Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/131

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Байгалмаа,

улсын яллагч Ц.Батзаяа,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Одбаяр,

шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Говь-Алтай аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Батзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Б-д холбогдох 2216000000138 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, халх, Б овогтой Д-н Б.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Д.Б-н согтуурсан үедээ 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 17 цагийн орчим Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн **** тоотод хохирогч Д.С-г “миний хүүг адалж, ад үзлээ” гэх шалтгаанаар гурилын элдүүрээр цохиж зодон биед нь зүүн шууны ясны далд хугарал, зүүн бугуй, сарвуунд цус хуралт, зүүн чихний ар хэсэгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал буюу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтлүүдийг санаатай учруулсан үйлдлийг прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч Д.Б нь 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 17 цагийн орчим Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын Харзат багийн **** тоотод байрлах иргэн Д-н гэрт “хүүхэд ад үзлээ” гэх хоорондын таарамжгүй харилцаанаас үүдэлтэй маргааны явцдаа хохирогч Д.С-г гурилын элдүүрээр зүүн гарын шуу, толгойн тус газарт нь цохиж зодон биед нь “зүүн шууны ясны далд хугарал, зүүн бугуй, сарвуунд цус хуралт, зүүн чихний ар хэсэгт зулгаралт, зөөлөн эдийн няцрал” буюу гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтлүүдийг санаатай учруулсан болох нь:

Хохирогч Д.С-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр 16 цагийн орчимд би Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын **** тоотод байх гэртээ байж байхад манай хүү Д.Б согтуу орж ирээд хүүхдээ өмөөрөөд дандаа миний хүүхдийг адалж байдаг гэхээр нь би юу яриад байгаа юм, танай хүүхдийн хувцсыг угаагаад адилхан л хүүхдийг чинь харж байна гэхэд Б нь дандаа худлаа зүтгэж байдаг юм гээд ганжин аваад миний зүүн гарын шуун дээр цохисон. Мөн толгойн ар хэсэг рүү цохисон. Мөн намайг сандлаар цохисон гэсэн би тэрийг нь мэдэхгүй байгаа юм.... Гурил элддэг ганжингаар миний зүүн гарын шуу хэсэгт нэг удаа цохисон. Мөн толгой хагалсан байсан...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 11 дүгээр тал/

гэрч Д.Д-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2022 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 16-17 цагийн хооронд гэртээ эхнэр Д.С-н хамт банштай хоол хийх гээд байж байтал гаднаас манай том хүү Б нь хүүхдээ дагуулаад согтуу орж ирсэн. Тухайн үедээ бол надад ямар нэгэн юм хэлээгүй бөгөөд хүүхдээ өмөөрөөд ээжтэйгээ хэрэлдэж байгаад ганжин /гурилын элдүүр мод/-гаар ээжийнхээ гар руу нэг удаа цохисон. Тэгээд сандлаар толгой руу нь цохисон. Тэгээд гэрээс гараад явсан...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 15 дугаар тал/

гэрч А.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...2022 оны 07 сарын 16-ны өдөр 20 цаг 30 минутын үед нэгдсэн эмнэлгийн яаралтай түргэн тусламжийн тасагт ирж үзүүлсэн. Тухайн үед Д.С гэх хүн нь хүүдээ зодуулсан гэх бөгөөд зүүн чихний ард зулгарсан, язарсан өнгөц шархтай, тэр орчмоо хавдсан, зүүн шуу хэсэг нь хавдсан байсан бөгөөд гар шуу хэсгийн дунд гуравны нэг хэсгээр хуучин хугаралтай, зүүн шууны урд хэсгийн гуравны нэг хэсгээр зөрүүгүй шинэ хугаралтай байсан. Тухайн үедээ эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлага байгаагүй тул гипс тавьж, өвчин намдаах эмчилгээ хийлгэсэн...” гэх мэдүүлэг, /хавтаст хэргийн 17 дугаар тал/

Говь-Алтай аймаг дахь Шүүхийн Шинжилгээний албаны ахлах шинжээч эмч, цагдаагийн ахмад Т.Алтайбаатарын 2022 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 200 дугаартай “...1. Д.С-н биед зүүн шуу ясны далд хугарал, зүүн бугуй, сарвуунд цус хуралт, зүүн чихний ар хэсэгт зулгаралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо..

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Уг гэмтэл нь шинэ гэмтэл байна. 

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх дүгнэлт, /хавтаст хэргийн 19-20 дугаар тал/

Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлэгт хохирогч Д.С-н үзүүлж, тусламж авсан тухай 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн №3881 дугаартай яаралтай тусламжийн хуудасны хуулбар, /хавтаст хэргийн 24 дүгээр тал/

шүүгдэгч  Д.Б-н шүүх хуралдаанд өгсөн “ ... Би 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдөр аавындаа очих гээд явж байтал найзтайгаа таарсан. Тэгээд нэг шил архи хувааж уучхаад хүүгээ дагуулаад аавынд очсон. Тэгэхэд ээж гурил элдээд банштай хоол хийх гээд сууж байсан. Би гурил элдээд өгөх үү? гэж асуухад ээж тэг миний хүү гэж хэлсэн. Тэгээд манай хүүхэд гурил зуурч идэх гээд шкаф онгойлготол манай хүүхдийг дандаа шкафаас зүүгдэж байдаг гэж загнасан. Би тэгэхээр нь та яагаад ингэж байдаг юм бэ? гэж хэлсэн. Тэгсэн чинь чи дандаа хүүхдээ өмөөрдөг гэж намайг загнаж, тийм зүйл болсон ... Гар дээр нь цохисон ... Ээж над руу сандал аваад цохих гэхэд нь би сандлыг нь булааж авахад халтираад цохисон ... Би хийсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин ийм төрлийн гэмт хэрэг үйлдэхгүй. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү?...” гэх мэдүүлэг,/шүүх хуралдааны тэмдэглэлээс/

хэргийн газрын үзлэг  хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт,/хавтаст хэргийн 4-6/ зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдлоо.

Шүүгдэгчийн үйлдэл нь хүний биед санаатай халдаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч Д.Б-г уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

“Гэр бүлийн хүчирхийлэл” гэж Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд буюу эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа болон тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд тусдаа амьдарч байгаа төрүүлсэн, үрчлэн авсан хүүхэд, төрсөн, үрчлэн авсан эцэг, эх, ах, эгч, дүү нь энэ хуулийн буюу гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж хуульчилжээ. Үүнээс үзэхэд хууль тогтоогч гэр бүлийн хүчирхийлэл гэж хамт амьдарч буй эсвэл хамтын амьдралтай байсан ойрын төрөл, садан хүмүүсийн хооронд үүссэн бие махбод, сэтгэл санаа, эдийн засгийн хувьд давамгай байдал тогтооход чиглэсэн дарамтад суурилсан харилцааг ойлгохоор тодорхойлсон байна. Түүнчлэн эдгээр хүмүүсийн хооронд үүссэн таарамжгүй, зөрчилдөөнт харилцаа бүгдийг гэр бүлийн хүчирхийлэл гэж үзэхгүй бөгөөд тухайн харилцааны шинж, нөхцөл байдал, хор уршиг, үүссэн шалтгаан, үр дагавар зэргийн харгалзан үзсэний үндсэн дээр хууль зүйн дүгнэлт хийх нь хуулийн дээрх зохицуулалтад нийцнэ.  Иймээс шүүх хэдийгээр шүүгдэгч, хохирогч нар нь гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах этгээдүүд мөн боловч тухайн цаг хугацаанд үүссэн тодорхой шалтгаан бүхий хоорондын таарамжгүй харилцаанаас үүдэлтэй маргааны явцдаа гэмтэл учруулсан байх тул прокурор шүүгдэгч Д.Б-н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 62 дугаар тал/, хохирогч Д.С-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “... одоо надад ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дүгээр тал/ зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Шүүгдэгч Д.Б-н тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг нь шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн бөгөөд шүүгдэгчийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэрэг хүчин зүйлүүдийг тал бүрээс нь харгалзан үзээд шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 (дөрвөн зуу) цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт хүлээлгэх эрүүгийн хариуцлага нь тохирсон байх “шударга ёсны” зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийг 6.10 дугаар зүйлийн 2 дах хэсэгт “...цагдан хоригдсон нэг хоногийг... нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагаар тооцож эдлэх ялаас хасна...” гэж хуульчилжээ. Шүүгдэгч Д.Б-г 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 245 дугаартай шүүгчийн захирамжаар шүүх хуралдаанд албадан ирүүлэх, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн анхан шатны шүүхийн шүүх хуралдаан хүртэл цагдан хорихоор шийдвэрлэсэн бөгөөд Говь Алтай аймаг дахь Цагдаагийн газраас шүүгдэгчийг 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр цагдан хорих байранд хүлээлгэн өгсөн тухай албан бичгийн ирүүлсэн. Иймд шүүгдэгчийн цагдан хоригдсон хугацааг түүний эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасаж тооцох нь зүйтэй.

Энэ хэрэгт шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлээгүй, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Б  овогтой Д-н Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д 400(дөрвөн зуу) цагийн хугацаагаар нийтэд тусгай ажил хийлгэх ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8(найм) цагийн ажлыг 1(нэг)  хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.Б-д сануулсугай. 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2  дахь хэсгүүдэд заасныг баримтлан шүүгдэгч Д.Б-н цагдан хоригдсон 1(нэг)  хоногийг түүний эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялд оруулан тооцсугай.

5.  Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Энэ хэрэгт шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлээгүй, хохирол нэхэмжлээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА