Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Өркений Бахытбек |
Хэргийн индекс | 161/2022/0115/Э |
Дугаар | 2022/ШЦТ/153 |
Огноо | 2022-10-14 |
Зүйл хэсэг | 17.3.1., |
Улсын яллагч | Я.Д |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 2022/ШЦТ/153
|
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е,
орчуулагч, хэлмэрч А.А,
улсын яллагч Я.Д,
хохирогч, иргэний нэхэмжлэгч А.А, түүний өмгөөлөгч Д.Айбек,
шүүгдэгч П.О, Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дгаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, шүүгдэгч Ө овогт П-н О, Ө овогт Хйн Б нарт холбогдох 2213000870136 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1976 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баян-Өлгий аймгийн Буянт суманд төрсөн, 45 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Буянт сумын 1 дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Ө овогт Пийн О, регистрийн дугаар ,
2. Монгол Улсын иргэн, 1999 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Баян-Өлгий аймгийн Алтай суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт Баян-Өлгий аймгийн Буянт сумын 1 дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Ө овогт Хийн Б, регистрийн дугаар ,
Шүүгдэгч нарын холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч П.О, Х.Б нар нь бүлэглэн 2022 оны 2 дугаар сарын дундуур хохирогч А.Аын эзэмшлийн 2008 БӨҮ улсын дугаартай, “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгслийг “9 адуу өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар
1. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, иргэний нэхэмжлэгч, шүүгдэгч нараас гаргасан мэдүүлэг,
1.1 Шүүгдэгч П.О мэдүүлэхдээ “Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
1.2 шүүгдэгч Х.Б мэдүүлэхдээ “Би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч байна. А.Аын машиныг өөрт нь буцааж өгөх саналтай байна гэв.
1.3 Хохирогч, иргэний нэхэмжлэгч А.А мэдүүлэхдээ “Шүүгдэгч нар надад учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулаагүй. Иймд би үлдэгдэл хохирлын оронд өөрийн эзэмшлийн машинаа авах саналтай байна. Яагаад гэвэл шүүгдэгч нар тодорхой эрхэлсэн ажилгүй, тодорхой оршин суух хаяггүй байна. Шүүх хурлаас гараад би шүүгдэгч нарыг олж чадахгүй. Иймд би өөрийн машинаа буцааж авах саналтай байна гэв.
2. 2213000870136 дугаартай эрүүгийн хавтаст хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Иргэн А.Аоос тус аймгийн Цагдаагийн газарт 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 5 дахь тал),
2.2. Иргэн А.Аоос 2022 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр гаргаж өгсөн баримт (хавтаст хэргийн 9 дэх тал),
2.3. Эд мөрийн баримтаар тооцох тухай 2022 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 15 дахь тал),
2.4. 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 20 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоол (хавтаст хэргийн 39-40 дэх тал),
2.5. 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн иргэн С.Аийн эзэмшлийн “Тоёота приус 20” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн талаарх тэмдэглэл (хавтаст хэргийн 41-42 дахь тал),
2.6. Хохирогч А.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний бие өнгөрсөн 2021 оны 07 дугаар сарын үеэр фейсбүүк цахим сүлжээнд адуу зарна гэсэн зарын дагуу иргэн Хашхүүгийн Б гэх залуутай танилцаж байсан бөгөөд би тус залуугаас 2021 оны 10 дугаар сарын үеэр 32 тооны адууг 28000000 төгрөгөөр худалдаж авсан.
2021 оны 11 дүгээр сарын үеэр дээрх Х.Б болон түүний ээж гэх П.О нар манай гэрт ирээд “бид нар Өвөрхангай аймгаас дахиад 32 тооны адуу авчрахаар боллоо, адуу авах уу” гэхээр нь би “ямар ч байсан ирэхээр нь боломжоороо авах болно.” гэж хэлсэн. Тэгсэн чинь Бийн ээж нь О нь эхнэр бид хоёрт “бид нарт Өвөрхангай аймаг руу явахдаа захаас хүнс, бараа авч явах гээд байна, 1000000 төгрөг өгч байгаач, адуу ирэхээр тооцоог нь хасчихъя” гэж хэлэхээр нь эхнэр бид хоёр ярьж байгаад манай гэр дотор Од бэлнээр 1,000,000 төгрөгийг тоолж өгсөн. Түүний дараагаар нөгөөдүүл “бага хүүдээ бэр гуйх” гэж байна гээд дахиж манайд ирэхээр нь би “мөнгө байхгүй” гээд мөнгө төгрөг өгөөгүй.
...2022 он гараад иргэн О болон түүний нөхөр Хашхүү, хүү нь Б нар манайд ирээд “машинаа зарах уу” гэхээр нь би тэд нарт “яахав тэгж байгаад зарна” гэж хэлсэн. Тэгээд түүнээс хойш О болон түүний хүү Б нар нь над руу байнга залгаж машинаа өгчхөөч гэж хэлэх болсон. Би эхэндээ тэд нарыг ажиглаад хэсэг явсан. Сүүлдээ манай эхнэр надад “хос машинаар яах юм бэ, тэр хүмүүст машинаа өгчих, адуу авчирвал зөрүүнд нь авчихна шүү дээ” гэж хэлэхээр нь 2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр эхнэрийн нэр дээр байсан “Тоёота Приус-20” загварын 2008 БӨҮ улсын дугаартай, улаан өнгийн суудлын тээврийн хэрэгслийг Бийн дүү болох Б-Од хүлээлгэж өгсөн. Харин машинаа түүнд өгөхдөө тэд нараас нэг ч төгрөг аваагүй. Тэгээд ч тэд нар надад “машинаа бид нарт өгчих, бид нар адуугаар зөрүү хийнэ” гэж хэлэхээр нь би тэд нарт машинаа өгөхдөө 9500000 төгрөгөөр үнэлж өгсөн байсан.
Би ч машинаа зүгээр өгөөгүй, машиныхаа урд буферийг хотоос шинээр авхуулж сольж өгсөн. Машинаа өгсний дараагаар тэд нартай байнгын холбогдож машин зүгээр эсэх талаар удаа дараа асуухад тэд нар машинд асуудал гараагүй гэж ярьж байсан. Сүүлд би 2022 оны 02 дугаар сарын 28-ны үеэр Улаанбаатар хотод хувийн ажлаар явж байхад над руу Б, түүний ээж О нар утасдаад “бид нар Өвөрхангай аймгаас адуугаа ачаад гараад явж байна, замдаа шатахууны мөнгө хэрэг болно, 300000 төгрөг явуулаадах гэхээр нь би эхнэр рүүгээ залгаад Бийн данс руу 300000 төгрөгийг шилжүүлсэн. Миний машиныг авч явсны дараагаар би О нартай удаа дараа холбогдож адуу ирж байгаа талаар асуухад “маргааш гарах гэж байна, нөгөөдөр гарах гэж байна” гэх мэтээр болсон болоогүй шалтаг хэлээд байхаар нь би 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр машинаа хүлээлгэж өгсөн Б-Ооос гарын баримт бичүүлж авсан.
О нар нь анх надад өөрсдийгөө Өвөрхангай аймгийн харъяат иргэд гэж танилцуулж байсан, О өөрийгөө Өвөрхангай аймгийн эмнэлэгт ажилладаг гэж хэлсэн. Би хамгийн сүүлд тэд нарт бензиний мөнгө гээд 300000 төгрөгийг өгсний дараагаар удаа дараа О нартай холбогдоод адууг хэзээ авчирч өгөхийг асуусан боловч надад янз бүрийн шалтаг хэлээд өдийг хүрлээ. Бүр тэд нар надад “адууг ачаад явж байна, өвсөө бэлдэж байгаарай гэхээр нь би 540000 төгрөгөөр боодол өвс хүртэл авч бэлдсэн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 105-106 дахь тал),
2.7. Хохирогч А.Аын мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн “...Одоогийн байдлаар нийтдээ 6.250.000 төгрөгийг төлж барагдуулсан байгаа, одоо үлдэгдэл 3.250.000 төгрөг аваагүй байна. Үлдэгдэл мөнгийг минь О нар өгнө гэж хэлээд яваад байгаа. Үлдэгдэл мөнгөө авчихвал миний зүгээс өөр ямар нэгэн санал, хүсэлт байхгүй болно.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 110 дахь тал
2.8. Иргэний нэхэмжлэгч Б.Кийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...О болон түүний хүү Б нар надад хээр зүсмийн 2 настай хурдан удмын даага өгсөн бөгөөд би уг даагыг нь 2,500,000 төгрөгөөр үнэлж авсан болно. Одоо О нар надад 1,500,000 төгрөг өгөх ёстой, уг мөнгийг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 112 дахь тал),
2.9. Гэрч Б.Кийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Миний бие Боос биш түүний төрсөн дүү Б-О, ээж нь О нараас “Тоёота приус-20” загварын улаан өнгийн, 2008 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдаж авсан нь үнэн. Уг нь бол би тэд нараас “Тоёота приус-20” загварын улаан өнгийн, 2008 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг худалдаж авъя гэж бодоогүй. Иргэн О нь 2022 оны 03 дугаар сарын дундуур байсан, яг өдрийг сайн санахгүй байна, ямар ч байсан тэр хүн өөрөө манай гэрт ирээд мөнгөний хэрэг гараад байна гэж хэлээд надаас бэлнээр 300,000 төгрөг зээлж аваад явсан. Тухайн үед О надад “би чамд буцааж дөнөн үхэр өгөх болно” гэж хэлсэн байсан. Тэгж байтал хэд хоногийн дараа О, хүү нь Б-О нар дахиж манайд ирээд дахин 300,000 төгрөг байвал зээлээч гэхээр нь би тэд нарт “би эхлээд дөнөн үхрээ авч байгаад мөнгө зээлье” гэхэд тэр О надад “бид нарын дөнөн үхэр 800,000 төгрөгийн үнэ хүрнэ, чи итгэхгүй бол очоод хараарай” гэж хэлээд тэр хоёр намайг гэртээ дагуулж очоод нэг туранхай, гунан эр үхэр харуулахаар нь би тэд нарт “энэ үхэр чинь үсрээд 350,000 төгрөг гарах юм байна, та хэдэд мөнгө нэмж зээлж чадахгүй” гэж хэлээд тэр нарт дахиж мөнгө төгрөг зээлээгүй юм...
...Тэгтэл О болон түүний бага хүү Б-О нар надад “тэгвэл чи манай машиныг аваарай” гэж хэлээд улаан өнгийн “Тоёота приус-20” загварын 2008 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг харуулаад уг машинаа надад 10000000 төгрөгөөр аваарай гэхээр нь би машиныг нь унаж үзэхэд нэлээн муудсан, амаржин нь муудчихсан, дуу орчихсон байхаар нь би тэд нарт “танай машиныг авбал 7000000 төгрөгөөр л авна, тэр хавьцааны машин юм байна” гэж хэлээд яваад өгсөн.
Тэгсэн тэр өдрийн орой 18 цагийн үед О, хүү нь Б-О нар манай гэрт машинтайгаа явж очоод надад машинаа 8000000 төгрөгөөр аваарай гэхээр нь би тэд нарт “дундаа хийгээд 7500000 төгрөгт өгчих” гэж хэлээд уг машиныг 7500000 төгрөгөөр авахаар болж тухайн үед тохиролцсон. Тухайн үед би Огээс “машины бичиг баримт нь байгаа юу, асуудалтай биш биз” гэж асуухад тэр хүн надад “машин Б-Оийн нэр дээр байгаа, ямар ч асуудалгүй, машины бичиг баримт аймгийн төвд нөгөө машин дотор байгаа” гэж хэлсэн. Маргааш нь гурвуулаа аймгийн төвд орж, машиныг миний нэр дээр буулгахаар болсон бөгөөд 2022 оны 03 сарын 22-ны өглөө нөгөө “Тоёота приус-20” загварын улаан өнгийн, 2008 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр Х, эхнэр нь О, хүү нь Б-О болон ах Б бид тавуулаа аймгийн төв рүү орж ирээд би дээрх машиныг таньдаг хүндээ харуулж үзүүлэхэд тэрээр машины мотор, цахилгаан батарей нь асуудалгүй юм байна, харин агрегат их бие нь тиймэрхүү юм байна гэхээр нь би машиныг нь авахаар шийдсэн....
...Аймгаас гарахдаа би Огээс “Тоёота приус-20” загварын улаан өнгийн, 2008 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээг асуухад надад 'маргааш манай гэрт хүрээд ир, тэр, үед өгье” гэж хэлсэн. Тэгээд маргааш нь 03 сарын 23-ны өглөө би “Тоёота приус-20” загварын улаан өнгийн, 2008 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр Огийн гэр лүү явж очтол тэд нар аймгийн төв рүү явчихсан байхаар нь би Отэй утсаар ярихад тэр хүн надад “чи эхлээд надад урьдчилга 1,500,000 төгрөг шилжүүлчих” гэж хэлээд надад Бат-О-лын дансыг өгөхөөр нь би 1500000 төгрөгийг шилжүүлэхээр болоод гэртээ очсон. Миний араас Б-Оын ах нь Б явж очоод надад Ог утсаар яриулсан бөгөөд О надад утсаар “наад машиныг 1000000 төгрөгөөр өөр хүн авахаар боллоо, чи наад машиныг Бт өгөөд явуулчих, чамд зарахаа болилоо” гэж хэлэхээр нь би тэр хүний худлаа ярьж, намайг хуурах гээд байгааг нь дотроо мэдээд тэр хүнд утсаар “би тэгвэл 350,000 төгрөгөө яг одоо авъя, наад 10000000 төгрөгөөр машин авах гээд байгаа хүнд миний дансыг өгөөд эхлээд миний мөнгийг шилжүүлчих, тэгээд би таны машиныг хүүд чинь өгөөд явуулъя” гэж хэлэхэд тэр хүн “за тэгвэл одоохон шилжүүлнэ” гэж хэлээд утсаа таслаад таг алга болсон.
Б тухайн үед манай гэрт 2 цаг гаруй сууж хүлээсэн боловч О миний данс руу ямар ч мөнгө шилжүүлээгүй бөгөөд сүүлд нь Б гэр лүгээ яваад өгсөн. Тэгээд орой нь О миний дугаар луу залгаад “за наад машинаа чи тохирсон үнээрээ өөрөө авчих, чамд өгье, бид нарт урьдчилгаа 1,500,000 төгрөгийг шилжүүлчих” гэж хэлэхээр нь би тухайн үед мөнгөгүй байсан тул аймгийн төвд таньдаг малын ченж болох Аманкелди /99419903/ гэх хүнтэй утсаар ярьж байгаад тэр хүний дансаар Б-Оийн данс руу 1,500,000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Тэгээд маргааш нь 03 сарын 24-ний өдөр О болон том хүү нь Б хоёр манай гэрт очоод 2,000,000 төгрөг өгөөдөх гэхээр нь манай аав Байтилеу, ах Б хоёр сумын төв рүү очоод аавын нэр дээр 4000000 төгрөгийн тэтгэврийн зээл авахад О нар аав, ах нарын араас очоод Буянт сумын Хаан банкны салбар тооцооны төвийн урдаас бэлнээр 2,000,000 төгрөгийг аваад явсан байна лээ.
...Тэгээд 03 сарын 27-ны өдөр буюу Ням гаригийн өглөө О, Б хоёр манай гэрт явж очоод ажил явдалд нэг хонь хэрэг болоод байна гэж хэлээд хонь гуйхаар нь Б ах бид хоёр О нарт хотхоноос 1 тооны 4 насны эр хонь барьж өгөөд уг хонийг тэд нарт 200,000 төгрөгөөр үнэлж өгөөд тэд нар хонийг аваад яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 125 дахь тал),
2.10. Гэрч С.А-өзийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Харин О нар 2021 оны 12 дугаар сарын сүүлээр манай гэрт ирээд “бага хүү Б-Од бэр гуйх гэж байгаа, лам дээр очиход улаан өнгийн машин аваарай гэж хэллээ. Танай улаан өнгийн машиныг бид нар авъя. Удахгүй Өвөрхангайгаас адуу ирэхээр зөрүүгээ тооцчихно” гэж хэлсэн. Тухайн үед манай машины урд буфер засвар хийх шаардлагатай байсан тул нөхөр “тэгж байгаад больё, өгвөл машины урд буферд засвар хийлгэж өгнө” гэж хэлээд явуулсан байсан. Түүний дараа ч тэд нар манай нөхөртөө удаа дараа холбогдоод машиныг худалдаж авах талаар ярьж байгаад сүүлд 2022 оны 02 дугаар сарын дундуур, миний санаж байгаагаар 02 дугаар сарын 15-ны өдөр 2008 БӨҮ улсын дугаартай “Тоёота приус-20” загварын суудлын тээврийн хэрэгслийг Огийн бага хүү Б-Од хүлээлгэж өгсөн. Харин машины бичиг баримтыг адууг хүлээн авах үед өгнө гээд өгөөгүй авч үлдсэн байсан. Түүний дараагаар 02 сарын сүүлээр байх, Б нар Өвөрхангай аймгаас адуу ачаад гарах гэж байна, шатахууны мөнгө хэрэг болоод байна гээд бид нараас 300,000 төгрөгийг шилжүүлж авсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 130-131 дэх тал),
2.11. Үнэлгээ тогтоосон шинжээчийн 2022 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн БӨА-22- 0113 дугаартай “Тогтоолд дурдсан Тоёота приус 20 маркийн, хүрэн улаан өнгийн 2004 онд үйлдвэрлэгдсэн, 2012 онд импортлогдсон тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээ 2022 оны 4 дүгээр сарын байдлаар 7200000 төгрөг байх боломжтойг тодорхойлов.” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 139-143 дахь тал),
2.12. Яллагдагч Х.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Иргэн Ад урьд нь адуу зарсан бөгөөд түүний итгэлийг ашиглан дахиж адуу нийлүүлж өгнө гэж худлаа хэлээд Тоёота приус-20 загварын тээврийн хэрэгслийг нь худалдаж авсан байсан. Үнэндээ бол Ад нийлүүлэх ямар ч адуу мал байгаагүй.Түүнийг хууран мэхэлж, төөрөгдөлд оруулан машиныг нь авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. ...Хохирогч Ад нийтдээ 6,250,000 төгрөгийг төлж барагдуулсан. Одоо үлдэгдэл 3,250,000 төгрөг үлдэж байгаа. ...Б-Оын оролцоо уг хэрэгт огт байхгүй. Ээж бид хоёр Аоос түүний машиныг авах үеэр л Б-Оыг явуулсан болохоос бусад юманд түүний оролцоо огт байхгүй. ...Кийн хохирлыг бүрэн барагдуулсан бөгөөд түүнд өөрийнхөө хурдан удмын нэг тооны даага өгч тооцоогоо дуусгасан.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 171 дэх тал),
2.13. Яллагдагч П.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...иргэн Ад өмнө нь буюу 2021 оны 11 дүгээр сарын үеэр адуу борлуулж байсан болохоор түүнд дахиж адуу авч ирж өгнө хэмээн худлаа яриад түүний суудлын тээврийн хэрэгслийг худалдаж авсан. Дараа нь А нь мөнгөө асуугаад байхаар нь иргэн Кт 7,500,000 төгрөгөөр худалдсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. ...Нийтдээ 6,250,000 төгрөгийг төлж барагдуулсан. Одоо үлдэгдэл 3250000 төгрөг үлдэж байгаа. Хүү бид хоёр хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Анх Ад адуу нийлүүлсэн болохоор түүний итгэлийг ашиглаад 9 адуу өгнө гэж худлаа хэлээд машиныг нь худалдаж авсан байсан. Үнэндээ хүү бид хоёрт Ад өгөх 9 адуу байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 180 дахь тал),
2.14. 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн иргэн А.Аын эхнэр С.А-ийн эзэмшлийн гэх 2008 БӨҮ улсын дугаартай, Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцыг бэхжүүлсэн гэрэл зураг ( 2 дугаар хавтаст хэргийн 10-20 дахь тал),
2.15. Үнэлгээ тогтоосон шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн БӨА-22-0258 дугаартай “Тогтоолд дурдсан Тоёота приус 20 маркийн 2008 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 2365000 төгрөг. Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгслийн бүтэн зах зээлийн үнэлгээ 6135000 төгрөг байх боломжтойг тодорхойлов.” гэсэн дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 20-25 дахь тал),
2.16. Шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 8 дугаартай “...Тээврийн хэрэгслийг Баян-Өлгий аймгийн Автотээврийн төвийн Техникийн хяналтын үзлэгийг шалгаж үзэхэд амортизаторууд ажиллагаагүй болсон /солих/, 3 дугуй элэгдэж хуучирсан /солих/, жолооны механизм ажиллагаагүй /солих/, урд босоо, хэвтээ тэнцүүлэгчдийн втулкнууд элэгдсэн /солих/, батарейн цэнэг муудсан /солих/, хойд хэвтээ тэнцүүлэгчдийн втулкнууд элэгдсэн /солих/, урд, хойд буферууд засах, урд таван булнууд солих, гадна талын будаг гандсаныг өнгөлгөөнд оруулах.
Шинжилгээний явцад шинээр илэрсэн нөхцөл байдал: Тээврийн хэрэгслийг ашиглалтын явцад гарсан эвдрэлүүдийг засаж, сольсны дараа ТХҮзлэгт оруулж “тэнцсэн” дүгнэлт гарсан нөхцөлд цаашид ашиглах боломжтой гэж дүгнэв” гэсэн дүгнэлт болон Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас (2 дугаар хавтаст хэргийн 25-30 дахь тал),
2.17. Хохирогч А.Аоос гаргаж өгсөн шинжээчид үнэлгээ тогтоолгоход хөлс төлсөн талаарх 2 хуудас баримт, 2008 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа зэрэг баримтыг хүлээн авсан талаарх мөрдөгчийн 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн тэмдэглэл, (2 дугаар хавтаст хэргийн 33-36 дахь тал) зэрэг нотлох баримтууд болно.
2.18. Шүүгдэгч нарын хувийн байдлын талаар дараах нотлох баримт хэрэгт цугларсан байна.
1. Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн албан бичиг, (хавтаст хэргийн 192 дахь тал),
2. Баян-Өлгий аймгийн Автотээврийн төвийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 65 дугаартай “П.О, Х.Б-О, Х.Б Б.Хашхүү нарын нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгсэл байхгүй байна.” гэсэн албан бичиг (хавтаст хэргийн 194 дэх тал),
3. 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн Эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 199-200 дахь тал),
4. Шүүгдэгч Х.Б, П.О нарын иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 203-205 дахь тал),
5. Шүүгдэгч П.О, Х.Б нарын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 187- 188 дахь тал) зэрэг болно.
2.19. Шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн, шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийлээ.
3. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт, нөхцөл байдлын талаар
3.1. Шүүгдэгч П.О, Х.Б нар нь 2022 оны 2 дугаар сарын дундуур Баян-Өлгий аймгийн Буянт сумын нутаг дэвсгэрт урьд нь адуу худалдаж байсан хохирогч А.Аоос 2008 БӨҮ улсын дугаартай, “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгслийг “адуу өгнө” гэж хуурч мэхлэн худалдаж авч, улмаар тохиролцсон адуугаа өгөхгүй машиныг унаж хэрэглэж байгаад иргэн Б.Кт 7500000 төгрөгөөр худалдсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмаар цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Үүнд:
3.2. Иргэн А.Аоос тус аймгийн Цагдаагийн газарт 2022 оны 03 дугаар сарын 09-ний өдөр гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 5 дахь тал),
2.3. Хохирогч А.Аын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2022 оны 02 дугаар сарын 13-ны өдөр эхнэрийн нэр дээр байсан “Тоёота Приус-20” загварын 2008 БӨҮ улсын дугаартай, улаан өнгийн суудлын тээврийн хэрэгслийг Бийн дүү болох Б-Од хүлээлгэж өгсөн. Харин машинаа түүнд өгөхдөө тэд нараас нэг ч төгрөг аваагүй. Тэгээд ч тэд нар надад машинаа бид нарт өгчих, бид нар адуугаар зөрүү хийнэ гэж хэлэхээр нь би тэд нарт машинаа өгөхдөө 9500000 төгрөгөөр үнэлж өгсөн. ...Миний машиныг авч явсны дараагаар би О нартай удаа дараа холбогдож адуу ирж байгаа талаар асуухад “маргааш гарах гэж байна, нөгөөдөр гарах гэж байна” гэх мэтээр болсон болоогүй шалтаг хэлээд байхаар нь би 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр машинаа хүлээлгэж өгсөн Б-Ооос гарын баримт бичүүлж авсан....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 105-106 дахь тал),
3.4. Гэрч Б.Кийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тэгтэл О болон түүний бага хүү Б-О нар надад “тэгвэл чи манай машиныг аваарай” гэж хэлээд улаан өнгийн “Тоёота приус-20” загварын улаан өнгийн, 2008 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг харуулаад уг машинаа надад 10000000 төгрөгөөр аваарай гэхээр нь би машиныг нь унаж үзэхэд нэлээн муудсан, амаржин нь муудчихсан, дуу орчихсон байхаар нь би тэд нарт “танай машиныг авбал 7000000 төгрөгөөр л авна, тэр хавьцааны машин юм байна” гэж хэлээд яваад өгсөн. Тэгсэн тэр өдрийн орой 18 цагийн үед О, хүү нь Б-О нар манай гэрт машинтайгаа явж очоод надад машинаа 8000000 төгрөгөөр аваарай гэхээр нь би тэд нарт “дундаа хийгээд 7500000 төгрөгт өгчих” гэж хэлээд уг машиныг 7500000 төгрөгөөр авахаар болж тухайн үед тохиролцсон....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 125 дахь тал),
3.5. Гэрч С.Аийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Харин О нар 2021 оны 12 дугаар сарын сүүлээр манай гэрт ирээд “бага хүү Б-Од бэр гуйх гэж байгаа, лам дээр очиход улаан өнгийн машин аваарай гэж хэллээ. Танай улаан өнгийн машиныг бид нар авъя. Удахгүй Өвөрхангайгаас адуу ирэхээр зөрүүгээ тооцчихно” гэж хэлсэн. ...Миний санаж байгаагаар 02 дугаар сарын 15-ны өдөр 2008 БӨҮ улсын дугаартай “Тоёота приус-20” загварын суудлын тээврийн хэрэгслийг Огийн бага хүү Б-Од хүлээлгэж өгсөн...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 130-131 дэх тал),
3.6. Яллагдагч Х.Бийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Иргэн Ад урьд нь адуу зарсан бөгөөд түүний итгэлийг ашиглан дахиж адуу нийлүүлж өгнө гэж худлаа хэлээд Тоёота приус-20 загварын тээврийн хэрэгслийг нь худалдаж авсан байсан. Үнэндээ бол Ад нийлүүлэх ямар ч адуу мал байгаагүй, түүнийг хууран мэхэлж, төөрөгдөлд оруулан машиныг нь авсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 171 дэх тал),
3.7. Яллагдагч П.Огийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Иргэн Ад өмнө нь буюу 2021 оны 11 дүгээр сарын үеэр адуу борлуулж байсан болохоор түүнд дахиж адуу авч ирж өгнө хэмээн худлаа яриад түүний суудлын тээврийн хэрэгслийг худалдаж авсан. Дараа нь А нь мөнгөө асуугаад байхаар нь иргэн Кт 7,500,000 төгрөгөөр худалдсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна....” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 180 дахь тал),
3.8. 2008 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар болон хэрэгт цугларсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бусад нотлох баримтууд болно.
