Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2024/0386

 

2024 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2024/0386

Улаанбаатар хот

 

Шийдвэрийг хэвээр үлдээх тухай

 

Д ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 323 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А давж заалдах гомдлын дагуу хянан хэлэлцэв.

 

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдааны даргалагч шүүгч Ц.Сайхантуяа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Хонинхүү

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч Д ХХК

Хариуцагч Сангийн сайд

Хариуцагч Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Л.А

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.А, хариуцагч Л.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, хариуцагчийн өмгөөлөгч Т.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 128/2024/0079/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 323 дугаар шийдвэрээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 он/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1.6, 14.5, 521 дүгээр зүйлийн 521.2, 521.2.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д ХХК-иас Сангийн яам болон Сангийн яамны Худаллан авах ажиллагааны улсын байцаагчид холбогдуулан гаргасан Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 113 дугаар дүгнэлт болон Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугаар тушаалын Д ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч  дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:

2.1. ... Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Д ХХК-д холбогдох 113 дугаар Хяналт шалгалтын тухай дүгнэлт болон Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугаар Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай тушаалын Д ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.

Д ХХК нь Зам тээвэр, хөгжлийн яамтай Азийн Хөгжлийн банкны МОН-3129 зээл, Баруун бүсийн авто замын коридор хөрөнгө оруулалтын хөтөлбөр, Төсөл 2: Ховд аймгийн Манхан сумын төлбөр авах цэгийн барилга байгууламжийн ажил гүйцэтгэх 191 дугаартай гэрээг 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан. Энэхүү гэрээнд ажил гүйцэтгэх хугацааг 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдөр гэж тогтоосон байсан бөгөөд 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 105 дугаартай нэмэлт гэрээгээр ажил гүйцэтгэх хугацааг 2022 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл сунгасан. Мөн 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 301 дугаартай нэмэлт гэрээг байгуулан барилга байгууламжийн ажил дуусгах хугацааг 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаагаар дахин сунгасан болно. Дээрх ажил гүйцэтгэх гэрээний дагуу 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 06/18/22 дугаар Авто зам, замын байгууламжийг байнгын ашиглалтад авах ажлын хэсгийн акт, дүгнэлт-ээр төлбөр авах цэгийн барилга байгууламж, зам талбайн ажил нь зураг төсөл, техникийн шаардлагын дагуу бүрэн хийгдэж дууссан гэж үзээд захиалагч Зам, тээвэр хөгжлийн яам, хариуцагч /ашиглагч/ Зам, тээвэр хөгжлийн төв ТӨҮГ-ийн мэдэлд 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрөөс ашиглалтад авахыг зөвшөөрсөн.

2.2. Д ХХК нь 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 21 тоот ... гэрээт ажлын үүрэг даалгаврын ажлын биелэлтийг бүрэн хэрэгжүүлж дууссан, дараах ажлыг хийж гүйцэтгэсэн албан бичгийг Зам тээврийн хөгжлийн төвд хүргүүлсэн. Үүрэг даалгаврын 02 дугаартай ажлын актыг 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр хүргүүлсэн боловч 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл захиалагч талаас төлөөлж гарын үсэг зурж баталгаажуулаагүй байсан. Ховд аймгийн Манхан сумын төлбөр авах цэгийн барилга байгууламжийн ажлын үүрэг даалгаврын биелэлтийн талаарх 2023 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн хурлаар захиалагч талыг төлөөлж тус хуралд оролцсон гишүүдээс одоогийн байдлаар үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна, улсын комиссоос өгсөн үүрэг даалгаврын биелэлт хангагдсан байна гэж дүгнэсэн.

2.3. Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн Л.Амгалан нь 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр сонсох ажиллагаа хийсэн тухай тэмдэглэл үйлдсэн байна. Гэтэл Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн Л.Амгалан нь захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагааг хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх хуулиар хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй энэхүү ажиллагааг дутуу хийсэн нь хуульд заасан захиргааны байгууллагын шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн.

