Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 00251

 

Э.Ө-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Э.Золзаяа, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2017/03204 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч Э.Ө,

Хариуцагч Д.Дд холбогдох,

Нотариатын хууль бус үйлдэл болон 62, 63, 64, 65 дугаарын “Өвлөх эрхийн гэрчилгээ”-г хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадамханд, гуравдагч этгээд Я.Э нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Батхуяг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадамханд,

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Я.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

 

Нэхэмжлэгч Э.Ө нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний аав Я.Энхтайван 2015 оны 8 дугаар сарын 02-ны өдөр өвчний улмаас нас барсан бөгөөд эгч Э.Золжаргал, бид хоёр асарч байсан. Аав, миний ах Э.Билгүүн, миний эгч Э.Золжаргал гэсэн гурван хүүхэдтэй. Би ааваасаа 18 настай үлдсэн. Аавыг нас бармагц аавын эгч Я.Эгийн охин Э.Мандхай намайг гэр орноос минь хөөж, компанийн бүх баримт бичиг, эд хөрөнгөд ойртуулахгүй байгаа.

Миний бие сэтгэцийн гүн хямралд орсон тул АНУ руу явж эмчилгээ хийлгээд иртэл, Д.Д нотариатч хууль бусаар бид гурвыг байлцуулахгүйгээр:

-2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 62 тоот Өвлөх эрхийн гэрчилгээ

-2016 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 63 тоот Өвлөх эрхийн гэрчилгээ

-2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 64 тоот Өвлөх эрхийн гэрчилгээ

-2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 65 тоот Өвлөх эрхийн гэрчилгээ

-2016 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 1024 тоот Өв хүлээн авах тухай гэрчилгээнүүдийг хууль бус этгээдүүдэд олгосон байна.

Уг нь эгч, бид хоёр Монголын Нотариатчдын танхимд өвийн талаар маргаантай байгаа хүсэлтээ бичиж өгөөд мөн нотариатч Д.Дд Өвлөх эрхийн гэрчилгээ бичихгүй байхыг хүсэж хандахад өвийг хүлээн авах эрхгүй Б.Эрдэнэтуяад хуваарилан, миний төрсөн ах Э.Билгүүнд өвөөс өгөөгүй нь хууль зөрчсөн тул Баянгол дүүргийн 71 дүгээр тойргийн нотариатч Д.Дгийн хууль бус үйлдэл, Өвлөх эрх-ийн 62, 63, 64, 65 дугаарын гэрчилгээнүүдийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Нотариатч Д.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадамханд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Я.Энхтайваны өвийн 2/4 хувийн өвлөх эрхийн гэрчилгээг өвлүүлэгчийн ээж Ж.Ичинхорлоод олгосон. Өвийн гэрчилгээ олгохдоо хууль ёсны өвлөгчдийг тодорхойлохын тулд Я.Энхтайваны амьдарч байсан хорооны Засаг даргын тодорхойлолт, Монголын Нотариатчдын танхимаас Я.Энхтайваны өвийг өвлөх, татгалзах хүсэлт гаргасан, гэрээслэл буй эсэх талаар лавлагааг авсан. Хорооны Засаг даргын тодорхойлолтод өвлүүлэгчтэй хамт ээж Ж.Ичинхорлоо, хүү Э.Ө нар хамт амьдарч байсныг тодорхойлж, Монголын Нотариачдын танхимын Өвийн лавлагаанд өвлүүлэгчийн ээж Ж.Ичинхорлоо, охин Э.Золжаргал нар өвлөх хүсэлт гаргасан, охин Б.Эрдэнэтуяа өөрийн хувийг эмээ Ж.Ичинхорлоод шилжүүлэн, өвөөсөө татгалзах хүсэлтээ бүртгүүлж, өөр хүсэлт гаргасан, татгалзсан өвлөгч байхгүй байсан тул ээж Ж.Ичинхорлоо, хүү Э.Ө нар өвлүүлэгчтэй хамт амьдарч байсны хувьд, охин Э.Золжаргал, Б.Эрдэнэтуяа нар Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт зааснаар өв нээгдсэнээс хойш 1 жилийн дотор өвлөх хүсэлтээ гаргаж, Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.5 дахь хэсэгт заасны дагуу Б.Эрдэнэтуяа өвлөх эрхээ Ж.Ичинхорлоод шилжүүлэхээр зааж, өв хүлээн авахаас татгалзсан байсан.

