| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхагвасүрэнгийн Дарьсүрэн |
| Хэргийн индекс | 185/2019/0478/Э |
| Дугаар | 858 |
| Огноо | 2019-08-27 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., |
| Улсын яллагч | П.Эрдэнэбаатар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 858
2019 8 27 2019/ДШМ/858
Г.Эт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батсайхан даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд: прокурор П.Эрдэнэбаатар, нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг нарыг оролцуулан, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж, шүүгч Л.Одончимэг, Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 505 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Г.Эын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох 1909006320309 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 7 дугаар сарын 29-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Г.Э нь 2019 оны 1 дүгээр сарын 30-наас 31-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Рашааны 19 дүгээр гудамжны 14 тоотод хамтран амьдрагч Н.Баярбаттай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний хэвлийн тус газарт хутгалж, хэвлийн хөндий рүү нэвтэрч, нарийн гэдэс гэмтээсэн хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Г.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигин овогт Гүрбатын Эыг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Гүрбатын Эыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 /гурав/ жил 5 /тав/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Эт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг цэнхэр өнгийн иштэй хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Г.Э нь төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, Г.Эыг цагдан хорихоор шийдвэрлэжээ. Шүүгдэгч Г.Э давж заалдах гомдолдоо: “...хүний биед хохирол учруулсандаа үнэхээр их гэмшиж байна...би ээж, хоёр хүүхдийн хамт амьдардаг...ээжийн минь бие муу, судас нарийсалттай, даралт өндөр, бөөр, нуруу муу...би гэрээсээ ганцаараа ажил хийж, ар гэрээ авч явдаг, том охин минь 8 настай, бага хүү минь 1 ой 11 сартай. Тэд нар минь миний буруугаас болж ийм байдалд орсонд би гэмшиж байна. Эдгээр байдлыг харгалзан үзэж надад оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэжээ.
Прокурор П.Эрдэнэбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч Г.Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн зүгээс гомдол саналгүй гэдгээ илэрхийлж анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэж, ял шийтгэлийг хөнгөрүүлж шийдвэрлэсэн. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлахад: Шүүгдэгч Г.Э нь 2019 оны 1 дүгээр сарын 30-наас 31-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Рашааны 19 дүгээр гудамжны 14 тоотод хамтран амьдрагч Н.Баярбаттай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний хэвлийн тус газарт хутгалж, хэвлийн хөндий рүү нэвтэрч, нарийн гэдэс гэмтээсэн хүнд хохирол санаатай учруулсан болох нь:
хохирогч Н.Баярбатын “...Э миний хуучин эхнэр Должинсүрэнг яриад надтай маргалдаад намайг “ална шүү” гэхээр нь “чи алахгүй юу” гэж хэлсэн чинь ширээн дээр байсан хутгыг аваад миний хэвлий хэсэгт нэг удаа хутгалсан. ...” /хх 13-15/,
гэрч Б.Энхтайваны “...Э нь Баярбатыг хуучин эхнэр дээрээ очсон гээд хэрүүл маргаан хийгээд байсан...удалгүй Эын том охин 8 настай Мичид “эмээ энэ хоёр хоорондоо зодолдоод, ээж Батаа ахыг хутгалчихлаа” гэж хэлэхээр нь эргээд хартал Баярбатын хэвлий хэсгээс цус гарч байсан. ...” /хх 21-22/,
гэрч Г.Эрхэмбаярын “...Эын гэрт нь очиход Баярбат орон дээр хэвтсэн хэвлий хэсгээс нь цус юм шиг, өөх ч юм шиг юм гараад байхаар нь хөвөнгөөр дараад тогтоосон. ...” /хх25-27/,
Г.Эын яллагдагчаар өгсөн “...би хамтран амьдрагч Н.Баярбатын биед гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна. ...” /хх 84-86/ гэх мэдүүлгүүд, “...Н.Баярбатын биед хэвлийн хөндий рүү нэвтэрч нарийн гэдэс гэмтээсэн хатгагдаж, зүсэгдсэн шарх, хэвлийн хөндийн шингэн хуралдалт /300 мл/ бүхий хүнд гэмтэл учирсан болохыг тогтоосон. ...” /хх 37-38/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 он 3 дугаар сарын 20-ны өдрийн 388 дугаартай дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 28-32/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Г.Эыг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.
Мөн түүний ахуйн зориулалттай /гал тогооны/ хутгаар Н.Баярбатын хэвлийн тус газар хутгалж, эрүүл мэндэд нь хэвлийн хөндий рүү нэвтэрч, нарийн гэдэс гэмтээсэн хүнд гэмтэл учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгч Г.Эын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохирогчийн санал хүсэлт, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4- т заасныг баримтлан тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 3 жил 5 сарын хорих ял оногдуулж уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон, тухайн зүйл, заалтад заасан хамгийн хөнгөн ял оногдуулсан байх тул шүүгдэгч Г.Эын “...хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэв.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Эын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 505 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Эын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН
ШҮҮГЧ Д.ОЮУНЧУЛУУН
ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН