхийн шийдвэр, мэдэгдэлд заасан үүргийг тогтоосон хугацаанд, зохих ёсоор биелүүлсэн бол шүүхийн шийдвэрийг биелүүлсэнд тооцно...” гэж заасан байх бөгөөд ажил олгогч ажилтныг ажлаас халах тухай урьд гаргасан шийдвэрээ хүчингүй болгож, тухайн ажилтныг урьдах ажилд нь эгүүлэн тогтоосноор шүүхийн шийдвэр биелэгдсэнд тооцогддог тул ажилтны ажилгүй байсан хугацаа түүнийг ажилд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр гарснаар бус, харин шүүхийн шийдвэрийг биелүүлсэн ажил олгогчийн шийдвэр гарснаар дуусгавар болно. 
Иймд Л.Г нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг гаргуулахаар шаардах эрхтэй байна. 
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор олгоно” гэж заасны дагуу Л.Г-н 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэлх ажилгүй байсан нийт ажлын 1 жил 2 сар 5 хоногийн олговор 14.306.196 /арван дөрвөн сая гурван зуун зургаан мянга нэг зуун ерэн зургаан/ төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газраас гаргуулж, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна. 
Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7.а-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүү, олговор олгохтой холбогдуулан дундаж цалин хөлсийг тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно, 6 дугаар зүйлд “ажилтнаас шалтгаалахгүйгээр бүрэн ажиллаагүй бол тухайн хугацаанд авсан цалин хөлсний нийлбэр дүнг ажилтны жинхэнэ ажилласан өдрийн тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг тодорхойлно” гэж заажээ.
Шүүх ажилгүй байсан хугацааны цалинг тооцохдоо дээрх журмыг баримтлан хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч Л.Г-н 0014062 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн 2016 оны 09, 10, 11 дүгээр сарын цалингийн нийлбэрийг тухайн хугацаан дахь нийт сарын тоонд хувааж ажилтны дундаж цалин хөлсийг, гаргасан дүнг сарын ажлын өдрийн дундаж тоонд хувааж, нэг өдрийн дундаж цалинг, нэг өдрийн дундаж цалинг нийт ажилгүй байсан хугацааны ажлын өдрүүдээр үржүүлэх хэлбэрээр цалинг тодорхойлсон болно. 
Нэхэмжлэгч Л.Г нь тус аймгийн Засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/110 дугаар захирамжаар ажлаас чөлөөлөгдсөн байх бөгөөд нэхэмжлэгчийн ажлаас чөлөөлөгдөх хүртэлх хугацаанд авч байсан сүүлийн 3 сар буюу 09, 10, 11 дүгээр сарын дундаж цалингаас ажилгүй байсан хугацааны олговрыг тооцох нь үндэслэлтэй байна. Мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.М нь шүүх хуралдаанд “...Л.Г-н 2016 оны нийгмийн даатгалын дэвтрийн бичилт 12 дугаар сард 399.475 төгрөгөөр таглагдсан байгаа. Тухайн 12 дугаар сард томилолтын мөнгө ороод өөр мөнгө ороогүй. Өөрийнх нь нийгмийн даатгалын дэвтэр дээр цалин нь 1.118.000 төгрөгөөр бичигдсэн байна. Иймд Нийгмийн даатгалын дэвтрээс цалингийн дундажыг тогтоохдоо 9 дүгээр сар, 10 дугаар сар, 11 дүгээр сарын дунджаас тооцож өгнө үү...” гэсэн хүсэлт гаргасан болохыг дурдах нь зүйтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-д “Ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газарт даалгах нь зүйтэй байна.
Хариуцагч Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газрын төлөөлөгч Д.О нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “...тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулдаг төсвийн байгууллагын удирдлага, орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эрх баригчийг томилох, чөлөөлөх эрх нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10, 30.1.11 дэх заалт, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.2 дахь заалтуудаар аймгийн Засаг даргад олгогдсон байдаг ба Говь-Алтай аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 31 дугаартай шийдвэрийг хэрэгжүүлэх нь тус газрын хуулиар олгогдсон эрх үүргээс хэтэрсэн, хэрэгжүүлэх боломжгүй шийдвэр байна гэж үзэж байна...” гэжээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт “...Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна...” гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дугаар зүйлийн 110.2 дахь хэсэгт “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч, түүнчлэн хэргийн оролцогчийн эрх залгамжлагч шүүхээр нэгэнт хянан шийдвэрлэсэн маргааны талаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргах болон шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримт, эрх зүйн харилцаа, хэрэг хянан шийдвэрлэх өөр ажиллагааны талаар маргах эрхгүй...” гэж заасан бөгөөд хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг заавал биелүүлэх үүрэгтэй байх тул хариуцагч Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газрын төлөөлөгч Д.О-н шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх боломжгүй хэмээн маргаж байгаа нь үндэслэлгүй байна. 
Төсвийн тухай хуулийн 16.4.18-т зааснаар төсвийн бусад байгууллагын дарга (захирал, эрхлэгч) нь тухайн байгууллагын төсвийн шууд захирагч байна. Ажилчны цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийг түүнийг ажиллуулж байгаа байгууллага нь төлөх үүрэгтэй бөгөөд дээрх зардал нь тухайн байгууллагын төсөвт суугдаж, төсвийн шууд захирагч нь төсвийн тухай хуулийн 16.5.2-д зааснаар батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих үүрэгтэй байх тул хариуцагч Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газраас нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулж шийдвэрлэсэн болно. 
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар “...Хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ. Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх буюу хүлээн зөвшөөрөхөөс татгалзах, сөрөг нэхэмжлэл гаргах, эвлэрэх эрхтэй...” байна. 
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь хэнд холбогдуулан ямар нэхэмжлэл гаргахаа өөрөө сонгох эрхтэй бөгөөд хариуцагч Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга Д.О-н шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “...Нэхэмжлэгч Л.Г-н Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хариуцагчаар оролцохоос татгалзаж байна...” гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй, нэхэмжлэгчийн хариуцагчаар оролцуулахаар сонгосон этгээд нь хариуцагчаар оролцохгүй хэмээн маргах эрхгүй байна. 
Харин хариуцагчаар оролцож байгаа этгээд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг эдэлж, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзах эрхтэй бөгөөд үүнтэй холбоотой нотлох баримтаа өөрөө гаргаж цуглуулах үүрэгтэй. Хуульд заасан дээрх эрх үүргийг хариуцагч Д.О-т тайлбарласан боловч хариуцагч нь хэргийн оролцогчид эрх үүрэгт танилцуулсан баримтад хариуцагч биш учир  гарын үсэг зурахгүй гэж тайлбарлан гарын үсэг зурахаас татгалзсан болохыг дурдах нь зүйтэй. 
Хариуцагч Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газрын дарга Д.О-т шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй, хариуцагч Ч.Ж нь шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг үргэлжлүүлэх саналтай байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн эзгүйд, хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 14.306.196 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 229.481 төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газраас гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар Л.Г-н ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговор 14.306.196 /арван дөрвөн сая гурван зуун зургаан мянга нэг зуун ерэн зургаан/ төгрөгийг Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газраас гаргуулж, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг зохих журмын дагуу тооцон суутгаж, үлдсэнийг нэхэмжлэгч Л.Г-т олгосугай
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2 дахь хэсэгт зааснаар Л.Г-н нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулалт хийхийг Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газарт үүрэг болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 14.306.196 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 229.481 төгрөгийг хариуцагч Говь-Алтай аймгийн Орон нутгийн өмчийн газраас гаргуулж, улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай. 
                        
                         

ДАРГАЛАГЧ                             Н.ОЮУНБИЛЭГ