Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 03372

 

 

 

 

 

 


 

     2018 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 102/ШШ2018/03372

                Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

             

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Г.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: М ХХК

 Хариуцагч: Г.М нарт холбогдох,

9,280,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Баяржавхлан нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Г.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Нарандаваа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэгч Г.М нь М ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Мтай барилгын засварын ажил хийлгэхээр харилцан тохиролцож, ажил гүйцэтгэх гэрээг 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан. Чингэлтэй дүүрэг, 8 дугаар хороо, Баруун тасган А гудамжны 3 тоотод байрлах орон сууц, үйлчилгээний зориулалттай барилгын гадна пасад, дээвэр, зоорийн гарц, узель, буулгалт, дотор иж бүрэн засал, цахилгаан, халаалт, агааржуулалт, дохиолол, гадна тохижилт хийх ажил буюу өөрөө хэлбэл түлхүүр хүлээлгэн өгөх нөхцөлтэйгөөр 31 хоногийн дотор гүйцэтгүүлэхээр тохиролцсон. Анх тохиролцохдоо Г.М нь энэ ажлыг 31 хоногт бүрэн дуусгах боломжтой гэж хэлж байсан. Гэрээний дагуу урьдчилгаа төлбөрт 10,510,000 төгрөг, ажлын гүйцэтгэлд 69,490,000 төгрөгийг тус тус тооцож төлөхөөр талуудын хооронд байгуулсан гэрээний 3.3 дахь хэсэгт заасан. 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс ажил эхэлсэн боловч удааширсан байдалтай, компанийн ажилчдыг бус өөр өөр хүмүүсийг авчирч ажиллуулж байсан. Г.М нь БНХАУ-руу ажлаар явж байгаад 7 хоногийн дараа ирэхэд ажил огт урагшлаагүй бөгөөд хугацаандаа дуусах боломжгүй байсан. Ийм учраас Г.Мт шаардлага тавьж тооцоо хийсэн. Эхний байдлаар ажилчдын цалин, барилгын материалын тооцоог нэмж үзэхэд зөрүү гарсан. Зөрүү гарсны дараа 2018 оны 06 дугаар сарын 04-ний өдрөөс эхэлж Г.Мын авчирсан ажилчид нь ажлаа хаяж явсан. Дараа нь Г.Мтай холбогдох гэсэн боловч чадаагүй. Нийт 25,510,000 төгрөгийг Г.Мын Хаан банк ХХК дахь 5014169965 тоот дансанд н.Ундрахын данснаас шилжүүлсэн. Гэрээний ажлаа дуусгалгүй хаяж явсан тул илүү төлсөн ажлын хөлс болох 9,280,000 төгрөгийг хариуцагч М ХХК болон Г.М нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г.Мгийн барилгын засварын ажлыг гүйцэтгэх гэрээг 2018 оны 05 сарын 23-нд хийж ажилласан. Гэрээнд зааснаар 80,000,000 төгрөгөнд ажлыг хийж дуусгана гэсэн боловч маргаан гарч, тооцоо хийхэд Г.Мгийн эхнэр Э.Ундрахын данснаас Мөнхбаатарын хувийн дансанд 25,000,000 төгрөг орж ирсэн. Үунд: Ажилчдын цалин урьдчилсан байдлаар, Л.Энххөдөлмөрт 1,500,000 төгрөг өгч дээврийн өрлөг 1мЗОсм өндөртэй, 150м.вк өрлөг өрсөн. /нураалт, гар зөөвөр/ 3,500,000 төгрөгөөр тохирсон ажил 100 хувь дууссан, үлдэгдэл цалин болох 2,000,000 төгрөгийг одоо болтол өгөөгүй. Инженер Г.Ганхуягтай 15,000,000 төгрөгөөр тохирч халаалт, цэвэр бохирын шутамын ажил хийсэн. Урьлчилгаа 4,000,000 төгрөг өгсөн, ажлын явц 90 хувьтай байгаа /13,500,000/ төгрөг, Заслын ажил Б.Гантөмөрт урьдчилгаа 4,000,000 төгрег өгсөн, нийт ажлыг 18,000,000 төгрөгөөр гохирсон, ажлын явц 60 хувьтай байсан. /11,700,000/ төгрөг, Б.Гантөмөрийг ажлаа хийж байхад нь иргэн Г.М хөөж явуулсан. н.Отгонбатын урьдчилгаа мөнгийг Г.М өөрөө намайг байхгүй байхад өгсөн байдаг, үүнд би хамаагүй. н.Отгонбатын эргэн толнө гэсэн өөрийн гарын үсэгтэй баримтыг Г.Мд өгсөн, үүнийг хавтаст хэрэгт хавсаргах хэрэй байна. Л.Энххөдөлмөр 1,500,000 төгрөг, 100 хувь, дутуу 2,000,000, Г.Ганхуяг 4,000,000, 90 хувь, дутуу 13,500,000, Б.Гантөмөр 4,000,000, 60 хувь. Иймд Л.Энххөдөлмөрийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 2,000,000 төгрөг болон бусад ажлын хөлсийг Г.М гүйцээж өгөхийг хүсч байна. Бараа материалын нэр, зарлагын баримт дутуу байна. үүнийг гүйцээж хэрэгт хавсаргаж өгнө үү. 2 тн цагаан замаск, 1 уут гипс, 2 ширхэг дугуй өрөм гэх мэт. Халаалтын пенал /паар/ худалдан авахад зориулж 9,600,000 төгрөг шилжүүлснээс худалдан авсан үнэ 10,600,000 төгрөг болсон. Г.Маас 1,000,000 төгрөг гарсан. Материалын баримт Г.Мд байгаа. Нэхэмжлэгч Г.Мгаас 9,280,000 төгрөг ямар ч үндэслэлгүй зохиомлоор гаргаж ирсэн тоо бөгөөд шилжүүлсэн мөнгө нь ажилчдын цалин, бараа материалын үнэнд хүрэхгүй байгаа нь тооцоогоор гарч байгаа тул энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

           

Нэхэмжлэгч Г.М нь хариуцагч М ХХК, Г.М нарт холбогдуулан 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн БЗГ1805/01-А дугаартай барилгын засварын ажил гүйцэтгэх гэрээний дагуу 9,280,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, “...9,280,000 төгрөгийг ямар ч үндэслэлгүй зохиомлоор гаргаж ирсэн, шилжүүлсэн мөнгө нь ажилчдын цалин, бараа материалын үнэнд хүрэхгүй байсан” гэж маргажээ. 

 

Шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

 

2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн БЗГ1805/01-А дугаартай барилгын завсарын ажил гүйцэтгэх гэрээгээр хариуцагч М ХХК нь ...Чингэлтэй дүүрэг, 8 дугаар хороо, Баруун тасган А гудамжны 3 тоотод байрлах орон сууц, үйлчилгээний зориулалттай барилгын гадна пасад, дээвэр, зоорийн гарц, узель, буулгалт, дотор иж бүрэн засал, цахилгаан, халаалт, агааржуулалт, дохиолол, гадна тохижилт, гэрээний хавсралтад оруулсан ажлыг 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүртэл 31 хоногийн хугацаанд  хийж гүйцэтгэх, нэхэмжлэгч Г.М нь ажлын хөлс 80,000,000 төгрөгийг урьдчилгаанд 10,510,000 төгрөг, ажил гүйцэтгэлээр явцын хяналтан дор үлдэх 69,490,000 төгрөгийг төлөх үүрэг тус тус хүлээсэн байна. /хх-ийн 8-11 дүгээр тал/

 

Гэрээ нэхэмжлэгч Г.М, хариуцагч М ХХК-ийн хооронд байгуулагдсан байх бөгөөд талуудын хүсэл зориг, зорилго зэргээс дүгнэвэл тэдний хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлд заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, хэлцэл хүчин төгөлдөр байна.

 

Гэрээнд хариуцагч Г.М компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээдийн хувьд гарын үсэг зурж, компанийн гүйцэтгэх удирдлагын хувиар үйл ажиллагаанд оролцсон боловч гэрээний харилцаа Г.М, Г.М нарын хооронд үүсээгүй. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлд дурдсан үндэслэлээр гэрээний үүргээ биелүүлээгүйгээс учирсан хохирол, төлбөрийг компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Г.Маас шаардсан нь үндэслэлгүй байна. Харин  хариуцагч М ХХК-иас шаардах эрхтэй.

 

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.

 

Ажил гүйцэтгэх гэрээний дагуу гэрээнд заагдсан ажлыг хийлгэхээр ззахиалагч буюу нэхэмжлэгч нь 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрөөс 2018 оны 05 сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд нийт 25,511,194 төгрөгийг гүйцэтгэгч буюу хариуцагчид шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байна. /хх-ийн 17-19 дүгээр тал/

 

Хариуцагч М ХХК нь гэрээнд заасан ажлыг хийсэн гэх боловч барилгын засварын ажлыг зохих хэмжээнд хийсэн болохоо нотлох баримтаар нотолж чадаагүй, энэ талаар хэрэгт авагдсан нотлох баримтгүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчээс төлсөн 25,511,194 төгрөгт барилгын засварын ажлыг хийсэн нь тогтоогдохгүй байна.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчтай гүйцэтгэсэн ажлын талаар тооцоо нийлэх, тохирсон ажлыг гүйцэтгүүлэх, ажил хүлээлцэх талаар мэдэгдэж байсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хийсэн үзлэгээр нотлогдож байна.

 

Хуулийн дээрх зохицуулалт, хэрэгт авагдсан нотлох баримтаас дүгнэвэл хариуцагч М ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул гүйцэтгээгүй ажлын хөлс 9,280,000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан төлөх үүрэгтэй.

 

Иймд хариуцагч М ХХК-иас 9,280,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Мд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Г.Мт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасны дагуу хариуцагч М ХХК-иас 9,280,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Мд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Г.Мт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Г.Мгаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 163,430 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч М ХХК-иас 163,430 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т заасны дагуу шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.АЗБАЯР