Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 08 сарын 27 өдөр

Дугаар 859

 

2019 8 27 2019/ДШМ/859

Т.О, Б.П, Н.М нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: прокурор Б.Гүнсэл, шүүгдэгч Т.О, шүүгдэгч Б.П, түүний өмгөөлөгч О.Мөнхболд, шүүгдэгч Н.М, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа, нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж хийсэн шүүх хуралдааны 2019 оны 6 дугаар сарын 7-ны өдрийн 411 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Т.Оын өмгөөлөгч Ө.Болормаа, шүүгдэгч Б.Пийн өмгөөлөгч О.Анхбаяр, О.Мөнхболд, шүүгдэгч Н.Мий өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Т.О, Б.П, Н.М нарт холбогдох 1910000000228 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 29-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1.

2.

3.

Т.О, Б.П, Н.М нар нь бүлэглэн, машин механизм ашиглан 2019 оны 3 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнийн 05 цагийн үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа 2 хорооллын 1026 дугаар байрны хойд талын зогсоолд байсан иргэн М.ЦэндАюушийн эзэмшлийн улсын дугаартай, “Toyota prius 20” загварын тээврийн хэрэгслийн жолооч талын хаалганы гурвалжин шилийг хагалан урд гуперийг нэмэлт гэрэл болон улсын дугаарын хамт нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, 645.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Т.О, Б.П, Н.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон овогт О, Тавууд овогт Батсуурийн П, Боржигин овогт М нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн тус тус гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар Т.О, Б.П, Н.М нарыг тус бүрийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5 6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар тэдгээрт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт прокурорын тогтоолоор битүүмжилсэн 79-09 УБХ улсын дугаартай, "Тоёота Приус-20" загварын тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.О, Б.П, Н.М нарын цагдан хоригдсон нийт 06 /зургаа/ хоногийг тэдний эдлэх ялын хугацаанд тус тус оруулан тооцож, энэ хэрэгт шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч М.Ц нь "хохирол нөхөн төлөгдсөн үндэслэлээр гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй" гэснийг тус тус дурдаж, Т.О, Б.П, Н.М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорихоор шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Пийн өмгөөлөгч О.Анхбаяр давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 10-11 дүгээр талд "... Б.Пийн улсын дугаартай "Toyota prius 20" загварын автомашинд таарах өнгө, загвар ижил машины гупер хайж "Вива сити" хороолол, Буянт-Ухаа 2 хороолол орчмын газруудаар явахдаа Б.Пийн ..... УБХ улсын дугаартай, "Toyota prius 20" загварын машиныг /хэргийн газарт/ хулгай хийх газарт очихдоо хөл дайх, зорьж очих, гэмт үйлдлээ түргэсгэх, олж авсан эд зүйлийг өөрийн машиндаа сольж тавих, зөөвөрлөх зэргээр учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж,..." гэжээ. Гэтэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно." гэж заасан. Өөрөөр хэлбэл гэмт этгээд, гэмт үйлдлийнхээ төлөө эрүүгийн хариуцлага хүлээдэг болохоос өөрийн гэмт санаа, гэмт зорилго, гэмт бодлынхоо төлөө эрүүгийн хариуцлага хүлээдэггүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын дээрх хэсгээс харахад шүүх гэмт этгээдүүдийн гэмт санаа бодолд тулгуурлан ял оноосон болж байна. ...Мөн шийтгэх тогтоолын 11 дүгээр талд "..."Toyota prius 20" загварын автомашины гурвалжин шилийг хагалж машины копутыг онгойлгон, урд гуперийг улсын дугаар, нэмэлт гэрлийн хамт тайлж авч явсан үйлдэл нь..." гэжээ. Хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээд хохирогчийн хөрөнгийг өөрийн эзэмшил, эрхшээлд оруулан авснаар төгсдөг гэмт хэрэг. Энэ хэргийн тухайд шүүгдэгч нар хохирогчийн автомашинаас гуперийг тайлж авснаар гэмт хэрэг төгссөн гэж үзнэ. Хохирогчийн автомашины урд талын гуперыг хулгайлахад шүүгдэгч Б.