Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2018 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 536

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Оюунбилэг даргалж, шүүгч Д.Янжиндулам, Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Үүрийнтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч: ***********-н итгэмжлэгдсэн төлөөлөгч *********-н нэхэмжлэлтэй,
ажилгүй байсан хугацааны цалин 19.399.320 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 4.000.000 төгрөг, нийт 23.399.320 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, 2018 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр иргэний хэрэг үүсгэснийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч **********, төрийг төлөөлөн ************ хяналтын прокурор ********, иргэдийн төлөөлөгч ***********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Уугандарь нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:


Нэхэмжлэгч ********-н итгэмжлэгдсэн төлөөлөгч *********шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ******** нь 1998 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар ********** аймгийн ********* сумын хэсгийн төлөөлөгчөөр томилогдон ажиллаж 2000 онд мөрдөн байцаагчаар, 2002 оноос ахлах мөрдөн байцаагчаар ажиллаж байна. *******-н эрхэлж байсан ажил үүрэгт нь холбогдуулан эрүүгийн хэрэгт 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдөр сэжигтнээр татаж, 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн албадлагын арга хэмжээ авагдаж, 2013 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр яллагдагчаар татан шалгаж улмаар 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 51 дугаартай ******** аймгийн Прокурорын газрын тогтоолоор гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, ********-г гэм буруугүй болохыг тогтоосон. Иймээс ******-г эрүүгийн хэрэгт үндэслэлгүйгээр хууль бусаар шалгаж, яллагдагчаар татан 1 жил 6 сарын хугацаанд албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн албадлагын арга хэмжээ авч сэтгэл санаа болон эд хөрөнгийн гэм хор учруулсан байна. Иймд ********-г 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 51 дугаартай тогтоолоор хэргийг хэрэгсэхгүй болгож, албадлагын арга хэмжээг хүчингүй болгон түүний зөрчигдсөн эрхийг сэргээсэн байх тул 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хүртэл албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн хугацааны нийт 360 хоног ажилгүй байсан цалинтай тэнцэх хэмжээ буюу 19.399.320 төгрөг, үндэслэлгүйгээр шалгагдаж байх хугацаандаа өмгөөлөгчид төлсөн хөлс 4.000.000 төгрөг, нийт 23.399.320 төгрөгийг төрөөс гаргуулж өгнө үү гэв.
********* аймгийн ************ хяналтын прокурор ******* шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан эрх үүргийг хэрэгжүүлж, ********-н нэхэмжлэлтэй гэм хорын хохиролд нийт 23.399.320 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн шүүх хуралдаанд оролцож байна. Үүнийг төрөөс гаргуулах ямар ч үндэслэлгүй гэж прокурорын зүгээс үзэж байна. Учир нь Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан саатуулагдсан буюу гадагш явахгүй байх баталгаа өгсөн мөн захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг гэм буруутай этгээд буюу хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүгчийн буруутай үйлдлээс үл хамааран төр хариуцна гэж заасан байгаа. ********-н тухайд энэ хэрэгт хууль бусаар яллагдагчаар татсан гэж үзэх үндэслэл байхгүй. Шүүхийн хэлэлцүүлэгт шинэээр гаргаж өгсөн сэжигтэн нарын мэдүүлэг байгаа. Мөрдөн байцаагч ********** хэсгийг ахалж очоод хэргийн газрын үзлэг хийсэн. Тэгэхэд цагаан зээр алаагүй бид нар гөрөөс алсан юм. Цагаан зээр хөөж яваад буудахад хар сүүлт байсан гэж мэдүүлсэн байдаг. Тухайн үед байгаль орчны байцаагчаар ажиллаж байсан ******** гэдэг хүн мэдүүлэхдээ цагаан зээрийн арьс биш хар сүүлтийн арьс байсан гэж мэдүүлэг өгдөг. Тухайн үед ******** үзлэгийг ахалж очоод хэргийн газар үзлэг хийсэн. Тэгэхэд 2002 оны Эрүүгийн хуулийн 253 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахдаа мөрдөн байцаагч ямар эрх үүрэгтэй ямар хариуцлагатай оролцох талаар заасан байгаа. Гэтэл хуульд заасан үүргээ биелүүлэхгүйгээр тухайн хэргийн нотлох баримт болох хар сүүлтийн арьсыг 2 ширхэг цагаан зээрийн арьсаар сольсон. Мөн хэргийн газар 5 хоногийн дараа очиж эд мөрийн баримтыг хадгалах цуглуулах үүргээ хэрэгжүүлж авсан байгаа нь мөрдөн байцаагч ******* нь эрхэлж байсан ажил үүрэгтээ хайнга хандсан гэдэг зүйл харагдаж байгаа. Тухайн үед *********нарт эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж хэргийг шийдвэрлэсэн. Мөрдөн байцаагч ********-н үйлдлийг 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдөр хэргийг хэрэгсэхгүй болгосон, хэргийг хүчингүй болгож шийдвэрлээгүй. Тухайн үед Эрүүгийн хуулийн 24 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хууль бусаар яллагдагчаар татсан гэж үзэх үндэслэл байхгүй. ********* нь цагдан хоригдоогүй, хувийн батлан даалтанд авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Иймээс Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт зааснаар хууль бусаар яллагдагчаар татсан гэдэг үндэслэл тогтоогдохгүй байгаа учир 23.399.320 төгрөгийг төрөөс гаргуулах үндэслэлгүй гэж үзэж байна гэв.
Иргэдийн төлөөлөгч ********* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: *******-д ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлт гаргаж байна гэв.


ҮНДЭСЛЭХ нь:


Нэхэмжлэгч *********-н итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* нь ********-г үндэслэлгүйгээр албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн албадлагын арга хэмжээ авсны улмаас учирсан гэм хорын хохирол ажилгүй байсан хугацааны цалин 19.399.320 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 4.000.000 төгрөг, нийт 23.399.320 төгрөгийг төрөөс гаргуулахаар шаарджээ /хх-1/.
Зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт цугласан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Учир нь ********** аймгийн **********-н хяналтын прокурор ********* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...мөрдөн байцаагч ****** нь эрхэлж байсан ажил үүрэгтээ хайнга хандсан гэдэг зүйл харагдаж байгаа. Мөрдөн байцаагч ********-н үйлдлийг 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Эрүүгийн хуулийн 24 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэдэг үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон, хэргийг хүчингүй болгож шийдвэрлээгүй. Хууль бусаар яллагдагчаар татсан гэж үзэх үндэслэл байхгүй. ****** нь цагдан хоригдоогүй, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан. Иймээс Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт зааснаар хууль бусаар яллагдагчаар татсан гэдэг үндэслэл тогтоогдохгүй байгаа учир 23.399.320 төгрөгийг төрөөс гаргуулах үндэслэлгүй гэж үзэж байна...” хэмээн мэтгэлцэж байна. 
Хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахад нэхэмжлэгч ******** нь ******* аймгийн Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөн байцаагчаар ажиллаж байгаад 2012 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн Прокурорын тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн 253 дугаар зүйлийн 253.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт сэжигтнээр татагдаж, 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн албадлагын арга хэмжээ авагджээ /хх-ийн 48, 51/.
Улмаар 2013 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр яллагдагчаар татан шалгаж,  2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 51 дугаартай ******* аймгийн Прокурорын газрын тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ /хх-ийн 52, 56-57/. 
Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт “Хууль бусаар яллагдагчаар татагдсан, ял шийтгүүлсэн, баривчлагдсан, саатуулагдсан буюу гадагш явахгүй гэсэн баталгаа өгсөн, захиргааны журмаар баривчлагдсан этгээдийн зөрчигдсөн эрхийг сэргээсэн тохиолдолд түүнд учирсан хохирлыг мөрдөгч, прокурор болон шүүгчийн буруутай эсэхээс үл хамааран төр хариуцан арилгана” гэж заасан. 
Хууль хэрэглээний хувьд эрүүгийн эрх зүйд гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэх, эрх зүйн зохицуулалтын хувьд адил бол хамгийн сүүлд батлагдсан хуулийн зохицуулалтыг баримтлах журамтай.
2002 оны Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 388 /44 дүгээр бүлэг/, 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.1 дугаар зүйлд /45 дугаар бүлэг/ заасан эрх зүйн зохицуулалтын хувьд аль аль нь нэхэмжлэгч ********-н эрх зүйн байдлыг дордуулаагүй байх тул шүүх бүрэлдэхүүн хамгийн сүүлд батлагдсан буюу 2015 оны Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зохицуулалтыг баримтлан хэргийг шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2017/ 45.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд нь мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санааны үр дагаврыг арилгуулах болон тэтгэвэр, тэтгэмж авах, орон сууц эзэмших болон бусад эрхээ нөхөн сэргээлгэх эрхтэй...” гэж, 45.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Дараах ажиллагааг хууль бусаар явуулсны улмаас тухайн хүнд учирсан хохирлыг мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн гэм бурууг үл харгалзан төр хариуцан арилгана: 1.2.таслан сэргийлэх арга хэмжээ авсан...” гэж заасны дагуу нэхэмжлэгч М.Ж нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад учирсан хохирлоо арилгуулах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр шаардах эрхтэй байна. 
Мөн хуулийн 45.2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт заагдсанаар “...яллагдагч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүйгээс хэргийг хэрэгсэхгүй болгосон...” бол хохирол нөхөн төлүүлэх эрх үүсэхээр заажээ.
Нэхэмжлэгч *********-д холбогдох эрүүгийн хэргийг 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 51 дугаартай ********аймгийн Прокурорын газрын тогтоолоор Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэх үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгч **********-д хохирол нөхөн төлүүлэх эрх үүссэн байна. 
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлд дараах эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлнө, үүнд: 1.1 дэх хэсэгт зааснаар хууль бус ажиллагааны улмаас хүний аваагүй цалин хөлс болон амьжиргааны үндсэн эх үүсвэр болж байсан хөдөлмөрийн бусад орлого; 1.6 дахь хэсэгт зааснаар хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлсийг тус нөхөн төлөхөөр зохицуулжээ.
Иймд нэхэмжлэгч *********-н албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлсэн албадлагын арга хэмжээ авагдсан өдрөөс эхлэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон Прокурорын тогтоол гарах хүртэлх хугацааны цалин болон хууль зүйн туслалцаа авахад төлсөн хөлсийг нөхөн олгох нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч ********** нь өмгөөлөгч *********-тай 2013 оны 02 сарын 27-ны өдөр, өмгөөлөгч ********-тэй 2013 оны 07 сарын 30-ны өдөр тус тус хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж, өмгөөллийн хөлсөнд 2013 оны 06 дугаар сарын 21-нд 2.000.000 төгрөг, 2014 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 2.000.000 төгрөгийг төлжээ /хх-ийн 15, 18, 58-61-рт/.
2013 оны 07 сарын 30-ны өдрийн хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд өмгөөллийн хөлсийг тусгаагүй, 2013 оны 02 сарын 27-ны өдрийн гэрээнд өмгөөллийн хөлс 1.000.000 төгрөг гэж тусгасан байх боловч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “...Гэрээг 1.000.000 төгрөгөөр хийгээд 2.000.000 төгрөгийг өмгөөлөгчид шилжүүлсэн. Эргээд гэрээг өөрчилж өгнө гэсэн боловч өөрчилж өгөөгүй. *********-тэй 2.000.000 төгрөгийн гэрээ байгуулсан...” гэж тайлбарлаж байгаа нь 2013 оны 06 дугаар сарын 21-нд 2.000.000 төгрөг, 2014 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 2.000.000 төгрөг төлсөн баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.3 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт зааснаар өмгөөллийн хөлс 4.000.000 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулан нэхэмжлэгч ********-д олгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7.а-д “Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтанд буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүү, олговор олгохтой холбогдуулан дундаж цалин хөлсийг тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно, 6 дугаар зүйлд “ажилтнаас шалтгаалахгүйгээр бүрэн ажиллаагүй бол тухайн хугацаанд авсан цалин хөлсний нийлбэр дүнг ажилтны жинхэнэ ажилласан өдрийн тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг тодорхойлно” гэж заажээ.
Шүүх ажилгүй байсан хугацааны цалинг тооцохдоо дээрх журмыг баримтлан хавтаст хэрэгт авагдсан нэхэмжлэгч ********-н 2011-2012 онуудын цалингийн тодорхойлолтод бичигдсэн 2012 оны 10, 11, 12 дугаар сарын цалингийн нийлбэрийг тухайн хугацаан дахь нийт сарын тоонд хувааж ажилтны дундаж цалин хөлсийг, гаргасан дүнг сарын ажлын өдрийн дундаж тоонд хувааж, нэг өдрийн дундаж цалинг, нэг өдрийн дундаж цалинг нийт ажилгүй байсан хугацааны ажлын өдрүүдээр үржүүлэх хэлбэрээр цалинг тодорхойлоход нэхэмжлэгч *********-г 2012 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн албан үүргээ биелүүлэхийг түр түдгэлзүүлж, 2014 оны 05 дугаар сарын 06-ны өдөр эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсний дагуу ажилдаа эргэн орох хүртэлх хугацааг тооцон үзэхэд 1 жил 4 сар 11 хоног албан үүргээ гүйцэтгээгүй байх тул ажилгүй байсан хугацааны олговорт 16.755.861 төгрөгийг гаргуулах нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ажилгүй байсан хугацааны олговорт 19.399.320 төгрөг гаргуулахаар шаардсан боловч дээр дурдсан журмаар тооцож үзэхэд ажилгүй байсан хугацааны олговор нь 16.755.861 төгрөг байх тул нэхэмжлэлийн шаардлагаас 2.643.459 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 45.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийг цагаатгах тогтоол, яллахаас татгалзсан шийдвэрийг хүлээн авснаас хойш 10 жилийн дотор гаргана гэж заасан ба нэхэмжлэгч *********-н нэхэмжлэл нь хуульд заасан нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч *********-н шүүхэд гаргасан нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 134 дүгээр зүйлийн 134.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *********-д ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт 16.755.861 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 4.000.000 төгрөг, нийт 20.755.861 төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргуулан олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.643.459 төгрөгний шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Нэхэмжлэгч **********-н нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, төрийг төлөөлөн оролцсон прокурор шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдлыг Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч, төрийг төлөөлөн оролцсон прокурор нар шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

   ДАРГАЛАГЧ                            Н.ОЮУНБИЛЭГ

        ШҮҮГЧ                            Д.ЯНЖИНДУЛАМ   
         
        ШҮҮГЧ                            А.ҮҮРИЙНТУЯА