| Шүүх | Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бухарзадагийн Володя |
| Хэргийн индекс | 172/2022/0102/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/109 |
| Огноо | 2022-10-17 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Б.Болор-Эрдэнэ |
Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 17 өдөр
Дугаар 2022/ШЦТ/109
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Володя даргалж,
Улсын яллагч Б.Болор-Эрдэнэ,
Шүүгдэгч Ө.Г, түүний өмгөөлөгч Э.Наранцацрал,
Нарийн бичгийн дарга А.Хүрэлтогоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,
Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч овгийн Ө-ын Г-т холбогдох 2228000000110 тоот эрүүгийн хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Ч овгийн Ө-ын Г, ...........
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ө.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ архины мөнгө олох зорилгоор 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 13 цагаас 14 цагийн хооронд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр баг ...... тоотод оршин суух Д.Ц-гийн монгол гэрт нэвтэрч 39 инчийн зурагтыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч Ө.Г-ийг яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ө.Г шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр ....... тоотоос хашаанд байсан айлын зурагтыг авч 150,000 төгрөгөөр зарсан. Намайг хашааных нь араар явахад хашааны хаалга нь онгорхой, гэрийнх нь хаалга мөн онгорхой байсан. Тэгээд зурагтыг нь авч таксинд явдаг хүнд 150,000 төгрөгөөр зарж зарсан мөнгөөрөө архи уусан. Дараа нь зурагтыг нь буцааж өгч таксины жолоочид мөн 150,000 төгрөгийг төлсөн гэв.
Хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 08 дугаар сарын 20-ны 13 цагийн үед Өмнөговь аймаг Даланзадгад сум 4 дүгээр баг .... тоотод гэрээ цоожлоод халуун усанд орохоор яваад 1 цагийн дараа гэртээ ирэхэд гэр цоожгүй байсан. Гэртээ ороход гэрийн хойморт байсан 39 инчийн зурагт алга болсон байсан. Тэгээд цагдаад мэдэгдсэн. ВSB гээд худалдааны төвөөс 2020 онд 39 инчийн BSB LED D39S20 загварын зурагтыг 600,000 төгрөгөөр худалдан авч байсан... Манай зурагт мөн байна. Надад ямар нэгэн гомдол санал алга. Нэхэмжлэх зүйл алга... 3 ширхэг зурагт, антен, хүлээн авагчны залгуур байсан. Би тэр гурван залгуурт эд зүйлийн үнэлгээ хийлгэхгүй. Г миний хохирлыг барагдуулсан, нэхэмжлэх зүйл байхгүй.” /хавтаст хэргийн 26, 28, 31-32 дахь тал/
Иргэний нэхэмжлэгч Ц.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Г миний хохирлыг барагдуулсан. Надад Г-т гаргах санал, гомдол байхгүй. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй... 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр би Дундсайханд таксинд явж байхад Ө-ын хүү Г нь даавуунд ороосон зурагт тэвэрсэн ирсэн. Тэгээд ах би эхнэрээсээ салсан, энэ зурагтыг зараад хөдөө явна, зурагт нь миний зурагт байгаа юм, та аваа надад мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд гуйгаад байхаар нь хэд юм гэхэд 150,000 төгрөг гэж хэлсэн. Тэгээд би өөрөөсөө 150,000 төгрөг гаргаж өгсөн. Уул нь энэний аав нь Өлзийбаяр гэдэг хүн их сайн хүн байдаг юм. Тэгээд итгэсэн хулгайн эд зүйл гэж мэдсэнгүй.” /хавтаст хэргийн 36-37, 40 дэх тал/
Шүүгдэгч Ө.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би тэр гэрт очиход хаалганд цоож байхгүй байсан. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Би тухайн хүний хохирлыг нөхөн төлсөн.” /хавтаст хэргийн 71 дэх тал/
“Хас Үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 947 дугаартай үнэлгээний дүгнэлтэд: ”39 инчийн зурагт, 1 ширхэг, нэгжийн үнэ 300,000 төгрөг, зах зэлийн дундаж үнэ 300,000 төгрөг /хуучин/, нийт дүн: 300,000 төгрөг.” /хавтаст хэргийн 50-52 дахь тал/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 6-12 дахь тал/
Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 76-77 дахь тал/
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 39 дугаартай шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 78-80 дахь тал/
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 81-84 дэх тал/
Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 85-88 дахь тал/
Өмнөговь аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 29 дугаартай шийтгэх тогтоол /хавтаст хэргийн 116-119 дэх тал/,
Иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 108 дах тал/
Оршин суугаа хаягийн лавлагаа /хавтаст хэргийн 109 дэх тал/
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 306 дугаартай шүүгчийн захирамж зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Ө.Г-т холбогдох хэргийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой байна.
Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдал, хууль зүйн дүгнэлт.
Гэм буруугийн талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ө.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах, шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд гэм буруугийн талаар маргахгүй гэх дүгнэлтийг тус тус гаргасан ба шүүгдэгч хийсэн хэрэгтээ гэмшиж байна, гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрч байна гэх тайлбарыг гаргав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын гаргасан дүгнэлт, тайлбарын хүрээнд дүгнэлт хийж үзэхэд Ө.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ архины мөнгө олох зорилгоор 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 13 цагаас 14 цагийн хооронд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр баг ...... тоотод оршин суух Д.Ц-гийн монгол гэрт нэвтэрч 39 инчийн зурагтыг нууцаар, хууль бусаар, хүч хэрэглэхгүйгээр хулгайлан авсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд хянаж үзэхэд шүүхийн хэлэлцүүлэгт дурдагдсан дээрх үйл баримт хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Ц-гийн: “...2022 оны 08 дугаар сарын 20-ны 13 цагийн үед Өмнөговь аймаг Даланзадгад сум 4 дүгээр баг .... тоотод гэрээ цоожлоод халуун усанд орохоор яваад 1 цагийн дараа гэртээ ирэхэд гэр цоожгүй байсан. Гэртээ ороход гэрийн хойморт байсан 39 инчийн зурагт алга болсон байсан...” гэх агуулгатай мэдүүлэг /хавтаст хэргийн 26, 28, 31-32 дахь тал/, иргэний нэхэмжлэгч Ц.Т-ын: “...2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр би Дундсайханд таксинд явж байхад Ө-ын хүү Г нь даавуунд ороосон зурагт тэвэрсэн ирсэн. Тэгээд ах би эхнэрээсээ салсан, энэ зурагтыг зараад хөдөө явна, зурагт нь миний зурагт байгаа юм, та аваа надад мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд гуйгаад байхаар нь хэд юм гэхэд 150,000 төгрөг гэж хэлсэн...” гэх агуулгатай мэдүүлэг /хавтаст хэргийн 36-37, 40 дэх тал/, “Хас Үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 947 дугаартай үнэлгээний дүгнэлт /хавтаст хэргийн 50-52 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар, хохирогч, иргэний нэхэмжлэгчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.
Хууль зүйн хувьд Монгол Улсын Үндсэн хуульд “төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй”, “орон байрны халдашгүй байдлыг хуулиар хамгаална” гэж тус тус заасан бөгөөд энэхүү Үндсэн хуулиар баталгаажуулсан эрхүүдэд хууль бусаар халдсан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн арван долдугаар бүлэгт хуульчилжээ.
Ийнхүү шүүгдэгч Ө.Г-ийн бусдын эд хөрөнгийг хулгайлсан хууль бус үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт тооцогдоно.
“Бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэргийн улмаас алдагдсан эд юмс хэний өмчлөлд байгаагаас үл шалтгаалан эд юмсыг гэмт этгээд өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын эзэмшилд байгаа гэдгийг мэдсээр байж хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бус аргаар авсныг хулгайлах гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд шүүгдэгч Ө.Г нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ архины мөнгө олох зорилгоор 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 13 цагаас 14 цагийн хооронд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын 4 дүгээр баг ...... тоотод оршин суух Д.Ц-гийн монгол гэрт нэвтэрч 39 инчийн зурагтыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 300,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн байна.
Хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах байдлаар орсон бол хууль бус нэвтрэлт гэж үзэж, хохирлын хэмжээг үл харгалзан энэхүү шинжээр хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан билээ.
Хэдийгээр шүүгдэгч Ө.Г нь мөрдөн шалгах болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэгтээ гэр цоожгүй онгорхой байсан гэж тус тус мэдүүлж байх боловч хохирогч Д.Ц нь мөрдөн шалгах ажиллагааны үед халуун усанд явахдаа гэрээ цоожлоод явсан талаар тогтвортой мэдүүлсэн байх тул прокуророос энэхүү үйл баримтыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар хүндрүүлэн зүйлчилсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна. Иймд шүүгдэгч Ө.Г-ийг хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж заасан бөгөөд шүүгдэгч Ө.Г нь бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах нь хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн байна гэж дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар.
Шүүгдэгч Ө.Г-ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Ц-д 300,000 төгрөгийн хохирол учирсан болох нь “Хас Үнэлгээ” ХХК-ийн 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 947 дугаартай үнэлгээгээр /хавтаст хэргийн 50-52 дахь тал/ тогтоогдсон бөгөөд хохирогчийн зүгээс хулгайд алдагдсан 39 инчийн зурагтыг биет байдлаар буцаан авсан, гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй болохыг илэрхийлсэн тул хохирол, төлбөр төлөгдсөн гэж үзлээ.
Мөн шүүгдэгч хулгайлах гэмт хэрэг үйлдэж авсан эд зүйлийг иргэн Ц.Т-т 150,000 төгрөгөөр худалдсан байх бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсоны дараа шүүгдэгчийн хувьд түүнд учруулсан 150,000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь иргэний нэхэмжлэгч Ц.Т-ын “Г миний хохирлыг барагдуулсан. Надад Г-т гаргах санал, гомдол байхгүй. Одоо надад нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.
Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч Ө.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, урьд 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор хулгайлах гэмт хэрэгт оногдуулсан 2 жил 8 сарын хорих ялыг 2021 оны Өршөөлийн тухай хуульд зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон ялаас үлдсэн 2 жил 4 сар 23 хоногийн ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу 2 жил 4 сар 23 хоногийн хорих ялаар сольж, энэ шийтгэх тогтоолоор оногдуулах хорих ялд нэмж нэгтгэн нийт 4 жил 5 сар 23 хоногийн хугацаагаар тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, цагдан хоригдсон 32 хоногийг эдлэх ялд оруулан тооцох тухай, шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулж өгнө үү, өмнөх шийтгэх тогтоолын ялыг нэмж нэгтгэх асуудлаар тусгайлан гаргах саналгүй гэх дүгнэлтийг тус тус гаргасан ба шүүгдэгч хөнгөн ял оногдуулж өгөхийг хүссэн тайлбарыг гаргав.
Шүүгдэгч Ө.Г нь гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг төлсөн байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, бусдын оронд байранд хууль бусаар нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдэж шүүхээс оногдуулсан ялыг эдэлж байх хугацаанд дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.
Шүүгдэгч Ө.Г-ийг хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хариуцлагын зорилго болон Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн дараах нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн болно.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, ял шийтгэл эдэлж байх хугацаандаа дахин гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ө.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дахь заалтад зааснаар 2 /хоёр/ жил 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Ө.Г-т Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 4 жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 /хоёр/ жилийн хорих ял тус тус оногдуулж, уг ял дээр Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 8 сарын хорих ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг 6 /зургаа/ жил 8 /найм/ сарын хорих ялаар тогтоосны дагуу шүүгдэгч ялаа эдэлж байх үед Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 306 дугаартай шүүгчийн захирамжаар 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар хулгайлах гэмт хэрэгт оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэсэн 2 /хоёр/ жил 8 /найм/ сарын хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольж шийдвэрлэсэн байна. Шүүгдэгч Ө.Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 4 жилийн хорих ялыг биечлэн эдэлж суллагдсаны дараа 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн 2 /хоёр/ жил 8 /найм/ сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж байх хугацаанд 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч, эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт холбогдож, улмаар шүүхээс гэм буруутайд тооцогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоох нөхцөл байдал бий болсон гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихоор заажээ. Энэхүү ял биелүүлээгүй гэх нэр томьёо, ухагдахууныг нарийвчлан зохицуулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримталж тайлбарлах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцнэ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.2 дахь хэсгийн 170.2.2 дахь заалтад 5 үндэслэл зааж, уг үндэслэлүүд тогтоогдсон тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх журмыг ноцтой зөрчсөнд тооцож, зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солихоор заасан байх ба энэхүү хуульд заасан ял эдлүүлэх журмыг ноцтой зөрчсөн гэх үндэслэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ялыг биелүүлээгүй гэх үндэслэлийг хамааруулан ойлгохоор заасан байна.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 170 дугаар зүйлийн 170.2 дахь хэсгийн 170.2.2 дахь заалтад гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлсэн тохиолдолд зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх журмыг ноцтой зөрчсөнд тооцож, зорчих эрхийг хязгаарлах ялыг хорих ялаар солихоор заасан. Шүүгдэгч Ө.Г нь Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хулгайлах гэмт хэрэгт нэмж нэгтгэн оногдуулсан 2 /хоёр/ жил 8 /найм/ сарын хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон уг ялыг эдэлж байх хугацаанд 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийг үйлдэж шүүхээс гэм буруутайд тооцогдож, улмаар уг зүйл, хэсэгт зааснаар 2 /хоёр/ жил 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ял шийтгүүлсэн нь зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх журмыг ноцтой зөрчсөнд тооцогдохын зэрэгцээ уг ялыг хорих ялаар солих хуульд заасан үндэслэл тогтоогдсон гэж дүгнэв.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хулгайлах гэмт хэрэгт нэмж нэгтгэн оногдуулсан 2 /хоёр/ жил 8 /найм/ сарын хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон ялаас Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 04/796 дугаартай албан бичгээр ирүүлсэн ялын тооцоогоор эдэлсэн 97 /ерэн долоо/ хоног буюу 3 /гурав/ сар 7 /долоо/ хоногийн ялыг хасахад 2 /хоёр/ жил 4 /дөрөв/ сар 23 /хорин гурав/ хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялыг эдлээгүй болох нь тогтоогдсон тул уг ялыг 2 /хоёр/ жил 4 /дөрөв/ сар 23 /хорин гурав/ хоногийн хорих ялаар солих нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч шүүгдэгч Ө.Г-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жил 7 /долоо/ сарын хорих ялд Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 /хоёр/ жил 4 /дөрөв/ сар 23 /хорин гурав/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Ө.Гийн нийт эдлэх хорих ялын хэмжээг 4 /дөрөв/ жил 11 /арван нэг/ сар 23 /хорин гурав/ хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Ө.Г-т оногдуулсан 4 /дөрөв/ жил 11 /арван нэг/ сар 23 /хорин гурав/ хоногийн хорих ялыг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч Ө.Г нь 2022 оны 08 дугаар сарын 25-наас сэжигтнээр 48 цаг баривчлагдаж, улмаар 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн шүүх хуралдаан хүртэл яллагдагчаар 32 хоног цагдан хоригдсон болох нь мөрдөгчийн санал, тогтоол, тэмдэглэл /хавтаст хэргийн 45-47 дахь тал/, Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 43 дугаартай шүүгчийн захирамж /хавтаст хэргийн 104-105 дахь тал/-аар тус тус тогтоогдож байх тул баривчлагдсан, цагдан хоригдсон нийт 34 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэхийг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад улсын яллагчийн зүгээс шүүгдэгчид 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах дүгнэлт гаргаж байх боловч шүүгдэгч Ө.Гийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон учир улсын яллагчийн гаргасан дээрх дүгнэлтийн дагуу шүүгдэгчид тухайн зүйл, хэсэгт заасан доод хэмжээтэй дүйцэхүйц хорих ял оногдуулах үндэслэлгүй гэж үзлээ.
Түүнчлэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан хорих ял оногдуулах” тухай дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж дүгнэв.
Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн, тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн тохиолдолд хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулахаар заасан бөгөөд ингэхдээ уг зүйлийн 1 дэх хэсэгт заасан ерөнхий шаардлагыг давхар хангасан байх учиртай.
Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан ялын дээд хэмжээнээс шалтгаалан оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ авахаар байна.
Шүүгдэгч Ө.Гийн хувьд тухайн гэр цоожгүй байсан гэх тайлбар гаргаж шүүх хуралдаанд оролцсоноос үзэхэд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Мөн хувийн байдлын хувьд урьд шүүхээс хэд хэдэн удаа ял шийтгэл эдэлж байсан нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй гэж үзлээ.
Бусад асуудлаар.
Шүүгдэгч Ө.Г нь 34 хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ч овгийн Ө-ын Гийг хүн байнга амьдрах орон байранд хууль бусаар нэвтэрч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ө.Г-т 2 /хоёр/ жил 7 /долоо/ сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар хулгайлах гэмт хэрэгт нэмж нэгтгэн оногдуулсан 2 /хоёр/ жил 8 /найм/ сарын хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсон ялаас эдэлсэн 97 /ерэн долоо/ хоног буюу 3 /гурав/ сар 7 /долоо/ хоногийг хасаж, эдлээгүй үлдсэн 2 /хоёр/ жил 4 /дөрөв/ сар 23 /хорин гурав/ хоногийн ялыг 2 /хоёр/ жил 4 /дөрөв/ сар 23 /хорин гурав/ хоногийн хорих ялаар сольсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ө.Г-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 /хоёр/ жил 7 /долоо/ сарын хорих ялд Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 /хоёр/ жил 4 /дөрөв/ сар 23 /хорин гурав/ хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Ө.Гийн нийт эдлэх хорих ялын хэмжээг 4 /дөрөв/ жил 11 /арван нэг/ сар 23 /хорин гурав/ хоногийн хугацаагаар тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Г-т оногдуулсан 4 /дөрөв/ жил 11 /арван нэг/ сар 23 /хорин гурав/ хоногийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Гийн цагдан хоригдсон 34 /гучин дөрөв/ хоногийг шүүгдэгчийн эдлэх ялд оруулан тооцсугай.
7. Шүүгдэгч Ө.Г нь хохирогч, иргэний нэхэмжлэгч Д.Ц-д нийт 300,000 төгрөгийн үнэ бүхий 39 инчийн зурагтыг биет байдлаар буцаан өгсөн, иргэний нэхэмжлэгч Ц.Т-т 150,000 /нэг зуун тавин мянга/ төгрөгийн хохирлыг төлсөн болохыг дурдсугай.
8. Шүүгдэгч Ө.Г нь 34 хоног цагдан хоригдсон, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Ө.Г-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ВОЛОДЯ