Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 2022/ШЦТ/264

 

 

 

 

 

 

                           2022/ШЦТ/264

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Р.Алтанцэцэг даргалж

Улсын яллагч: С.Батсүх

Шүүгдэгч: М.Т

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: М.Энх-Амгалан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Мын Тд холбогдох 2212000000289 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, .. оны .. дугаар сарын ..-ны өдөр Ааймгийн Х суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт А аймгийн Х сумын О багийн .. гэх газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй, Б овогт Мын Т /РД:../

 

Шүүгдэгчийн холбогдсон эрүүгийн хэргийн талаар:

 

Шүүгдэгч М.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан А аймгийн Х сумын О багийн Т гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 28 ширхэг 0.9951 м3 шоо метр нойтон шинэс модыг талбай тусгаарлалт хийгдээгүй газраас, зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэж, ойн санд 661.726 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 Мөрдөн байцаалтын шатанд 2212000000289 дугаартай эрүүгийн хэргээс

 

            Мөрдөн байцаалтын шатанд иргэний нэхэмжлэгч Д.Бын мэдүүлсэн: ...Би М.Тд холбогдох Архангай аймгийн Хотонт сумын Орхон багийн Тахилт гэх газарт хууль бусаар нойтон шургааг мод бэлтгэсэн хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаагаа ойлгож байна. М.Т нь хууль бусаар нойтон шургааг мод бэлтгэж Архангай аймгийн Хотонт сумын ойн санд 661.726 төгрөгийн экологи эдийн засгийн хохирол учруулсан байна. М.Тээс экологи эдийн засагт учруулсан хохирлыг 3 нугалж төлж барагдуулсан тохиолдолд гаргах гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Мөн дээрх хохирлыг Хотонт сумын холбогдох данс руу тушаалгаж өгнө үү гэж хүсч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 63-65 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Л.Нын мэдүүлсэн: ...М.Тийг танина. Архангай аймгийн Хотонт сумын Орхон багт мал малладаг малчин залуу байгаа юм. Төрөл, садны холбоо байхгүй. 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Тд хэрэглээний шургааг мод бэлтгэх эрхийн бичиг өгөөгүй. Мод бэлтгэх тусгаарлалт хийгдээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 23-25 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Ж.Жын мэдүүлсэн: ...Манай нөхөр Т 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Орхон багийн Тахилт гэх газарт өнгөрсөн жилийн намар нь салхинд байгалийн жамаараа үндсээрээ булгарч унасан модноос малын  байраа сэлбэх гээд шургааг мод тайрч бэлтгэсэн юм. 2022 оны 01 дүгээр сард байгаль хамгаалагчаас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй бэлтгэчихсэн юм. Модны хувьд үндсээрээ булгарч унасан нойтон модыг бэлтгэсэн. Малд явж байхдаа харж байсан. Хэдэн ширхэг шургааг мод бэлтгэснийг үзээгүй болохоор хэлж мэдэхгүй байна. Т ганцаараа 2016 онд худалдаж авч байсан БНХАУ-д үйлдвэрлэгдсэн модны хуучин цахилгаан хөрөөгөөр бэлтгэсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 28-30 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд гэрч Н.Гын мэдүүлсэн: ...2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Орхон багийн Тахилт гэх газраад мал хайгаад явж байсан чинь хөрөө дуугараад байсан юм. Дөхөөд очтол Т үндсээрээ булгараад уначихсан нойтон мод тайраад ачиж байсан. Байраа сэлбэх гээд шургааг бэлдэж байна гэж байсан юм. Тэгээд би цаашаа малаа хайгаад явсан. Т ганцаараа мод бэлтгэж байсан бөгөөд хэдэн ширхэг шургааг мод бэлтгэснийг нь мэдэхгүй. Нойтон унаанги мод цахилгаан хөрөөгөөр тайраад байж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 33-35 хуу/

Мөрдөн байцаалтын шатанд яллагдагч М.Тийн мэдүүлсэн: ...Тогтоолтой танилцлаа. Ямар нэгэн тайлбар байхгүй. Миний үйлдэлд тохирч байна. Сонсгосон ялтай холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 73-74 хуу/

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 07-09 хуу/

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-11, 16-17 хуу/

Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 12-15 хуу/

2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 16 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 44-45 хуу/

“Дамно” ХХК-ний 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн АЦ-22-96 тоот хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 50-54 хуу/

Багийн засаг даргын тодорхойлолт /хх-ийн 59 хуу/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 87 хуу/

Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 73 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /хх-ийн 78-79 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар А аймгийн Х сумын О багийн Т гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 28 ширхэг 0.9951 м3 шоо метр нойтон шинэс модыг талбай тусгаарлалт хийгдээгүй газраас, зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэж, ойн санд 661.726 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдсон үйл баримт, нөхцөл байдал болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч М.Т нь А аймгийн Хсумын Обагийн Т гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 28 ширхэг 0.9951 м3 шоо метр нойтон шинэс модыг талбай тусгаарлалт хийгдээгүй газраас, зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэж, ойн санд 661.726 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь: хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан:

 

иргэний нэхэмжлэгч Д.Бын мэдүүлсэн “М.Т нь хууль бусаар нойтон шургааг мод бэлтгэж Архангай аймгийн Хотонт сумын ойн санд 661.726 төгрөгийн экологи эдийн засгийн хохирол учруулсан байна. М.Тээс экологи эдийн засагт учруулсан хохирлыг 3 нугалж төлж барагдуулсан тохиолдолд гаргах гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 63-65/,

 

гэрч Л.Нын мэдүүлсэн “2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Тд хэрэглээний шургааг мод бэлтгэх эрхийн бичиг өгөөгүй. Мод бэлтгэх тусгаарлалт хийгдээгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 23-25/,  

гэрч Ж.Жын мэдүүлсэн “Манай нөхөр Т 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Орхон багийн Тахилт гэх газарт өнгөрсөн жилийн намар нь салхинд байгалийн жамаараа үндсээрээ булгарч унасан модноос малын  байраа сэлбэх гээд шургааг мод тайрч бэлтгэсэн юм. 2022 оны 01 дүгээр сард байгаль хамгаалагчаас мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй бэлтгэчихсэн юм. Модны хувьд үндсээрээ булгарч унасан нойтон модыг бэлтгэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 28-30/,  

гэрч Н.Гын мэдүүлсэн “2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Архангай аймгийн Хотонт сумын Орхон багийн Тахилт гэх газраад мал хайгаад явж байсан чинь хөрөө дуугараад байсан юм. Дөхөөд очтол Т үндсээрээ булгараад уначихсан нойтон мод тайраад ачиж байсан. Байраа сэлбэх гээд шургааг бэлдэж байна гэж байсан юм. Нойтон унаанги мод цахилгаан хөрөөгөөр тайраад байж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 33-35/,  

өөрийн гэм бурууг хүлээж М.Тийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 73-74/,

 

хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 07-09/,

гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 10-11, 16-17/,

2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 16 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 44-45/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Эдгээр үйл баримт болон нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хангаж байгаа гэмт хэрэг мөн бөгөөд шийтгэх тогтоолын үндэслэл болж байгаа дээрх хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, бичгийн нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авч бэхжигдсэн нотлох баримтын шаардлагыг бүрэн хангаж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Дээрх гэмт хэрэгт шүүгдэгч М.Т нь гэм буруутай байна.

 

Иймд шүүгдэгч М.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч М.Т нь гэм буруугийн талаар маргахгүй байгаа болно.

 

Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг ба шүүгдэгч М.Т нь Архангай аймгийн Хотонт сумын Орхон багийн Тахилт гэх газраас 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр 28 ширхэг 0.9951 м3 шоо метр нойтон шинэс модыг талбай тусгаарлалт хийгдээгүй газраас, зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар бэлтгэсэн байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шинжийг бүрэн хангаж байна.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан байх бөгөөд мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, Прокурорын ирүүлсэн яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой болно.

           Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

 

           Шүүгдэгч М.Тд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

           Шүүгдэгч М.Тд холбогдох эрүүгийн хэргийг Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 111 тоот тогтоолоор хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр тогтоож, прокурор түүнд оногдуулах ялын төрлийн талаар гаргасан саналыг М.Т нь зөвшөөрсөн байх тул шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан журмаар прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялыг оногдуулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоож шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч М.Т нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.   

Хохирол хор уршиг болон бусад асуудлын талаар:

 

            Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 661.726 төгрөгийн хохирол учирсан болох нь 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 16 тоот шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

            Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно” гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /661.726*3= 1.985.178 /нэг сая есөн зуун наян таван мянга нэг зуун далан найм/ төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...” гэж заасан тул шүүгдэгчээс 1.985.178 төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулах үндэслэлтэй байна.  

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно ...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна гэж хуульчилсан байна.

            Иймд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 73 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч М.Тийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 252.000 төгрөгийн үнэлгээ бүхий 0.9951 метр куб 28 ширхэг модыг улсын орлогод оруулж, 56.000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө 1 ширхгийг хохирол нөхөн төлөхөд зарцуулж, зөрүү 1.929.178 төгрөгийг шүүгдэгч М.Тээс гаргуулж байгаль орчин уур амьсгалын санд оруулахаар шийдвэрлэв.

            Шүүгдэгч М.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч М.Тийн бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

        Шүүгдэгч М.Тийг өмгөөлүүлэх эрхээр хангасан боловч өөрөө өмгөөлөгчгүйгээр шүүх хуралдаанд оролцох тухай бичгээр хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцуулаагүй болно.

 

         Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Б овогт Мын Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Тийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1, 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.Тд оногдуулсан 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногт төлөхөөр тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Тээс 1.985.178 /нэг сая есөн зуун наян таван мянга нэг зуун далан найм/ төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

 

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4, 5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн төгөлдөр болмогц Архангай аймгийн Прокурорын газрын Прокурорын 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 73 тоот эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч М.Тийн гэмт хэрэг үйлдэж олсон орлого болох 252.000 төгрөгийн үнэлгээ бүхий 0.9951 метр куб 28 ширхэг модыг улсын орлогод оруулж, 56.000 төгрөгийн үнэлгээ бүхий цахилгаан хөрөө 1 ширхгийг хохирол нөхөн төлөхөд зарцуулж, зөрүү 1.929.178 төгрөгийг Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

     

              7. Шүүгдэгч М.Т нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй болохыг тус тус дурдсугай.

                                                                                                                                                                         

              8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч /зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт/ нарт шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

             9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч М.Тд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Р.АЛТАНЦЭЦЭГ