Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 2017/ШЦТ/226

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Сувд-Эрдэнэ,

улсын яллагч М.Сайнзаяа,

шүүгдэгч С.О******* нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.О*******д холбогдох эрүүгийн 2215000000226 дугаартай, 163/2022/0217/Э индекстэй хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, С******* овогт С******* О*******, Завхан аймгийн Цагаанхайрхан суманд ... оны .. дүгээр сарын ...-ны өдөр төрсөн, Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр баг Х.....оршин суух бүртгэлтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хуваариа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт амьдардаг, 47 настай, эрэгтэй, урьд Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 120 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж шийтгүүлж байсан /РД: ..../,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.О******* нь 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Булган аймгийн Хангал сумын 1 дүгээр багийн нутаг “Хандгайтын ам" гэх газраас 4 ширхэг шинэс төрлийн босоо мод хөрөөдөж, 3.408 м3 хэрэглээний зориулалттай нойтон шинэс төрлийн модыг ойгоос зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэж байгаль экологид 1.642.221 төгрөгийн шууд хохирол, нийт 4.926.663 төгрөгийн шууд бус хохирол учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг болон эрүүгийн 2215000000226 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч С.О******* нь 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Булган аймгийн Хангал сумын 1 дүгээр багийн нутаг “Хандгайтын ам" гэх газраас 4 ширхэг босоо шинэс буюу 3.408 м3 хэрэглээний зориулалттай нойтон шинэс төрлийн модыг ойгоос зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэн хөрөөдөж, байгаль экологид 1.642.221 төгрөгийн шууд хохирол, нийт 4.926.663 төгрөгийн шууд бус хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь:

1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.О*******гийн өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

2. Иргэний нэхэмжлэгч Ж.Б******* “модны экологи эдийн засгийн үнэлгээний мөнгийг төлчих юм бол гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,

3. Иргэний нэхэмжлэгч С.С******* “2022 оны 08 дугаар сарын сүүлээр манай төрсөн дүү С.О******* нь манай гэрт орж ирээд миний эзэмшлийн улсын дугааргүй ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгслийг гуйгаад аав С******* гэрт түлшний модонд яваад ирье гэхээр нь би зөвшөөрч өгч явуулсан юм, манай аав, ээж хоёр одоо 90 гаран настай хүмүүс байдаг юм. Тухайн ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгслийг 2019 оноос хойш бага багаар нь угсарч байгаад 2022 оны хавраас босгож дууссан юм. Тухайн тээврийн хэрэгсэл ямар нэгэн бичиг баримт арлын дугаар байхгүй тээврийн хэрэгсэл, хуучин тээврийн хэрэгслийн эд ангийг ганц нэгээр нь авч байгаад сэлбэж ашиглалтад оруулсан юм. Хялганат тосгонд оршин суудаг Батдорж гэдэг хүн янзалж өгсөн юм, Батдоржоос гадна Сүхбаатар гэдэг залуу мэдэж байгаа, ер нь Хялганатын иргэд угсарсан тээврийн хэрэгсэл гэдгийг нь мэднэ. Би тээврийн хэрэгслээ авмаар байна гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 35-36 дахь тал/,

  1. Гэрч О.Б******* “2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр гэртэй байж байхад О******* гэх хүн ирээд би мод бэлтгэх эрхийн бичиг авсан мод ачилцаад өгөөч гэхээр нь би эхнэрийг хамт туслахаар авч явсан. Тэгээд Булган аймгийн хангал сумын 1-р баг Хандгайт гэх газар очиж О******* шар өнгийн хөрөөгөөр мод унагаад яваад байсан яг хэдэн мод унагасан эсэхийг мэдэхгүй байна. Тухайн унагасан модоо 4 метр болон 2 метрээр хуваасан байсан. Тэгээд ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгсэлд ачиж байхад ууланд цагдаа нар ирээд тээврийн хэрэгслийг саатуулсан. Хэний машин талаар мэдэхгүй О******* л мэдэж байгаа улсын дугаар байхгүй байсан. О******* гоожинтой гэж хэлсэн болохоос надад гоожингоо харуулаагүй. Тусгаарлалт хийгдсэн эсэхийг нь мэдэхгүй байна. Тухайн мод бэлтгэсэн газар луу О******* машинаа бариад орсон. Ц бид хоёр хөрөөдөж бэлтгэсэн модыг машинд ачих үүрэгтэй оролцсон. Харин О******* модыг унагааж 4 болон 2 метрээр тайрч байсан” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 44 дэх тал/,
  2. Гэрч М.Ц******* “2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр гэртэй байж байхад О******* гэх хүн манай нөхөр дээр ирээд би мод бэлтгэх эрхийн бичиг авсан мод ачилцаад өгөөч гэхээр нь нөхөр бид хоёр туслахаар явсан. Тэгээд Булган аймгийн Хангал сумын 1-р баг Хандгайт гэх газар очиж О******* шар өнгийн хөрөөгөөр мод унагаад яваад байсан яг хэдэн мод унагасан эсэхийг мэдэхгүй байна. Тухайн унагасан модоо 4 метр болон 2 метрээр хуваасан байсан. Тэгээд ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгсэлд ачиж байхад ууланд цагдаа нар ирээд тээврийн хэрэгслийг саатуулсан. Хэний машин талаар мэдэхгүй гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 46 дахь тал/,
  3. Хялганат сумын сум дундын ойн ангийн шинжээч Ш.А******* 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 13 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “Булган аймгийн Хангал сумын 1 дүгээр багийн нутагт “Хандгайтын ам” гэдэг газарт 49’21 17 27, 104 16 12 69 солбицлын цэг дээр 2022 онд мод бэлтгэлийн талбайн тусгаарлалт хийгдээгүй. Мод бэлтгэсэн Хандгайтын ам гэдэг газар ойн бүсчлэлийн хувьд 3 дугаар муж буюу ашиглалтын бүсэд орж байна. Тухайн бэлтгэсэн мод нь шилмүүст төрлийн Шинэс нойтон хэрэглээний мод болно. Шинэс 1.96-4.02 м, 28 ширхэг модны экологи-эдийн засгийн үнэлгээ нь 3.408 м3 буюу 1.642.221 төгрөг болж байна гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 55 дахь тал/,
  4. Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.З “... экологи эдийн засгийн хохирлын үнэлгээ нь 1.642.221 төгрөг болох нь тогтоогдсон байна. “Байгаль орчныг хамгаалах тухай” хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасны дагуу ойн санд учруулсан хохирол болох 1.642.221 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлэн тооцоход 4.926.221 төгрөгийн шууд бус хохирол учирсан. /хавтаст хэргийн 93 дахь тал/,
  5. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, хөрөөнд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, /хавтаст хэргийн 4-9, 13-17 дахь тал/,
  6. Тольдох оюуны өгөөж ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн №22202 дугаартай шинжээчийн дүгнэлтээр цахилгаан хөрөө 262.500 төгрөг, ЗИЛ-131 маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээг 2.517.405 төгрөгөөр тогтоосон” гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 63-68 дахь тал/,
  7. Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн С.С, С.О******* нарын тээврийн хэрэгслийн лавлагаа /хавтаст хэргийн 118-119 дэх тал/,

 

  1. Яллагдагч С.О*******гийн өгсөн “Хангал сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Хандгайт гэх газарт очоод 4 босоо мод унагаад 4 метрээр 4 ширхэг бусдыг нь 2 метрээр нийт 28 ширхэг мод бэлтгэсэн... би гоожинтой амнууд байдаг учир зөвшөөрөл хөөцөлдөөгүй шууд мод бэлтгэхээр явсан.. би зөвшөөрөлгүй мод бэлтгэх нь гэмт хэрэг гэдгийг мэднэ” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 79-80 дахь тал/, тээврийн хэрэгслийн лавлагаа зэрэг бичгийн нотлох баримтууд болон хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Бүгд Найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн улбар шар өнгийн цахилгаан хөрөөг таньж судалснаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдлоо.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд гэрч О.Б, М.Ц нарын өгсөн мэдүүлэг, сум дундын ойн ангийн шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 13 дугаартай дүгнэлт, хэргийн газарт болон мод, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, эд мөрийн баримтаар хураагдсан хөрөө зэргийг харьцуулан судалж, эх сурвалжийг нягтлан шалгахад  шүүгдэгч С.О*******гийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлгийн эх сурвалжийг нотолсон, хэрэг үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, хэргийн нөхцөл байдлыг шууд гэрчилсэн, түүний гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтууд байх бөгөөд шүүгдэгч С.О******* нь 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Булган аймгийн Хангал сумын 1 дүгээр багийн нутаг “Хандгайтын ам" гэх газраас 4 ширхэг босоо буюу 3.408 м3 хэрэглээний зориулалттай нойтон шинэс төрлийн модыг ойгоос зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэж байгаль экологид 1.642.221 төгрөгийн шууд хохирол, нийт 4.926.663 төгрөгийн шууд бус хохирол учруулсан, Монгол Улсын Үндсэн хууль болон Ойн тухай хуулийг зөрчиж, хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлогдож тогтоогдлоо.

Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрлийг эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байхыг, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр хугацаанд, өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн, зориулалтын бусаар бэлтгэсэн үйлдлийг тус тус ойлгох бөгөөд шүүгдэгч С.О******* нь зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн “санаатай” хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно.

Иймд шүүгдэгч С.О******* нь 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр мод бэлтгэх зохих зөвшөөрөл авахгүйгээр Булган аймгийн Хангал сумын 1 дүгээр багийн нутаг “Хандгайтын ам" гэх газраас 4 ширхэг босоо буюу 3.408 м3 хэрэглээний зориулалттай нойтон шинэс модыг хөрөөдөж бэлтгэж, байгаль экологид нийт 4.926.663 төгрөгийн шууд бус хохирол учруулсан, хууль бусаар бэлтгэсэн модыг улсын дугааргүй ЗИЛ 131 загварын тээврийн хэрэгсэлд ачиж байгаад баригдсан үйлдэл нь гэм буруугийн хувьд санаатай, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан Байгаль орчны эсрэг гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай, байгаль экологид хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокурорын үйлдсэн яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирсон байна

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч С.О*******г 2022 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Булган аймгийн Хангал сумын 1 дүгээр багийн нутаг “Хандгайтын ам" гэх гэх газрын ойгоос 4 ширхэг босоо буюу 3.408 м3 хэрэглээний зориулалттай нойтон шинэс төрлийн модыг зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэж байгаль экологид 1.642.221 төгрөгийн шууд хохирол, нийт 4.926.663 төгрөгийн шууд бус хохирол учруулсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ойгоос зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар

Шүүгдэгч С.О*******гийн гэм буруутай үйлдлийн улмаас улсын ойн санд 1.642.221 төгрөгийн шууд хохирол учирсан нь Булган сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх бөгөөд Байгаль, орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-т заасны дагуу модны экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөсөн хэмжээгээр нийт 4.926.663 төгрөгийн хохирол, нөхөн төлбөр тогтоогдсон байна.

Уг хохирол, нөхөн төлбөрийг С.О******* нь 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар Байгаль орчин уур амьсгалын сангийн 100900013040 дугаартай дансанд тушаасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч С.О*******г ойд зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгч С.О*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.О*******гийн хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч С.О*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дах заалтад заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн  6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Хавтаст хэргийн 70-71, 86-91 дүгээр талд авагдсан Булган аймгийн Хялганат тосгоны захирагчийн ажлын албаны 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 02/456 дугаартай албан тоот, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар, Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 2012 оны 12 сарын 18-ны өдрийн 120 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар, тээврийн хэрэгслийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгч С.О******* нь ам бүл 6, эхнэр дөрвөн хүүхдийн хамтаар Булган аймгийн Хангал сумын 4 дүгээр баг, Хялганат тосгоны зүсмэл 1-25 тоотод амьдардаг, урьд нэг удаагийн ял шийтгэлтэй зэрэг түүний хувийн болон хөрөнгө орлогын байдал тогтоогдсон байна.