Хариуцагч Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн зүгээс анхан шатны шүүх хуралдаан дээр тухайн үед хяналт шалгалт явуулж байхад захиалагч болон гүйцэтгэгч Д ХХК-ийн зүгээс хоёр өөр тайлбар хийгээд байхад тухайн ажил үнэхээр хийгдсэн эсэх, гэрээний үүрэг биелэгдсэн эсэхийг газар дээр дээр нь очиж үзэх боломжгүй байсан, би очоод шалгаж мэдэхгүй, би худалдан авах ажиллагааны улсын байцаагч, мэргэжлийн зам, тэмдэг тэмдэглэгээг мэдэхгүй, нотлох баримт гүйцэтгэгч компаниас ирээгүй, захиалагчаас ирсэн баримтад зөвхөн 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 191 дүгээр гэрээ л ирсэн гэх агуулга бүхий хариултуудаас үзэхэд улсын байцаагч хуульд заасан үндэслэл журмаар хяналт шалгалт явуулаагүй дүгнэлт гаргасан нь нотлогдож байхад, мөн нэхэмжлэгчийн зүгээс энэ талаар маргаантай байхад анхан шатны шүүх шийдвэртээ энэ талаар огт дүгнээгүй болно.

2.4. Улсын байцаагч нь хяналт шалгалт хийхдээ Ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэсэн ажил болон гэрээнд заасан үүргээ хугацаанд нь биелүүлээгүй эсэхийн тогтоох зорилгоор үзлэг хийх, холбогдох баримтыг цуглуулах эрх хэмжээтэй хэр нь уг эрхээ хэрэгжүүлээгүй, бүрэн шалгаж цуглуулсан нотлох баримтгүйгээр, хуульд заасан шаардлагатай ажиллагааг явуулахгүйгээр Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Л.Амгалангийн 2023 оны 10 дугаар 20-ны өдрийн 113 дугаар Хяналт шалгалтын тухай улсын байцаагчийн дүгнэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Улсын байцаагчийн дүгнэлтийн үндэслэх хэсэгт өөр гэрээг үндэслэл болгон гэрээнд заасан хугацаанаас даруй нэг жил гаруй хугацаа өнгөрсөн гэж үндэслэлгүй дүгнэсэн нь Захиргааны ерөнхий хуульд заасан шийдвэр үндэслэл бүхий байх зарчмыг зөрчсөн байна. Улсын байцаагч нь дүгнэлтийн 1 дэх заалтаар Д ХХК-ийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалтад заасан нөхцөл үүссэн болохыг тогтоож, 2 дахь заалтаар Д ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг гаргасан нь захиргааны актын зорилго тодорхой бус, хэн рүү чиглэсэн, ямар үр дагавар үүсгэх гэж байгаа нь тодорхойгүй учраас зорилгодоо нийцээгүй буюу нэхэмжлэгч рүү чиглээгүй тул хоорондоо зөрчилтэй захиргааны акт гэж үзэж байна. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5-д заасан зарчимд нийцээгүй. Хүчин төгөлдөр болоогүй улсын байцаагчийн хууль бус дүгнэлтийг үндэслэн Сангийн сайд 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугаартай тушаалаар нэхэмжлэгчийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэсэн нь хуульд заасан шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж байна.

2.5. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн шүүх хуралдаан дээр нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох зорилгоор Д ХХК-ийн хийж гүйцэтгэсэн төлбөр авах цэгийн барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авах ажлын хэсгийн гишүүнээр оролцож байсан Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын авто замын хяналтын улсын байцаагч Ц.Дөлбадрахаас гэрчийн мэдүүлэг авхуулахаар гэрч асуулгах хүсэлт гаргасан боловч шүүх хүсэлтийг хангахаас татгалзсан. Хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүнийг гэрч гэх бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох зорилгоор шүүхэд гэрч асуулгах хүсэлтийг удаа дараа гаргасан боловч шүүх хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, хэргийн нөхцөл байдлыг тодруулах, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх ажиллагааг хэрэгжүүлэх, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, маргаан бүхий захиргааны актын үндэслэлийг хянах үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх хангалттай үндэслэл тогтоогдож байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2024/0323 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын дагуу бүхэлд нь хянахад хүчингүй болгох үндэслэлгүй байх тул хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхив.

1. Нэхэмжлэгч Д ХХК-аас Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 113 дугаар дүгнэлт, Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугаар тушаалын Д ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

2. Маргаан бүхий улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 113 дугаар дүгнэлтээр нэхэмжлэгч Д ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4-т заасан нөхцөл байдал тогтоогдсон гэж дүгнэж, тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг Сангийн яаманд хүргүүлжээ.

Харин маргаан бүхий Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 213 дугаар тушаалаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14.5, 521.1.14, улсын байцаагчийн дээрх 113 дугаар санал зэргийг үндэслэж, нэхэмжлэгч Д ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд 3 жилийн хугацаагаар хамруулахаар шийдвэрлэсэн байна.

3. Анхан шатны шүүх ... нэхэмжлэгч Д ХХК нь Зам тээврийн хөгжлийн яамтай 2021 оны 06 дугаар сарын 21-ний өдөр байгуулсан 191 дугаартай ... Ховд аймгийн Манхан сумын төлбөр авах цэгийн барилга байгууламжийн ажил гүйцэтгэх гэрээ-ээр тохиролцсон хугацаанд ажлыг гүйцэтгэж дуусгаагүйгээс нэмэлт гэрээ байгуулж 2 удаа хугацааг сунгасан боловч хугацаанд нь гэрээт ажлыг дуусгаж хүлээлгэж өгөлгүй гэрээний үүргээ зөрчсөн болохыг тогтоож, тендерт оролцох эрхийг хязгаарлуулахаар гаргасан улсын байцаагчийн дүгнэлт санал болон уг саналыг үндэслэн гарсан Сангийн сайдын тушаалыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005/-ийн 14.1.4, 14.5, 521.2.1-д нийцсэн, холбогдох журмыг зөрчөөгүй талаар дүгнэж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо ... Авто зам, Замын байгууламжийг байнгын ашиглалтад авах ажлын хэсгийн 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 06/18/22 дугаар акт, дүгнэлтээр ... барилга байгууламж, зам талбайн ажил нь техникийн шаардлагын дагуу бүрэн хийж дууссан гэж үзээд ашиглалтад авахыг зөвшөөрсөн. Ажлын хэсгээс өгсөн үүрэг даалгаврыг 10 дугаар сарын 10-ны өдрийн дотор хийж гүйцэтгэхийг үүрэг болгосон, авто пүүний түвшнийг зураг төслийн дагуу налуу хийснийг тэгш болгож янзлахыг даалгасан, холбогдох норм дүрэм, технологийн дагуу 10 сард бетон тэгшлэх ажлыг гүйцэтгэх боломжгүй байсан, 23.07.05 гэхэд дуусгаад захиалагчид 23.09.05-ны хүлээлгэж өгөх гэхэд гарын үсэг зураагүй, иргэний хуулийн 343.1-д зааснаар хугацаанд нь гүйцэтгээгүй гэх үндэслэл болохгүй, анхан шатны хуралд энэ талаар ажлын хэсгийн гишүүдийг гэрчээр асуулгах хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон, улсын байцаагч газар дээр нь очиж үзлэг хийж танилцаагүй, бүх ажлаа хийж гүйцэтгэсэн байсан, мөн дүгнэлтдээ өөр гэрээг бичиж нэг жилийн хугацаа өнгөрсөн гэж бодит байдалд тохирохгүй дүгнэлт хийсэн, шүүх нотлох баримт бүрэн цуглуулж, үнэлээгүй, Сангийн сайд улсын байцаагчийн дүгнэлтэд гомдол гаргах эрхийг хэрэгжүүлээгүй байхад уг үндэслэлгүй дүгнэлтээр тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэхээр шийдсэн нь шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчсөн ... гэж маргасан нь дараах байдлаар үндэслэлгүй байна.

4.1. Хэрэгт авагдсан 2022.09.28-ны өдрийн Авто зам, замын байгууламжийг байнгын ашиглалтад авах ажлын хэсэг-ийн хуралдааны тэмдэглэлээр нэхэмжлэгч компанийн захирал Ц.Баяржаргалаас дутуу ажлууд болон авто пүүний тохиргооны ажлыг хэр хугацаанд гүйцэтгэж дуусах талаар тодруулахад 10 дугаар сарын 10-ны дотор багтаан хийж гүйцэтгэх талаар хэлсэн, харин шүүхэд гаргасан тухайн ажлыг шинээр хийх талаар болон бетон цутгалтыг 10 дугаар сард хийх боломжгүй талаар тайлбар гаргаагүй, мөн 2022.10.12-ны өдрийн нэмэлт гэрээнд 22.10.30-ны дотор өгсөн үүрэг даалгаврыг хийж дуусгахаар зөвшөөрч гарын үсэг зурсан, мөн нэхэмжлэгчийн өөрийнх нь тайлбараар 23.07.05-ны өдөр ажлыг бүрэн хийж дуусгасан нь тогтоогдсон зэргээс үзвэл ... зураг төслөөс өөрөөр пүүний бетон тэгшлэхэд 10 сард бетон цутгалт хийх боломжгүйгээс хугацаа шаардагдсан, шүүх ажлын хэсгийн гишүүнийг гэрчээр асуух, холбогдох баримтыг дутуу цуглуулсан ... гэх гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

4.2. Мөн хэрэгт авагдсан анх байгуулсан гэрээ болон хугацааг 2 удаа сунгасан нэмэлт гэрээнүүдийн хугацаа, гүйцэтгэсэн барилга байгууламжийн фото зураг, гүйцэтгэх ажлын цар хэмжээ болон гэрээний хугацаа зэргээс үзэхэд цар тахал гарсантай холбоотой удаа дараа хугацааг сунгаж нэхэмжлэгчид боломж олгосон байхад 2 удаа гэрээнд заасан хугацаанд үүргээ гүйцэтгээгүй нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1-д Дараахь нөхцөл байдал тогтоогдвол тендерт оролцогч ерөнхий нөхцөл хангаагүй гэж үзнэ: ... 14.1.4-д сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй, эсхүл мэргэжлийн үйл ажиллагаанд алдаа гаргасныг шүүх, энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон гэж заасан үндэслэлд хамаарахаар байна.

4.3. Мөн улсын байцаагч нь захирал Ц.Баяржаргалаас тайлбар авч сонсох ажиллагаа явуулсан баримт, захиалагчаас ирүүлсэн гэрээний үүргээ зөрчсөн талаарх албан бичгүүд, гэрээний хуулбаруудыг үндэслэж, дүгнэлтээ гаргасан байх тул дээрх хуулийн 521 дүгээр зүйлийн 521.2-т Худалдан авах ажиллагааны улсын байцаагч нь худалдан авах үйл ажиллагаанд тавих мэргэжлийн хяналтыг хэрэгжүүлэхдээ Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9-д заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 521.2.1-т энэ хуулийн 14.1.4, 14.1.6-д заасан нөхцөл үүссэн нь тогтоогдсон тендерт оролцогчийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах тухай санал гаргах гэж заасныг болон Захиргааны ерөнхий хуулийн 24, 26 дугаар зүйлийг зөрчсөн гэж үзэхээргүй байх тул улсын байцаагч бодит байдлыг тогтоогоогүй гэх гомдлыг хангах үндэслэлгүй.

4.4. Түүнчлэн хэрэгт авагдсан Сангийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023.11.20-ны өдрийн 03/8524 дүгээр албан бичгээр нэхэмжлэгч Д ХХК-д ... улсын байцаагчийн 2023 оны 113 дугаар дүгнэлтийг эс зөвшөөрч гаргасан гомдлыг хянаж, дүгнэлтийг хэвээр үлдээхээр шийдвэрлэсэн хариуг өгсөн, Сангийн сайд үүнээс хойш маргаан бүхий 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 213 дугаар тушаалаа гаргасан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 14.1.4, 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл үүссэнийг тогтоосон тухай энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэн тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтөлж, нийтэд мэдээлнэ гэж заасанд нийцсэн байх бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 92.1, 93.1-д заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй, энэ талаарх гомдол үндэслэлгүй байна.

4.5. Мөн ... улсын байцаагчийн дүгнэлтийн Үндэслэх хэсэгт гэрээнүүдийн хугацааг буруу зааж нэг жилийн хугацаанд үүргээ гүйцэтгээгүй гэж алдаатай бичсэн байх боловч хэрэгт авагдсан тухайн гэрээнд заасан хамгийн сүүлд тохиролцсон 2022 оны 10 дугаар сарын 30 гэх ажил гүйцэтгэж дуусах хугацаанд дуусгаагүй, 2023 оны 7 сард дуусгасан байх тул байцаагчийн дүгнэлтийг энэхүү үндэслэлээр хууль бус гэж үзэхгүй.

5. Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шийдвэрийн Үндэслэх хэсгийн 4.1-д Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4 дэх заалтын бичвэрийг бичиж, уг заалтад үндэслэн дүгнэлт хийсэн атлаа дугаарыг 14.1.6 гэж буруу бичсэн техникийн шинжтэй алдаа гаргасныг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 128/ШШ2024/0323 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Д ХХК-ийн өмгөөлөгч Д.Алтансүхийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор, мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах; хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн; хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн; эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж заасан үндэслэлээр Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА

ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