Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашзэвэгийн Цэдэнпэлжээ |
Хэргийн индекс | 168/2016/0122/Э |
Дугаар | 122 |
Огноо | 2016-11-21 |
Зүйл хэсэг | 145.2., |
Улсын яллагч | Ц.Лхамсүрэн |
Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2016 оны 11 сарын 21 өдөр
Дугаар 122
Монгол Улсын нэрийн өмнөөс
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Цэдэнпэлжээ даргалж тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Гансувд
Улсын яллагч Ц.Лхамсүрэн
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг
Шүүгдэгч Д.Баярмагнай нарыг оролцуулан
Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарайд овогт Дуламхандын Баярмагнайд холбогдох эрүүгийн 201611000270 дугаартай хэргийг 2016 оны 10 сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дорнод аймгийн Дашбалбар суманд 1985 оны 02 сарын 01-ны өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, яс үндэс буриад, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 1, Дорнод аймгийн Дашбалбар сумын 5-р баг, сумын төвд оршин суух, энэ хэрэгт татагдах үедээ эрхэлсэн тодорхой ажилгүй байсан, гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, Шарайд овогт Дуламхандын Баярмагнай / РД: ЖЕ 85020175/
Шүүгдэгч Шарайд овогт Дуламхандын Баярмагнай нь Дорнод аймгийн Чулуунхороот сумын 2 дугаар багийн нутаг “Хөх нүдэн нуур” гэх газраас 2016 оны 03 сарын 20-ны өдөр иргэн Д.Батболдын улаан халзан зүсмийн 3 настай эр үхэр, 2 тооны хүрэн зүсмийн 2 настай шүдлэн үхэр, цагаан эрээн зүсмийн бяруу зэрэг 4 тооны үхрийг бэлчээрээс нь улбар шар өнгийн “Да юунь” маркийн 41-18 ДОЗ улсын дугаартай
2016.11.21 №122
Хөтлөх хэрэгт 5-128 Д.Цэдэнпэлжээ D.disk Shiitgeh togtool-2016
мотоцикл хэрэглэн хулгайлсан, мөн давтан үйлдлээр 2016 оны 03 сарын 20-ны үеэр Чулуунхороот сумын 2 дугаар багийн “Ваанга” гэх газраас иргэн М.Сарантуяагийн улаан зүсмийн 1 тооны бярууг бэлчээрээс нь улбар шар өнгийн “Да юунь” маркийн 41-18 ДОЗ улсын дугаартай мотоцикл хэрэглэн хулгайлж хохирогч Д.Батболдод 2000000 төгрөгийн, хохирогч М.Сарантуяад 300000 төгрөгийн, бусдад нийт 2300000 төгрөгийн бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Прокурорын яллах дүгнэлтээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Дуламхандын Баярмагнай шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд би үйлдсэн хэргээ үнэн зөвөөр мэдүүлсэн. Би хүнд мөнгөний өртэй байсан, үүнийгээ төлөх зорилгоор хулгай хийсэн. Хулгай хийхэд хэрэглэсэн мотоцикль бол надтай хамтран амьдарч байсан Төмөрзүрхийн мотоцикль юм. Энэ хэргээс болоод одоо бид хоёр хамтран амьдрахаа больсон. Би хохирогч нарт хохирлын мөнгийг нь бүгдийг нь төлж барагдуулсан. Хохирогч М.Сарантуяад нэг бярууг нь бяруугаар нь төлсөн. Хохирогч Д.Батболдод 2000000 төгрөг бэлнээр төлсөн. Хүнээс бяруу өгнө гэж авсан 400000 төгрөгөө төлсөн. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Хохирогч Дугарын Батболд мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2016 оны 03 сарын сүүлээр манай ухаа зүсмийн 3 настай эр үхэр, хүрэн зүсмийн 2 настай үхэр, цагаан зүсмийн бяруу, хүрэн зүсмийн 2 настай эр үхэр гэх мэт 4 тооны үхэр алга болсон. Ингээд тэр хавиараа хайж явсан боловч ямар нэгэн сураг ажиг гаргаагүй. Манай эр үхрийнхээ зүүн чихийг цуулбар, эм үхрийнхээ баруун чихийг цуулбар имээр имнэдэг. Алдсан үхрээ зах зээлийн ханшаар үнэлнэ гэжээ. /хх-ийн 23/
Хохирогч Мягмарын Сарантуяа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... 2016 оны 03 сарын 20-ны орчимд үхрээ тоолж үзэхэд 2 тооны улаан зүсмийн эр бяруу алга болсон байсан. Тэгээд нөхөр бид хоёр 2 тооны бяруугаа хайж яваад Дашбалбар сумын Дамдинцэрэн гэх айлын үхрээс алдсан 2 тооны бярууны 1 тооны улаан зүсмийн бяруугаа олж авсан. Би Баярмагнай гэх хүнээс олдсон байгаа нэг тооны улаан зүсмийн бяруугаа авмаар байна. Бяруугаа зах зээлийн ханшаар үнэлнэ гэжээ. /хх-ийн 28/