Өвийг олгохдоо Иргэний хуулийн 532 дугаар зүйлийн 532.1 дэх хэсэгт зааснаар хууль ёсны дөрвөн өвлөгч бүрт тэнцүү хэмжээгээр хуваарилан Б.Эрдэнэтуяад ногдох 1/4 хувийг түүний хүсэлтийн дагуу эмээ Ж.Ичинхорлоод нэмж олгосон. Хүү Э.Ө, охин Э.Золжаргал нарын өвлөх хэсгийн хувийг зааж, үлдээсэн болохыг өвлөх эрхийн гэрчилгээнд тэмдэглэсэн. Э.Өын нэхэмжлэлд дурдагдаж буй Э.Билгүүн Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт заасан хугацаанд өвлөх хүсэлт гаргаагүй тул 528.3 дахь хэсэгт заасны дагуу өвөөс татгалзсан гэж үзээд, хуваарилаагүй бөгөөд Э.Ө ямар нэгэн хүсэлтийг нотариатч надад гаргаж байгаагүй учир хууль ёсны өвлөгч Э.Ө, Э.Золжаргал нарт ногдох өвийг тэнцүү хуваарилж, өөр хэн нэгэнд тэдний хувийг өвлөх эрхийг олгоогүй. Э.Билгүүний хувьд хуулийн хугацаанд хүсэлтээ гаргаагүй нь түүнээс хамаарсан асуудал тул нотариатч эрхийг нь зөрчөөгүй.

Өвлөх эрхийн гэрчилгээг олгохдоо өвлүүлэгч, талийгаач Я.Энхтайван, эхнэр н.Буянжаргал, хүү Э.Билгүүн, Э.Ө, Э.Золжаргал нарын өмчлөлд байсан Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Хөтөл хороолол, Улсын бүртгэлийн эрхийн дугаар 2201010358 дугаарын бүртгэлтэй 2 давхар амины орон сууц, уг амины орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээн дээрх үнэ 54 160 000 төгрөг, 2 давхар амины орон сууцны өвлөгчид оногдох хэсгийн 2/4 хэсгийн өмчлөх эрхийн гэрчилгээг Ж.Ичинхорлоод олгосон. Нотариатын үйлдлийг хийхдээ өмчлөх эрхийн гэрчилгээн дээр байсан үнийн дүнг 5 өмчлөгчид хуваахад 10 832 000 төгрөг болсон. 62 дугаартай Өвлөх гэрчилгээнд заагдсан үл хөдлөх хөрөнгө 2 давхар амины орон сууцны 5 өмчлөгчийн нэг С.Буянжаргал шүүхийн журмаар гэрлэлтээ цуцлуулсан ч ногдох хэсгээ авах эрхтэй тул түүний 10 832 000 төгрөгт халдаагүй.

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.3 дахь хэсэгт зааснаар Э.Билгүүн хууль ёсны өмчлөгч мөн ч, өвлүүлэгчтэй хамт амьдарч байгаагүй, хуулийн хугацаанд хүсэлтээ гаргаагүй, өвлөх эрхээс татгалзсан талаарх тэмдэглэлийг нотариатч Өвлөх эрхийн гэрчилгээнд заасан ба Э.Билгүүний өмчлөх эрх нь хэвээр байгаа учир 10 832 000 төгрөгийг авах эрх нь нээлттэй. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Я.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний дүү Я.Энхтайван бид хоёр хар багаасаа ойр дотно өссөн. Өвдсөнийг нь мэдсэн цагаас хойш би асарч хамт байсан. Миний дүү Я.Энхтайван нас барахаасаа өмнө аман гэрээслэл үлдээн, одоо байгаа компани нилээд өртэй үйл ажиллагаа зогсонги байдалд байгаа тул охин Э.Мандхайг гүйцэтгэх захирал хийлгүүлэх хүсэлтээ өвдсөнөөсөө хойш хэлсэн. Охин өөрөө компанитай, нийгмийн идэвхтэй, ИТХ-н төлөөлөгч байсан болохоор 2 компани авч яваад бусад ажлаа зохицуулахад хэцүү гээд зөвшөөрөхгүй байсаар дүүгийн минь бие нилээн муудсан үед аргагүйн эрхэнд хүлээн зөвшөөрч, гэрт нь ирж дүү Я.Энхтайваны компанийн үйл ажиллагаатай холбоотой болон бусад эд хөрөнгийн бичиг баримтыг хүлээн авсан.

Ахынхаа захиас ёсоор Э.Өтай хамт явж тойргийн нотариатч Д.Д дээр анх очиж зөвлөгөө авсан. Тэр үед охин Э.Золжаргал сургуульдаа сурахаар яаралтай буцах байсан тул явсан. Э.Ө аавыгаа нас барснаас хойш хуулийн дагуу өөрт ногдох өвөө хүлээж авахын оронд эмээ Ж.Ичинхорлоогоос ямар нэг аргаар хууль бусаар өвийг бүгдийг булааж авах гэж удаа дараа оролдож байсан. Талийгаачийг нас барсанаас хойш Э.Мандхай “Их харанга” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк ХХК-иас авсан зээлийн 40 000 000 төгрөг, 4 сар хуримтлагдсан 16 000 000 орчим төгрөгийн цалинг төлсөн. Э.Өыг бид хөөж байгаагүй. Хүүхдүүдийн ээж С.Буянжаргал манай дүүгээс албан ёсоор гэрлэлтээ цуцлуулахад хүү Э.Билгүүн 19 настай байсан эдгээрийг нотлохын тулд нотлох баримтуудыг гаргаж өгч байна. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

            Шүүх: Нотариатын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар Э.Өын нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Дд холбогдох наториатчийн хууль бус үйлдэл болон 62, 63, 64, 65 дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 280 800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж 280 800 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадамханд, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Я.Э нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Я.Энхтайваны өвийг Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасан хууль ёсны өвлөгч нь түүний төрсөн ээж Ж.Ичинхорлоо, түүний хүү Э.Ө нар, мөн хамтран амьдарч байгаагүй ч хуульд заасан хугацаанд өв хүлээн авах  хүсэлт гаргасан түүний төрсөн охин Б.Эрдэнэтуяа, Э.Золжаргал нар болно. Мөн Э.Билгүүн нь хууль ёсны өвлөгч мөн боловч хуульд заасан хугацаанд өв хүлээн авах хүсэлтийг гаргаагүй учраас Э.Билгүүн өвийг хуульд зааснаар хүлээн авахаас татгалзсан гэж үзэх ёстой. Гэтэл анхан шатны шүүх шийдвэр гаргах гол үндэслэл болгосон дүгнэлтийг хийхдээ хууль бус дүгнэлт хийж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.

            Мөн анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн учраас Я.Энхтайваны хууль ёсны өвлөгч түүний ээж Ж.Ичинхорлоо, түүний төрсөн охин Б.Эрдэнэтуяа нарыг хууль ёсны өвлөгч гэж үзээгүйгээс тэдний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой хохироосон. Түүнчлэн Я.Энхтайваны хууль ёсны өвлөгч Ж.Ичинхорлоо 2017 оны 3 дугаар сарын 16-ны өдөр нас барсан бөгөөд 62, 63, 64, 65 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээнд дурдсан өвүүдийг өөрийн төрсөн охин Я.Эд гэрээсэлж үлдээсэн. Дараа нь Ж.Ичинхорлоогийн төрсөн охин Я.Эд 2017 оны 5 дугаар сарын 17-ны өдөр нотариатын 212 дугаар нотариатч өвлөх эрхийн 05, 06, 07 дугаартай гэрчилгээнүүдийг олгосон. Гэтэл анхан шатны шүүх нотлох баримтуудад ямар нэгэн үнэлэлт дүгнэлт өгөөгүй атлаа бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Я.Эгийн эрх ашиг сонирхлыг хохироосон шийдвэр болсон.

            Анхан шатны шүүх Я.Энхтайваны хууль ёсны өвлөгч хуульд заасан хугацаанд өв хүлээн авах хүсэлт гаргасан Э.Билгүүн 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр өв залгамжлах хүсэлтээ АНУ-ын Вашингтон хотод суугаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан гаргасны тус газрын үүрэг гүйцэтгэгч  2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гарын үсгийн 719 дугаарт бүртгэн гэрчилж Э.Ө өөрийн биеэр Монголын нотариатын танхимд өв хүлээн авах болон өвийн маргаантай  талаарх хүсэлтээ 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр мэдэгдэн бүртгүүлснийг танхим хүлээн авч нотариат Д.Дгийн цахим хаяг руу 2016 оны 10 дугаар сарын 24, 25, 27-ны өдрүүдэд иргэн Э.Өын хүсэлтийг илгээсэн нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна гэж үзээд Э.Билгүүнийг хуульд заасан хугацаанд өв хүлээн авах хүсэлт гаргасан гэж хууль бус дүгнэлт хийсэнд гомдолтой байна. Хариуцагч Д.Дгийн дээр дурдсан цахим хаяг руу 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Э.Билгүүн, Э.Ө нарын хүсэлтийг илгээсэн мэдээлэл ирээгүй болно. Иймээс 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 62, 63, 64, 65 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээнүүдийг Я.Энхтайваны хууль ёсны өвлөгч Ж.Ичинхорлоо, Э.Ө, Э.Золжаргал, Б.Эрдэнэтуяа нарт олгосон гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн тул шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д зааснаар хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцааж шийдвэрлэв.

            Нэхэмжлэгч Э.Ө нь хариуцагч Д.Дд холбогдуулан Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариатчийн үйлдлийг болон 2016 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Ж.Ичинхорлоод олгосон 62, 63, 64, 65 дугаартай өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд бүртгэгдсэн нэхэмжлэлд Э.Ө гарын үсэг зурсан ч Э.Билгүүн, Э.Золжаргал нарын зөрчигдсөн эрхийг сэргээлгэх тухай шаардлага гаргажээ. Э.Билгүүн, Э.Золжаргал нарыг шүүхэд төлөөлөх бүрэн эрхтэйгээ гэрчилсэн баримт бичгийг нэхэмжлэгч Э.Өаас гаргаж, нэхэмжлэлд хавсаргаагүй  тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дахь хэсэгт заасан бүрдүүлбэр хангасан нэхэмжлэл гэж үзэхгүй.

            Гэвч шүүх Э.Өын нэхэмжлэлээр иргэний хэрэг үүсгэснээр[1] /хх-12/ нэхэмжлэлийг хариуцагч Д.Д гардан авч /хх-17/, нотариатын үйлдэл нь Э.Өаас гадна Э.Билгүүн, Э.Золжаргал нарын эрхийг зөрчөөгүй тухай хариу тайлбарыг /хх-21/ шүүхэд бичгээр ирүүлжээ. 

Дээрхээс үзвэл шүүх төлөөлөх бүрэн эрхтэйгээ нотлоогүй байхад Э.Билгүүн, Э.Золжаргал нарын эрхийг сэргээлгэх нэхэмжлэлээр иргэний хэрэг үүсгэн, хариуцагчид гардуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1, 65.1.5. 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн байна.

Хэрэгт авагдсан Э.Билгүүн, Э.Золжаргал нараас Э.Өт олгосон итгэмжлэл нь хэрэг үүсгэснээс хойшхи буюу 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр, 2017 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр, 2017 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийнх тул шүүх төлөөлөх бүрэн эрхтэй этгээдийн нэхэмжлэлээр хэрэг үүсгэсэн гэж үзэх боломжгүй.

Дээрх байдлаар шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 102/ШШ2017/03204 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 280 800 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Н.БАТЗОРИГ

                                    ШҮҮГЧИД                                           Э.ЗОЛЗАЯА

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ

 

 

 

 


[1] 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 102/ШЗ2017/09873 дугаар захирамж