3.9. Шүүгдэгч нар шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримттай маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн бөгөөд тэдгээрийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэнээ хүлээж мэдүүлсэн мэдүүлгүүдийн эх сурвалж нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон болно.
3.10. Шүүгдэгч нар гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулан үнэлэхэд П.О, Х.Б нар нь 2022 оны 2 дугаар сарын дундуур урьд нь адуу худалдаж байсан танил, хохирогч А.Аоос түүний эхнэр С.Аийн нэр дээр бүртгэлтэй 2008 БӨҮ улсын дугаартай, “Тоёота приус-20” загварын тээврийн хэрэгслийг 9500000 төгрөг буюу “9 адуу өгнө” гэж худалдаж авч улмаар Өвөрхангай аймгаас адуу авчирч өгнө, маргааш гарна гэх мэтээр худлаа хэлж, тохиролцсон хугацаанд адуугаа өгөхгүй байсаар 2022 оны 03 дугаар сарын дундуур мөнгө зээлж авч байсан иргэн Б.Кт 7500000 төгрөгөөр худалдсан, шүүгдэгч нар нь бусдад өгөх адуу байгаагүй, адуу авчирах зорилгоор Өвөрхангай аймагт очоогүй зэрэг үйл баримт тогтоогдож байна.
3.12. Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хууль ёсны нотлох баримт гэж үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэн, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.
3.13. Харин мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч П.О, Х.Б нараас гэрчээр мэдүүлэг авч Монгол Улсын Үндсэн хуульд баталгаажуулсан өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх үндсэн эрхийг зөрчсөн байх бөгөөд прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ уг мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй нь үндэслэлтэй байна.
4. Эрх зүйн дүгнэлт
4.1 Шүүхийн хэлэлцүүлэг тогтоогдсон дээрх үйл баримт, хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч П.О, Х.Б нарын үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан бусдын өмчлөх эрхэд халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн шинжийг агуулсан, нийгэм аюултай үйлдэл юм.
4.2. Залилах гэмт хэрэг нь бодит байдлыг гуйвуулах, хуурч, мэхлэх, нуух замаар төөрөгдөлд оруулах гэх мэтээр бусдын хөрөнгийг, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авдаг, хохирогч нь бусдад итгээд сайн дураар хөрөнгө болон хөрөнгө эзэмших, ашиглах эрхээ, хариу төлбөргүйгээр шилжүүлэн өгдгөөрөө онцлогтой.
Тодруулбал, шүүгдэгч П.О, Х.Б нар нь бусдад худалдах адуу байхгүй мөртлөө “байнга адуу худалддаг, Өвөрхангай аймгаас адуу авчирч өгнө” гэж хохирогч А.Аыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж хохирогчтой урьд нь адуу худалдаж байсан харилцаа, илтгэлийг нь урвуулан ашиглаж хохирогчоос 2008 БӨҮ улсын дугаартай, “Тоёота приус-20” загварын тээврийн хэрэгслийг шилжүүлэн авч залилсан байна.
4.3. Тухайн тээврийн хэрэгсэл нь хохирогчийн эхнэр С.Аийн нэр дээр бүртгэлтэй боловч гэр бүлийн гишүүдийн хөрөнгө болох нь хохирогч, гэрч С.А нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул хохирогчийг гэр бүлийн гишүүнүүдийн хамтран өмчлөх дундын хөрөнгийн буюу тээврийн хэрэгслийн өмчлөгч гэж үзлээ.
4.4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нар нь тээврийн хэрэгслийн үнэ гэж хохирогчид 6250000 төгрөг төлсөн хэдий ч машиныг худалдаж авах үед хохирогчид өгөх адуу байгаагүй атлаа урьдын харилцаагаа ашиглан, хохирогчийг хууран мэхлэхийн тулд өөрсдийгөө худалдах адуутай мэтээр итгүүлэн бодит байдлыг нууж төөрөгдүүлэх замаар машиныг шилжүүлэн авах зорилготой байсан нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон болно.
4.5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийг хоёр түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэнэ.” гэж заасан бөгөөд шүүгдэгч нар нь залилах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн байна.
