Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2024/0504

 

2024 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2024/0504

Улаанбаатар хот

 

 

                                       Х.Т***-ын нэхэмжлэлтэй

                                      захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч З.Ганзориг,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа,

Илтгэгч шүүгч Г.МөнхТ***,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А***,

Нэхэмжлэлийн шаардлага:

Нийслэлийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн А/557 дугаартай, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” захирамжийн иргэн Х.Т***д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: Х.Т***,

Хариуцагч: нийслэлийн Засаг дарга,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2024/0449 дүгээр шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А***,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Б***,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Б.У***,

Хэргийн индекс: 128/2024/0121/3.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Х.Т***ас нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн А/557 дугаартай, “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” захирамжийн иргэн Х.Т***д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар маргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2024/0449 дүгээр шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Т***н нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох нийслэлийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн А/557 дугаартай “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгох тухай” захирамжийн иргэн Х.Т***т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч маргаж байна. Үүнд:

3.1 Нэхэмжлэгчээс газар дээрээ орон сууцны барилга барихаар “С***” ХХК-тай 2021 онд гэрээ байгуулан зураг төслийн ажилд 2021 онд 2,000,000 төгрөг, 6.000,000, 9,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн,

3.2 “Э***” ХХК-иар байгаль орчны төлөв байдлын судалгаа хийлгэн ажиллаж байсан гэх үйл баримтыг хариуцагч шалгаж тогтоогоогүй, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан шалтгаан нөхцөл үүсээгүй байхад нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг цуцалж, хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй,

3.3 Нэхэмжлэгч нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр, 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр тус тус газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах хүсэлтийг гаргаж байсан,

3.4 Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.8-д заасан журмын дагуу гэрээ огт дүгнээгүй, маргаан бүхий актыг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн эрх сэргэхгүй гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн,

3.5 Хариуцагчаас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан үндэслэлээр газар эзэмших эрхийг цуцалсан нь үндэслэлгүй,

3.6 Хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасан захиргааны үйл ажиллагааны зарчмыг зөрчсөн,

3.7 Маргаан бүхий нийслэлийн Засаг даргын захирамжийг нэхэмжлэгчид гардуулсан хэмээн үзэх боломжгүй, сонсох ажиллагааны талаар 2022 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн Өдрийн сонинд ганцхан нийтлэн зарласан нь учир дутагдалтай,

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.                                              

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

3. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангасангүй. Үүнд:

3.1. Хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын тайлбараас үзэхэд нэхэмжлэгч Х.Т*** нь нийслэлийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн А/779 дүгээр захирамжаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 5000 м.кв талбай бүхий газрыг “У***” ХХК-иас шилжүүлэн авч, “орон сууц”-ны зориулалтаар 3 жил, 9 сарын хугацаатай эзэмших эрхтэй болж, 2015 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г байгуулсан.

3.2.  Маргаан бүхий захиргааны акт болох нийслэлийн Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн А/557 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1, 39.1.4, 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн “Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас ирүүлсэн санал, дүгнэлтийн дагуу эзэмшил газраа 2 жил болон түүнээс дээш хугацаанд зориулалтын дагуу ашиглаагүй, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах боломжгүй хавсралтад заасан 27 иргэн, аж ахуй нэгжийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, газар эзэмших эрхийг дуусгавар болгож” шийдвэрлэсний дотор нэхэмжлэгч Х.Т***н 5000 м.кв талбай бүхий газар багтсан. 

3.3 Нэхэмжлэгчээс дээрх шийдвэрийг эс зөвшөөрч шүүхэд хандан “...газар эзэмших эрхийн гэрчилгээг гаргуулсан цагаас эхлэн өнөөдрийг хүртэл барилга байгууламжийн баримт бичгийг бүрдүүлж, холбогдох зөвшөөрлийг гаргуулах ажилд тасралтгүй анхаарсаар ирсэн боловч Ковид-19 цах тахлын нөлөөнөөс болж уг ажил нэлээдгүй саатаж, удааширсан, ... Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 4.2.6-д заасан зарчмыг баримтлаагүй, ...  эзэмшил газрыг цуцлах талаар нэхэмжлэгчид огт мэдэгдээгүй, тайлбар өгөх боломжоор хангаагүй, сонсох ажиллагаа хийгээгүй, ... газар эзэмшүүлэх гэрээг огт дүгнээгүй атлаа газрыг зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй гэж үзэж газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй...” хэмээн маргасан.

4. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 34 дүгээр зүйлийн 34.1-т “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ”, 35 дугаар зүйлийн 35.1-т “Газар эзэмшигч дараахь эрхтэй”, 35.1.5-д “газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлж ирсэн бол эрхийн гэрчилгээний хугацаа дуусахад уг газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах”, 35.3-т “Газар эзэмшигч дараахь үүрэг хүлээнэ”, 35.3.1-д “газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх”, 39 дүгээр зүйлийн 39.1-д “Газар эзэмших эрх дараахь тохиолдолд дуусгавар болно”, 39.1.1-т “газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусахад сунгуулах хүсэлт гаргаагүй”, 39.1.4-т “газар эзэмших эрхийн гэрчилгээ хүчингүй болсон”, 40 дүгээр зүйлийн 40.1.1-т “эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн” гэж тус тус заасан.

5. Анхан шатны шүүх “...нэхэмжлэгч Х.Т***н газар эзэмших эрхийн гэрчилгээнд заасан 3,9 жилийн хугацаа 2019 оны 6 дугаар сарын 29-ний өдөр дууссан, газар эзэмших хугацаа дуусахаас өмнө хүсэлт гаргаж байсан талаарх баримтгүй, ... үүнээс хойших хугацаанд буюу 2023 онд нэхэмжлэгчээс газар эзэмших эрхийн хугацаа сунгуулахаар гаргасан хүсэлт ямар нэгэн үр дагавар үүсгэхгүй буюу нэхэмжлэгчийн дуусгавар болсон газар эзэмших эрхийг сэргээх, сунгах үндэслэл болохгүй, нэхэмжлэгчийн ... Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2-т “шуурхай, тасралтгүй байх”, 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” гэж заасан зарчмыг хэрэгжүүлээгүй гэх гомдлыг хүлээн авах боломжгүй” гэж дүгнэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

6. Тодруулбал, хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Х.Т*** нь маргаан бүхий газрыг нийслэлийн Засаг даргын 2015 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн А/779 дүгээр захирамжийн дагуу 3 жил 9 сарын хугацаатайгаар эзэмшиж эхэлснээс хойш зориулалтын дагуу ашиглан үйл ажиллагаа явуулаагүй. Газар нь атар байдалтай байгаа болох нь маргаан бүхий газарт хийсэн шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр,

нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн хугацаа 2019 оны 6 дугаар сард дуусгавар болсон хэдий ч нэхэмжлэгч нь хуульд заасан журмын дагуу тухайн  газрыг үргэлжлүүлэн эзэмшихээр эрхийн гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтийг хариуцагчид хандан гаргаж байгаагүй болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар,

маргаан бүхий захиргааны актыг гаргахтай холбоотойгоор хариуцагчаас 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 01-09/4379 дүгээр албан бичгээр нэхэмжлэгч Х.Т***д мэдэгдэл хүргүүлсний хариуд нэхэмжлэгчээс 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хандан “...газар эзэмших үүргээ гэрээнд заасны дагуу биелүүлж, орон сууцны барилга барих ажлыг эхлүүлсэн” гэх агуулга бүхий хариу хүргүүлсэн. Улмаар, нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас Өдрийн сонины 2022 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн 214 дүгээр дугаарт газар эзэмших эрх дуусгавар болох талаар мэдэгдсэн.

Нэхэмжлэгчээс дээрх мэдэгдлийг хүлээн авсны дараа нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд 2022 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр болон 2023 оны 5 дугаар сарын 16-ны өдөр газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээний хугацаа сунгах /маягт-2/ хүсэлтийг гаргаж байсан болох нь тус тус тогтоогдож байна.

7.  Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн  37.1-т “Эрхийн гэрчилгээний хүчин төгөлдөр байх хугацаа дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө эзэмшигч нь хугацаа сунгуулах тухай хүсэлтээ цахим системээр гаргах бөгөөд дараахь баримт бичгүүдийг хавсаргана” гэж заасан.

Нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийн хугацаа 2019 оны 6 дугаар сард дуусахаас 30-аас доошгүй хоногийн өмнө хугацаа сунгуулах хүсэлтээ гаргах хуулийн зохицуулалттай. Гэвч нэхэмжлэгчээс газар эзэмших эрх дуусгавар болсноос хойш 3 жилийн дараа буюу 2022 болон 2023 онд газар эзэмших эрхийн хугацаа сунгах хүсэлтийг гаргасан тул энэ талаарх гомдлыг хүлээж авах үндэслэлгүй.

   8. Нэхэмжлэгчээс “...газар дээрээ орон сууцны барилга барихаар “С***” ХХК-тай 2021 онд гэрээ байгуулан зураг төслийн ажилд 2021 онд 2,000,000 төгрөг, 6.000,000, 9,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн”, “Э***” ХХК-иар байгаль орчны төлөв байдлын судалгаа хийлгэн ажиллаж байсан” хэмээн маргаж байх боловч тухайн үйл баримт нь нэхэмжлэгчийн газрын эзэмших эрхийн хугацаа дуусгавар болсноос хойш хугацаанд хамаарч байх тул нэгэнт газар эзэмших эрхийн хугацаа дуусгавар болсон этгээдээс газраа ашиглахаар үйл ажиллагаа явуулж байсан гэх тайлбарыг шүүх хүлээн авч анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн боломжгүй.

   9. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 128/ШШ2024/0449 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                    ШҮҮГЧ                                                     З.ГАНЗОРИГ

 

 

       ШҮҮГЧ                                                    Д.ОЮУМАА

 

 

                    ШҮҮГЧ                                                                Г.МӨНХТ***