Пийн хувийн автомашин учрах саадыг нь арилгахад ямар ч үүрэг роль гүйцэтгээгүй юм. Харин шүүгдэгч нарт гэмт хэрэг үйлдэхэд учирч байсан саад буюу маш хурднаар хохирогчийн эд хөрөнгийг эрхшээлдээ оруулахад нь автомашины гурвалжин шил, копуд саад болсон тул шүүгдэгч Н.М автомашины гурвалжин шилийг нь хагалснаар копудыг онгойлгох боломжтой болж, учрах саад арилсан гэж үзэхээр байна. Шүүгдэгч нар хохирогчийн автомашинаас гуперийг салгаж аваад 45 метрийн зайд байх өөрсдийн автомашин руу явган явцгаасан. Энэ үед хулгайлах гэмт хэрэг аль хэдийн төгссөн гэж үзнэ. Хэрвээ шүүгдэгч нар гупер хулгайлан авч байгаа үйлдлээ камерт бичүүлж үлдээхгүйн тулд Б.Пийн автомашиныг халхавч болгон ашигласан, эсхүл хохирогчийн автомашиныг гуперыг хурдан салгаж авахын тулд өөрсдийн автомашинаар татаж салгах гэх зэрэг үйлдэл хийсэн бол учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашигласан гэж үзэж болох талтай. Иймд шүүгдэгч Б.Пийн бусдын автомашины урд гуперийг хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. ...” гэжээ. Шүүгдэгч Т.Оын өмгөөлөгч Ө.Болормаа давж заалдах гомдолдоо: “...Т.О нь бусадтай бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авах гэмт хэргийг үйлдэхдээ машин механизм ашиглаж үйлдсэн гэх гэм буруу нь хангалттай тогтоогддоггүй. Т.О нь найз Б.Пийн машиных нь урд гупер хагархай байсныг нь шинэ бүтэн болгох зорилгоор М.Цийн эзэмшлийн . улсын дугаартай, “Toyota prius 20” загварын автомашины урд талын гуперийг сольж авах зорилгоор . улсын дугаартай, “Toyota prius 20” загварын автомашиныг унаж явсан. Тухайн автомашиныг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авах гэмт үйлдэлдээ ашиглах зорилгоор унаж яваагүй. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэлийг өөрчилж өгнө үү. ...” гэжээ.

Шүүгдэгч Б.Пийн өмгөөлөгч О.Мөнхболд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 10-11 дүгээр талд "... Б.Пийн . улсын дугаартай "Toyota prius 20" загварын автомашинд таарах өнгө, загвар ижил машины гупер хайж "Вива сити" хороолол, Буянт-Ухаа 2 хороолол орчмын газруудаар явахдаа Б.Пийн ... УБХ улсын дугаартай, "Toyota prius 20" загварын машиныг /хэргийн газарт/ хулгай хийх газарт очихдоо хөл дайх, зорьж очих, гэмт үйлдлээ түргэсгэх, олж авсан эд зүйлийг өөрийн машиндаа сольж тавих, зөөвөрлөх зэргээр учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж,..." гэжээ. Гэтэл шүүгдэгч нар нь Б.Пийн машинд таарах гупер хайж "Вива сити", "Буянт-Ухаа-2" хорооллуудаар явсан гэдэг огт тогтоогдоогүй гэмт хэргийн сэдэл, үйл баримтыг үндэслэж "машин механизм ашиглаж" гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Б.П анх өгсөн мэдүүлэгтээ гурвуулаа хулгай хийх зорилгоор уулзаагүй, PC тоглоом тоглох зорилгоор уулзсан, "Вива сити", "Буянт-Ухаа-2" хорооллуудаар гупер хайж явсан гэж мэдүүлсэн хэдий ч анхан шатны шүүх хуралдаан дээр "...би 2019 оны 3 дугаар сарын 12-ны өдөр ажлаа тараад хоёр найздаа "би маргааш амарна, орой PC орж тоглох уу" гэж мессеж бичээд, гэртээ ирж хувцсаа сольж гараад хорооллын эцэст байдаг "Go оn" гэдэг нэртэй PC тоглоомын газарт ирж, хоёр найзтайгаа хамт шөнийн 3 цаг хүртэл тоглосон. О бид хоёр маргааш нь гадуур ажилтай байсан болохоор хамт хонохоор болж, харин М ахындаа очиж хононо гэсэн юм. Тэндээсээ бид гурав гараад Мийг хүргэж өгөх гэхэд манай нэг танил таараад "хүргээд өгчих" гэхээр нь бид гурав нөгөө хүнийг "Буянт-Ухаа" хороололд хүргэж өгсөн..." гэж мэдүүлдэг. Энэ нь хулгай хийх газарт очихдоо хөл дайх, зорьж очих, гэмт үйлдлээ түргэсгэх, олж авсан эд зүйлийг өөрийн машиндаа сольж тавих, зөөвөрлөх зэргээр учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлийг няцааж байгаа бөгөөд анхан шатны шүүх ямар нотлох баримтыг үндэслэж "хулгай хийх газарт очихдоо хөл