Шүүгдэгч С.О*******гийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас байгаль экологид учруулсан хохирлоо нөхөн төлсөн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгож, шүүгдэгч С.О*******г 3 /гурав/ сарын хугацаагаар Булган аймгийн Хангал сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ялыг оногдуулах нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.О*******д анхааруулах нь зүйтэй.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас шүүгдэгч С.О*******г 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялын санал гаргасан ба шүүгдэгч С.О******* нь байгаль экологид учруулсан 4.926.663 төгрөгийн хохирлыг хүүтэй мөнгө зээлж төлсөн, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл нь хүний эзэмшил, өмчлөлийнх тиймээс уг тээврийн хэрэгслийг хураахгүй байж өгнө үү гэх хүсэлтийг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан зэрэг түүний хөрөнгө орлого олох боломж, хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулах боломжгүй гэж үзсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн хуулийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл ...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэж ...гэмт хэрэг үйлдэж шууд болон шууд бусаар олсон эдийн болон эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгслийг ойлгоно” гэж, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ” гэж тус тус зохицуулсан.

Гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугааргүй тээврийн хэрэгсэл нь иргэний нэхэмжлэгч С.С, шүүгдэгч С.О*******, гэрч Сүхбаатар нарын мэдүүлгээр иргэн С.С*******х /хавтаст хэргийн 35-36, 38 дахь тал/ болох нь тогтоогдож байна.

Иймд мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож,  хэрэгт битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан улсын дугааргүй “ЗИЛ 131” загварын тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигч, иргэний нэхэмжлэгч С.Сд үлдээж, тээврийн хэрэгслийн үнэ 2.517.405 төгрөгийг шүүгдэгч С.О*******гээс гаргуулж, гэмт хэрэг үйлдэж олсон 28 ширхэг 3.408м3 хэмжээтэй хэрэглээний зориулалттай нойтон шинэс төрлийн модыг хурааж тус тус улсын төсөвт шилжүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 262.500 төгрөгийн үнэлгээ бүхий Бүгд найрамдах Хятад Ард улсад үйлдвэрлэсэн, улбар шар өнгийн цахилгаан хөрөөг хурааж, үнийг улсын орлого болгох, энэ хэрэгт шүүгдэгч С.О******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүйг тус тус дурдаж, шүүгдэгч С.О*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С******* овогт С******* О*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ойд мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч С.О*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ сарын хугацаагаар Булган аймгийн Хангал сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.О******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч С.О******* цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.О*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч С.О******* нь бусдад төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгч Ж.Батдорж нь гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүйг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3, 4, 5 дахь хэсэгт заасныг журамлан мөрдөгчийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2.517.405 /хоёр сая таван зуун арван долоон мянга дөрвөн зуун тав/ төгрөгийн үнэлгээ бүхий улсын дугааргүй ЗИЛ 131 загварын тээврийн хэрэгслийг өмчлөгч эзэмшигч, иргэний нэхэмжлэгч С.Сд буцаан олгож, тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч С.О*******гээс гаргуулж, гэмт хэрэг үйлдэж олсон 28 /хорин найм/ ширхэг буюу 3.408 м3 хэмжээтэй хуурай шинэс төрлийн модыг тус тус хурааж, улсын орлого болгохыг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 262.500 /хоёр зуун жаран хоёр мянга таван зуу/ төгрөгийн үнэлгээ бүхий Бүгд найрамдах Хятад Ард Улсад үйлдвэрлэсэн улбар шар өнгийн цахилгаан хөрөөг хурааж улсын орлого болгосугай.

8. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Э.ЭНЭРЭЛ