Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/62

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ж.Отгонхишиг даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батбаяр,    

            Улсын яллагч Б.Сансарбаяр,

            Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Г,

Шүүгдэгч Б.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ч-д холбогдох 2224000380077 дугаартай эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар нээлттэйгээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн ........оны .........дугаар сарын ............-нд .. аймгийн ... суманд төрсөн, ........ настай,.........., ..... боловсролтой, мэргэжилгүй, мал малладаг, ... аймгийн .. сумын ... багт оршин суудаг, ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Б.Ч. /Регистрийн дугаар:./

Шүүгдэгч Б.Ч нь 2022 оны 05 дугаар сарын 27-ны шөнө 22 цагийн үед Завхан аймгийн Их-Уул сумын Цэцүүх багийн нутаг  дэвсгэр Цэцүүх багийн төвд Э.Э-ийн бэлэг эрхтэн рүү өшиглөж, түүний эрүүл мэндэд зүүн төмсөгний зөөлөн эдийн няцрал, үрэвсэл гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт хамаарч байна. 

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу хохирогчид шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр гомдол, саналгүй тул шүүх хуралдаанд оролцохгүй гэж мэдэгдсэн байна. Хохирогч шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ бичгээр гаргаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт эрүүгийн хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 

Б.Ч өөрийг өшиглөж гэмтэл учруулсныг шууд тусган мэдүүлсэн хохирогч Э.Э-ийн : “...2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Цэцүүх багийн овооны тахилга болоод тухайн наадам үзэхээр Их-Уул сумын төвөөс очоод наадам дээр найзуудтайгаа тараад архи уусан. Баяр болж байсан багийн байранд бүжиг болоод бүжгэнд орох гээд явж байтал соёлын төвөөс А гэх залуу гарч ирээд хүн их байна согтуу хүмүүс оруулахгүй гэхээр нь би буцаад явж байтал бүжиг болж байсан байрны гадна талд Б.Ч, Б.Б болон манай сумын цагдаа Д нар байсан. Тэр үед би Б.Б гэх залуутай согтуугаасаа болоод жаахан ам зөрсөн. Гэтэл намайг нэг хүн өшиглөөд би газарт унах үед цагдаа боль гээд салгаж Б.Ч, Б.Б нар явсан. Би яагаад намайг зодож байгаа юм бол гээд уурандаа хашааны хажууд зогсож байсан Б.Ч, Б.Б нар дээр очоод Б.Б гэгчийн араас толгой руу нь цохиж хүзүүний гинжнээс нь татсан. Тэр үед Б.Б гэгч миний нүүр рүү 2-3 удаа цохиод авсан. Тэгээд дахин цагдаа салгаад удаагүй байж байтал манай бэр эгч Г.А гарч ирээд би зодуулснаа хэлээд сумын төв рүү ирсэн. Б.Б миний нүүрэн хэсэгт гараараа 2-3 удаа цохисон. Б.Ч миний салтаа хэсэг рүү өшиглөсөн гэж Т.О болон манай найз А-ийн дүү хэлсэн. Тухайн үед Б.Б гэгчид цохиулснаас болж миний баруун нүд хөхөрсөн мөн дээд уруул бага зэрэг хэгзэрсэн байсан бөгөөд одоо зүгээр болсон. Харин Б.Ч гэгчид салтаа руугаа өшиглүүлснээс болоод миний зүүн талын төмсөг хавдаж цус хурсан байсан. Тухайн үед би ганцаараа явж байсан. Б.Ч, Б.Б нар хамт байсан. Намайг сүүлд Б.Б-тай маргалдаж зодоон цохион болох үед манай сумын цагдаа Доржбат салгасан. Тэгээд би хүнд зодуулчихлаа гээд орилж байхад У /Умбаа/ ах ирээд миний дүү ингэж болохгүй гээд тэндээс намайг холдуулсан. Тэгээд би сумын төв явах гээд Г.Б-ийн машинд суучихсан байхад тэнд байсан Т.О-аас намайг хэн өшиглөсөн бэ гэж асуухад таныг Б.Ч өшиглөсөн шүү, та эрүүлдээ уулзаарай, одоо согтуу дэмий шүү гэж хэлсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 37-38-р тал/,

Гэрч Д.У-ийн: “...2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Цэцүүх багийн овооны наадам болж байх үед манай сумын залуу Э.Эрдэнэмөнх ахаа би хүнд зодуулчихлаа. Та манай М /Мөндөө/ ах руу залгаад өгөөч гэж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45-р тал/,

Гэрч Б.Б-ийн: “...Би тухайн өдөр овооны баярт очсон юм. Тэгээд тэр өдөр би хуурай ах болох Б.Ч, түүний эхнэр Х-ийн хамт Цэцүүх багийн төвийн хашааны хажуу талд зогсож байх үед нэг танихгүй залуу ирээд намайг цохиж аваад миний хүзүүндээ зүүсэн гинжээр намайг боосон юм. Тухайн үед би боолгосноос болоод хэсэг толгой эргээд дотор муухай оргиод сууж байтал нөгөө залуу дахин ирээд миний араас толгой хэсэг рүү 2-3 удаа цохисон.  Тэр үед биеэ хамгаалахыг тулд тэр залуугийн нүүр рүү цохисон. Би Э.Э-тэй намайг цохиж авсанаас болж зодоон хийсэн. Би Э.Э-ийн нүүр хэсэг рүү гараараа 2-3 удаа цохисон, өөрөөр ямар нэгэн зүйлээр цохиж зодоогүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 49-50-р тал/,

Гэрч Г.А-гийн: “...Цэцүүхийн багийн төв дээр баяр наадам болоод хуушуур хийж зарчхаад бүжиг болж байхаар нь бүжгэнд орох гээд явж байхад хадам дүү Э.Э-тэй тааралдсан. Тэр үед эрүүл саруул, архи дарс уугаагүй явж байсан. Тэгээд би бүжгэн дундуур гарч ирэхэд Э.Э жаахан архи уусан бололтой байхаар нь одоо нэмж уугаад дэмий сум руу буцах ч дөхлөө гэхэд миний үгэнд орохгүй би явах болоогүй байна гээд байсан. Э.Э-ийг үгэнд орохгүй болохоор нь бүжиг дуусгаад явъя гэж хэлчхээд, орж бүжиглэж байгаад гарч ирэхэд Э.Э хүнд зодуулчихлаа гээд байж байсан. Тэр үед харанхуй байсан болохоор би утасны гэрэл асаагаад харахад нэг нүдний хөмсөг, доод уруул хоёр нь хавдаад цус гарсан харагдсан. Тэгээд тэндээсээ Г.Б гэх хүнээр Э.Э-ийн машиныг нь жолоодуулаад хамт сумын төв орж ирсэн. Э.Э тэнд хүнд зодуулчихлаа гэх үедээ доошоо эвхрээд тонгойгоод байсан. Би ч их архи уусандаа л ингээд байна гэж бодоод тоогоогүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-53-р тал/,

Гэрч Т.О-ын: “...Баяр наадмын орой бүжиг болоод бүжиг рүү хальт ороод гарч ирэх үед нэг хүн орилоод байхаар нь хэн юм бол гээд очтол манай сумын залуу болох Э.Э архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, Б.Ч болон Б.Б нарын араас хөөгөөд зодолдох гээд байсан. Тэр үед би ахаа та эрүүл саруулдаа бол, одоо согтуу яах гээд байгаа юм гэж хэлээд байж байтал хоёр цагдаа ирээд болиулсан. Тухайн үед Э.Э манай Зарт багийн Б.Б эхлээд зодоон хийсэн юм. Тэр зодооныг салгах үед Э.Э ах Б.Ч-ийг өшиглөөд авсан. Тэгээд зөрүүлээд Б.Ч зодооныг салгах үедээ Э.Э-ийн араас бөгс орчим руу өшиглөж харагдсан. Тэрнээс бол Э.Э болон Б.Ч нар хоорондоо барьцалдаж авч зодоон цохион хийгээгүй. Э.Э, Б.Б нар хоорондоо зодоон хийж Б.Б, Э.Э-ийн нүүрэн тус газарт 2-3 удаа цохиж авч харагдсан. Э.Э Б.Б-г хүзүүний гинжээр нь боосон. Б.Ч зодооныг салгасан, салгах үедээ Э.Э-ийг араас нь өшиглөж харагдсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 57-61-р тал/,

Гэрч Г.Б-ийн: “...Тухайн баяр наадмын үйл ажиллагаа болж бөхийн барилдаан явагдаж байх үед буюу 18 цагийн орчим би тэнд очсон юм. Тэгээд орой 22 цагийн орчим бүжиг болж байх үед соёлын төвийн үүдэнд Э.Э-тэй тааралдсан юм. Э.Э хүнд зодуулчихлаа өшиглүүлчихлээ гээд явж байсан. Тэр үед би чи архи дарсаа боль хамт буцна гээд дагуулж явсан. Э.Э цамцаа олох гээд хэсэг гадуур хайсан. Тэр цагаас хойш би Э.Э-өөс огт салаагүй юм. Э.Э-ийг надтай сумын төв рүү явах гээд миний машинтай явж байх үед Зарт багийн иргэн Т.О гэгч залуу тааралдсан юм. Энэ үед Э.Э машинаас бууж уулзаад намайг сая хэн зодов, хэн намайг салтаа руу өшиглөв, Б.Ч болон Б.Б нар хаана байна гээд асуугаад байсан. Т.О таныг хэн зодсон нь ойлгомжтой шүү дээ, Б.Ч эд нар олуулаа, согтуу байна, та маргааш эрүүл саруул болоод учраа ол гэж байсан, энэ  үед би машин дотроосоо сонсож байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 66-67-р тал/,

          Гэрч З.Л-ийн: “...2022 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Цэцүүх багийн овооны тахилга наадам болж, 19 цагийн орчим би тэнд очсон юм. Орой 22 цагийн үед бүжиг болж байх үед хүмүүс бужигнаад байхаар нь яваад очтол Б.Б ах манай сумын Э.Э гэх залуутай муудалцаад байсан. Б.Б ах, Э.Э хоёр хоорондоо нүүр рүүгээ 2-3 удаа цохилцсон. Б.Б ах, Э.Э нарыг зодоон хийж байх үед Б.Ч ах дундуур нь ороод салгах үедээ Э.Э-ийг цаашаа болоод яваач яах гээд байгаа юм гээд салтаа хэсэг рүү нь араас нь нэг удаа өшиглөсөн, өөрөөр бол цохиж зодсон зүйл огт байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 69-70-р тал/,

Завхан аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн №000000301 дугаартай: “ 1. Э.Э-ийн биед гэмтэл учирсан байна. Зүүн төмсөгний зөөлөн эдийн няцрал, үрэвсэл, дээд уруулын зүүн тал, зүүн дээд зовхины гол хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Э.Э-ийн биед учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна. 3. Учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой гэмтэл байна. 4. Тухайн гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтийн байдлаас хамаарна. 5. Э.Э-ийн биед учирсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэргийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэсэн дүгнэлт /хх-ийн 81-82-р тал/,

Завхан аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн нэмэлтээр гаргасан 2022 он 08 дугаар сарын 24-ний өдрийн 000000450 дугаартай: “... Иргэн Э.Э-ийн биед зүүн төмсөгний зөөлөн эдийн няцрал, үрэвсэл, дээд уруулын зүүн тал, зүүн дээд зовхины гол хэсэгт зулгаралт гэмтлүүд үүссэн байна. Зүүн төмсөгний зөөлөн эдийн няцрал, үрэвсэл гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт, дээд уруулын зүүн тал, зүүн дээд зовхины гол хэсэгт зулгаралт гэмтлүүд нь нийлээд болон тус тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь нийлээд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэсэн дүгнэлт /хх-ийн 89-91-р тал/,

Хохирогч Э.Э-ийн амбулаториор эмчлүүлэгчийн карт, эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн талаарх өвчний түүх, үзлэг хийсэн эмчийн тодорхойлолт  /хх-ийн 7-8, 19-32-р тал/, шүүгдэгч Б.Ч-ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Хэргийн нотлогдсон байдал буюу гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын прокурорын газраас шүүгдэгч Б.Ч-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй, сонсгосон ял, албадлагын арга хэмжээг мөн хүлээн зөвшөөрснөө илэрхийлсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, иргэний нэхэмжлэгч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлэгдсэн, энэ хэрэгт хамааралтай байх тул шүүх үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.

 

Шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бусад баримтуудаар давхар батлагдаж байх тул түүний мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцсон болно.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдлийн улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан, гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг бөгөөд шүүгдэгч Б.Ч-ийн хохирогч Э.Э-ийн бэлэг эрхтэн рүү өшиглөсөн үйлдэл болон хохирогчийн биед учирсан гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогджээ.

Шүүгдэгч Б.Ч нь хохирогчийн бэлэг эрхтэн рүү өшиглөсөн үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ.

 

Шүүгдэгч Б. нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж хохирогч Э.Э-ийг цохиж зодсон үйлдлийн улмаас түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж түүний үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсэж зориуд хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Иймд Б.Ч-ийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй болох нь хохирогч Э.Э-ийн “Би өөрөө эмчилгээний төлбөрөө цаг тухай бүр нь төлөөд эмчилгээндээ тогтмол хамрагдсан учраас түүнээс нэхэмжлэх зүйл байхгүй, санал, хүсэлт гомдол байхгүй...” гэсэн мэдүүлэг, тайлбар зэргээр нотлогдож байна. Иймд шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс шүүгдэгчид ял оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа  хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөргүй зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй. 

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “...урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан талаар цагдаагийн газрын мэдээллийн санд бүртгэгдээгүй...” гэсэн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Прокурорын сонсгосон ял нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн зарчмыг зөрчөөгүй байна.  

Иймд прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг нь дордуулахгүйгээр шүүгдэгч Б.Ч-д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг болох 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д заасныг баримтлан шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан, торгох шийтгэлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч нь хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, биелүүлээгүй бол хорих ялаар солих учиртай болохыг сануулах нь зүйтэй.

 

Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 36.13 дугаар зүйлд дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Ч-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч-ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 /гурав/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

5. Шүүгдэгч Б.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, хохирогч гомдол, саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ч-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч улсын яллагч түүний дээд шатны прокурор нар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                   Ж.ОТГОНХИШИГ