4.6. Шүүгдэгч нарын дээрх үйлдэл нь залилах гэмт хэргийн “хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан” гэх шинжийг бүрэн хангасан байх тул прокуророос тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэгт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлах, тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй, хэргийн нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаарх дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон гэж дүгнэлээ.
4.7. Шүүгдэгч П.О, Х.Б нарын дээрх үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал, бусдын өмчлөх эрхэд халдаж, хохирогчийг хуурч мэхлэн тээврийн хэрэгслийг нь үнэ төлбөргүй шилжүүлэн авч хохирол учруулсан учир тэдгээрийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлтээр гэмт хэрэг үйлдсэнд тооцно.
4.8. Иймд шүүгдэгч П.О, Х.Б нарыг бүлэглэж, хохирогч А.Аыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, 2008 БӨҮ улсын дугаартай, “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгслийг шилжүүлэн авч залилсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.
4.9. Шүүгдэгч нарын амар, хялбар аргаар мөнгө олох гэсэн санаа, зорилго, иргэдийн анхаарал болгоомжгүй байдал зэрэг нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.
5. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар
5.1. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг шүүгдэгч нараас гаргуулан хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт олгох нь зөрчигдсөн эрхийг сэргээх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцнэ.
5.2. Хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад хохирогч А.А нь “машинаа өөрөө авч, шүүгдэгч нар машиныг унаж ашигласан учраас эвдрэл гэмтлийн мөнгийг тэдгээрийн өгсөн 6250000 төгрөгөөс хасаж тооцно.” гэж иргэний нэхэмжлэл гаргажээ.
5.3. Тоёота приус 20 загварын тээврийн хэрэгслийн эд ангиуд нь эвдэрч гэмтсэн, солих шаардлагатай талаар тусгай мэдлэг бүхий техникийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 8 дугаартай дүгнэлт гарчээ. (2 дугаар хавтаст хэргийн 25-30 дахь тал),
5.4. Шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн БӨА-22-0258 дугаартай дүгнэлтээр “Тоёота приус 20” маркийн 2008 БӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл, гэмтлийг 2365000 төгрөгөөр, тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 6135000 төгрөгөөр тус тус тогтоосон байна. (2 дугаар хавтаст хэргийн 20-25 дахь тал),
5.5. Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх, /адил нэр, төрөл чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө”, мөн хуулийн 228 дугаар зүйлийн 228.1-д “гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй, эсхүл харьцангуй их зардал гаргахаар бол гэм хорыг мөнгөөр нөхөн төлж болно”, мөн хуулийн 229 дүгээр зүйлийн 229.2-т “гэм хорын хэмжээг тодорхойлохдоо хохирогчийн ашиг сонирхол, гэм хор учирсан нөхцөл байдал, гэм хор учруулагчийн гэм буруугийн хэр хэмжээг харгалзан үзнэ” гэж тус тус хуульчилжээ.
5.6. Хэрэг, учрал болох үед машиныг хохирогчоос 9500000 төгрөгөөр үнэлж авсан талаар шүүгдэгч нар маргаагүй хэдий ч, тээврийн хэрэгслийг хохирогчоос авсны дараа шүүгдэгч нар унаж хэрэглэж байгаад иргэний нэхэмжлэгч Б.Кт худалдсан нөхцөл байдал тогтоогдсон учир гэмт хэргийн улмаас хохирогч А.Ад учирсан бодит хохирлыг 8500000 төгрөгөөр /тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл, гэмтлийн үнэлгээ 2365000 төгрөг + тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээ 6135000 төгрөг =8500000 төгрөг/ тооцож, хохирлын хэр хэмжээг тогтоох нь үндэслэлтэй байна. (2 дугаар хавтаст хэргийн 20-25 дахь тал),
5.7. Шүүгдэгч нар нь хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Ад 6250000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Б.Кт 2500000 төгрөгийн үнэ бүхий даага тус тус өгсөн нь хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа ба иргэний нэхэмжлэгч Б.К үлдэгдэл 1500000 төгрөгийг нэхэмжилж байгаа талаар мэдүүлжээ. (1 дүгээр хавтаст хэргийн 112 дахь тал),
5.8. Хохирогч, иргэний нэхэмжлэгч А.А нь хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад “машинаа өөрөө авна” гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан, шүүгдэгч нар тухайн машиныг хохирогчид өгөхөд татгалзах зүйлгүй гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн учир хэрэгт битүүмжлэгдсэн 2008 БӨҮ улсын дугаартай, “Тоёота приус 20” загварын тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгчид олгож, тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл, гэмтэл 2365000 төгрөгийн хохирол, мөн НИК ХХК-аас олгосон баримтыг үндэслэн ирж очих үед гарсан гэх бензиний төлбөр 130000 төгрөг, тээврийн хэрэгслийн оношилгоонд оруулсан гэх 80000 төгрөг, шинжээчид үнэлгээ тогтоолгоход төлсөн гэх 211000 төгрөгийн хор уршиг нийт 2786000 төгрөгийг /2365000+130000+80000+211000=2786000 төгрөг/ шүүгдэгч нарын хохиролд төлсөн 6250000 төгрөгөөс хасаж, үлдэгдэл 3464000 төгрөгийг хохирогч, иргэний нэхэмжлэгч А.Аоос гаргуулан шүүгдэгч нарт тус тус олгож шийдвэрлэлээ.
Хоёр. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар
2.1. Шүүгдэгч П.О, Х.Б нарыг шүүхээс бүлэглэн залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй.
