Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/61

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Отгонхишиг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяр,

Улсын яллагч Б.Чулуунхүү,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э

Шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б-т холбогдох эрүүгийн ............ дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: 

Монгол улсын иргэн, ........... оны .......... дугаар сарын .............-нд .. аймгийн .. суманд төрсөн, .......... настай, .............., .............. боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт .. аймаг .. сумын .. багт оршин суудаг, ял шийтгүүлж байгаагүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Н.Б. /Регистрийн дугаар: ../

Шүүгдэгч Н.Б нь 2022 оны 08 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Идэр багийн нутаг “Шургуулга” гэх газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 3.565 метр куб түлшний мод бэлтгэж, 05-53 ЗАА улсын дугаартай Hyundai Porter маркийн тээврийн хэрэгслээр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын төв рүү тээвэрлэж, ойн санд 391.294 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэх” гэмт хэрэгт хамаарч байна. 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу иргэний нэхэмжлэгчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр гомдол, саналгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй гэж мэдэгдсэн байна. Иргэний нэхэмжлэгч шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.11 дүгээр зүйлд зааснаар иргэний нэхэмжлэгчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт эрүүгийн хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Иргэний нэхэмжлэгч Л.О-ийн “...Иргэн Н.Б-ын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэх асуудлыг хуулийн дагуу шалгах хэрэгтэй байх. Сумын ойн санд учруулсан хохирол болох Тосонцэнгэл сум дахь сум дундын ойн ангийн шинжээчийн гаргасан экологи эдийн засгийн үнэлгээг, нөхөн төлбөрийн хамт нэхэмжилнэ....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-р тал/,

Гэрч М.М-ийн “...Манай нөхөр Н.Б 2022 оны 08 дугаар сарын 19-21-ний өдрийн хооронд Тосонцэнгэл сумын Идэр багийн нутаг “Шургуулга” гэх газраас ганцаараа мод бэлтгэнэ гэж яваад мод бэлтгэсэн талаар надад хэлж байсан. Тэгээд манай нөхөр 2022 оны 08 дугаар сарын 23-ны өглөө 12 цагийн үед өөрийн хүүхэд Б.П-ыг мод ачилцаад өг гээд гэрээсээ авч яваад өөрийнхөө Портер маркийн 05-53 ЗАА улсын дугаартай автомашинд галын түлээний мод ачаад гэртээ ирсэн юм. Тэгээд нөхөр бид хоёр модтой машинтайгаа Тосонцэнгэл сумын төв рүү орох үедээ Хар үзүүрийн цаад талд замын цагдаатай таарч шалгуулсан юм. Замын цагдаа манай нөхрөөс мод бэлтгэх эрхийн бичгийг шалгахад манай нөхөр сумын төвд хүнд захичихсан байгаа гэж хэлсэн юм. Тэгээд манай нөхрийн модтой машиныг журмын хашаанд хийгээд шалгах болсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-р тал/,

Гэрч Б.Я-ын “...Н.Б 2022 оны 08 дугаар сарын 20-дын үеэр хөдөөнөөс надруу утсаар залгаад би галын түлээний модоо бэлтгэх гэсэн юм та надад мод бэлтгэх эрхийн бичиг аваадхаач гэж захисан юм. Би тухайн үед Н.Б-т “за би чиний галын модны эрхийн бичгийг байгаль хамгаалагчаас авчихъя” гэж хэлсэн юм. Тэгээд тухайн үед манай гэрт хотоос айлчингууд ирээд би Н.Б-ын мод бэлтгэх эрхийн бичгийг байгаль хамгаалагчаас авч амжаагүй юм. Тэгсэн Н.Б 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр над руу утсаар залгаад би Тосонцэнгэл сумын төв рүү галын модоо тээвэрлэж яваад замын цагдаатай таарчихлаа та миний эрхийн бичгийг авсан биз дээ гэж хэлэхээр нь би түүнд одоо яанаа ах нь авч амжаагүй байгаа гэж хэлсэн юм. Тэгээд би 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр цагдаагийн хэлтэс дээр ирж Н.Б-тай уулзаад бид хоёр хамт яваад сумын байгаль хамгаалагч эмэгтэйгээс мод бэлтгэх эрхийн бичгийг авч байсан юм. Н.Б 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр цагдаад баригдсаныхаа дараа мод бэлтгэх эрхийн бичгээ авч байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-р тал/,

Гэрч Л.Г-ын “...Тосонцэнгэл суманд 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн иргэдэд мод бэлтгэх эрхийн бичгийг бичиж олгож байгаа. Иргэдэд ойд цэвэрлэгээний ажил хийх зориулалтаар түлээний болон хэрэглээний мод бэлтгэх эрхийн бичгийг олгож байгаа. Тухайн иргэний зүгээс ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг надаас аваагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-р тал/,

Гэрч Н.П-ийн “...Тухайн иргэний зүгээс 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр № 22-062305 дугаартай 3 метр куб түлээний мод бэлтгэх эрхийн бичгийг тус өдрийн 15 цагийн үед надаар бичүүлж авсан, ойгоос мод бэлтгэх гэж байгаа гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-р тал/,

Гэрч Ш.С-ийн “...Би 2022 оны 08 дугаар сарын 23-ны өдөр 14 цаг өнгөрч байхад томилгооны дагуу алба хаагч нарын хамт замын хяналт шалгалтаар үүрэг гүйцэтгэх хугацаанд сумын төвийн хойд талын Хар үзүүрийн бетон гүүрний цаад талд галын түлээний мод ачсан хөх өнгийн Портер маркийн автомашин сумын төв рүү явж байхаар нь наанаас нь очоод шалгахад 05-53 ЗАА улсын дугаартай автомашин байсан. Тухайн үед дээрх автомашиныг Идэр багийн иргэн Н.Б гэх хүн жолоодож явсан бөгөөд жолоочоос тээвэрлэж яваа мод хэний мод болох, хэзээ бэлтгэсэн, эрхийн бичиг байгаа эсэхийг шалгахад Н.Б тухайн моднуудыг Идэр багийн нутаг “Шургуулга” гэх газраас 2022 оны 08 дугаар сарын 20-дын үеэр өөрөө бэлтгэсэн гэж хэлсэн. Харин тухайн үед Н.Б-ын тээвэрлэж явсан модонд ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиг байхгүй байсан. Н.Б надад би мод бэлтгэх эрхийн бичиг авч чадалгүй тухайн моднуудыг бэлтгэсэн юм, ахыгаа нэг удаа явуулчхаач гэхээр нь би таны асуудлыг хуулийн дагуу шалгуулна гэж хэлсэн. Н.Б-ын бэлтгэсэн гэх тухайн моднууд нь шинэс төрлийн хуурай галын түлээний моднууд харагдсан. Тэгээд Н.Б-ыг эрхийн бичиггүйгээр ойгоос зөвшөөрөлгүй мод бэлтгэж, тээвэрлэсэн асуудлыг экологийн ахлах мөрдөгчид танилцуулаад, мэдээнд  оруулж шалгуулахаар болсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-р тал/,

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын ойн ангийн шинжээч Б.Д-ийн 2022 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 20 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 45-48-р тал/,

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-8-р тал/ болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Хэргийн нотлогдсон байдал буюу гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч Н.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй, сонсгосон ял, албадлагын арга хэмжээг мөн хүлээн зөвшөөрснөө илэрхийлсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, иргэний нэхэмжлэгч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

 

Ойн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага нь ашиглалтын бүсийн ойгоос мод, ойн дагалт баялгийг зохих төлбөр, хураамжийг төлсний үндсэн дээр ашиглах эрхтэй”, мөн хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 34.3 дахь хэсгүүдэд “Тухайн сум, дүүргийн ойн анги, эрх бүхий албан тушаалтан нь иргэн, аж ахуйн нэгжид мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно, уг эрхийн бичигт мод бэлтгэх иргэн, аж ахуйн нэгжийн нэр, хаяг, бэлтгэх модны төрөл, хэмжээ, бэлтгэх газрын нэр, бэлтгэх, тээвэрлэж дуусгах хугацаа зэргийг тодорхой заана, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно” гэж тус тус зааснаар иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь мод бэлтгэхдээ зохих төлбөр, хураамжийг төлж, тусгай зөвшөөрөл буюу мод бэлтгэх эрхийн бичиг авсан байхыг үүрэг болгосон байна.

Шүүгдэгч Н.Б нь дээрх хуулийн шаардлагуудыг зөрчиж 2022 оны 08 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Идэр багийн нутаг “Шургуулга” гэх газар нутгийн ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр 3.565 метр куб түлшний мод бэлтгэж, 05-53 ЗАА улсын дугаартай Hyundai Porter маркийн тээврийн хэрэгслээр Завхан аймгийн Тосонцэнгэл сумын төв рүү тээвэрлэсэн үйлдэл нь нотлогдсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Ойн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 42.1.2-д “Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага хууль бусаар мод бэлтгэсэн үйл ажиллагаа явуулснаас ойн сан, түүний нөөцөд хохирол учруулсан бол учирсан шууд хохирлыг нөхөн төлнө”, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 4-д “Энэ хуулийн 42.1.3-д ойн дагалт баялгийн нөөцийн нөхөн төлбөрийн хэмжээг тухайн үеийн зах зээлийн үнэлгээгээр, бусад нөхөн төлбөрийн хэмжээг экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтооно” гэж заасан ба шүүгдэгч нарын ойгоос зохих зөвшөөрөлгүйгээр бэлтгэсэн модны экологи эдийн засгийн үнэлгээг хэрэгт авагдсан эрх бүхий шинжээчийн дүгнэлтээр 391,294 төгрөгөөр тогтоосон байх тул уг гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу бодит хохирлыг 391,294 төгрөг гэж үзнэ.

 

Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна”, мөн зүйлийн 4 дэх хэсгийн 1-д “Ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно” гэж тус тус заасныг үндэслэн шүүгдэгч Н.Болдбаатарын  ойн санд учруулсан хохирол, хор уршгийг бодит хохирол болох 391,294 төгрөгийг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу 1.173.882 төгрөгөөр тогтоож төлүүлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нийцнэ гэж дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, модны экологи эдийн засгийн үнэлгээ болох 1.173.882 төгрөгийг шүүгдэгч нь 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар нотлогдож байх тул шүүгдэгчээс энэ шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж үзлээ.

Харин Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар байгаль орчин болон байгалийн нөөцөд учруулсан хохирлыг Байгаль орчин, уур амьсгалын санд нөхөн төлөх зохицуулалттай байхад шүүгдэгч  нь Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ЗДТГ, Төрийн сан гэсэн 100090455405 тоот дансанд төлсөн байх тул дээрх 100090455405 тоот дансанд төлсөн 1.173.882 төгрөгийг тус данснаас буцаан гаргуулж, Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд төлүүлж, зөвтгөх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Н.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Н.Б-ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-д заасан хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарна.

            Шүүгдэгч Н.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй учир түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн бөгөөд шүүгдэгчид прокурорын сонсгосон ял нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна.            

            Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр шүүгдэгч Н.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг болох 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д заасныг баримтлан шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан, торгох шийтгэлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч нь хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, биелүүлээгүй бол хорих ялаар солих учиртай болохыг сануулах нь зүйтэй.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж олсон 1.7 метрийн урттай 3.565 метр куб хуурай шинэс мод болон гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан шүүгдэгч Н.Б-ын эзэмшлийн Hyundai Porter” маркийн 05-53 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, БНХАУ-д үйлдвэрлэсэн цагаан өнгийн цахилгаан хөрөө зэргийг улсын орлого болгож, дээрх эд зүйлсийг борлуулсны орлогыг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4, 7.2.5-д зааснаар Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд оруулж, 1 ширхэг суран уяаг устгахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Н.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч Н.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

6. Шүүгдэгч нь бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-ын гэмт хэрэг үйлдэж олсон 1.7 метрийн 3.565 метр куб хуурай мод, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Hyundai Porter” маркийн 05-53 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, БНХАУ-д үйлдвэрлэсэн цагаан өнгийн 1 ширхэг цахилгаан хөрөөг тус тус улсын орлого болгож, 1 ширхэг суран уяаг устгаж, Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.4, 7.2.5-д зааснаар дээрх тээврийн хэрэгсэл болон мод, цахилгаан хөрөө зэргийг борлуулсны орлогыг Байгаль орчин, уур амьсгалын сангийн 100900013040 тоот дансанд оруулсугай.

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Н.Б-ын эзэмшлийн “Hyundai Porter” маркийн 05-53 ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл, хууль бусаар бэлтгэсэн 1.7 метрийн 3.565 метр куб хуурай модыг тус тус битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                   Ж.ОТГОНХИШИГ