дайх, зорьж очих, гэмт үйлдлээ түргэсгэх, олж авсан эд зүйлийг өөрийн машиндаа сольж тавих, зөөвөрлөх зэргээр учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн" гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна. Нотлох баримт гэдэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон эрүүгийн эрх зүйн онолын хувьд 2 ба түүнээс дээш эх сурвалжаар тогтоогдож байгаа баримт сэлт, үйл баримтыг ойлгодог. Гэтэл хэрэгт цугларсан нотлох баримтуудаар "таарах гупер хайж "Вива сити", "Буянт-Ухаа" хорооллуудаар явсан" гэдгийг тогтоосон зүйл байхгүй ба камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 11/-д Б.П нь өөрийн эзэмшлийн 79-09 УБХ улсын дугаартай, автомашинаараа "Буянт-Ухаа" хорооллоор таарах гупер хайж явсан, холхисон талаар нэг ч үг өгүүлбэр тусгагдаагүй болно. Шүүгдэгч нарын мэдүүлгээр шүүгдэгч нар нь PC тоглох зорилгоор уулзсан, хулгай хийх зорилгоор уулзаагүй нь тогтоогдож байгаа, мөн хохирогчийн автомашинаас эд зүйл хулгайлахдаа өөрсдийн унаж явсан автомашинаа хол байрлуулсан байсан зэрэг нь "хулгайлах" гэмт хэрэг үйлдэхдээ "машин механизм" ашигласан гэж хүндрүүлж зүйлчлэх нөхцөл байдал байгаагүй гэдгийг харуулж байна. Улсын Дээд шүүхийн 2006 оны 28 дугаар тогтоолын 1.7 дахь хэсэгт "машин механизмыг хэрэглэсэн" гэдгийг бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж, түргэтгэх, хамгаалалт бэхэлгээг эвдэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж ашигласныг ойлгоно. Харин хулгайлах үйлдэл төгссөний дараа түүнийг зөөж тээвэрлэх, хэргийн газраас зайлуулах зэрэгт машин механизм ашигласныг энэ ойлголтод хамааруулахгүй" гэж тодорхой тайлбарласан байна. Шүүгдэгч нарын үйлдсэн "хулгайлах" гэмт хэрэг нь хохирогчийн автомашины гурвалжин шилийг хагалж, копудыг нь сөхөж, гуперыг тайлж авснаар төгсөж байгаа бөгөөд хулгайлсан эд зүйлээ шүүгдэгч Б.Пийн эзэмшлийн автомашинаар тээвэрлэсэн нь Улсын Дээд шүүхийн тогтоолд заасан тайлбараар "машин механизм ашиглаж үйлдсэн" гэж үзэх үндэслэл болохгүй юм. Иймд Б.Пт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Н.Мий өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй...шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэхдээ машин механизм ашиглаж үйлдсэн гэсэн үндэслэлээр хүндрүүлж шийтгэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Автомашины ялангуяа “Toyota prius 20” загварын автомашины гуперийг авах \салгахад\ заавал автомашины копудыг сөхөж \онгойлгож\ боолтыг нь тайлж авдаг юм байна. Копудыг онгойлгохын тулд гурвалжин шилийг хагалснаар гэмт санаагаа хэрэгжүүлж гэмт хэрэг үйлдсэн...тэдний унаж явсан автомашин нь гэмт хэрэг үйлдсэн газраас хол эсрэг талын байрны урд байсан. Иймд шүүгдэгч Н.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 17.1 дүгээр зүйлийн 1 болгон хөнгөрүүлэн өөрчилж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэж өгнө үү. ...” гэв. Шүүгдэгч Т.О тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хэлэх тайлбар байхгүй. ..” гэв. Шүүгдэгч Б.П тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би хийсэн хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээж байгаа зэргийг харгалзан хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү. ...” гэв. Шүүгдэгч Н.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...гэм буруугаа хүлээж, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. ...” гэв. Прокурор Б.Гүнсэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...бусдын эд хөрөнгийг хууль бусаар эзэмшилдээ оруулж, улмаар захиран зарцуулах бодит бололцоог бий болсон үеэс хулгайн гэмт хэрэг төгссөн гэж үздэг. Тухайн үйл баримтаас дүгнэхэд, шүүгдэгч нар нь өөрсдийн автомашины хагархай гуперээр солих зорилгоор 55-59 УНА улсын дугаартай тээврийн хэрэгслийн урд гуперийг хулгайлж, машинд ачсанаар тухайн хулгайн эд хөрөнгийг зөөвөрлөж, хэргийн газраас түргэн холдож шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэх санаа зорилго нь туйлдаа хүрсэн гэж үзэж байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв. ТОДОРХОЙЛОХ нь: Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ. Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно. Хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад: Шүүгдэгч Т.О, Б.П, Н.М нар нь бүлэглэн 2019 оны 3 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнийн 05 цагийн үед Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа 2 хорооллын 1026 дугаар байрны хойд талын зогсоолд байсан О.Отгонзаяагийн эзэмшлийн .... УНА улсын дугаартай, “Toyota prius 20” загварын тээврийн хэрэгслийн жолооч талын хаалганы гурвалжин шилийг хагалан урд гуперийг нэмэлт гэрэл болон улсын дугаарын хамт хулгайлан авч, 645.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь: хохирогч М.Цийн “...манай нөхөр өглөө 07 цаг өнгөрөөд гарч ирэхэд машины урд талын гупер алдагдсан байсан гэсэн...машины жолооч талын жижиг гурвалжин цонхыг хагалсан байсан...гупер, улсын дугаар, нэмэлт гэрлийн хамт буцаан авсан тул ямар нэгэн нэхэмжлэх зүйл, санал хүсэлт байхгүй. ...” /хх 22-23/, гэрч О.Отгонзаяагийн “...өглөө 08 цаг өнгөрөөд ажилдаа явах гээд гарч ирэхэд миний автомашины урд талын гупер, доод талын нэмэлт хоёр гэрэл алдагдсан, мөн баруун талын жижиг гурвалжин шил хагарсан байдалтай байхаар нь цагдаад дуудлага өгсөн. ...” /хх 24-27/, Б.Пийн яллагдагчаар өгсөн “...миний машинтай яг адилхан өнгөтэй 55-59 УНА улсын дугаартай, “Toyota pruis 20” загварын машин байсан бөгөөд би өөрийнхөө машиныг жаахан зайдуу газарт тавиад алхаж нөгөө машин дээр ирсэн. М машины жолооч талын хаалганы гурвалжин цонхыг гараараа цохиж хагалаад хаалгыг онгойлгоод машины копудыг нь сөхөж өгсөн. ...” /хх 54-55/, Н.Мий яллагдагчаар өгсөн “...Пийн машины өнгөтэй яг адилхан цагаан өнгийн “Toyota pruis 20” загварын машин байсан бөгөөд машинаа жаахан зайдуу тавиад, би жолооч талын хаалганы гурвалжин шилийг гараараа цохиж хагалаад машины копудыг нь онгойлгож өгсөн...нөгөө хоёр гартаа түлхүүр барьчихсан, гуперийг нь тайлж аваад машины арын багажинд хийгээд тэндээс явсан. ...” /хх 59-60/, Т.Оийн яллагдагчаар өгсөн “...П бид хоёр түлхүүрээр гуперийг нь тайлж аваад машины арын багажинд хийгээд тэндээс явсан. ...” /хх 64-65/ гэх мэдүүлгүүд, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 39-41/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 5-10/, хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 11-13/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна. Харин шүүгдэгч нарын өмгөөлөгчид “...шүүгдэгч нар нь хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ машин механизм ашиглаж үйлдээгүй тул зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү. ...” гэж давж заалдах гомдол гарган, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн зүйлчлэлийн талаар маргажээ. Прокуророос Т.О, Б.П, Н.М нарыг бүлэглэн хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн бөгөөд анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг нотлох баримтад тулгуурлан бодитой тогтоосон байх боловч хулгайлах гэмт хэргийг “машин механизм ашиглаж үйлдсэн” гэх хүндрүүлэх шинжийг Эрүүгийн хуульд заасан жинхэнэ агуулгаар нь зөв тайлбарлаж хэрэглээгүй, алдаатай дүгнэлт хийжээ. Тухайлбал, шүүгдэгч нар нь Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Буянт-Ухаа 2 хорооллын 1026 дугаар байрны хойд талын зогсоолд байрлуулсан М.Цийн эзэмшлийн 55-59 УНА улсын дугаартай, “Toyota prius 20” загварын автомашины гурвалжин шилийг хагалж урд гуперийг нэмэлт гэрэл болон улсын дугаарын хамт хулгайлан авч, Б.Пийн жолоодож явсан автомашинаар зөөж тээвэрлэн, хэргийн газраас холдсон байна. Хулгайлах гэмт хэрэг нь гэмт этгээд ашиг олох гэсэн шунахай сэдэлт, зорилгоор бусдын өмч хөрөнгийг нууцаар өмчлөгч болон бусдад мэдэгдэхгүйгээр, хууль бусаар авсан үйлдэл байдаг бөгөөд тухайн эд хөрөнгийг авч, захиран зарцуулах бодит боломж бололцоог бий болгосон үеэс энэ гэмт хэрэг төгссөнд тооцогддог. Харин автомашин ашиглан зөөж тээвэрлэсэн үйлдэл бүрийг гэмт хэргийн хүндрүүлэх шинжид хамааруулах нь Эрүүгийн хуулийн хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх зорилго, зарчимд нийцэхгүй бөгөөд хэргийн нөхцөл байдлыг харгалзан ялгамжтай авч үзэх нь зүйтэй. Бусдын эд хөрөнгийг хулгайлж авсны дараа буюу гэмт хэрэг төгссөний хойно тухайн хөрөнгийг автомашиндаа нуусан эсхүл зөөж тээвэрлэн хэргийн газраас холдож буй үйлдлийг машин механизм ашиглаж үйлдсэн хэмээн дүгнэх үндэслэлгүй юм. Учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж гэдэгт бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хялбарчлах, дөхөм болгохын тулд машин механизмыг зориулалтынх нь дагуу ашиглаж хэрэглэснийг ойлгоно. Шүүгдэгч Т.О, Б.П, Н.М нар нь хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ автомашинаараа ямар нэгэн саадыг арилгаагүй, тийм зорилго агуулаагүй байх тул давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “...шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж ... болно.” гэж заасан эрх хэмжээний хүрээнд Т.О, Б.П, Н.М нарт холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж дүгнэв. Шүүгдэгч Т.О, Б.П, Н.М нар нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, өөрсдийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж, тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон хувийн байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5 дахь заалтуудад зааснаар тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ. Дээр дурдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, хэргийн зүйлчлэл, ял шийтгэлийг хөнгөрүүлэх талаар гаргасан шүүгдэгч Т.Оын өмгөөлөгч Ө.Болормаа, шүүгдэгч Б.Пийн өмгөөлөгч О.Анхбаяр, О.Мөнхболд, шүүгдэгч Н.Мий өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа нарын давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэв. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 7- ны өдрийн 411 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Т.О, Б.П, Н.М нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсүгэй.” гэсэн нэмэлт заалт оруулсугай. 2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Боржигон овогт Төрбадрахын О, Тавууд овогт Батсуурийн П, Боржигин овогт Нэргүйн М нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн тус тус гэм буруутайд тооцсугай. ...” гэснийг “...Боржигон овгийн Төрбадрахын О, Тавууд овгийн Батсуурийн П, Боржигин овгийн Нэргүйн М нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. ...” гэж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар Т.О, Б.П, Н.М нарыг тус бүрийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.О, Б.П, Н.М нарт хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй. ...” гэж тус тус өөрчилсүгэй. 2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 5 дахь заалтуудыг хүчингүй болгосугай. 3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох”, 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэсүгэй. ...” гэсэн, “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар “тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг Т.О, Б.П, Н.М нарт мэдэгдсүгэй. ...” гэсэн нэмэлт заалтуудыг тус тус оруулсугай. 4. Шүүгдэгч Т.Оын өмгөөлөгч Ө.Болормаа, шүүгдэгч Б.Пийн өмгөөлөгч О.Анхбаяр, О.Мөнхболд, шүүгдэгч Н.Мий өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авч, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй. 5. Шүүгдэгч Т.О, Б.П, Н.М нар нь 87 /наян долоо/ хоног цагдан хоригдсон болохыг дурдаж, тэдгээрийг нэн даруй сулласугай. 6. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй. ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН ШҮҮГЧ Д.ОЮУНЧУЛУУН ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН