| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2022/0087/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/93 |
| Огноо | 2022-10-13 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.С |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 13 өдөр
Дугаар 2022/ШЦТ/93
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,
Нарийн бичгийн дарга М.Р
Улсын яллагч Б.С
Хохирогчийн өмгөөлөгч Ж.Ч
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э
Шүүгдэгч Б.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...овогт Б-хийн Ц-д холбогдох эрүүгийн ... дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ... оны ... сарын ...-ны өдөр Дорноговь аймгийн ... суманд төрсөн, ... настай, ..., яс үндэс халх, ... боловсролтой, ... мэргэжилтэй, малчин, ам бүл ..., ... хамт Дорноговь аймгийн ... нутагладаг, ...я Т овогт Б-ийн Ц /РД: .../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Ц нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 сарын 31-ний 23 цагийн үед Дорноговь аймгийн ... нутаг дэвсгэр, сумын төвийн баруун талын захын блокон хашааны дэргэд иргэн Э.А-тай таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, 2 удаа хутгалж баруун гуяны урд болон доод хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Ц мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Хохирогч Э.А-т хөнгөн зэргийн гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, миний буруу. Уг хэрэг гарснаас хойш хохирогч Э.А-т Дорноговь аймгийн нэгдсэн эмнэлэг явах шатахууны зардал болох 70,000-аар 2 удаа, 200,000 төгрөг эмчилгээндээ хэрэглээрэй гэж өгсөн. 159,000 төгрөгийг ойр зуур хэрэглээрэй гэж өгсөн гэжээ. /хх-ийн 89-90/
Шүүгдэгч Б.Ц шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Нэмж хэлэх зүйл байхгүй гэв.
Хохирогч Э.А мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 08 сарын 31-ний орой сумын төвийн баруун урд байдаг нийтийн морины уяны хажуугаар явж байсан чинь хамт ажилладаг хүн маань тэнд гадаа сууж байхаар нь мэнд мэдэх гээд очсон. Хэдэн хүн архи пиво уугаад сууж байсан. Тэгээд би тэр хүмүүстэй мэнд мэдсэн чинь нэг л янзгүй муухай байсан тэгээд би хамт сууж, нэг аяга пиво өгөхөөр нь өгсөн пивыг уучхаад байж байсан чинь миний хажууд сууж байсан зүс таних нэг залуу манай найзтай жаахан маргасан. Тэгээд би Ц-ийг “хоёулаа жаахан ийшээ гараад учраа ольё” гэсэн чинь “за тэгье” гээд босоод нээх холдоогүй Ц надаа хандан “чи надаа таалагдахгүй байна шүү” гэхээр нь би зүүн гараараа нэг удаа алгадсан тэгтэл Ц ханаасаа хутга гаргаж ирснийг мэдэхгүй нэг мэдсэн чинь миний баруун хөлийн өвдөгний дээд хэсэг болон бүдүүн гуяны дунд хэсэгт маш хурдан хоёр удаа хутгаар дүрсэн тэгтэл би цус алдаад явж чадахгүй болоод байж байтал хамт ажилладаг хүн маань намайг сумын эмнэлэг рүү авч явсан. Эмнэлэг дээр ирээд миний цус тогтохгүй байсан эмчилгээ хийж байж үүрээр цус нь тогтсон. Тэгээд намайг эмнэлэгт хэвтэж байхад Ц нь шөнө орж ирээд “цагдаа сэргийлэх гээд яах вэ би эмчилгээний зардал болон бусад зүйлийг нь барагдуулъя, юун сүртэй юм бэ долоохон сантиметр л байна ш дээ” гэхээр нь “чи юу ярьж байна аа одоо цагдаа ирж байгаа хуулийн дагуу шийдэх байхаа, харин чи хүний ийм байдалтай богочоод ядаж уучлал гуйхын оронд даапаалаад байгаа юм уу” гэсэн чинь эмнэлгийн хаалга саваад гараад явсан. ...Биеийн байдал хэвийн зовуурь бол гүйж болохгүй байгаа, нуруугаар их өвдөж байгаа, алхаж гишгэхэд бол хэвийн. Би тухайн хэргээс болж миний ажлын цалин дутуу орсон, цэргийн хүн учраас эмчийн үзлэгт тэнцэхгүй байх магадлалтай, эхний дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон, ар гэр болон сэтгэл санааны хохирол учирсан. Хувиас гарсан эмчилгээний зардал байхгүй тухайн холбогдогчийн ээж нь бүх зардлаа даасан. Одоо ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй, бид хоёр эвлэрч ойлголцсон гэжээ. /хх-ийн 13-14, 33-34/
Иргэний нэхэмжлэгч Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийг төлөөлж прокурор Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: Монгол улсын Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлнэ” гэж заасан. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах, гарсан нэхэмжлэлийг дэмжих эрхтэй.” гэж заасан байдаг бөгөөд тухайн гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулах явдал байгаа бөгөөд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт заасан хуулийн заалт хэрэгжихгүй байгаа явдалд сум дундын прокурорын газраас иргэний нэхэмжлэл гаргаж ажиллах талаар дээд шатны прокуророос өгсөн үүргийн дагуу эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэл гарган оролцож байна. Тухайн гэмт хэргийн улмаас иргэн Э.А нь 2022 оны 08 сарын 31-ний өдрөөс 2022 оны 09 сарын 05-ны өдөр нэгдсэн эмнэлгийн төвөөс тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 333,500 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Б.Ц-оос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сан банк дахь ... дугаартай дансанд төлүүлж өгнө үү гэжээ. /хх-ийн 116-118/
Шинжээчийн 2022 оны 09 сарын 12-ны 04/200 дугаартай дүгнэлтэд 1.Э.А-ын биед гэмтэл тогтоогдлоо. 2.Э.А-ын баруун гуяны урд болон доод хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлүүд тогтоогдлоо. 3.Дээрх гэмтлүүд нь ир үзүүртэй зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. 4. Дээрх гэмтлүүд нь дан дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах болно. 5.Хөнгөн гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 39-40/
Шинжээчийн 2022 оны 09 сарын 27-ны ... /нэмэлт/ дугаартай дүгнэлтэд 1.Э.А-ын биед баруун гуяны урд болон доод хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлүүд тогтоогдлоо. 2.Дээрх гэмтлүүд нь дан дангаараа болон нийлээд “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах учир урьд гаргасан дүгнэлтээс нэмэлтээр дүгнэлт гаргахад гэмтлийн зэрэгт өөрчлөлт ороогүй болно. 3.Шинээр илэрсэн зүйлгүй. /хх-ийн 61-62/
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 03-09/
Шинжээчийн 2022 оны 09 сарын 19-ны өдрийн 4471, 4472 дугаартай дүгнэлтүүд /хх-ийн 69-71, 75-77/
Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 82-83/
Шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, байнга оршин суух хаягийн лавлагаа /хх-ийн 93-95/
Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2022 оны 09 сарын 27-ны өдрийн 1-609 дугаартай албан тоот, иргэний нэхэмжлэлийн тооцоо /хх-ийн 109-111/
Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 119/
Хохирлын тооцоо /хх-ийн 112-125/
Шүүгдэгчийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлт /хх-ийн 128/
Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 129-130/
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай прокурорын 35 дугаартай тогтоол /хх-ийн 93-94/
Хялбаршуулсан журмаар шалгасан хэрэгт ял оногдуулах тухай прокурорын санал /хх-ийн 138/ зэрэг баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээр судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Гэм буруугийн хувьд:
Шүүгдэгч Б.Ц нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 сарын 31-ний 23 цагийн үед Дорноговь аймгийн ... нутаг дэвсгэр, сумын төвийн баруун талын захын блокон хашааны дэргэд иргэн Э.А-тай таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, 2 удаа хутгалсны улмаас баруун гуяны урд болон доод хэсэгт хатгагдаж зүсэгдсэн шарх бүхий хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Э.А-ын /хх-ийн 13-14, 33-34/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүд, Дорноговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн Шинжээчийн 2022 оны 09 сарын 12-ны ..., 2022 оны 09 сарын 27-ны ... /нэмэлт/ дугаартай дүгнэлтүүд /хх-ийн 39-40, 61-62/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус хуульчилжээ. Шүүгдэгч Б.Ц-ийн гэм буруутай үйлдэл, хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол, хор уршиг хоёр хоорондоо шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Б.Ц нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруу нь тогтоогдсон, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд “Хохирогчийн зүгээс шүүгдэгч Б.Ц-ийг хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокурорт хандаж, эрүүгийн хариуцлагыг прокурортой тохиролцон шүүхэд хэргийг шилжүүлснийг зөвшөөрөхгүй. Хохирогч маш их гомдолтой, хэргийг ердийн журмаар шийдвэрлэх нь зүйтэй” гэж тайлбарыг гаргаж байгаа боловч хэрэг шүүхэд 2022 оны 10 сарын 06-ны өдөр ирснээс хойш энэ талаар хүсэлт шүүхэд гаргаж байгаагүй болно.
Түүнчлэн шүүхэд хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б.Ц-д холбогдох хэргийг шүүх хянаж үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал хангагдаж байна гэж үзсэн. Иймд шүүх хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно. Хохирлын хувьд:
Хохирогч Э.А нь эмчилгээний зардалд нийт 846,980 төгрөгийн хохирол учирсан шүүгдэгчээс 349,000 төгрөгийг өгсөн үлдэх 497,980 төгрөгийг гаргуулахаар мөрдөн шалгах ажиллагааны шатанд нэхэмжилснийг шүүгдэгч 2022 оны 10 сарын 06-ны өдөр төлж барагдуулсан нь ХААН банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна. Харин шүүхийн шаатанд шүүх хуралдааны үед хохирогч Э.А-аас бие махбод, эд материал, сэтгэл санааны хохиролд 5,000,000 төгрөгийг нэхэмжилсэн хүсэлтийг шүүхэд 2022 оны 10 сарын 13-ны өдөр ирүүлсэн. Түүнчлэн шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч өмгөөллийн хөлс 500,000 төгрөг, шинжээчийн дүгнэлттэй танилцахад зарцуулсан зардал 100,000 төгрөг, шүүх хуралдаанд ирэх буцах зардал 60,000 төгрөг, нийт 660,000 төгрөгийг нэхэмжилсэн. Хохирогч Э.А нь бие махбод, эд материал, сэтгэл санааны хохиролд нэхэмжилсэн 5,000,000 төгрөгийг, өмгөөлөгчийн хөлс, зардалд нэхэмжилсэн 660,000 төгрөгийн баримт хэрэгт нотлох баримтын хүрээнд нотлогдоогүй, түүнчлэн өмгөөлүүлэх эрхээ хэрэгжүүлэх үүднээс өмгөөллийн гэрээ байгуулж өмгөөлөгч авсан нь гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан бодит хохирол гэж үзэх үндэслэлгүй гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Б.Ц-ийг энэ шийтгэх тогтоолоор хохирогч Э.А-т төлөх хохирол төлбөргүй, харин хохирогч Э.А нь энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтэлд цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй байна. Хохирогч Э.А, түүний өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд нэхэмжилсэн 5,660,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Иргэний нэхэмжлэлийн хувьд Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 333,500 төгрөгийг шүүгдэгч Б.Ц-оос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сан банк дахь ... дугаартай дансанд төлөөлөх нь зүйтэй байна. Эрүүл мэндийн даатгалын сангаас 333,500 төгрөгийн эмчилгээний зардал гарсан болох нь төрийн ашиг сонирхлыг хамгаалахаар мөрдөн шалгах ажиллагаанд оролцсон прокурор Э.Б-ын “...тухайн гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардал гарч уг зардал нь тус санд эргэн төлөгдөхгүй төрийн ашиг сонирхол зөрчигдөж, төрд хохирол учруулах явдал байгаа. ... Э.А нь 2022 оны 08 сарын 31-ний өдрөөс 2022 оны 09 сарын 05-ны өдөр нэгдсэн эмнэлгийн төвөөс тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын сангаас 333,500 төгрөгийн зардал гарсан яллагдагч Б.Ц-оос гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сан банк дахь ... дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг, Дорноговь аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2022 оны 09 сарын 27-ны өдрийн ... дугаартай албан тоот, иргэний нэхэмжлэлийн тооцоо /хх-ийн 109-111/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч Б.Ц нь иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болох 333,500 төгрөгийг төлж барагдуулахаар илэрхийлсэн болно.
Эрүүгийн хариуцлагын хувьд:
Шүүгдэгч Б.Ц нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлтийг прокурорт гаргасан. Прокурор уг хүсэлтийг хүлээн авч мөн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байх тул улсын яллагчийн санал болгосон эрүүгийн хариуцлагын хүрээнд ялыг оногдуулсан болно.
Шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид хохирол төлбөрийг барагдуулсан, иргэний нэхэмжлэлийг төлөхөө илэрхийлсэн, зэргийг эрүүгийн хариуцлага оногдуулахдаа хөнгөрүүлэх нөхцөл болгон авч үзлээ.
Оногдуулсан торгуулийн ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд болон даруй төлөх бололцоогүй нөхцөл байдал мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн шатанд шүүгдэгчийн хувийн байдалд тогтоогдоогүй тул торгох ялыг тодорхой хугацаагаар хэсэгчлэн төлүүлэх шаардлага тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, түүнээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон өнгийн гадуураа хуйтай 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Б-ийн Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ийн Ц-ийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц нь оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Б.Ц-оос 333,500 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын төрийн сан банк дахь ... дугаартай дансанд тушаалгаж, хохирогч Э.А-ын нэхэмжлэлийн шаардлагаас 5,660,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ногоон өнгийн гадуураа хуйтай 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6. Шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Э.А нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ц-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.Б