| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2022/0086/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/92 |
| Огноо | 2022-10-13 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Б.С |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 2022/ШЦТ/92
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,
Нарийн бичгийн дарга М.Р
Улсын яллагч Б.С
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Э
Шүүгдэгч Л.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц овогт Л-ын С-д холбогдох эрүүгийн ... тоот хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, ... оны ... дугаар сарын ...-ны өдөр ... суманд төрсөн, ... настай, ..., халх, ... боловсролтой, ... мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ... ... хамт .... гэх газар нутагладаг, Ц овогт Л-ын С /РД: .../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.С нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 06 сарын 26-ны өдрийн 19 цагийн үед Дорноговь аймгийн ... дэлгүүрийн ард сууж байсан иргэн Д.Ш-ын самсунг Жи-6 маркийн гар утас, иргэний үнэмлэх, банкны 2 картыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Л.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Тухайн үед “гар утсаа өгч байгаач ах аа” гэж хэлсэн юм. Тэгсэн юм дуугарахгүй болохоор нь булаагаад зугтаачихсан. Тухайн үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан болохоор шууд булаагаад л зугтаачихсан. Б тэр ахын хажууд сууж байсан намайг гар утсыг булаагаад зугтаасны дараа миний араас ирсэн. Гар утас нь Жи-6 маркийн хар өнгийн гар утас байсан. Гар утасны марк мэднэ. Гар утсыг маргааш нь танихгүй хүнд 50,000 төгрөгөөр зарчихсан хаана байгааг нь мэдэхгүй байна. Б тухайн үед намайг гар утас булаасан талаар мэдээгүй, намайг гар утас аваад гүйгээд явахад араас ирээд “яасан” гэж асуухаар нь би “тэр ахын гар утсыг авчихсан юм” гэж хэлэхэд мэдсэн. Би хохирлоо барагдуулаагүй байгаа удахгүй барагдуулна. Би тухайн үед гар утасны гэрний ард ямар нэгэн бичиг баримт байсан эсэхийг анзаараагүй. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэжээ. /хх-ийн 50-52/
Шүүгдэгч Л.С шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Талбай дээр ирээд согтуу байхдаа ахын архийг уугаад гар утсыг нь булаагаад зугтаасан нь үнэн. Цаашдаа архи уухгүй, энэ хугацаанд маш их юм бодсон гэв.
Хохирогч Д.Ш мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 06 сарын 26-ны өдрийн вагон ирснээс хойш байх 19 цагийн үед би ... дэлгүүрийн ар талд хүүхдээ хүлээгээд сууж байхад танихгүй 2 залуу ирсэн. Тэр 2 залуу надаас янз бүрийн юм асууж шалгаагаад толгой хагарлаа гээд байхаар нь би өвөртөө байсан 100 гр 1 шил архийг гаргаж өгсөн. Миний өгсөн 100 гр архийг нөгөө 2 танихгүй залуу хувааж уусан. Тэгээд цагаан өнгийн цамцтай, хар өмдтэй намхан залуу нь миний J-6 маркийн гар утсыг шууд булааж аваад зугтаасан араас нь нөгөө залуу нь бас яваад өгсөн. Хар өнгийн гэртэй, сурагч ягаан өнгийн артай, 2 сим уншдаг J-6 маркийн гар утас байсан. Утасны гэр дотор миний иргэний үнэмлэх, хаан банкны карт, цалингийн худалдаа хөгжлийн банкны карт байсан. Гар утсаа 1 жилийн өмнө 310,000 төгрөгөөр авч байсан. Гар утасны үнэ 310,000 төгрөг, иргэний үнэмлэх болон карт захиалах гээд 50,000 төгрөг нийт 360,000 төгрөгийн хохирол учирсан гэжээ. /хх-ийн 26-27/
Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 06 сарын 26-ны өдрийн 15 цагийн үед С-той уулзсан. Уулзаад бид хоёр Д гэх танихгүй залуутай хамт Д-ийн гэрт 2 шил 0,75 гр Экс нэртэй архи хувааж уусан. Архи ууж дуусаад Д гэх хүний гэрээс 17 цагийн үед гарсан. Тэгээд С бид хоёр Замын-Үүдийн төв талбай дээр ирсэн. 19 цагийн үед С бид хоёр ... дэлгүүрийн зүүн талын завсарт сууж байсан төмөр замын хувцастай ах дээр очиж юм ярьсан. Би төмөр замын хувцастай жаахан халамцуу ахтай буу халж танилцаад ундаанаас нь уусан. Би тэр хүний хажууд юм яриад сууж байхад С тэр ахын гар утсыг булаагаад зугтаасан. Би С-ийн араас нь яваад байшингийн буланд тааралдсан. Тэр өдөр С бид хоёр С-ийн таньдаг миний танихгүй нэг айлд очиж хоносон. 27-ны өглөө С бид хоёр хоносон айлаасаа гараад 07 цагийн үед вокзал дээр ирсэн. Вокзал дээр ирээд С төмөр замын хувцастай ахаас булаасан гар утсаа хар өнгийн приус-20 маркийн машинтай махлагдуу ахад 50,000 төгрөгөөр зарсан гэжээ. /хх-ийн 34-35/
Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 01/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 06/
Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 12-19/
Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 20-21/
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 22/
Ашид Билгүүн ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ /хх-ийн 38-40/
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай ... дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 43-46/
Шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 58, 60/
Мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 69-74/
Хавтас хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 86-87/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Гэм буруугийн хувьд:
Шүүгдэгч Л.С нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 06 сарын 26-ны өдрийн 19 цагийн үед Дорноговь аймгийн ... дэлгүүрийн ард сууж байсан иргэн Д.Ш-ын самсунг Жи-6 маркийн гар утас, иргэний үнэмлэх, банкны 2 картыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Д.Ш-ын “...Тэгээд цагаан өнгийн цамцтай, хар өмдтэй намхан залуу нь миний J-6 маркийн гар утсыг шууд булааж аваад зугтаасан” /хх-ийн 26-27/, гэрч Б.Б-ын “...Би тэр хүний хажууд юм яриад сууж байхад С тэр ахын гар утсыг булаагаад зугтаасан. Би С-ийн араас нь яваад байшингийн буланд тааралдсан.” /хх-ийн 34-35/ нарын мэдүүлэг, шүүгдэгчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /хх-ийн 12-19/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 20-21/, Ашид Билгүүн ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ /хх-ийн 38-40/, СД дискийн дээрх бичлэг зэрэг бичгийн бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгчийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Л.С нь эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан дээрэмдэх гэмт хэргийн гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирлын хувьд:
Хохирогч Д.Ш мөрдөн шалгах ажиллагааны явцад гар утасны үнэ 310,000 төгрөг, иргэний үнэмлэх болон карт захиалах гээд 50,000 төгрөг, нийт 360,000 төгрөгийн хохирол учирсан гэх боловч Ашид Билгүүн ХХК-ийн хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээ /хх-ийн 38-40/-ээр гар утсыг 150,000 төгрөгөөр, дахин захиалахад иргэний үнэмлэх 38,000 төгрөг, Хаан банкны карт 10,000 төгрөг, Худалдаа хөгжлийн банкны карт 10,000 төгрөг нийт 208,300 төгрөгөөр эд зүйлийг үнэлсэн үнэлгээг шүүгдэгч, хохирогч нар нь хүлээн зөвшөөрч маргаагүй болно. Иймд шүүгдэгч Л.С-оос 208,300 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Ш-т олгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Л.С болон түүний өмгөөлөгч нар нь хохирлоо төлөхөө илэрхийлж байна гэх боловч чухам яаж төлж барагдуулахаа нотлох баримтын хүрээнд нотолж чадаагүй. Шүүгдэгч Л.С ... суманд логистик дээр ачаа ачих ажлыг хийдэг гэх боловч энэ нь хэрэгт нотлогдоогүй, түүнчлэн ... суманд оршин суух тодорхой хаяггүй тул түүнийг ... суманд ажил хөдөлмөр эрхэлдэг гэж шүүх үзэх боломжгүй байна.
Эрүүгийн хариуцлагын хувьд:
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлбөрөө төлж барагдуулаагүй зэргийг харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч Л.С нь 2022 оны 09 сарын 16-ны өдрөөс 2022 оны 10 сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 27 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдвал зохино.
Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг бичлэгтэй CD-ийг хэргийн хамт хадгалахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овогт Л-ын С-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л-вын С-ийг 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.С-д оногдуулсан 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.С-ийн цагдан хоригдсон 27 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Л.С-оос 208,300 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.Ш-рт олгосугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн бичлэг бүхий 1 ширхэг CD-ийг тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хамт хадгалсугай.
7. Энэ хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.С-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.Б