2.2. Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, тэдгээрийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцнэ.
2.3. Хэрэгт цугларсан Баян-Өлгий аймгийн Автотээврийн төвийн 2022 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 65 дугаартай албан бичиг (хавтаст хэргийн 194 дэх тал), Эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 199-200 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 203-205 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон бусад нотлох баримтуудаар шүүгдэгч П.О нь 45 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Баян-Өлгий аймгийн Буянт сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бүртгэлтэй эд хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Б нь 23 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, аав, ээж, дүү нарын хамт амьдардаг, тус аймгийн Буянт сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, бүртгэлтэй эд хөрөнгөгүй гэсэн тэдгээрийн хувийн байдал тус тус тогтоогдож байна.
2.4. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, санаатайгаар бусдын эд хөрөнгийг залилсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцоогүй ба “анх удаа гэмт хэрэг үйлдснийг” тэдгээрийн хувийн байдалд нь хамааруулан үзэв.
2.5. Улсын яллагчаас шүүх хуралдаанд “Шүүгдэгч нарыг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Баян-Өлгий аймгийн нутаг дэвсгэрээс гарахыг хориглох үүрэг хүлээлгэх, шүүгдэгч нар 6250000 төгрөгийн хохирлыг хохирогч А.Ад төлж барагдуулсан, тэдгээрээс 1500000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Кт олгож, цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн эзэмшлийн тээврийн хэрэгслийн битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээх, эд мөрийн баримтаар хураагдсан СД-ийг хэргийн хамт хадгалах, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэх саналтай” гэсэн,
Хохирогчийн өмгөөлөгч Д.Айбекээс “гэм буруутайд тооцож, улсын яллагчийн санал болгосон ялыг оногдуулж, машиныг хохирогчид олгож, 3679000 төгрөгийн хохирол учирсныг гаргуулан хохирогчид олгох саналтай” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.
2.6 Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, тодорхой эрхэлсэн ажилгүй, хохирлын зарим хэсгийг төлж барагдуулсан гэх хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндсэн ялын төрлөөс нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож оногдуулах нь эрүүгийн хариуцлагын цээрлүүлэх, нийгэмшүүлэх зорилгод нийцнэ гэж үзсэн учир улсын яллагчийн зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналыг хүлээн аваагүй болно.
2.7. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.О, Х.Б нарын тус бүрийг 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэв.
2.8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 6 цагийн хугацаагаар эдлүүлэхээр тогтоож, мөн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч П.О, Х.Б нарт тайлбарлах нь зүйтэй.
3. Бусад асуудлын талаар
3.1. Шүүгдэгч П.О, Х.Б нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, шүүхийн дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор тэдгээрт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэв.
3.2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хэрэгт битүүмжлэгдсэн 2008 БӨҮ улсын дугаартай, “Тоёота приус-20” загварын тээврийн хэрэгслийг хохирогч /иргэний нэхэмжлэгч/ А.Ад олгож, түүнээс гэмт хэргийн хохиролд төлсөн 6250000 төгрөгөөс 3464000 төгрөгийг гаргуулан шүүгдэгч нарт, шүүгдэгч П.О, Х.Б нарын тус бүрээс 750000 төгрөг /нийт 1500000 төгрөг/ гаргуулан иргэний нэхэмжлэгч Б.Кт тус тус олгож шийдвэрлэлээ.
3.3. Шүүгдэгч нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.1-д заасан байгууллагад гүйцэтгүүлж, биелэлтэд хяналт тавихыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, 2008 БӨҮ улсын дугаартай, Тоёота приус-20 загварын тээврийн хэрэгслийг хохирогч /иргэний нэхэмжлэгч/ А.Ад олгохоор шийдвэрлэсэн учир тухайн эд хөрөнгийг битүүмжилсэн тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 20 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгов.
3.4. 2213000870136 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан СД 1 ширхгийг хэргийн хамт хадгалж, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2 , 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ө ургийн овогт П-йн О, Ө ургийн овогт Хийн Б нарыг бүлэглэн, бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Пйн О, Хийн Б нарыг 500 (таван зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч П.О, Х.Б нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 6 (зургаа) цагийн хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг шүүгдэгч П.О, Х.Б нарт тус тус тайлбарласугай.
5. Шүүгдэгч П.О, Х.Б нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, тэдгээрт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хэрэгт битүүмжлэгдсэн 2008 БӨҮ улсын дугаартай, “Тоёота приус-20” загварын тээврийн хэрэгслийг хохирогч (иргэний нэхэмжлэгч) А.Ад олгож, түүнээс 3464000 (гурван сая дөрвөн зуун жаран дөрвөн мянга) төгрөгийг гаргуулан шүүгдэгч нарт, шүүгдэгч П.О, Х.Б нарын тус бүрээс 750000 (долоон зуун тавин мянга) төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Байтилеугийн Кт тус тус олгосугай.
7. Шүүгдэгч нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 163 дугаар зүйлийн 163.1-д заасан байгууллагад гүйцэтгүүлж, биелэлтэд хяналт тавихыг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8. 2213000870136 дугаартай эрүүгийн хэрэгт 2008 БӨҮ улсын дугаартай, “Тоёота приус-20” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 20 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгосугай.
9. Шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, 2213000870136 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн СД 1 ширхгийг хэргийн хамт хадгалсугай.
10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан, мөн хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ө.Б