Гэрч Парниушкагийн Цэрэндулам мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Баярмагнай над руу ирээд би танд 1 тооны адуу, 4-5 тооны хонь зарна, би гэртээ авчирсан байгаа гэж хэлээд надаас эхлээд 300000 төгрөг бэлнээр аваад 2-3 хоногийн дараа Хаан банкны дансаар 400000 төгрөг шилжүүлж аваад малаа ч өгөөгүй алга болсон. Үүнээс хойш 2016 оны 03 сарын 20-ны үеэр Баярмагнай өөрөө 700000 төгрөг бэлнээр надад өгч өр цайрсан гэх мэдүүлэг. /хх-ийн 35-36/
Иргэний нэхэмжлэгч Цогтын Насандорж мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би 2016 оны 01 сарын 27-ны өдрөөс эхлээд бяруу худалдаж авах зорилгоор Дашбалбар сумын иргэдэд мөнгө өгсөн юм. Тэр үеэр Баярмагнай надаас 400000 төгрөг аваад 2 бяруу өгнө гэсэн юм. Ингээд би 2016 оны 03 сард бяруунуудаа цуглуулж байхад Баярмагнай над руу яриад би танд өгөх 2 бяруугаа ойртуулаад Адилбишийн Баяраа гэх айлд орхисон байгаа тэрийг та очоод аваарай гэж хэлсэн. Ингээд би 2016 оны 04 сарын 01-ний өдөр ганцаараа өөрийнхөө машинаар А.Баяраа гэх айлд очоод ухаа зүсмийн эр бяруу, улаан зүсмийн зөв талын ташаан дээрээ саран тамгатай эр бярууг авсан.Тэр 2 бярууг Цогтын Дамдинсүрэн гэх айлд аваачиж тавьсан гэжээ. /хх-ийн 31-32/
Гэрч Адилбишийн Баяраа мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: ... Баярмагнай ах үхэртээ яваад 11 цаг өнгөрч байхад манай хашаанд ухаа зүсмийн 3 настай эр үхэр, улаан зүсмийн бяруу /ташаан дээрээ саран тамгатай/, хүрэн зүсмийн эр шүдлэн үхэр, хүрэн зүсмийн шүдлэн насны эр үхэр, цагаан эрээн /ухаа толботой/ бяруу гэх нийт 5 тооны үхэр авчирсан. Үхэр авчирсан өдрөө Баярмагнай ах цэнхэр өнгийн портертэй хүнтэй хамт ирээд 3 тооны том үхрийг нь аваад явсан. Үлдсэн 2 тооны бярууг нь Насандорж ах ирээд авна шүү гэж хэлсэн. Ингээд 2016 оны 04-р сарын үед Насандорж ах манай гэрт ирээд 2 тооны бярууг аваад явсан гэжээ. / хх-ийн 38/
Гэрч Даваасамбуугийн Хүрэлчулуун мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: Би 2016 оны 03 сарын 24-ний орчимд Дашбалбар сумын Хаан банкны гадаа зогсож байсан чинь танихгүй залуу ирээд үхэр зарна гэсэн юм. Тэгээд би тэр залуугийн хамтаар Дашбалбар сумын төвөөс хойш 5-6 км орчим зайд очиход хашаанд 2 тооны шүдлэн насны үхэр, хязаалан насны 1 тооны үхэр гэх нийт 3 тооны үхэр байж байсан. Ингээд дээрх 3 тооны үхрийг 1300000 төгрөгөөр бодоод бэлэн мөнгийг нь өгөөд худалдаж авсан юм гэх мэдүүлэг. /хх-ийн 41/
Гэрч Баярсайханы Төмөрзүрх мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 41-18 ДОЗ улсын дугаартай мотоциклийг 2015 онд банкны зээлээр худалдан авч төлбөрийг нь малаар төлсөн байгаа. Тухайн үед Баярмагнай уг мотоциклийг хөдөө явж хүнтэй уулзаад ирье гээд унаад явсан. Би Баярмагнайг хулгайн гэмт хэрэг үйлдэж байна гэж огт мэдээгүй. Би дээрх мотоциклийг өөрийн малаар худалдаж авсан гэжээ. / хх-ийн 47/
Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 07, 11, 25, 29/
Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 03, 08, 13/
Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 04, 09, 14/
Гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 06, 12, 15-16/
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 17/
Мал нядалгааны бүртгэл /хх-ийн 18-20/
Чулуунхороот сумын малын жишиг үнийн тодорхойлот /хх-ийн 70-71/
Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 72/
Хохирогч Д.Батболдын шүүхэд гаргасан тодорхойлолт
Хохирогч М.Сарантуяагийн шүүхэд гаргасан тодорхойлолт
Дорнод аймгийн Авто тээврийн газрын 2016 оны 09 сарын 06-ны өдрийн 144 тоот тодорхойлолт /хх-ийн 76/
Дашбалбар сумын 4 дүгээр багийн Засаг даргын шүүгдэгч Д.Баярмагнайгийн ам бүл, оршин суугаа хаягыг тодорхойлсон тодорхойлолт /хх-ийн 61/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүгдэгч Шарайд овогт Дуламхандын Баярмагнай нь Дорнод аймгийн Чулуунхороот сумын 2 дугаар багийн нутаг “Хөх нүдэн нуур” гэх газраас 2016 оны 03 сарын 20-ны өдөр иргэн Д.Батболдын улаан халзан зүсмийн 3 настай эр үхэр, 2 тооны хүрэн зүсмийн 2 настай шүдлэн үхэр, цагаан эрээн зүсмийн бяруу зэрэг 4 тооны үхрийг бэлчээрээс нь улбар шар өнгийн “Да юунь” маркийн 41-18 ДОЗ улсын дугаартай мотоцикл хэрэглэн хулгайлсан, мөн давтан үйлдлээр 2016 оны 03 сарын 20-ны үеэр Чулуунхороот сумын 2 дугаар багийн “Ваанга” гэх газраас иргэн М.Сарантуяагийн улаан зүсмийн 1 тооны бярууг бэлчээрээс нь улбар шар өнгийн “Да юунь” маркийн 41-18 ДОЗ улсын дугаартай мотоцикл хэрэглэн хулгайлж хохирогч Д.Батболдод 2000000 төгрөгийн, хохирогч М.Сарантуяад 300000 төгрөгийн, бусдад нийт 2300000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хуульд заасан нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан шүүхээс хэргийг шийдвэрлэхэд хамааралтай гэж үзсэн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Баярмагнайгийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Д.Батболдын мөрдөн байцаалтад өгсөн “2016 оны 03 сарын сүүлээр манай ухаа зүсмийн 3 настай эр үхэр, хүрэн зүсмийн 2 настай үхэр, цагаан зүсмийн бяруу, хүрэн зүсмийн 2 настай эр үхэр гэх мэт 4 тооны үхэр алга болсон” гэх мэдүүлэг /хх-ийн 23/, хохирогч М.Сарантуяагийн мөрдөн байцаалтад өгсөн “2016 оны 03 сарын 20-ны орчимд үхрээ тоолж үзэхэд 2 тооны улаан зүсмийн эр бяруу алга болсон байсан. Тэгээд нөхөр бид хоёр 2 тооны бяруугаа хайж яваад Дашбалбар сумын Дамдинцэрэн гэх айлын үхрээс алдсан 2 тооны бярууны 1 тооны улаан зүсмийн бяруугаа олж авсан. Би Баярмагнай гэх хүнээс олдсон байгаа нэг тооны улаан зүсмийн бяруугаа авмаар байна” гэх мэдүүлэг /хх-ийн 28/, гэрч П.Цэрэндуламын мөрдөн байцаалтад өгсөн “Баярмагнай над руу ирээд би танд 1 тооны адуу, 4-5 тооны хонь зарна, би гэртээ авчирсан байгаа гэж хэлээд надаас эхлээд 300000 төгрөг бэлнээр аваад 2-3 хоногийн дараа Хаан банкны дансаар 400000 төгрөг шилжүүлж аваад малаа ч өгөөгүй алга болсон. Үүнээс хойш 2016 оны 03 сарын 20-ны үеэр Баярмагнай өөрөө 700000 төгрөг бэлнээр надад өгч өр цайрсан” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36/, иргэний нэхэмжлэгч Ц.Насандоржийн мөрдөн байцаалтад өгсөн “Баярмагнай надаас 400000 төгрөг аваад 2 бяруу өгнө гэсэн юм. Ингээд би 2016 оны 03 сард бяруунуудаа цуглуулж байхад Баярмагнай над руу яриад би танд өгөх 2 бяруугаа ойртуулаад Адилбишийн Баяраа гэх айлд орхисон байгаа тэрийг та очоод аваарай гэж хэлсэн. Ингээд би 2016 оны 04 сарын 01-ний өдөр ганцаараа өөрийнхөө машинаар А.Баяраа гэх айлд очоод ухаа зүсмийн эр бяруу, улаан зүсмийн зөв талын ташаан дээрээ саран тамгатай эр бярууг авсан” гэх мэдүүлэг / хх-ийн 31-32/, гэрч А.Баяраагийн мөрдөн байцаалтад өгсөн “Баярмагнай ах үхэртээ яваад 11 цаг өнгөрч байхад манай хашаанд ухаа зүсмийн 3 настай эр үхэр, улаан зүсмийн бяруу /ташаан дээрээ саран тамгатай/, хүрэн зүсмийн эр шүдлэн үхэр, хүрэн зүсмийн шүдлэн насны эр үхэр, цагаан эрээн /ухаа толботой/ бяруу гэх нийт 5 тооны үхэр авчирсан. Үхэр авчирсан өдрөө Баярмагнай ах цэнхэр өнгийн портертэй хүнтэй хамт ирээд 3 тооны том үхрийг нь аваад явсан. Үлдсэн 2 тооны бярууг нь Насандорж ах ирээд авна шүү гэж хэлсэн. Ингээд 2016 оны 04-р сарын үед Насандорж ах манай гэрт ирээд 2 тооны бярууг аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 38/, гэрч Д.Хүрэлчулууны мөрдөн байцаалтад өгсөн “Тэгээд би тэр залуугийн хамтаар Дашбалбар сумын төвөөс хойш 5-6 км орчим зайд очиход хашаанд 2 тооны шүдлэн насны үхэр, хязаалан насны 1 тооны үхэр гэх нийт 3 тооны үхэр байж байсан. Ингээд дээрх 3 тооны үхрийг 1300000 төгрөгөөр бодоод бэлэн мөнгийг нь өгөөд худалдаж авсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 41/, болон эд зүйлийн үнэлгээ / хх-ийн 07, 11, 25, 29/, эд хөрөнгө битүүмжлэх тогтоол / хх-ийн 03, 08, 13/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 04, 09, 14/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 06, 12, 15-16/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 17/, мал нядалгааны бүртгэл /хх-ийн 18-20/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай батлагдан тогтоогдож байна.
Шүүгдэгч Дуламхандын Баярмагнай нь уг үйлдлийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр, шунахай сэдэлтээр, давтан үйлдлээр, машин механизм хэрэглэн үйлдэж бусдад 2300000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгчийн хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэм буруу нь тогтоогдсон Дорнод аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүхийн хэлэцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганхуяг нь шүүгдэгчийн гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаан гаргаагүй болно.
Шүүгдэгч Д.Баярмагнайгийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн тээврийн хэрэгсэл болох улбар шар өнгийн БНХАУ-д үйлдвэрлэсэн Супер даюун маркийн 41-18 ДОЗ улсын дугаартай мотоцикль нь Б.Төмөрзүрхийн эзэмшлийн мотоцикль мөн болох нь Б.Төмөрзүрхийн мөрдөн байцаалтад гэрчээр өгсөн “41-18 ДОЗ улсын дугаартай мотоциклийг 2015 онд банкны зээлээр худалдан авч төлбөрийг нь малаар төлсөн байгаа. Тухайн үед Баярмагнай уг мотоциклийг хөдөө явж хүнтэй уулзаад ирье гээд унаад явсан. Би Баярмагнайг хулгайн гэмт хэрэг үйлдэж байна гэж огт мэдээгүй. Би дээрх мотоциклийг өөрийн малаар худалдаж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 47/, Дорнод аймгийн Авто тээврийн газрын 2016 оны 09 сарын 06-ны өдрийн 144 тоот тодорхойлолт /хх-ийн 76/ зэрэг нотлох баримтаар нотлогдож байх тул 41-18 ДОЗ улсын дугаартай мотоциклийг эзэмшигч Б.Төмөрзүрхэд буцаан олгож, түүний үнэ болох 1500000 төгрөгийг шүүгдэгч Д.Баярмагнайгаас гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна. Шүүгдэгч Д.Баярмагнай нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн бөгөөд түүнд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй тул түүний эзэмшлийн 3000000 төгрөгний үнэ бүхий саарал өнгийн Даевүү Калос о маркийн 24-20 ДОР улсын дугаартай авто машиныг битүүмжилсэн 2016 оны 07 сарын 01-ний өдрийн мөрдөн байцаагчийн, Ц.Насандоржийн эзэмшлээс 200000 төгрөгний үнэ бүхий ухаа зүсмийн эр бяруу, 200000 төгрөгний үнэ бүхий улаан зүсмийн ташаан дээрээ С үсгэн тамгатай эр бяруу зэргийг битүүмжилсэн 2016 оны 08 сарын 12-ны өдрийн мөрдөн байцаагчийн, Б.Төмөрзүрхийн эзэмшлийн 1500000 төгрөгний үнэ бүхий Даюун маркийн 41-18 ДОЗ улсын дугаартай мотоциклийг битүүмжилсэн 2016 оны 08 сарын 03-ны өдрийн мөрдөн байцаагчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-уудыг тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Баярмагнайгийн 2016 оны 11 сарын 04-ний өдрөөс 11 сарын 21-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 17 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүйг дурдаж, түүний ЖЕ 85020175 регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхийг Дорнод аймгийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд нэн даруй шилжүүлж, иргэн Б.Батаагийн 00776248 тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 0082854 тоот татвар төлөгчийн гэрчилгээ зэргийг буцаан олгохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.Баярмагнай нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо сайн дураараа төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар хэргийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх үндэслэл болно.
Шүүгдэгч Д.Баярмагнай нь хүндэвтэр гэмт хэрэгт анх удаа шийтгүүлж байгаа, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирлын хир хэмжээ бага бус, шүүгдэгчийн хувийн зан төлөв зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан түүнд хорихоос өөр төрлийн хөнгөн ял оногдуулах боломжтой байна.
Шүүгдэгч нь эрхэлсэн тодорхой ажилгүй, тогтмол орлогогүй тул торгуулийн ял оногдуулах боломжгүй тул баривчлах ял оногдуулах үндэслэлтэй байна гэж үзлээ.
Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шарайд овогт Дуламхандын Баярмагнайг давтан үйлдлээр, машин механизм хэрэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Дуламхандын Баярмагнайг эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 4 /дөрөв/ сарын баривчлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар ялтан Д.Баярмагнайгийн баривчлах ялыг нийгмээс тусгаарлан тодорхой дэглэм бүхий байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар ялтан Д.Баярмагнайгийн цагдан хоригдсон 17 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар ялтан Д.Баярмагнайгийн гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн тээврийн хэрэгсэл болох улбар шар өнгийн БНХАУ-д үйлдвэрлэсэн Супер даюун маркийн 41-18 ДОЗ улсын дугаартай мотоциклийг эзэмшигч Б.Төмөрзүрхэд буцаан олгож, түүний үнэ болох 1500000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг ялтан Д.Баярмагнайгаас гаргуулж улсын орлого болгосугай.
6. Ялтан Д.Баярмагнай нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураагдаж ирсэн эд мөрийн баримтгүйг дурдаж, түүний ЖЕ85020175 регистрийн дугаартай иргэний цахим үнэмлэхийг Дорнод аймгийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байранд нэн даруй шилжүүлж, Б.Батаагийн 00776248 тоот тээврийн хэрэгслийн гэрчилгээ, 0082854 тоот татвар төлөгчийн гэрчилгээ зэргийг буцаан олгосугай.
7. Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.1.10-т зааснаар ялтан Д.Баярмагнайгийн эзэмшлийн 3000000 төгрөгний үнэ бүхий саарал өнгийн Даевүү Калос о маркийн 24-20 ДОР улсын дугаартай авто машиныг битүүмжилсэн 2016 оны 07 сарын 01-ний өдрийн мөрдөн байцаагчийн, Ц.Насандоржийн эзэмшлээс 200000 төгрөгний үнэ бүхий ухаа зүсмийн эр бяруу, 200000 төгрөгний үнэ бүхий улаан зүсмийн ташаан дээрээ С үсгэн тамгатай эр бяруу зэргийг битүүмжилсэн 2016 оны 08 сарын 12-ны өдрийн мөрдөн байцаагчийн, Б.Төмөрзүрхийн эзэмшлийн 1500000 төгрөгний үнэ бүхий Даюун маркийн 41-18 ДОЗ улсын дугаартай мотоциклийг битүүмжилсэн 2016 оны 08 сарын 03-ны өдрийн мөрдөн байцаагчийн “Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-уудыг тус тус хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд ялтан Д.Баярмагнайд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоолыг ялтан, түүний өмгөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1-д зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүх энэ тухай талуудад нэн даруй мэдэгдэн тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл ялтан Д.Баярмагнайд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ЦЭДЭНПЭЛЖЭЭ