Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 00174

 

Г.Гын нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Н.Батзориг, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2017/03125 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.Г,

Хариуцагч “Ш” ХХК-д холбогдох,

 

3 000 000 төгрөг гаргуулах, үйлчилгээ үзүүлэх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Г.Г, түүний өмгөөлөгч З.Төмөрбаатар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Халиунаа, хариуцагчийн өмгөөлөгч Т.Отгонбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч Г.Г шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр “Ш” ХХК-ийн ерөнхий менежер Б.Халиунаатай орон сууцны ипотекийн 8 хувийн зээлд зуучлуулахаар 17/08 тоот “Үйлчилгээ үзүүлэх гэрээ” байгуулж, урьдчилгаа төлбөрт 3 000 000 төгрөг төлж, зээлэнд хамрагдахад шаардлагатай материалаа өгсөн.

Тухайн үед би дүүгийнхээ хамтран зээлдэгчээр “Хаан банк” ХХК-д зээлтэй байсан бөгөөд энэ тухайгаа Б.Халиунаад хэлэхэд хасуулаад ир гэж хэлсэн. Энэ талаар зохих байгууллагуудад хандсан боловч хассан талаар ямар нэгэн хариу ирүүлээгүй бөгөөд гүйцэтгэгч талын шаардсанаар зарим материалаа бүрдүүлж өгсөн. Үүний дараа хариуцагч 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө баримтаа бүрдүүлж өгөхгүй бол зээл хаагдлаа, зээл хариуцсан эдийн засагч амарлаа гэсэн.

2017 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн хооронд баруун аймгуудаар ажилтай явсан тул ирээд, миний зээлийг судалж байгаа гэх Улсын их дэлгүүрийн урд талд байрлах “Голомт банк” ХХК-ийн салбарт очин, 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдөр амарсан эдийн засагч ажилдаа орсон уу гэж асуухад 2017 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс ямар ч эдийн засагч амраагүй байсан.

Миний зээлийг судалж байгаа эдийн засагчтай уулзуулах хүсэлтийг тус компанийн ерөнхий менежер Б.Халиунаад удаа дараа гаргасан бөгөөд 2017 оны 7 дугаар сарын 19-ний өдөр шуудангаар, 2017 оны 7 дугаар сарын 20-нд электрон шуудангаар гэрээг цуцлах хүсэлтээ хүргүүлэхэд хариу өгөөгүй.

Иймээс Ш ХХК-тай байгуулсан Үйлчилгээ үзүүлэх гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэж байгаа тул дээрх гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, урьдчилгаа төлбөрт төлсөн 3 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Халиунаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Г манай байгууллагатай 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр орон сууцны ипотекийн зээлд хамрагдахаар шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлэхэд туслалцаа авахаар гэрээ байгуулан, гэрээний үнийн дүнд 3 000 000 төгрөгийг төлсөн.

Манай байгууллага үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулах чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд 10 гаруй иргэнд “Орон сууцны ипотекийн зээлийн журам”-д заасан бичиг баримтыг бүрдүүлэхэд туслалцаа үзүүлж, тэдгээр иргэд орон сууцны зээлэнд хамрагдсан. Нэхэмжлэгч “Үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний 2.1 дэх хэсэгт зааснаар банкнаас тавьсан шаардлагын дагуу 17 төрлийн баримт материал бүрдүүлэх бөгөөд үүнээс 7 төрлийн баримтыг бүрдүүлж өгсөн.

Мөн бусад банкнаас зээл авсан үлдэгдэлтэй бол Зээлийн гэрээ, дансны хуулгаа өгөхөөр журамд заасан ба нэхэмжлэгч дүүгийнхээ “Хаан банк” ХХК-ийн орон сууцны ипотекийн зээлэнд хамтран зээлдэгчээр бүртгэлтэй тухайгаа өөрөө хэлэхэд нь хамтран зээлдэгч бол зээлд хамрагдах боломжгүй талаар тайлбарлан, мөнгийг буцаан олгох талаар зөвлөхөд Монголбанкнаас асуусан, хамтран зээлдэгчээс хасалт хийлгэж болох юм байна түр хүлээгээч, “Хаан банк” ХХК-иас хасуулаад ирье, би байраа авна,  ажиллагааг үргэлжлүүлэн явуулж өгнө үү, өөрийн зүгээс хамааралтай бичиг баримтыг асуудалгүй бүрдүүлж өгнө гэж хэлэхэд манай компани зөвшөөрч хүлээсэн боловч хасалтаа хийлгэж ирээгүй.

Нэхэмжлэгчийн эхнэрийн дугаараар холбогдож, өөртэй нь 2017 оны 5 дугаар сард уулзахад хэд хоногоос бүрдүүлж өгнө гэсэн бөгөөд үүнээс хойш шаардсаар байхад өгөөгүй тул 2017 оны 5 дугаар сард гэрээ дуусгавар болсон талаар утсаар мэдэгдсэн. Улмаар 1 сар гаруй холбогдохгүй байж байгаад 2017 оны 7 дугаар сард холбогдож ажлын байран дээр ирж уулзан, 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр гэхэд би бүх бичиг баримтаа цэгцэлнэ. Тэр болтол түр хүлээж өгөөч гэсэн. Бид өөрийн зүгээс шалтгаалсан баримт материалаа бүрдүүлээд ирвэл үргэлжлүүлэн үйлчилгээг үзүүлэхэд татгалзах зүйлгүй гэдгээ мэдэгдсэн.

Улмаар зээлд хамрагдахад үнэт цаасан дээр авсан лавлагаа 30 хоног хүчинтэй тул “Үйлчилгээ үзүүлэх гэрээ”-ний 6.4 дэх хэсэгт заасан нөхцөл үүссэн. Өөрөөр хэлбэл бидний шаардсан баримтыг иргэн дээрх хугацааны дотор бүрдүүлээгүй, хамтран зээлдэгчээсээ хасуулаагүй, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй учраас нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Мөн нэхэмжлэгч 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 17/80 дугаартай “Үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар хүчин төгөлдөр бусд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-56.1.10 хүртэлх заалтуудад заасан аль үндэслэлээр гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлага гаргасан нь тодорхойгүй, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ өөрөө нотлох үүрэгтэй тул хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 412 дугаар зүйлийн 412.1, 412.2, 412.3 дахь хэсгүүдэд тус тус зааснаар Г.Гын нэхэмжлэлтэй, хариуцагч “Ш” ХХК-д холбогдох 3 000 000 төгрөг гаргуулж, “Үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г хүчин төгөлдөр бусд тооцуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 133 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “нэхэмжлэгч гэрээний үүргээ зөрчөөгүй гэдгээ нотолж чадаагүй, шуудангаар гэрээг цуцлах саналаа явуулсан гэх боловч хэнд холбогдох ямар гэрээг цуцлах талаар тодорхойгүй, хүсэлт  байхгүй, нэхэмжлэгчийн эрх ашиг зөрчигдсөн, хариуцагч гэрээний үүргээ гүйцэтгээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, нотлох баримтыг дутуу үнэлж буруу шийдвэр гаргасан болохыг харуулж байна.

Миний бие “Ш” ХХК-ийн гүйцэтгэх захирал гэх Б.Халиунаатай 8 хувийн зээлд хамруулж өгнө гэснийх нь дагуу “Үйлчилгээ үзүүлэх гэрээ” байгуулж өөрийн зээлийн бүтэхгүй байгаа асуудлыг шийдвэрлүүлэхээр түүнтэй харилцан тохиролцож гэрээнд заасан үүргээ биелүүлж гэрээний төлбөрийг гэрээ байгуулахаас өмнө Б.Халиунаагийн өгсөн дансанд шилжүүлсэн. Харин хариуцагч нь тус гэрээний 1.1-т гүйцэтгэгч нь захиалагчид банкны ипотекийн 8 хувийн зээлд хамрагдахад туслалцаа үзүүлэх зорилгоор холбоотой бичиг баримт бүрдүүлж өгөх, ...гэрээ байгуулах этгээдийг сонгон авах, төлөөлөн гарын үсэг зурах, тэдэнтэй гэрээ байгуулах... үүргийг хүлээнэ гэж харилцан тохиролцож, энэ талаар миний зээлийг 3 сарын дотор бүтээгээд өгнө гэж амлаж гэрээ байгуулан надаас мөнгийг минь авчхаад миний зээлийг бүтээх талаар ямар ч үйлдэл хийгээгүй гэдэг нь хэрэгт авагдсан баримтаас тодорхой харагдаж байхад шүүх “Ш” ХХК болон бидний хооронд байгуулсан “Үйлчилгээ үзүүлэх гэрээ”-г бүрэн бодитой үнэлж цэгнэлгүйгээр асуудлыг шийдвэрлэж зөвхөн нэг талыг барьсан хууль нийцээгүй шийдвэр болсон юм. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь гэрээнд заасан үүргээ огт биелүүлээгүй, миний зээлийг бүтээх талаар огт ажиллагаа хийгээгүй, энэ талаараа нотолж чадаагүй байхад хэт нэг талыг барьж хариуцагч гэрээний үүргээ гүйцэтгээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэсэн нь буруу байна.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “шүүх хэргий оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасны дагуу хэргийг шийдвэрлэх ёстой байтал шүүхээс бидний гаргаж өгсөн нотлох баримтанд ач холбогдол өгөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчаас 3 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зохих ёсоор хэрэгжүүлсэн боловч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн   40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт тус тус заасан журамд нийцүүлэн үнэлээгүйгээс маргааны үйл баримтад хийсэн дүгнэлт үндэслэл бүхий болоогүй байна.

Нэхэмжлэгч Г.Г нь “Ш” ХХК-тай байгуулсан “Үйлчилгээ үзүүлэх гэрээ” хүчин төгөлдөр бус тул урьдчилгаанд төлсөн 3 000 000 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээний 6.2, 6.4 дэх хэсэгт заасан үүргээ нэхэмжлэгч биелүүлээгүйгээс гэрээ биелэгдэх боломжгүй болсон гэж маргажээ.

            Зохигчдын 2017 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан үйлчилгээ үзүүлэх гэрээгээр захиалагчийг ипотекийн 8 хувийн зээлд хамруулахад туслалцаа үзүүлж, холбогдох бичиг баримтыг бүрдүүлэхэд зөвлөгөө өгөх, дэмжлэг үзүүлэх, гүйцэтгэгч ба гэрээ байгуулагчдын хооронд төлөөлөгчдийн уулзалтыг зохион байгуулах үүргийг гүйцэтгэгч “Ш” ХХК, гэрээ байгуулагч талтай хэлэлцээ хийхэд өөрийн төлөөлөгчийг оролцуулах, түүнтэй холбоотой бичиг баримт бүрдүүлж өгөх үүргийг захиалагч Г.Г харилцан хүлээж, гэрээг гарын үсгээр баталгаажуулсан тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар гэрээ байгуулагдсан гэж үзэх бөгөөд мөн хуулийн 412 дугаар зүйлийн 412.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулахад зуучлах үүрэг хариуцагчид үүссэн байна.

Захиалагч Г.Гоос гэрээний урьдчилгаа төлбөрт 3 000 000 төгрөгийг хариуцагчийн дансанд шилжүүлсэн үйл баримтын тухайд талууд маргаагүй, харин   хариуцагч тал гэрээний дагуу ямар ажил үйлчилгээ үзүүлсэн, гэрээ байгуулагчтай холбож өгөх зуучлалын гэрээний гол нөхцөл биелэгдсэн талаарх баримтыг шүүхэд гаргаагүй, захиалагчийн төлсөн мөнгөний хэмжээнд дүйцэхүйц ажил үйлчилгээ үзүүлсэн эсэх нь тодорхойгүй, хэлцэл хийгч талтай холбож өгөх гэрээний үүргээ биелүүлсэн нь тогтоогдохгүй байна.

Дээрхээс гүйцэтгэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэхээр байх тул захиалагч нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй, гэрээнээс татгалзсан нөхцөлд мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар буцааж өгөх үүрэгтэй.

Иймд гүйцэтгэгч тал нь хөдөө явж байна, ээлжийн амралттай гэх зэрэг шалтгаанаар зөвлөх, дэмжлэг үзүүлэх гэрээний үүргээ биелүүлээгүй, өөр эдийн засагч хариуцна гэсэн боловч нэр, холбогдох утсыг өгөөгүй тул гэрээнээс татгалзах саналаа электрон шуудангаар илгээхэд хариу өгөөгүй учраас гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөрийг буцаан гаргуулна гэх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байх тул Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 3 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа гэрээг хүчин төгөлдөр бус гэж өөрчилсөн гэх боловч бие даасан шаардлага гэж үзэхээргүй, 3 000 000 сая төгрөгийг гаргуулах шаардлагын үндэслэл, тайлбар байх тул улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлснийг буцаан олгох нь зүйтэй, шүүхийн шийдвэрт энэ талаарх  өөрчлөлтийг оруулна.

Анхан шатны шүүх хэлцэл хийх этгээдтэй холбож өгөх гэрээний гол нөхцөл биелэгдээгүй хэргийн нөхцөл байдлыг зөв үнэлэлгүйгээр, шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгөх гэрээний үүргээ биелүүлээгүй гэж дүгнэн нэхэмжлэгч Г.Гын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь буруу байх тул дээрх үндэслэлээр нэхэмжлэлийг хангасан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 102/ШШ2017/03125 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг  “Иргэний хуулийн 412 дугаар зүйлийн 412.4 дэх хэсгийг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 3 000 000 төгрөгийг хариуцагч Ш ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Г.Гт олгосугай” гэж өөрчлөн, 

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “133 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэснийг “62 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70 200 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан олгож, 62 950  төгрөгийг хариуцагч Ш ХХК-иас гаргуулж, нэхэмжлэгч Г.Гт олгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  164  дүгээр зүйлийн 164.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн  70 200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД                                           Н.БАТЗОРИГ

 

А.ОТГОНЦЭЦЭГ