Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 2022/ШЦТ/60

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяр,

Улсын яллагч Б.Чулуунхүү,

Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г-д холбогдох эрүүгийн 2224000000075 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, .......оны ....... дүгээр сарын .........-нд ... аймгийн .... суманд төрсөн, ....... настай, ..........., .......... боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт ... аймаг ... сумын ... багт оршин суудаг, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай гэх Б.Г. /Регистрийн дугаар: .../

Шүүгдэгч Б.Г нь 2022 оны 08 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн нутаг “Алтанхөшиг” гэх газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 2.195 метр куб түлшний мод бэлтгэж, 45-06 ЗАН улсын дугаартай Hyundai Porter маркийн тээврийн хэрэгслээр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын төв рүү тээвэрлэж, ойн санд 240.923 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэх гэмт хэрэгт хамаарч байна. 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу иргэний нэхэмжлэгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр гомдол, саналгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй гэж мэдэгдсэн байна. Иргэний нэхэмжлэгч шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.11 дүгээр зүйлд зааснаар иргэний нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт эрүүгийн хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Иргэний нэхэмжлэгч Л.О-ийн “...Иргэн Б.Г-ийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэх асуудлыг хуулийн дагуу шалгах хэрэгтэй байх. Сумын ойн санд учруулсан хохирол болох Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн гаргасан экологи эдийн засгийн үнэлгээг, нөхөн төлбөрийн хамт нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-р тал/

Гэрч Г.М-ийн “...Би Өмнөговь аймгийн Цогтцэций сумаас Завхан аймгийн Тосонцэнгэл суманд өөрийн гэртээ 2022 оны 08 дугаар сарын 19-ний өдөр ирсэн юм. Манай эцэг Б.Г 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр намайг галын түлээний мод ачилцаад өгөөч гэхээр нь би хамт явж Оргих багийн нутаг “Алтан хөшиг” гэх газраас өдөр 16 цагийн үед мод ачилцаж байсан юм. Тухайн моднуудыг манай аав Б.Г 2022 оны 08 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд “Алтанхөшиг” гэх газраас бэлтгэсэн гэж надад хэлсэн. Миний зүгээс тухайн моднуудыг хийсэн асуудал байхгүй. Мод ачилцаад өгөөч гэхээр нь аавдаа тус нэмэр болох санаатай ачилцаж өгсөн. Манай аав Б.Г тухайн моднуудыг өөрийнхөө Портер маркийн 45-06 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслээр ачаад Тосонцэнгэл сумын төв рүү ганцаараа явж байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-р тал/,

Гэрч Л.Г-ын “...Тосонцэнгэл суманд 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн иргэдэд мод бэлтгэх эрхийн бичгийг бичиж олгож байгаа. Иргэдэд цэвэрлэгээний ажил хийх зориулалтаар түлээний болон хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичгийг олгож байгаа. Тухайн иргэний зүгээс надаас ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-р тал/,

Гэрч Ш.Т-ын “...Б.Г гэх хүний төрсөн ах Ж гэх хүн 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр 18 цагийн орчимд манай ажил дээр надтай ирж уулзаад эрхийн бичиг бичүүлэхдээ өөрийн дүү Б.Г гэх хүний нэр дээр  3 метр куб түлээний  мод бэлтгэх  22-062046  дугаартай эрхийн бичгийг авч байсан юм...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 47-р тал/,

Гэрч И.Г-ы “...Манай нөхөр Б.Г 2022 оны 08 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд Оргих багийн нутаг “Алтанхөшиг” гэх газраас мод бэлтгэнэ гээд өөрийнхөө хөх өнгийн Портер маркийн 45-06 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгслээр ганцаараа 2 удаа явж байсан юм. Манай нөхөр Б.Г 2022 оны 08 дугаар сарын 28-ны шөнө надад  “Алтанхөшиг” гэх газраас өвлийн галын түлээний жаахан мод бэлтгэлээ өвөлжөөн дээрээ буулгахаар хулгайд алдчих байх маргааш сумын төв рүү оруулахаас гэж ярьж байсан. Тэгээд манай нөхөр Б.Г 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр өөрийн хүүхэд Г.М-ийг мод ачилцаад өгөөч гэж гуйгаад авч явсан. Тэгсэн манай нөхөр хүүхдээ гэрлүүгээ явуулчхаад өөрөө гэртээ ирэлгүй шууд сумын төв рүү яваад өгсөн байсан. Би 2022 оны 08 дугаар сарын 29-ний өдөр нөхрийгөө модоо ачих гээд явсан хойгуур сумын төв рүү хадам ах Ж-тай утсаар холбогдоод манай нөхөр өнөө орой галын мод ачаад сумын төв орох байх та гоожин аваадхаарай гэж хэлсэн юм. Харин Ж ах надад за тэгвэл би эрхийн бичиг аваадахъя гэж хэлсэн. Тэгсэн манай нөхөр Б.Гантөмөр 2022 оны 08 дугаар сарын 29-ний шөнө сумын төв рүү модоо ачаад орох үедээ замын цагдаатай таарч шалгуулаад тэр цагдаад эрхийн бичиг байхгүй гэж хэлээд шалгагдах болсон байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-р тал/,

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн шинжээч Б.Д-ийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 22 дугаартай дүгнэлт /хх-ийн 57-59-р тал/,

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-14-р тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хэргийн нотлогдсон байдал буюу гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч Б.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй, сонсгосон ял, албадлагын арга хэмжээг мөн хүлээн зөвшөөрснөө илэрхийлсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, иргэний нэхэмжлэгч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

 

Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд “Тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой заана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж тус тус зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж, тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг авсан байхыг үүрэг болгосон байна.

Шүүгдэгч Б.Г нь дээрх хуулийн шаардлагуудыг зөрчиж 2022 оны 08 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Оргих багийн нутаг “Алтанхөшиг” гэх газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 2.195 метр куб түлшний мод бэлтгэж, 45-06 ЗАН улсын дугаартай Hyundai Porter маркийн тээврийн хэрэгслээр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын төв рүү тээвэрлэсэн үйлдэл нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн талаар:

Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.1.2-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага хууль бусаар мод бэлтгэсэн үйл ажиллагаа явуулснаас ойн сан, түүний нөөцөд хохирол учруулсан бол учирсан шууд хохирлыг нөхөн төлнө”, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 4-д “Энэ хуулийн 42.1.3-д ойн дагалт баялгийн нөөцийн нөхөн төлбөрийн хэмжээг тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр, бусад нөхөн төлбөрийн хэмжээг экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтооно” гэж заасан ба шүүгдэгч нарын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээг хэрэгт авагдсан эрх бүхий шинжээчийн дүгнэлтээр 240,923 төгрөгөөр тогтоосон байх тул уг гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу бодит хохирлыг 240,923 төгрөг гэж үзнэ.

 

Харин Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна”, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “Ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж тус тус заасныг үндэслэн шүүгдэгч Б.Гантөмөрийн  ойн санд учруулсан хохирол, хор уршгийг бодит хохирол болох 240,923 төгрөгийг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 722,769 төгрөгөөр тогтоож төлүүлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нийцнэ гэж дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, модны экологи эдийн засгийн үнэлгээ болох 722,769 төгрөгийг шүүгдэгч нь 2022 оны 09 дүгээр сарын 22-ний өдөр төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байх тул шүүгдэгчээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

Харин Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар байгаль орчин болон байгалийн нөөцөд учруулсан хохирлыг Байгаль орчин, уур амьсгалын санд нөхөн төлөх зохицуулалттай байхад шүүгдэгч  нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ЗДТГ, Төрийн сан гэсэн 100090455405 тоот дансанд төлсөн байх тул дээрх 100090455405 тоот дансанд төлсөн 722,769 төгрөгийг тус данснаас буцаан гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд төлүүлж, зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Г-ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарна.

            Шүүгдэгч Б.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй учир түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын сонсгосон ял нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна.            

            Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр шүүгдэгч Б.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг болох 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д заасныг баримтлан шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан, торгох шийтгэлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч нь хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, биелүүлээгүй бол хорих ялаар солих учиртай болохыг сануулах нь зүйтэй.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон 1.4 метрийн 2.195 метр куб хуурай шинэс мод болон гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Б.Г-ийн эзэмшлийн Hyundai Porter” маркийн 45-06 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгсэл, БНХАУ-д үйлдвэрлэсэн цагаан өнгийн цахилгаан хөрөө зэргийг улсын орлого болгож, дээрх мод, тээврийн хэрэгсэл, хөрөө зэргийг борлуулсны орлогыг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4, 7.2.5-д зааснаар Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд оруулж, 1 ширхэг суран уяаг устгахаар шийдвэрлэв. 

 

Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

6. Шүүгдэгч нь бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-ийн гэмт хэрэг үйлдэж олсон 1.4 метрийн 2.195 метр куб хуурай мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Hyundai Porter” маркийн 45-06 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгсэл, БНХАУ-д үйлдвэрлэсэн цагаан өнгийн 1 ширхэг цахилгаан хөрөө тус тус улсын орлого болгож, 1 ширхэг суран уяаг устгаж, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4, 7.2.5-д зааснаар дээрх тээврийн хэрэгсэл болон мод, цахилгаан хөрөө зэргийг борлуулсны орлогыг Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд оруулсугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Г-ийн эзэмшлийн “Hyundai Porter” маркийн 45-06 ЗАН улсын дугаартай тэврийн хэрэгсэл, хууль бусаар бэлтгэсэн 1.4 метрийн 2.195 метр куб хуурай модыг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                   Ж.ОТГОНХИШИГ